| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0239/э |
| Дугаар | 2021/ШЦТ/275 |
| Огноо | 2021-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х,
улсын яллагч С.Б,
хохирогч Ц.Ө,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000328 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ц.М
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн 2-34 тоот гэртээ эхнэр Ц.Ө-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн байгаа.” гэв.
хохирогч Ц.Ө мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй, би худлаа яриагүй, тухайн үед зодуулсан байхдаа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Ц.Мөнх-Эрдэнийг амласан амлалтандаа хүрнэ гэж бодож байгаа гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Ц.Ө-ын “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр...16 цагийн үед нөхрийн...дугаар луу залгатал утсаа авахгүй байсан, ...дахин залгахад архи уусан шинжтэй ярьж байсан, “намайг ирээд авчих, тэгээд гурвуулаа цуг харья” гэсэн, 18 цагийн үед ирсэн, би охин Минжинзаяагийн хамт суугаад бид гурав гэртээ харьсан, гэртээ ороод галаа түлээд байж байхад “би унтлаа орой 21 цагт буцаад явна” гэж хэлсэн, “гар утсаа аваад ир” гэхээр нь би түүнд утсаа өгсөн, тэгээд үзэж байгаад урьд бичиж байсан бүх чатуудыг гаргаад ирсэн, мессежүүдийг уншсанаа найз Ээгийтэй хардаж “чи хэн хэнтэй мессежилдэг юм” гэснээ миний баруун өвдөг рүү нэг удаа өшиглөсөн...“чи энэнтэйгээ нийлж намайг доромжиллоо” гээд үсдэж дарж газар унагаагаад нүүр лүү хоёр удаа өшиглөсөн, би хоёр гараараа нүүрээ дарж хамгаалсан бөгөөд дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн, үсдэж босгосноо баруун шанаа руу нэг удаа алгадсан, зугтаатал миний гар утсыг шидсэн...гэрийнхээ үүдний өрөөний тавиурыг татаж унагаагаад тогоотой хоол асгаад, сандал авч шидэхээр нь би түүнд хандан “чи тавилга эвдэж байхаар намайг зод” гэж хэлсэн, гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохисон. Би сөхрөөд унасан, босоод эргээд хартал гартаа сандал барьчихсан цохих гэж байсан, би цохиулахгүй гээд сандалтай нь зулгаалцсан, буйдан дээр унатал миний хүзүүн дээр өвдөглөж байгаад гараараа толгой руу 2-3 удаа цохисон. Охин маань энэ үед “ааваа та ээжийг битгий зодооч дээ” гэхэд “ална шүү” гээд байсан. Тэгээд намайг үг хэлээр доромжилж “дархадын шээс, чи хүнтэй явж хуурлаа” гээд хэл амаар доромжилж эхэлсэн, намайг “буудна” гээд том өрөөний булан руу алхахаар нь би “битгий л дээ” гээд хойноос нь тэвэрч авсан гэтэл эргэж харснаа үснээс зулгааж, буйдан руу түлхэж унагаагаад нуруу руу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон, “миний буруу, би чамайг хуурсан юм байхгүй, зүгээр л би мессеж бичсэн шүү дээ, намайг битгий зодооч” гэж уйлаад гуйхад миний зүүн гар луу өшиглөсөн. Би шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №535 тоот дүгнэлттэй танилцсан, миний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлийг Мөнх-Эрдэнэ намайг үсдэж дараад алгадаж, хөлөөрөө хоёр удаа өшиглөхдөө, мөн нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохихдоо учруулсан, ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-15-19, 21-22/,
гэрч Н.З-н “...Би Өлзийням эгчтэй 2013 оны 1 дүгээр сараас нэг газарт одоог хүртэл хамт ажиллаж байна. Мөнх-Эрдэнэ нь Өлзийням эгчийн нөхөр бөгөөд бид нар гэр бүлийн найзууд. ...2021 оны 3 дугаар сард Өлзийням эгч ажилдаа ирэхдээ дух нь хавдчихсан ирсэн, тухайн үед “нөхөртөө цохиулсан” гэж хэлж байсан. ...Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө Өлзийням эгчтэй уулзахад түүний зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан бөгөөд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
гэрч Ц.С-н “...Манай хүргэн ах Ц.М нь манай эгчтэй хамт амьдарснаасаа хойш зодож цохиж байсан, хүргэн ах архи уугаад ирэх болгондоо эгчийг зодож цохидог, сүүлд 2021 оны 3 дугаар сард зодсон байсныг би эгчээсээ сонссон. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө хүргэн ах Мөнх-Эрдэнэ эгчийг зодож биед нь буу тулгасан талаар эгч Өлзийням надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-54-55/,
Ц.М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр...эхнэр Өлзийням, охин Минжинзаяа нарыг эхнэрийн ажлын гаднаас аваад гэртээ харьсан, тэгээд гар утсыг нь үзэж байтал устгасан файл дотор нь хүнтэй дотно маягаар харилцсан мессежүүд байсан. ...би эхнэртээ хандан “энэ юу вэ” гээд харуултал надаас утсаа булааж авах гээд цамнаад унангуут нь хардалтын сэтгэл төрж үргэлжлүүлэн мессежүүдийг унштал нэг нэгнийгээ “хайраа” гэж бичилцсэн байсан, “надтай 2021 оны 3 сард харилцаж байсан хүн” гэж хэлсэн, би түүнийг хоёр удаа алгадсан, эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...эхнэр бид хоёр хоорондоо учраа олсон, одоо ямар нэг үл ойлголцох асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-24-26, 28, 72/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай; “...1.Ц.Ө-ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд үүссэн цус хуралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-60-62/,
хохирогч Ц.Ө-ын “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний орой нөхөртөө зодуулсан, мөн байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
хохирогч Ц.Ө-ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3-4/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-10-11/,
Ц.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.Мэс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн 2-34 тоот гэртээ эхнэр Ц.Ө-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Ө-ын “...миний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлийг Мөнх-Эрдэнэ намайг үсдэж дараад алгадаж, хөлөөрөө хоёр удаа өшиглөхдөө, мөн нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохихдоо учруулсан.” гэх,
гэрч Н.З-н “...2021 оны 3 дугаар сард Өлзийням эгч ажилдаа ирэхдээ дух нь хавдчихсан ирсэн, тухайн үед “нөхөртөө цохиулсан” гэж хэлж байсан. ...Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө Өлзийням эгчтэй уулзахад түүний зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан бөгөөд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн.” гэх,
гэрч Ц.С-н “...Манай хүргэн ах Ц.М нь манай эгчтэй хамт амьдарснаасаа хойш зодож цохиж байсан, ...2021 оны 3 дугаар сард зодсон байсныг би эгчээсээ сонссон. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө хүргэн ах Мөнх-Эрдэнэ эгчийг зодож биед нь буу тулгасан талаар эгч Өлзийням надад хэлсэн.” гэх,
Ц.М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүний биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хоёр гарын мөр, бугалга, баруун бугуй, шуу, сарвуу, нуруунд цус хуралт гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай; “...Ц.Ө-ын биед хөнгөн зэрэгт хамаарагдах гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт, хохирогч Ц.Ө-ын “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний орой нөхөртөө зодуулсан, мөн байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М-н 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн 2-34 тоот өөрийн гэртээ эхнэр Ц.Өыг зодсон үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, тохирсон байна.
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний хохирогч Ц.Ө-ын эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирогч Ц.Ө нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн,
мөрдөн шалгах ажиллагааны үед мөн энэ мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ц.М-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” дүгнэлтийг,
шүүгдэгч Ц.М өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох шийтгэлээс чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Амбаа овогт Цогтсайханы Мөнх-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, ялаас чөлөөлөхөөр яллагдагч, прокурор нар нь тохирч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх тухай хүсэлт гаргасан, холбогдогч хохирлоо нөхөн төлсөн, эсвэл төлөх тухай хохирогчтой эвлэрсэн бол энэ нь тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нэг үндэслэл болдог.
Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан тохиолдолд хүсэлтдээ хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргасан байх ёстой байтал талууд эвлэрэх тухай хүсэлт гаргаагүй, яллагдагч хохирогч нар нь эвлэрсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй зэргээр эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсан тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, улмаар ялаас чөлөөлөх боломжгүй, мөн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзээд хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гомдол, саналгүй гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ