Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01356 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын их сургуульд холбогдох

Монгол Улсын их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Өлзийбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтайван

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Янжинхорлоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх Худалдааны сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нэртэй байхад нь архивч гэсэн албан тушаал дээр 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд сургууль нэгдэх хүртэл энэ албан тушаал дээрээ ажиллаж байгаад 2013 оны 11 сар хүртэл бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахаар хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллаж байгаад 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жирэмсний амралтаа 2014 оны 04 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Далайбаяраа төрүүлсэн. Жирэмсний болон амаржсаны амралтынхаа дараа хүүхдээ харах албан ёсны чөлөөгөө авахаар 2014 оны 06 дугаар сарын 21-нд хөдөө байсан болохоор хүний нөөцтэй утсаар ярихад чи хөдөө байгаа юм чинь долоо хоногийн дараа яриарай би асуудлыг чинь судлаад хариу хэлий гээд таг болсон. Ингээд хариу хэлэхгүй байхаар нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр очоод биеэр уулзахад ажлаас халсан 2014 оны 02 дугаар сарын 10-ны А/28 тоот Монгол Улсын Их сургуулийн захирлын тушаалыг өгсөн.

Иймд дээрх тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд тус шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргасан. Хариуцагчаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1472 тоот магадлалдаа анхан шатны шүүхийн шийдвэрт ... “Худалдааны сургуулийн захирлын туслахын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг “захирлын туслахтай адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Монгол улсын их сургуульд даалгасугай” гээд бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Монгол улсын их сургууль өнөөдрийг хүртэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхээс 2015.11.16-ны өдөр 1472 тоот магадлалд заасан “захирлын туслахтай адил чанарын өөр ажил албан тушаапд эгүүлэн томилохыг хариуцагч Монгол улсын их сургуульд даалгасугай” гэж заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2016.03.22-ны өдөр Б/94 тоот хууль бус ажилд эгүүлэн томилох тушаалаар хүний оронд өөрөө хэлбэл номын санч Б.Гантуяагийн чөлөөтэй байх хугацаанд 2016.03.22-ны өдрөөс түр хугацаагаар ТҮ-6-аар цалинжуулан ажиллуулахаар тушаал гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

...Миний бие уг ажилд авсан тушаал шийдвэрийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл миний хийж байсан бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахууд тус сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу ТҮ-7 болсон гээд тус сургуулиас албан ёсны баримтаа шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржид гаргаж өгөөд байхад намайг ТҮ-6-аар цалинжуулна гээд өмнө ажиллаж байсан албан тушаалын цалинг бууруулаад байгаа.

Шүүхийн шийдвэрт түр албан тушаал дээр томилох гэж заагаагүй байхад чөлөөтэй байсан хүний оронд түр томилоод 14 хоног болгоод эргээд хална гээд тус сургуулийн эрх мэдэл бүхий албан тушаалтан хэлээд байхад үүнийг өмнөх ажиллаж байсан албан тушаалтай адил чанарын албан тушаал гэж үзэх ёсгүй.

Мөн надтай тус сургууль Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой болохоос тушаал гаргаад эгүүлэн ажилд авч байгаа гэж үзэх ёсгүй.

Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр нэр төдий тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 556 тоот шүүхийн шийдвэр биелэгдсэн гэсэн тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан боловч тус сургууль намайг ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байгаа тул ажлаас халагдсан тушаал шийдвэр гаргаагүй атлаа ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байгааг ажлаас халагдсантай адилтган авч үзээд тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д.Алтанчимэгийн төлөөлөгч Б.Өлзийбаяр би Монгол Улсын Их сургуульд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдож ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговорт ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар өөрчилж байна. Учир нь Монгол Улсын Их Сургууль 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал тогтоолыг зөрчиж миний цалинг нэг шатлалаар бууруулан, түр хугацаагаар ажил үүрэг гүйцэтгүүлэх тушаал гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж миний эрх ашиг сонирхолыг зөрчиж байна. Уг тушаалд ямар ажил, албан тушаалд томилж байгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл “архивын баримтуудыг зохих стандартад оруулан хүлээлгэн өгөх ажлуудыг хийлгэхээр түр хугацаагаар ажиллуулсугай” гэсэн байна.

Иймд Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Д.Алтанчимэг намайг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу өмнөх ажил үүрэгтэй адил чанарын өөр ажил албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг Монгол Улсын Их сургуульд даалгуулах, ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван болон өмгөөлөгч Д.Янжинхорлоо нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одонтунгалагийг жирэмсний амралттай байх хугацаанд Д.Алтанчимэгийг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Худалдааны сургуулийн захирлын туслахаар түр хугацаагаар ажилд томилсон байдаг бөгөөд цалингийн сүлжээ нь ТҮ-6 аар цалинжихаар заагдсан. Цалингийн хэмжээ нь 610 500 төгрөг байсан.

Үндсэн орон тооны ажилтан Т.Одонтунгалаг нь ажил албан тушаалдаа эргэн ирэхэд нь Xудалдааны Сургууль гэж байхгүй, түүний урьд ажиллаж байсан захирлын туслахын орон тоо нь ч байхгүй тул 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/313 дугаар тушаалаар ТҮ-6-аар цалинг нь тогтоож, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын бичиг хэргийн ажилтнаар ажиллуулсан.

Шүүхийн шийдвэрийг МУИС биелүүлж, шийдвэрт дурдсанаар Д.Аптанчимэгийг ТҮ-6 зэрэглэлийн, захирлын туслахын ажил албан тушаалтай дүйцүүлэх ажилд томилсон тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Энэ өдрөө Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаа орохыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл утсаар мэдэгдсэн боловч татгалзсан, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэдгээ шууд илэрхийлсэн болно. Албан бичгээр дахин өөрт нь мэдэгдэхэд хариу өгөөгүй. Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны даргын албан тоот 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/759 дугаар албан бичиг хэрэгт авагдсан байгаа.

Д.Аптанчимэгийн урьд авч байсан цалин огт буураагүй, эсрэгээрээ нэмэгдсэн цалинтай албан тушаалд томилсон. Б/94 тоот тушаалын 2-р заалтад дурдсанаар Д.Аптанчимэгийн цалингийн шатлал нь ТҮ-6-2 /өмнө нь ТҮ 6 байсан нь хэвээр/, цалингийн хэмжээ илт нэмэгдсэн, эрх зүйн байдал нь дээрдсэн байгаа. /өмнө нь 610 500 байсан бол, 849 000 төгрөг болж даруй 40 орчим хувиар нэмэгдсэн төсвийн байгууллагын хэмжээнд байхгүй нэмэгдэл юм. Нэмэгдсэн цалингийн хэмжээ хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан.

Д.Алтанчимэг нь Шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дуусгуулахаар хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ажиллагаа болсон. 556 дугаар тогтоолоор “төлбөрийг бүрэн барагдуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.1.5, 16.1.6 дугаар заалтыг удирлага болгон төлбөр авагч Д.Алтанчимэг, төлбөр төлөгч МУИС-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг зөвхөн төлбөр төлүүлснээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй, харин дүйцүүлэх албан тушаалд томилсоор атал төлбөр авагч өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан гэдэг үндэслэлээр ажиллагааг хаасан. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 556 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” хэрэгт хавсаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хариу мэдэгдэх хуудсаар МУИС нь Шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагааг явуулсан тухай 3/524 дугаартай албан бичгийг өгсөн байна. /2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/524 дугаартай хариу мэдэгдэх хуудас/

Худалдааны сургууль нийлсэнтэй холбоотойгоор МУИС-ийн хэмжээнд боловсон хүчний их хэмжээний илүүдэл бий болж, төрийн өмчийн сургууль боловч оюутны төлбөрөөс цалинждаг тус сургууль өөрийн бололцоогоор Д.Аптанчимэгийг ажил албан тушаалаар хангасан болно.

Нөгөө талаас нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж үзэж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрт заасан дүйцүүлэх албан тушаалд нь томилсон гэдгийг нотлох дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа юм. Үүнд:

1. Цалин хөлсний хувьд эрх зүйн байдал дордох биш дээрдсэнийг харуулах өмнөх ба дараах цалингийн тушаал

2. Ажлын байрны тодорхойлолтонд дурдсан ажил үүрэг, ажлын ачаалал ойролцоо тэнцүү болохыг харуулах 2 ширхэг ажлын байрны тодорхойлолт

Бичиг хэргийн ерөнхий ур чадвар, бичиг баримт цэгцлэх, ном болон бичиг хэрэг өрж тавих, хадгалах, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх нийтлэг шалгууртай. Харин ч захирлын туслахын албан тушаал нь магистрын зэрэг шаарддаг бол, номын санчийн албан тушаал нь бакалавр байхад хангалттай. Худалдааны сургуульд номын санчаар ажиллаж байснаа өмнөх хэрэгт шүүхэд мэдүүлж ирсэн байдаг. Захирлын туслах нь байгууллагын боловсон хүчний чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан байх ёстой бол, номын санчид ямар нэг ажлын туршлага шаардаагүй. Үүгээрээ эрх зүйн байдлыг нь харин ч дээрдүүлсэн. Ажлын нөхцөл адилхан хэвийн ажлын ачааллын хувьд адилхан ажлын 8 цагаар ажиллахаар байгаа. Нэхэмжлэгч нь томилсон ажилд ирж ороогүй хэрнээ ажилд аваад халах гээд байна гэсэн хардлагыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Эдийн засгийн хямралтай, орлогын тасалдалтай байгаа өнөө үед шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж дүйцүүлэх ажилд нь авах тушаал, шийдвэрээ гаргасан байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Их сургуулиас 4 046 325 төгрөгийг гаргуулж Д.Алтанчимэгт олгож, Д.Алтанчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг Монгол Улсын Их сургуульд даалгаж, Д.Алтанчимэгийн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг болон шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтанчимэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Монгол Улсын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 79 691 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч Монгол Улсын Их Сургууль нь Д.Алтанчимэгийг ажлаас үндэслэлгүй халсаны улмаас Д.Алтанчимэг нь иргэний хэргийн шүүхэд хандаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5809 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1472 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоол гарч Д.Алтанчимэгийг Худалдааны сургуулийн захирлын туслахтай адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Монгол Улсын Их Сургуульд даалгаж эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч Монгол Улсын Их Сургууль нь хуулийн хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэр магадлал тогтоолыг сайн дураараа биелүүлэхгүй байсны улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн захиралын Б/94 дүгээр тушаал гарч ажилд томилсон боловч уг тушаал нь хэлбэрийн төдий байх бөгөөд Д.Алтанчимэгийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хохиролтой шийдвэр болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Учир нь Д.Алтанчимэгтэй хөдөлмөрийн гэрээ огт байгуулахгүй зугтаад байгаа мэтээр шүүхэд шүүхэд илтэд худал тайлбар гаргасан, түүнчлэн гэрээ байгуулаагүй атлаа Б/94 тушаал гаргасан бөгөөд “1. Д.Алтанчимэгийг Номын санч Б.Гантуяагийн чөлөөтэй байх хугацаанд хуучнаар худалдааны сургуулийн архивын баримтуудыг зохих стандартад оруулан хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг хийлгэхээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай, 2. Д.Алтайчимэгт ТҮ-6-2-оор цалинг тооцон олгохыг ахлах нягтлан бодогч /Мөнгөн-Од/-д зөвшөөрсүгэй” гэсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж миний хөдөлмөрлөх эрхийг хохироож байна.

Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид ногдуулсан байдаг. Монгол Улсын Их Сургууль нь Хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулаагүй, тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж түр хугацаагаар ажил үүрэг гүйцэтгүүлэх тушаал гаргасан, миний цалинг нэг шатлалаар бууруулан гаргасан /Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 тоот тушаалаар Бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслах нь цалингийн сүлжээгээр ТҮ-7 болсон нь нотлогдсон хавтаст хэрэгт тушаал нь байгаа/ нь адил чанарын ажил албан тушаалд тавьсан гэж үзэх боломжгүй байна. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь хариуцагч Монгол Улсын их сургуульд холбогдуулан Монгол Улсын их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5809 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1472 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Д.Алтанчимэгийг Худалдааны сургуулийн захирлын туслахтай адил чанарын  өөр ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Монгол Улсын их сургуульд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 8 209 004 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан Д.Алтанчимэгт олгож, Д.Алтанчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг Монгол улсын их сургуульд даалгаж шийдвэрлэжээ. /хх 16-34/

Улмаар Монгол Улсын их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот “Д.Алтанчимэгийг ажилд томилох тухай” тушаалаар “Д.Алтанчимэгийг номын санч Б.Гантуяагийн чөлөөтэй байх хугацаанд хуучнаар Худалдааны сургуулийн архивын баримтуудыг зохих стандартад оруулан хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг хийлгэхээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулах, Д.Алтанчимэгийг ТҮ-6-2 шатлалаар цалинг тооцож олгохоор шийдвэрлэжээ. /хх-56/

Нэхэмжлэгч Д.Алтанчимэгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5809 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрт заасан Худалдааны сургуулийн захирлын туслахын албан тушаалаас өөр ажил, албан тушаалд томилсон дээрх тушаалын талаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах журамтай.

            Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаанд үүссэн маргаантай холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь хариуцагч Монгол Улсын их сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргаж, улмаар 3 шатны шүүхээс Д.Алтанчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 556  дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” хэрэгт авагдсан байна. /хх 6-14/

            Шүүх нэхэмжлэгч Д.Алтанчимэгийн урьд эрхэлж байсан Худалдааны сургуулийн захирлын туслахын цалин өмнөх шүүхийн шийдвэрт ТҮ-6 /610 500 төгрөг/ байсан, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалаар номын санчийн цалин ТҮ 6-2 цалингийн сүлжээ /849 000 төгрөг/-гээр тус тус тогтоогдсон, мөн захирлын туслахын ажлын байрны тодорхойлолт, номын санчийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд ажлын нөхцөл адилхан, хэвийн, ажлын 8 цаг, ажил үүрэг, ажлын ачаалал ойролцоо байх тул хариуцагч Монгол Улсын их сургууль нь шүүхийн шийдвэрт дурдсан ажил, албан тушаалд томилсон байх тул Д.Алтанчимэгийн дээрх тушаалыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 10-11, 86-92/

            Нэхэмжлэгч нь дээрх Б/94 тоот тушаалын талаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Монгол Улсын их сургуулийн захиргаанд, мөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд тушаалыг хүчингүй болгуулахаар тус тус хандаж гомдол гаргаж байсан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан шүүхэд гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй юм.

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь гомдол гаргах дээрх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх ба хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй, нэхэмжлэгч хариуцагч байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. /хх 35-36, 38, 40-42/

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01356 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН