| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2020/0002/З |
| Дугаар | 08 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл хууль бус болох, тухайн албадан буулгасан газар нь Тагнуулын хэлтсийн эзэмшил биш, давхардаагүй болох, Тагнуулын хэлтсийн эзэмшилтэй давхардаагүй байхад урьдчилан шалгаж тогтоолгүйгээр Албадан чөлөөлөх захирамж гаргасан нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, гуравдагч этгээд Тагнуулын Ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн дарга Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц нь 2018 онд хажуу талынхаа үл хөдлөх хөрөнгийг иргэн н.О-оос худалдан авснаар доорх газруудыг 2018 онд өөрийн нэр дээр нэгтгүүлэн газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж байгаа болно. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар манай цайны газрын гал тогооны хэсэг, агуулахын хэсгийг буулгана гэж Цагдаагийн албан хаагчид ирж агуулахын хэсгийг буулгасан. Одоо гал тогтооны хэсгийг буулгана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг захирамжид Тагнуулын хэлтсийн эзэмшил талбайд зөвшөөрөлгүй барьсан гэж байгаа нь үндэслэлгүй учир аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгэнт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Тагнуулын хэлтсийн газар болох нь тогтоогдсон тул маргах нь ёс зүйн хувьд утгагүй байна. Иймд 2, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд татгалзаж байна. Авч үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд албадан чөлөөлөх захирамжийг гардаж авчихаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад албадан чөлөөлөх ажиллагаа явагдахгүй байх байсан. Цаашдаа өөр асуудал гарч болзошгүй гэдэг үүднээс энэ нэхэмжлэлийг авч үлдсэн. Шүүхэд хандсан байхад шүүхийн шийдвэрийг хүлээлгүйгээр дур мэдэн үйл ажиллагааг хийсэн нь хууль бус байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/67 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/67 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн тухайн маргаан бүхий газар нь Говь-Алтай аймгийн Тагнуулын хэлтсийн газар биш, давхардаагүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь нэгэнт баримтаар тогтоогдсон байх тул маргахгүй. Өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд би иргэнийг төлөөлж байгаа өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухайн газрын талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Кадастрын зураг нь нэхэмжлэгчид байсан. Нэхэмжлэгчийн зүгээс надад өгсөн мэдээлэлдээ Тагнуулын хэлтэс болон надад аль алинд нь хамааралгүй газарт би барилга барьсан. Миний газар гэсэн тайлбарыг өгч байсан. Б.Ц нь Улаанбаатар хотод байсан бөгөөд үйл ажиллагаа явуулж байсан түүний эзэмшлийн газарт нь албадан буулгана гэсэн мэдэгдэх хуудсыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгснөөр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирамжийг мэдсэн. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирамжийг иргэн болон эрх ашиг зөрчигдөж байгаа хүн хүлээж аваад 30 хоногийн дотор гомдол гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Энэ захирамж үүнийг зөрчиж гарсан. 2020 оны 02 дугаар сарын 16-ны дотор албадан буулгахаар хугацаа тогтоож өгсөн. Захирамжийг хүчин төгөлдөр болох хугацааг заалгүйгээр албадан буулгах хугацааг тогтоож өгсөн байдаг. Үүнээс үүдэлтэйгээр газрын алба албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулсан байдаг. Тухайн захирамжийг мэдмэгцээ шүүхэд хандаж, захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх 2, 3 хоногийн хугацаа өнгөрсөн. Захиргааны хэрэг үүсэхэд албадан буулгах үйл ажиллагаа явагдсан. Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийг албадан буулгаж байгаа холбогдох албан тушаалтнуудад аваачиж өгсөн. Гэтэл хариуцаж буулгаж байгаа албан тушаалтан байхгүй, захирамжийг хэн хүлээж авч байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүссээр буулгаад дуусчихсан. Шүүхэд хандаж, шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа маргааны хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад албадан буулгаж байгаа нь хууль бус юм. Маргаантай газар байсан бол албадан буулгасан ажиллагаа нь янз бүрийн асуудал дагуулах үр дагавартай байсан. Тухайн газар яах ч аргагүй Тагнуулын газрын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байсан. Цаашдаа албадан буулгах, албадан чөлөөлөх үйл ажиллагаа явагдана. Үүнийг мэддэг болоосой гэдэг үүднээс энэ нэхэмжлэлийг үлдээсэн. Захирамжаа тухайн хүндээ албан ёсоор хүргүүлчихээд тухайн хүний эрх ашиг хэзээ, яаж хангагдах ёстой вэ? гэдгийг төрийн албан хаагч нар мэддэг байсан бол хууль бус үйл ажиллагаа цаашдаа гарахгүй. Үр дагавар нь янз бүрээр илэрхийлэгдэх учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 06-аас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааг өнгөрөөчихөөд ажиллагаа хийсэн бол өөр хэрэг. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарсан захирамжийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өнгөрсөн тохиолдолд энэ хүмүүс эрх ашгаа хамгаалуулахгүй юм байна гэж үзээд албадан буулгасан бол ийм асуудал гарахгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Тус хуулиар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүн 30 хоногийн дотор шүүхэд болон дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
Хэн нэгний хөрөнгөд халдах гэж байгаа бол заавал мэдэгдэж, ойлгуулах ёстой. Эдгээр ажиллагааг хийж байж дараагийн ажиллагаа хийх ёстой байхад гэнэт л Улаанбаатар хотод өвчтэй, эмнэлэгт хэвтэж байгаа хүний хөрөнгийг буулгасан. Газрыг албадан чөлөөлөх эрх хэмжээ Засаг даргад байдаг боловч хуульд заасны дагуу хандаасай гэсэн үүднээс энэ нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Ц-гийн барилга барьсан газрыг албадан чөлөөлөх захирамж гарсан. Уг захирамжийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасан. Үүний дагуу 2019 оноос хойш мэдэгдлүүдийг өгөөд явж байсан. Тухайн шаардлагыг үл биелүүлсэн учраас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар албадан чөлөөлөх захирамж гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийсэн. Тухайлбал захирамж гаргаад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамжийн биелэлтийг доод шатны буюу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Цагдаагийн газар хангуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд газар албадан чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр биелүүлэх талаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх гэсэн шаардлага бий. Энэ шаардлагын дагуу мэдэгдлийг хүргүүлж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар албадан чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. Иргэн Б.Ц нь Тагнуулын хэлтсийн газар дээр өргөтгөл барьсан нь Тагнуулийн хэлтсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Тагнуулын хэлтэс нь зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шаардах эрхтэй. Ийм учраас Говь-Алтай аймаг дахь Тагнуулын хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/11 дугаартай албан бичгээр газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөх талаар хүсэлтийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж байсан. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасан. Б.Ц “Далай”, “Ажаа ээжийн хоолны гэр” зэрэг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь мөн бөгөөд албан бичигтээ 2020 он гаргаад Ажаа ээжийн хоолны гэрээ өргөтгөх гэж байгаа тул зөвшөөрч байна. Зохих журмын дагуу чөлөөлье” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан. Ийнхүү хуульд заасны дагуу бүх ажиллагаа хийгдсэн байхад аймгийн Засаг даргын газар чөлөөлөх ажиллагаа хууль бус болж байгааг ойлгохгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Ц нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчин зөвшөөрөлгүй Тагнуулын хэлтсийн эзэмшил талбайд газар ашигласан тул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаар захирамжаар албадан чөлөөлөх шийдвэр гарсан. Иргэн Б.Ц-д Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар албан бичгээр бусдын эзэмшил талбайд зөвшөөрөлгүй барилга барьсныг мэдэгдсэн. Мэргэжлийн хяналтын газарт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар албан бичгээр иргэн Б.Ц нь Тагнуулын хэлтсийн эзэмшил талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчилд холбогдох арга хэмжээ авч өгөхийг уламжилсан. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 299, 307, 355, 362, 545 дугаар албан бичгүүдээр газар чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг удаа, дараа өгсөн. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар албан бичгээр газар албадан чөлөөлөхийг мэдэгдсэн. Иргэн Б.Ц нь төрийн байгуулллагын удаа дараа шийдвэрийг биелүүлээгүй болно. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргын газар албадан чөлөөлөх 2020 оны А/67 дугаар захирамжийг хүргүүлсэн. Б.Ц-гийн зөвшөөрөлгүй барьсан байгууламжийн доорх газрыг албадан чөлөөлөх ажил аймгийн Засаг даргын 2020 оны А/67 дугаар захирамжид заагдсан хугацаанд хийгдсэн. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д аймгийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу албадан чөлөөлөх ажилд 766000 төгрөг зарцуулагдсан. Иймд дээрх үндэслэлүүдээр газрыг албадан чөлөөлсөн тул нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/67 дугаар захирамжаар газар албадан чөлөөлөх ажлыг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэхийг Цагдаагийн газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгасан. Даалгасан захирамжийн биелэлтийг хангаж бид бүхэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2 дахь барилга, байгууламжийг албадан буулгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ц бусдын эзэмшил газар дээр барилга байгууламжаа өргөтгөсөн. Бид Б.Ц-д та Газрын тухай хуулийг зөрчиж, зөвшөөрөлгүй бусдын эзэмшил газарт барилга, байгууламж барьсан байна.. Б.Ц-д 1 жил гаруй хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгүүдээр удаа дараа мэдэгдсэн. Б.Ц нь зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил газарт барилга, байгууламж барьсан нь илт болох нь нотлогдож байгаа. Б.Ц-гийн компаниас ирүүлсэн хариу албан бичигт Бид зөрчил гаргаснаа мэдэж байна. 2020 ондоо багтааж арилгана гэсэн албан бичиг өгсөн. Б.Ц 2019 оны 07 дугаар сараас хойш төрийн байгууллагын удаа дараа тавьсан шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй. Төрийн байгууллага эцсийн арга хэмжээ авч албадан чөлөөлөх шийдвэр гаргасан.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тагнуулын Ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс нь конторын барилга барихад зориулж аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших тухай 102 дугаар захирамжаар Алтай зочид буудлын баруун талд 10 метр зайд 24/18 хэмжээтэй 432м2 газрыг анх эзэмшиж эхэлсэн. Тус хэлтсээс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаар захирамжаар Оргил багийн Цагдаагийн хэлтсийн урд талд 626м2 газрыг эзэмшүүлэхээр хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тус захирамжийн 3 дугаар хавсралтаар кадастрын зургийг баталгаажуулсан. Улмаар хэлтсийн авто машины зогсоолын давхарлуу орох хэсэгт өөрчлөлт оруулах зорилгоор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А/435 дугаар захирамжаар Жинст багийн нутаг дэвсгэрт 717м 2 газар эзэмшүүлэхээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Газрын тухай хуульд заасны дагуу гэрээнд заасан зориулалтын дагуу газрын эзэмших, зохистой ашиглах, хамгаалах, эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тагнуулын байгууллага нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг Тагнуулын арга замаар хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага юм. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа нууцлал аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь хэсэгт Тагнуулын байгууллага нь аюулгүй байдлаа өөрөө хамгаалах бөгөөд төв орон нутаг дахь салбар нэгжийн байр нь төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Иймд аймгийн Засаг даргаас Ээвийн гол ХХК зөвшөөрөлгүй өргөтгөл хийж, тус хэлтсийн эзэмшлийн газартай давхцуулан барилга барьсан үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/67 дугаар захирамж хуульд нийцэж байна. Мөн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн Б.Ц-д газар чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 2.1, 2.3-д заасан зөрчлийн шинжтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэжээ. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл хууль бус болох, тухайн албадан буулгасан газар нь Тагнуулын хэлтсийн эзэмшил биш, давхардаагүй болох, Тагнуулын хэлтсийн эзэмшилтэй давхардаагүй байхад урьдчилан шалгаж тогтоолгүйгээр албадан чөлөөлөх захирамж гаргасан нь хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны явцад тухайн маргаан бүхий газар нь Тагнуулын ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн газар болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учир аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тухайн албадан буулгасан газар нь Тагнуулын хэлтсийн эзэмшил биш, давхардаагүй болох, Тагнуулын хэлтсийн эзэмшилтэй давхардаагүй байхад урьдчилан шалгаж тогтоолгүйгээр албадан чөлөөлөх захирамж гаргасан нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзаж байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн Б.Ц 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б.Ариун-Эрдэнэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Харин нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/67 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн маргаан бүхий захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хамт гаргасан. Шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн боловч тухайн өдөр Б.Ц-ийн Тагнуулын ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн эзэмшил тайлбайд зөвшөөрөлгүй барьсан цайны газрын гал тогооны хэсэг, агуулахын хэсгийг албадан буулгасан байна. Нэгэнт тухайн 2 байгууламжийг албадан буулгасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээсээ татгалзсан байна.
Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/67 дугаар захирамжийг хэрэгжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Ц-гийн Тагнуулын ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн эзэмшил талбайд баригдсан цайны газрын гал тогооны хэсэг, агуулахын хэсгийг албадан буулгасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын А/67 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар тухайн маргаан дууссан байгаа хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйдэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаар иргэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг зөрчсөн үйлдэл болсон байна.
Уг маргааны тухайд газар албадан чөлөөлөх ажил хийгдсэн, нэхэмжлэгч тал зөвшөөрөлгүйгээр өөр этгээдийн газарт барилга барьснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгазсанаар дуусгавар болсон байгаа ч цаашид төрийн захиргааны байгууллага иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх үүднээс нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоох нь ач холбогдолтой байна. Шүүх аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/67 захирамжийг хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.5, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 66.4 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Б.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.Э нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/67 дугаартай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тухайн албадан буулгасан газар нь Тагнуулын хэлтсийн эзэмшил биш, давхардаагүй болох, Тагнуулын хэлтсийн эзэмшилтэй давхардаагүй байхад урьдчилан шалгаж тогтоолгүйгээр албадан чөлөөлөх захирамж гаргасан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/67 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, захиргааны хэрэг үүссэн байхад албадан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоох хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ