Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,  

улсын яллагч С.Б,

хохирогч Л.Н,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002760314 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Х.Д

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Х.Д нь 2021 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн Баруун задгай 16-9 тоотод оршин суух гэртээ өөрийн охин 1 сартай Х.А-г хөхүүлж байгаад болгоомжгүйгээр хөхөөрөө дарж охиныхоо амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй.” гэв.

хохирогч Л.Н мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.Н“...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 6 цаг 36 минутад...Дэмбэрэлмаагийн ээж Саранчимэг залгаж “хүүгийн жоохон хүүхэд нь өнгөрчихлөө, сая л мэдлээ өнгөрчихсөн байна, юу болсныг нь мэдсэнгүй” гэж хэлсэн. Дэмбэрэлмаа, худ Саранчимэг нар байсан бөгөөд Саранчимэг ач охин Ариунцэцэгийг тэвэрч ирээд “ингэчихсэн байна” гээд харуултал ач охины маань уруул орчмоор нь хөхөрчихсөн, нас барчихсан байсан. Тэгээд би Дэмбэрэлмаад хандан “миний хүү хөхөөрөө дарчихав уу даа” гэхэд “үгүй ээ ээж, би үүрийн 4 цагт босож хөхүүлсэн” гэж хэлсэн. Ингээд байж байтал түргэн ирсэн, түргэн ирээд цагдаа дуудсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-52-54, 56-57/,

гэрч С.С-н “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 6 цаг 47 минутад, манай гэрт охин Дэмбэрэлмаа уйлаад орж ирсэн бөгөөд “ээжээ охин маань хөхрөөд сонин болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь Дэмбэрэлтүмэд бид хоёр тэдний гэр лүү ортол манай зээ охин Ариунцэцэг том өрөөнийхөө өргөн орон дээр нүүр нь хөхөрчихсөн амьсгаагүй байсан, ...нас барчихсан болохыг нь мэдсэн. Би өөрийнхөө утсаар түргэн дуудсан, эмч ирээд “нас барсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-67-68/,

гэрч Х.Д-н “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө барагцаагаар 6 цагийн үед манай дүү Дэмбэрэлмаа уйлаад “ээжээ охин болохоо байчихлаа” гэж орж ирсэн, би шууд орноосоо босоод гүйгээд хүргэнийд ороход манай дүү Дэмбэрэлмаагийн бага охин нь том өрөөнийхөө өргөн орон дээрээ нүүрнийх нь тал хөхөрчихсөн хэвтэж байсан, ойртоод хартал дүү маань ямар ч хөдөлгөөнгүй, уйлахгүй байсан. ...Түргэн дуудсан бөгөөд түргэн ирээд “нас барчихсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-70-71/,

гэрч Б.Б-н “...Би 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өрхийн эмнэлэг дээрээ Хатанзориг овогтой Ариунцэцэг гэх 1 сартай хүүхдийг үзэж байсан. ...хүүхдийн өсөлт бойжилт хэвийн, шарлалт байхгүй, амьсгал зүрх судасны талаас ямар нэг эмгэг байхгүй, эрүүл нярай байсан, “Д” витамин уух тухай зөвлөж дэвтэр дээр нь бичилт хийж гарын үсэг зурсан.” гэсэн мэдүүлэг /хх-73/,

Х.Д-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...шөнө 23 цагийн үед хөхөө бага нярай хүүхдэдээ хөхүүлээд том өрөөний өөрийн унтдаг орон дээрээ нярай хүүхдийнхээ хамтаар унтсан, үүрийн 4 цагийн үед сэрээд уйлсан, тэгэхээр нь би орноосоо босож өндийгөөд хөхөө хөхүүлтэл унтчихсан, тэгэхээр нь хамт унтаад өглөө 6 цагийн үед сэрээд цай уучихаад нярай хүүхдээ хартал нүүр нь хөхөрчихсөн байсан, орноосоо аваад тэвэртэл сэрэхгүй байсан, хацарт нь хүртэл хүйтэн байсан. Тэгэхээр нь хойшоо гүйгээд ээжийгээ дуудсан, дуудаад болсон асуудлын талаар хэлсэн юм. Удалгүй манай хадам ээж, эмнэлэг, цагдаа ирсэн. Би үүрээр нярай хүүхдээ хөхүүлэхдээ орноосоо босоод сууж байгаад хөхүүлсэн, ойролцоогоор 20 минут хөхөө хөхүүлсэн, хөхүүлж байхад унтчихсан болохоор нь би хүүхдээ орон дээр тавиад өөрөө зэрэгцээд унтсан, унтахдаа ойрхон унтсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад сэтгэл санааны хувьд маш хэцүү байна.” гэсэн мэдүүлэг /хх-62-63, 65, 104/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 68 дугаартай; “...1. 2. 3. Талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь архаг хууч болон гажиг өвчингүй болно. 5.Талийгаачийн үхлийн шалтгаан нь ам хамар дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно. 6.Талийгаачийн ходоодонд бага хэмжээний зунгааралдсан нэгэн төрлийн гэмээр цайвар агууламж байв. 7.Задлан шинжилгээ хийхээс 6 хоногийн өмнө нас барсан байна.” гэсэн дүгнэлт /хх-88-91/,

Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 16-9 тоотод 1 сартай нярай нас барсан байна” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-15/,

цогцост хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/,

гэрч Д-с гарган өгсөн амь хохирогч Х.Ариунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх-19-26/,

Х.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-110/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-120/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Х.Д-гаас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Х.Д нь 2021 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн Баруун задгай 16-9 тоотод оршин суух гэртээ өөрийн охин нэг сартай Х.А-г хөхүүлж байгаад болгоомжгүйгээр хөхөөрөө дарж, охиныхоо амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Л.Н-ын “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 6 цаг 36 минутад...Д-н ээж С залгаж “хүүгийн жоохон хүүхэд нь өнгөрчихлөө, ...юу болсныг нь мэдсэнгүй” гэж хэлсэн. ...Саранчимэг ач охин Ариунцэцэгийг тэвэрч ирээд “ингэчихсэн байна” гээд харуултал ач охины маань уруул орчмоор нь хөхөрчихсөн, нас барчихсан байсан.” гэх,

гэрч С.С-н “...зээ охин Аг том өрөөнийхөө өргөн орон дээр нүүр нь хөхөрчихсөн амьсгаагүй байсан, ...нас барчихсан болохыг нь мэдсэн.” гэх,

гэрч Х.Д-н “...Дэмбэрэлмаагийн бага охин нь том өрөөнийхөө өргөн орон дээрээ нүүрнийх нь тал хөхөрчихсөн хэвтэж байсан, ойртоод хартал дүү маань ямар ч хөдөлгөөнгүй, уйлахгүй байсан. ...Түргэн дуудсан бөгөөд түргэн ирээд “нас барчихсан байна” гэж хэлсэн.” гэх,

Х.Д-гийн “...өглөө 6 цагийн үед сэрээд цай уучихаад нярай хүүхдээ хартал нүүр нь хөхөрчихсөн байсан, орноосоо аваад тэвэртэл сэрэхгүй байсан, хацарт нь хүртэл хүйтэн байсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт, Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 16-9 тоотод 1 сартай нярай нас барсан байна” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг заажээ.

Шүүгдэгч Х.Д-гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгчийн энэ үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүйгээс гадна бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Д-гийн энэ үйлдэл “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймээс шүүгдэгч Х.Д-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирогч Л.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзахгүй.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч Х.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “хөнгөн ял өгнө үү.” саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Х.Д-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1.Шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Д-д анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Х.Д-д хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ