Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/273

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох эрүүгийн 2125000000302 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Х.Мг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул баг Мухар булан гэх газар архи ууж согтуурсан үедээ иргэн Б.Б нүүр болон толгой, цээж рүү сандал, гутал зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

     -шүүгдэгч Х.Мгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

     -хохирогч Б.Б мэдүүлсэн...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Жаргалант суманд айлын ногооны зэрлэг зулгаасан юм. Тэгээд цалингаа тэр өдөртөө 10000 төгрөг авсан. Тэнд байсан Заяа ах бид хоёр цалингаа нийлүүлж байгаад 3 шил стандарт архи авсан... Архиа дуусгаад бүгд согтсон. Тэгээд байж байтал Заяа ах надтай маргаад намайг зодсон. Би юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Миний нүүр, толгой, цээж рүү сандал, гутлаар цохиж зодсон. Хамт байсан хүмүүс согтчихсон байсан болохоор бид хоёрыг салгаагүй. Сүүлд Туяа эгч босож ирээд Заяа ахыг одоо болиоч наад хүнээ аллаа шүү дээ гээд надаас салгасан. Би тэнд хоноод маргааш нь толгой өвдөөд байхаар нь эмнэлэг явсан юм. Миний нүүр, нүд битүү хавдсан байсан… Заяа ах надад эмчилгээний мөнгө гэж 300,000 төгрөг өгсөн байгаа. Цаашид толгойн бариа байнга хийлгэх болохоор ахин 300,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр санал хүсэлт, гомдол байхгүйгэх мэдүүлэг /хх-н 8-р хуудас/,

-гэрч Э.Батбаярын мэдүүлсэн: ...Б.Б гаднаас орж ирэхдээ толгойгоо барьсан, нүүр хавдаж цэлхийсэн нүдээ нээж чадахгүй, зүүн нүднээс бага зэргийн цус гарсан, зүүн нүдний доод зовхи язарсан байсан. Бат-Эрдэнэ өөрөө хэлэхдээ толгой болон цээжээр өвдөж байна гэж хэлсэн. Тэгээд хэвтүүлж цээжний зураг болон цахилгаан бичлэг хийх  гэтэл зүүн гар чангарсан байсан. Бат-Эрдэнийн толгойн томографик зураг, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг хийхэд тархиндаа гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

-гэрч Ж.Эгийн мэдүүлсэн...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Заяа, Тунгаа, Бат-Эрдэнэ, Баттулга, нартай хамт 2 шил архи хувааж уусан бид нар Орхон аймаг Жаргалант суманд Төрөө гэдэг залуугийн ногооны талбай дээр ажиллаж байсан юм. Ногооны талбай дээр архиа хувааж ууцгаасан. Заяа Бат-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаад байсан. Бат-Эрдэнэ нь Заяагаас нуусан архиа гаргаад ир гээд хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь Заяа орны урд талд байсан гутлаа Бат-Эрдэнэ рүү шидсэн. Сүүлдээ тэр хоёр орноосоо босоод хоорондоо зодолдоод эхэлсэн. Заяа Бат-Эрдэнийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсон. Сүүлдээ аргаа бараад би орноосоо босоод тэр хоёрыг салгасан. Заяад зодуулаад Бат-Эрдэнийн хамар болон толгойноос цус гараад байсан Тэгээд тэр хоёрыг дахиад зодолдох байх гэж бодоод Бат-Эрдэнийг орондоо оруулж унтсан. Өглөө цай чанах гээд бостол Бат- Эрдэнийн нүүр ам хөхрөөд их аймар болчихсон. Тэгээд бид нар цайгаа уучхаад Бат-Эрдэнийг эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 499 дугаартай ...Б.Б биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун гарын сарвуу, цээжинд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун гарын дунд хуруунд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу хэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байж болно.” гэх дүгнэлт /хх-14-15-р хуудас/,

-шүүгдэгч Х.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн... гэтэл Бат-Эрдэнэ унтаж өгөхгүй “хар Заяа чи архи гаргаад ир, би архи уумаар байна” гээд намайг янз бүрээр дуудаад байсан. Тэгэхлээр нь би “чи их согтсон байна. Одоо архи ууж хэрэггүй, өглөө ууя” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Бат-Эрдэнэ хүн амраахгүй хар Заяа архи олоод ир гэж хашхираад байхаар нь би орны урд байсан гутлаа Бат-Эрдэнэ рүү шидсэн. Гэтэл Бат-Эрдэнэ хар Заяа босоод ир гээд  над руу хашхираад байхаар нь босоод Бат-Эрдэнийг нүүрэн тус газар нь 3 удаа цохиж зодсон. Бат-Эрдэнэ надад зодуулаад хамраас нь цус гарсан... Бат-Эрдэнийн эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Бид хоёр эвлэрсэн байгаа. Би Бат-Эрдэнээс уучлалт гуйсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-38-р хуудас/

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 39-р хуудас/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул баг Мухар булан гэх газар архидан согтуурсан үедээ шүүгдэгч Х.М нь хамт архи уусан иргэн Б.Бат-Эрдэнийг унтуулсангүй архи нэхлээ гэж маргалдан нүүр болон толгой, цээж рүү сандал, гутал зэргээр зодож биед нь амны баруун дээд хэсэг, дээд уруулын дотор таг зүүн гарын бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Мгийн цохих өшиглөх үйлдлийн улмаас Б.Б биед хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 499 дугаартай “...Б.Б биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун гарын сарвуу, цээжинд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун гарын дунд хуруунд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байна…гэх дүгнэлт, гэрч Ж.Энхтуяагийн...Заяа Бат-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаад байсан. Бат-Эрдэнэ нь Заяагаас нуусан архиа гаргаад ир гээд хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь Заяа орны урд талд байсан гутлаа Бат-Эрдэнэ рүү шидсэн. Сүүлдээ тэр хоёр орноосоо босоод хоорондоо зодолдоод эхэлсэн. Заяа Бат-Эрдэнийн нүүрэн тус газар гараараа цохиж зодсон…гэх мэдүүлэг, гэрч Э.Батбаярын ...Б.Б гаднаас орж ирэхдээ толгойгоо барьсан, нүүр хавдаж цэлхийсэн нүдээ нээж чадахгүй, зүүн нүднээс бага зэргийн цус гарсан, зүүн нүдний доод зовхи язарсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Х.Мгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Х.М нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул баг Мухар булан гэх газар архи ууж согтуурсан үедээ иргэн Б.Б нүүр болон толгой, цээж рүү сандал, гутал зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж дүгнэлт саналыг гаргасан ба шүүгдэгч Х.М, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр саналгүй гэжээ.

Шүүгдэгч Х.М нь Б.Б биед санаатай халдаж хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, түүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол /хх-ийн 39-р хуудас/ хэрэгт авагджээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Бд шүүгдэгч 400,000 төгрөг төлсөн байх ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцоогүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мг 300 /гурван зуун/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ