Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/69

 

Б.Атартулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                         Шүүгчид                                                       Г.Давааренчин                                       

                                                                                            Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                                     М.Энхбаатар

                        Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч        А.Отгонбаяр

                        Хохирогчийн өмгөөлөгч                              Р.Атарцэцэг

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/159 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч түүний өмгөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцог овогт Батшүүлгийн Атартулгад холбогдох эрүүгийн 1831000000094 дугаартай, 175/2018/0155/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар саын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум 7 дугаар баг Орхоны 7-2 тооотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг дарга ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай, ухаан санаа эрүүл Оорцог овогт Батшүүлгийн Атартулга /Регистрийн дугаар: МС79053114/

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Атартулга нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод согтуугаар М.Батзоригийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Атартулгад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/159 дугаартай цагаатгах тогтоолоор

-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Оорцог овогтой Батшүүлгийн Атартулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Атартулгаас 516.700 төгрөг гаргуулж, хохирогч М.Батзоригт олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгээс 6 сая төгрөг болон өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөгийг хүчингүй болгож, хамар засуулах зардлыг баримтаа бүрдүүлсний дараа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэж,

-Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын прокурор А.Энхтуяа 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №09 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

... Аймгийн прокурорын газраас Б.Атартулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 159 дугаартай цагаатгах тогтоол гаргасан байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Учир нь: Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт ... хохирогч М.Батзоригт учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Атартулгын үйлдлээс хамааралтай болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн атлаа ...хэрэгт цугларсан бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б.Атартулгын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Атартулгыг гэм буруутайд тооцох боломжгүй... гэж хоёр өөр байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн. Шүүхийн тогтоолын тогтоох нь хэсэгт шүүгдэгч Б.Атартулгыг гэм буруугүйд тооцож цагаатган, шүүгдэгчээс 516.700 төгрөг гаргуулж хохирогч М.Батзоригт олгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн цагаатгах тогтоолд шүүгдэгч Б.Атартулгыг тухайн цаг хугацаанд аргагүй хамгаалалт хийсэн эсэхийг шалгаагүй нь хэргийн бодит байдлыг бүрхэгдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг зөрүүтэйн гадна мөрдөн байцаалтын шатанд өөр бусад баримтаар хангалттай тогтоож чадаагүй ба зөвхөн шинжээч эмчийн дүгнэлтээр буруутгаж байгаа нь эргэлзээтэй байна. Б.Атартулгын биед үүссэн зулгаралт болон зөөлөн эдийн гэмтлүүдийг хэн хэрхэн учруулсныг шалгаж тогтоогоогүй байгаа нь хэргийг бүрхэгдүүлсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлд эргэлзээ төрүүлж байгаа талаар дурдсан байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон ба яллагдагч Б.Атартулгын хувьд арга хамгаалалт хийсэн гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Б.Атартулгыг эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээн авч эрүүлжүүлсэн талаарх баримтанд биед үзлэг хийхэд ямар нэгэн ил шарх соривгүй талаар дурьдсан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Атартулга нь боолтонд орж аргагүй хамгаалалт бүхий байдал учирсан болох нь тогтоогдохгүй байхад зөвхөн шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Б.Атартулгад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 159 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.  

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 159 дугаартай цагаатгах тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч болон хохирогч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Учир нь:

1. М.Батзориг нь 2018 оны 04 сарын 27-ны орой Батшүүлэг овогтой Атартулгад зодуулж хамар ясны хугарал, үүдэн дээд 5 шүд хөдөлсөн, духанд зулгаралт, зовхи уруул, сүвээнд цус хуралт, өвдөгний үенд хавантай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэлүүд түүний биед үүссэн байдаг. Тухайн оройноо биеэ гайгүй болчих болов  уу гэж харсан боловч өвчин нь намдаж өгөхгүйн улмаас 2018 оны 4 сарын 29-ны өглөө 8 цаг 50 минутад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт үзуүлсэн баримт хэргийн материалд авсагдсан байгаа. Ер нь Батзоригийн биед учирсан гэмтлийг Атартулгаас өөр хүн үүсгэсэн гэдэг нь нотлогдоогүй гагцхүү Атартулгын үйлдээс болж энэ хүн Батболдынд байхдаа зодуулсан гэдэг нь тэнд байсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр Б.Атартулгын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь үндэслэлгүй болно. Энэ нь шүүх хэрэгт бэхжүүлж авсан нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж ойлгогдоно. Тэгээд ч цагаатгах тогоолд ямар нотлох баримтууд эргэлзээ төрүүлж байгаа зэргийг тодорхойлж бичээгүй байгаа.

2. Шүүх хуралдаан анхнаасаа илт нэг талын барьсан үйл ажиллагаа явуулж ирсэн. Учир нь шүүгч Атартулгаас чи адилхан зодуулсан байхад чамд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байхад чи яагаад гомдол гаргаагүй юм. Эхлээд гаргасан шинжээчийн дүгнэлтээр чамд гэмтэл гаргасан байна гэх мэтээр шүүгдэгчийг илт хамгаалсан байдал гаргаж байсан.

3. Б.Атартулгын биед үүссэн гэмтлийг шинжээч эмч мөн л хөнгөн зэрэгт хамааруулсан байсан бөгөөд Атартулгын биед үүссэн гэх гэмтлийг хэзээ хэдийд авсан нь тодорхойгүй тухайн үед нь эмнэлэгийн байгууллагад үзүүлээгүй 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 сарын 4-ны өдөр түүний биед үзлэг хийсэн байдаг. Атартулгын биед үүссэн гэх буглага, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэсэн нь хэргийн 5-р талд бэхжүүлэгдсэн Эрүүлжүүлэх саатуулах байранд түүний биед үзлэг хийхэд биед шарх гэмтэлгүй зүрхний авиа жигд гэсэн тэмдэглэл үйлдсэн байдаг. Мөн цагдаагийн жижүүр Б.Нарангэрэлийн мэдүүлэгт хэргийн 22-р талд: ...Атартулгыг 7 цагт эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж үзлэг хийн хүлээлгэн өгсөн гэх баримтаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд огт гэмтэл шархгүй байсан хүн Дархан уул аймгийн эмнэлэгт 7 хоногийн дараа үзүүлэхэд шархтай болж хувирсан байдал Батзоригт зодуулсан гэдэг асуудлыг үгүйсгэж байгаа билээ. Энэ байлуудаас Атартулгын биед гэмтэл учраагүй гэмтлийн зэрэг тогтоох үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан билээ.

4. Тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэх үед нь байсан гэх гэрч О.Батболд мэдүүлэхдээ ...Шарка надад нөгөө 2 чинь зодолдсон юм шиг байна Зоригоо хашааны ёроолд хэвтэж байхаар нь би босголоо гэж хэлээд Зоригоог оруулаад ирсэн гэх, ...Батзоригийн нүд хавдсан, Атартулгын биед ил харагдах гэмтэл байгаагүй гэх мэдүүлэгүүд, Гэрч Т.Мөнхбадрахын... Батзоригийн нэг нүд тагларчихсан хавдсан байсан, харин Атартулга гэмтэлгүй, зүгээр байсан гэх мэдүүлэг Яллагдагч ...Атартулгын мэдүүлгээр ...Батзоригийг нэг удаа цохьсон, нүүр нь цус болсон байсан, Батзориг уначихлаа та 2 оруулаад ирээч гэж хэлсэн, нүд нь хавдсан дух нь шалбарсан байсан гэх мэдүүлэг. Дээрхи байдалд шүүхээс дүгнэлт хийж цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт ...М.Батзоригт хөнгөн гэмтэл учирсан нь шүүгдэгч Атартулгын үйлдлээс хамааралтай болох нь тогтоогдсон гэсэн атлаа хэрэгт цугларсан нотлох баримт нь эргэлзээтэй байх тул цагаатгах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа билээ. Хэрэгт авагдсан М.Батзоригийн мэдүүлэгт... би өөрийгөө авч явах чадваргүй байсан талаар мэдүүлдэг. Тэгвэл Атартулга нь бие хамгаалах чадваргүй байхад нь түүнийг зодсон байдал нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал үүсч байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Түүнчлэн цагаатгах тогтоол гаргасан атлаа хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 516.700 мянган төгрөгийг гаргаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь хуульд нийцнэ гэж гомдол бичиж давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж байна гэв.  

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Атартулгыг цагаатгасан тогтоолд

 үндэслэлтэй зүйлүүд дурдагдсан, үйлдэгдсэн гэмт хэргийг Б.Атартулга шууд учруулсан гэх нөхцөл байдал яг хөдөлбөргүй тогтоогдсон зүйл байдаггүй. М.Батзориг нь гэмтэл авсан даруйдаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаагүй. Ямар нэгэн байдлаар хоорондоо гар бариад эвлэрээд сууж байсан. ... Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд эрүүлжүүлэгдсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл дээр ямар нэгэн гэмтэл байхгүй гэж тэмдэглэсэн боловч Б.Атартулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн үед ямар нэгэн байдлаар хувцсыг нь тайлж үзээгүй талаар ярьдаг. Тиймээс энэ баримтыг үнэн зөв баримт гэж үзэхгүй байна. ...Мөн М.Батзоригт учирсан уг гэмтлийг Б.Атартулга учруулсан гэдгийг хангалттай нотолсон гэрчийн мэдүүлэг, нотлох баримт байхгүй. Шөнийн 02 цаг хүртэл хаагуур яаж явсан энэ талаар тогтоогдоогүй тул энэ хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бодит боломж бүрдсэн байсан. Харин нэгэнт цагаатгаж шийдвэрлэж байгаа бол хохирлын асуудлыг давж заалдах шатны шүүх тодруулах боломжтой гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Б.Атартулгад холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан. Цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй юм.  Эсэргүүцлийн үндэслэл нь цагаатгах тогтоол дээр Б.Атартулгыг үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан гэж дүгнээд хохиролыг гаргуулж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ...Б.Атартулга нь боолтод орж аргагүй хамгаалалт хийсэн гэдэг нь тогтоогдоогүй байхад зөвхөн шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Ататртулга нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод согтуугаар М.Батзоригийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомлдлыг үндэслэн С.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1831000000094 дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас зөвхөн шүүгдэгч Б.Атартулгын мэдүүлгийг авахдаа хохирогч М.Батзориг, гэрч Ж.Уянга, Б.Нармандах, А.Тогтохдорж, шинжээч Д.Туяа, Э.Отгончимэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №629 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заалгүй шүүгдэгчийг цагаатгах тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1-д Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараахь зүйлийг тусгана..., 1.2-д шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл..., 39.6 дугаар зүйлийн 1-д “... Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ..., 1.3-д дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол..., гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Б.Атартулгыг гэм буруугүйд тооцож цагаатгаж шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 516.700 төгрөг гаргуулж хохирогч М.Батзоригт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

 Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №09 тоот эсэргүүцэл, хохирогч М.Батзориг болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн №09 тоот эсэргүүцэл, хохирогч М.Батзориг болон түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авч,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Атартулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ