| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0006/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/08 |
| Огноо | 2021-12-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 2125003370413 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, М.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймаг Сэлэнгэ сумын Харгантын гол гэх газраас Л.У-н гээгдүүлсэн Моторола Ж-10 загварын гар утсыг авч явж, бусдын өмчлөлийн эд зүйл гэж мэдсээр байж 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Тэди худалдааны төвийн гадаа Ч.Х-д 160 000 төгрөгөөр худалдаж бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйлгүй. Хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч Л.У “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.У-н“2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Булган аймгийн Сэлэнгэ сумаас Эрдэнэт тал руугаа 20 гаран км зайтай газар хадлан хийж байсан юм. Тэгээд орой 16 цагийн үед тракторын сэлбэг авахаар Эрдэнэт рүү явсан юм. Би явахдаа өөрийнхөө Моторола маркийн гар утсаа хадлан хийж байсан газраа үлдээгээд мартаад явсан байсан. Тэгээд Эрдэнэт рүү орж ирсэн хойноо сүлжээ барих үед утсаар ярих гэж байгаад гар утсаа хээр үлдээсэн гэдгээ санасан. Маргааш нь тракторын сэлбэг хэрэгсэлээ аваад Булган аймгийн Сэлэнгэ сумын Харангатын гол гэх газраа очсон. Би очоод нөгөө хадлан хийж байсан газрынхаа ойр орчимд гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хадлан хийж байсан хүмүүсээсээ асуухад миний гар утсыг хараагүй гэж байсан. Миний хаясан гар утас хар өнгийн гадаргуутай хойд хэсэг нь ягаан өнгөтэй. 2021 оны 07 дугаар сард Чех улсаас 780 000 төгрөгөөр худалдан авч байсан юм“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р тал/
2. Гэрч Ч.Х-н “Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед нөхөр Э-н хамт Эрдэнэтийн Тэди төвийн үүдэн дээр зогсож байсан 2 залуугаас Моторола гэдэг гар утас 160 000 төгрөгөөр худалдан авсан. Миний авсан гар утас өнгөгүй, тунгалдаг гэртэй, ногоон туяатай, 3 камертай утас байсан. Би тэр худалдан авсан гар утсаа өөрөө барьж байгаад 2021 оны 10 дугаар сард Мэнд-Амар төвийн ломбарданд 200 000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
3. Гэрч Б.Б-н мэдүүлэг “Би бүртгэлийн дэвтэр дээрээсээ харж үзэхэд Ч.Х гэдэг эмэгтэй хүн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ломбарданд Моторола маркийн гар утас 200 000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Одоо тэр гар утас манай ломбарданд байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
3. “Далай Ван Аудит” ХХК-ны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаартай "2021 оны 10-р сарын 13-ны өдрийн байдлаар 750 000 төгрөгөөр үнэлэв" гэх дүгнэлт. /хх-ийн 26-р тал/
4. Яллагдагч М.Э-н “Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эсвэл 18-ны өдөр байх хүнсний бараа зөөхөөр Эрдэнэтээс Булган аймгийн Хялганат тосгон, Сэлэнгэ сум руу явсан. Замд явж байхад манай машины дугуй Ингэтийн голын адаг гэх газар хагарсан. Би запас дугуй асуухаар голын цаад талд өвс хадаж байсан хүмүүс рүү явж байхдаа голын наад талд байх бухалдсан өвсний хажуу талаас Моторола маркийн хөх өнгийн гадаргуутай гар утас олсон юм. Би олсон гар утсаа 2-3 хоног өөрөө хэрэглэж байгаад Тэди төвийн гадаа нэг эмэгтэйд зарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.У-н “Моторола маркийн гар утсаа хадлан хийж байсан газраа үлдээгээд мартаад явсан байсан. Би хадлан хийж байсан газрынхаа ойр орчимд гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хадлан хийж байсан хүмүүсээсээ асуухад миний гар утсыг хараагүй гэж байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, гэрч Ч.Х-н “Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн үед нөхөр Э-н хамт Эрдэнэтийн Тэди төвийн үүдэн дээр зогсож байсан 2 залуугаас Моторола гэдэг гар утас 160 000 төгрөгөөр худалдан авсан. Миний авсан гар утас өнгөгүй, тунгалаг гэртэй, ногоон туяатай, 3 камертай утас байсан. Би тэр худалдан авсан гар утсаа өөрөө барьж байгаад 2021 оны 10 дугаар сард Мэнд-Амар төвийн ломбарданд 200 000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, гэрч Б.Б-н мэдүүлэг “Би бүртгэлийн дэвтэр дээрээсээ харж үзэхэд Ч.Х гэдэг эмэгтэй хүн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ломбарданд Моторола маркийн гар утас 200 000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Одоо тэр гар утас манай ломбарданд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/, гар утманд үнэлгээ тогтоосон “Далай Ван Аудит” ХХК-ны шинжээчийн 62 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р тал/, М.Э-н гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Харгантын гол гэх газраас Л.У-н гээгдүүлсэн Моторола Ж-10 загварын гар утсыг авч олж авч 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн Тэди худалдааны төвийн гадаа Ч.Х-д160 000 төгрөгөөр худалдаж 750 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч М.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.У-н өмчлөх эрхэд хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А