| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0280/э |
| Дугаар | 2021/ШЦТ/323 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,
улсын яллагч Л.О,
шүүгдэгч Ш.Ү, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Ү-г
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002630339 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ш.Ү
Монгол Улсын иргэн, М.Б
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Ш.Үнь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Мобиком” ХХК-ийн явуулын асараас Самсунг А-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 499.000 төгрөгийн хохирол учруулсан,
М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Мобиком” ХХК-ийн явуулан асараас Ш.Ү-н хулгайлан авсан Самсунг А-12 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ш.Ү мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч А.Б-н “...2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Спорт ордны урд “Мобиком” ХХК-аас гар утасны шууд борлуулалт хийж байгаад Самсунг А-12 загварын цэнхэр өнгийн гар утас хулгайд алдсан, тухайн үед манай салбараас Самсунг-А12 загварын хар өнгийн хар утас лизингээр авсан Бат-Амгалан гэх залуугийн хажууд явж байсан жижигхэн залуу нааш, цааш яваад байсан, удалгүй Бат-Амгалан лизингээр гар утсаа аваад явсан, тэгсэн чинь Самсунг А-12 загварын, хайрцаг савтайгаа гар утас алга болсон, ...Самсунг А-12 гар утас 499.000 төгрөгөөр борлуулагдаж байсан. Алдагдсан Самсунг А-12 загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-19/,
гэрч О.А-н “...Мобикомын асарт шууд борлуулалт хийж байх хооронд үл таних гурван хүн ирж, нэг нь гар утас лизингээр авсан. Тэгээд явсны дараа нь ширээн дээр байсан цэнхэр өнгийн А-12 загварын гар утас алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-24/,
сэжигтэн, яллагдагч Ш.Ү-н “...2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр... Амгалан ах “гар утас зээлээр авна” гэсэн. Бид хоёр цуг яваад спорт ордны урд байх Мобикомын улаан майхантай салбар дээр нь очсон. Амгалан ах тэндээс Самсунг А-12 загварын гар утсыг зээлээр авахаар үзсэн. ...Амгалан ах цэнхэр өнгөтэйг нь үзээд байсан, цаанаас нь дахиад хар өнгөтэй Самсунг А-12 загварын гар утас гаргаад ирсэн. Амгалан ах хар өнгөтэйг нь зээлээр авч, гэрээ байгуулж байх хооронд нь би хэнд ч мэдэгдэлгүйгээр цэнхэр өнгөтэй гар утсыг нь авсан. ...Хулгайлсан гар утсаа хуурай ах Бат-Амгаланд 100.000 төгрөгөөр зарсан. ...мөнгөөр нь хоол унд, идэж уух юм аваад үрээд дуусгасан.” гэсэн мэдүүлэг /хх-26, 134/,
сэжигтэн, яллагдагч М Б-н “...лизингээр гар утас аваад “Төгөл” их дэлгүүрийн гаднаас Үнэнхүүд ширхэгийн тамхинаас ганц ширхэг тамхи авч өгчихөөд салаад явсан. Согоот багийн 6-1 дүгээр байрны автобусны буудал руу явж байтал Үнэнхүү араас гүйж ирээд “юм үзүүлье” гэж хэлээд надад цэнхэр өнгийн Самсунг А-12 загварын цоо шинэ, хайрцаг савтай гар утас үзүүлсэн, хаанаас авсан талаар асуухад “таны сая гар утас авсан газраас хулгайлчихсан юм, та энэ утсыг 100.000 төгрөгөөр авчих” гэхээр нь би тухайн гар утсыг Төрийн банкны АТМ-ээс өөрийн Хаан банкны 5094862526 тоот данснаас 100.000 төгрөг авч Үнэнхүүд өгөөд Самсунг А-12 гар утсыг аваад гэр лүүгээ явсан. Маргааш нь Цагдаагийн байгууллагаас над руу яриад “Үнэнхүүгээс худалдаж авсан гар утсаа аваад ир” гэсний дагуу би тухайн гар утсыг хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-28, 141/,
иргэн А.Б-с гаргасан “...2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг спорт ордны урд Мобикомын шууд борлуулалтаар ажиллаж байсан асараас Самсунг галакси А-12 гар утсаа хулгайд алдсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, иргэн А.Болортуяагийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-6/,
М.Б-гаас эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9, 10-11/,
эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-12-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14/,
М.Б-гийн Хаан банкны дансны хуулга /хх-36/,
Ш.Үнэнхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-48/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-52/,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-53-56/,
М.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-89/,
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай магадлалын хуулбар /90-121/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-125-127/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн М.Б, Ш.Ү нараас сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ш.Ү нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Мобиком” ХХК-ийн явуулын асараас Самсунг А-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 499.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Мобиком” ХХК-ийн явуулан асараас Ш.Үнэнхүүгийн хулгайлан авсан Самсунг А-12 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгч Ш.Үнэнхүү, М.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Болортуяагийн “...2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Спорт ордны урд “Мобиком” ХХК-аас гар утасны шууд борлуулалт хийж байгаад Самсунг А-12 загварын цэнхэр өнгийн гар утас хулгайд алдсан.” гэх,
гэрч О.Ариунболдын “...Мобикомын асарт шууд борлуулалт хийж байх хооронд...ширээн дээр байсан цэнхэр өнгийн А-12 загварын гар утас алга болсон.” гэх,
сэжигтэн, яллагдагч Ш.Үнэнхүүгийн “...Амгалан ах хар өнгөтэйг нь зээлээр авч, гэрээ байгуулж байх хооронд нь би хэнд ч мэдэгдэлгүйгээр цэнхэр өнгөтэй гар утсыг нь авсан.” гэх,
сэжигтэн, яллагдагч М Бат-Амгалангийн “...Үнэнхүү араас гүйж ирээд “юм үзүүлье” гэж хэлээд надад цэнхэр өнгийн Самсунг А-12 загварын цоо шинэ, хайрцаг савтай гар утас үзүүлсэн, хаанаас авсан талаар асуухад “таны сая гар утас авсан газраас хулгайлчихсан юм, та энэ утсыг 100.000 төгрөгөөр авчих” гэхээр нь би тухайн гар утсыг Төрийн банкны АТМ-ээс өөрийн Хаан банкны 5094862526 тоот данснаас 100.000 төгрөг авч Үнэнхүүд өгөөд Самсунг А-12 гар утсыг аваад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлгүүдээр,
иргэн А.Болортуяагаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, М.Б-гаас эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ш.Үнэнхүү, М.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх болон захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг бол,
“Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэдгийг гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг хэлнэ.
Шүүгдэгч Ш.Үнэнхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах гэмт хэргийн,
шүүгдэгч М.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, тэндэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ш.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх тэднийг дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол төлбөрийн талаар;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Ш.Ү, шүүгдэгч М.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-д 499.000 төгрөгийн хохирол учирсан,
шүүгдэгч нар нь “Самсунг А-12” загварын гар утсыг хохирогчид бодитоор хүлээлгэж өгсөн тухай баримт хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ш.Үнэнхүүг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг,
шүүгдэгч М.Б-г “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.Үнэнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял өгнө үү.” гэсэн саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,
шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Ш.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,
зорчих эрх хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь “Самсунг А-12” загварын гар утсыг хохирогчид бодитоор хүлээлгэж өгснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ү-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ш.Ү, шүүгдэгч М.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх,
7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ү, шүүгдэгч М.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ү, шүүгдэгч М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ