Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0153

 

С.Сийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Сийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг дарга дарга 2007 оны 248, 2013 оны А/282, 2014 оны А/993 дугаар захирамжуудаар "Б и" ХХК-д барилга барих зөвшөөрөл олгон, газар эзэмшүүлснээс манай байрнаас 4.5-5 метр зайд барилга баригдахаар үйл ажиллагаа явуулж байгаа нь Барилгын норм ба дүрэмд заасан галын, барилгын бат бөх чанарын тогтоосон зайг зөрчиж, мөн тухайн газар дээрх түүх соёлын дурсгалт барилгыг үгүй хийсэн байна. Нийслэлийн Засаг даргад барилга барих зөвшөөрөл олгох эрх хуулиар олгогдоогүй. Иймд дээрх захирамжуудын "Б и" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Оросын хувьсгалчдын музей нь төрийн өмчид бүртгэлтэй, түүх соёлын дурсгалт барилга бөгөөд 19920 оноос "Б и" ББХК-д хадгалалт хамгаалалтыг хариуцуулж байгаад тус барилга ашиглалтын норм, хугацаа хэтэрсэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул эзэмшигч байгууллагаас барилгыг өөрийн хөрөнгөөр шинэчлэх хүсэлт гаргасныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.4, Барилгын тухай хуулийн 7.2.2.-т заасан эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргаас 0.084 га газарт барилга барих зөвшөөрөл олгон шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 153, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 924 дүгээр захирамжаар Оросын хувьсгалчдын байрыг Нийслэлийн өмчөөс хассан нь бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...тухайн газарт барилга барихдаа Барилгын норм ба дүрмийг анхаарч ажиллаж байгаа бөгөөд одоогоор зураг төслийн ажлыг боловсруулж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь Нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн, холбогдох хуулийн хүрээнд гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Гуравдагч этгээд "Б и" ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хувьсгалчдын байр-ыг 1994 оноос оффисын зориулалтаар түрээсээр эзэмшиж байхдаа төвлөрсөн шугам сүлжээнд холбуулсан. Уг барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон. Бид уг барилгын анхны төрхийг хадгалан, түүхийн өвийг хадгалах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд хандсанаар эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарч сэргээн шинээр барих ажлыг бидэнд өгсөн. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2001 оны/ 17 дугаар зүйлийн 17.9, 17.11, 17.13, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2014 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.4, 45 дугаар зүйлийн 45.3.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 24 дүгээр зүйлийн 24.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар, 2013 оны А/828 дугаар, 2014 оны А/993 дугаар захирамжуудын "Б И"" ХХК-д холбогдох заалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн С.Сийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 762 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх "Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2007 оны 248 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна" 33 дугаар зүйлийн 33.1.2-т "... хүсэлт гаргасан ... аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ", 33.45-т "...нийслэл, ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ.

Гэтэл 1992 оны Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны А/24 дүгээр тогтоолоор "Оросын хувьсгалчдын байр"-ыг Хотын соёл олон түмний хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд тухайн барилгын доорх газар нь 1994 оны хуулиар зохицуулагдана. Иймд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар, 2013 оны А/828, 2014 оны А/993 дугаар захирамжуудын ""Б и"" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай, мөн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс барилга баригдсан тохиолдолд миний эрх ашиг хөндөгдөнө гэж шүүх хуралдаанд мэдүүлсээр байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэт хальсан дүгнэлт хийж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэхэд хүргэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Төрийн өмчид бүртгэлтэй Оросын хувьсгалчдын музей-н барилгыг Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны А/24 дүгээр захирамжийн дагуу байгуулсан гэрээгээр анх "Б И" ББХК-д хадгалалт, хамгаалалтын асуудлыг нь хариуцуулж байгаад Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Барилга байгууламжуудыг түрээсээр эзэмшүүлэх тухай 44 дүгээр захирамжаар үндсэн хөрөнгөдөө бүртгэн авч "Б И" ХХК-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлжээ.

Улмаар "Б И" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжаар тухайн барилгын байрлаж байгаа газарт буюу Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэр дэх Соёл үйлчилгээний Чандмань төвийн хойд талд барилгын өргөтгөлийн зориулалтаар 0.084 га газарт барилга барихыг зөвшөөрч, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 1786 м.кв газрыг "Б И" ХХК-д контор, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар дахин 174 м.кв-ыг нэмж, 1962 м.кв газрыг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар тухайн газрыг контор, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар болжээ.

 

БНМАУ-ын Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны А/24 дүгээр захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор маргаан бүхий газарт байрлах Оросын хувьсгалчдын байрлаж байсан байшинг түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авч, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг салбарын Сайд, Засаг дарга нарт үүрэг болгожээ.

 

Гэтэл хариуцагчаас түүхэн барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр шинээр барих цогц барилгынх нь бүрэлдэхүүнд оруулан сэргээн бариулахыг гуравдагч этгээдэд зөвшөөрсөн нь түүх, соёлын дурсгалт зүйл, үл хөдлөх эд хөрөнгийг хадгалах, авран хамгаалах, сэргээн засварлах Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2001 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.9-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2014 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.4, 45 дугаар зүйлийн 45.3.3-д заасан хориглосон үйл ажиллагааг зөвшөөрсөн, мөн түүх, соёлын дурсгалт газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасантай нийцээгүй болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн хавтаст хэрэг дэх маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр "Б и" ХХК-ийн эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч С.Сийн байрнаас 4-5 метрийн орчим зайтай бөгөөд хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас олгосон 2007 оны ЧД/59/07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эскиз зураг дахь барилга баригдахад нэхэмжлэгчийн амьдардаг орон сууцны нарны гэрлийн тусгал болон харагдах орчин хязгаарлагдахаар байх тул Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/ ийн 2.1.1, 9.19 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

"Б и" ХХК нь Оросын хувьсгалчдын музейг 1992 оноос хадгалалт хамгаалалтыг хариуцаж байгаад Нийслэлийн Засаг даргаас тухайн газрыг 2007 оноос хойшхи захирамжуудаараа эзэмшүүлсэн байхад 1994 онд батлагдсан Газрын тухай хуулиар тухай харилцаа зохицуулагдана гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, мөн шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэх тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа Соёлын өвийг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн байгаа талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар хэргийн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР