Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0044/Э |
Дугаар | 2022/ШЦТ/39 |
Огноо | 2022-01-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ггийн Гад холбогдох эрүүгийн 2238000000044 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн “Эрдэнэт” гэх газарт үл ялих зүйлээр шалтгаалан хохирогч Б.Пын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн шанааны зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000044 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн “Эрдэнэт” гэх газарт үл ялих зүйлээр шалтгаалан хохирогч Б.Пын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн шанааны зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Пын өгсөн: “...Миний бие одоо гайгүй байгаа тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 13-р тал/,
Хохирогч Б.Пын гэрчээр өгсөн: “...2022 онь 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед манай найз Б гэрт ирсэн юм. Бид хоёр хэсэг хугацаанд хууч хөөрч байгаад Гын гэрт очихоор болоод 21 цагийн үед очсон. Тэгтэл Галаа 0.5 литртэй Тайга нэртэй архи гаргаж ирэхээр нь бид гурав хувааж уусан. Дараа нь Б 0.75 литртэй Хараа архи авч орж ирэхээр нь мөн түүнийг хувааж уутал Б тасраад унасан. Галаа ширээн дээр унтаад өгсөн. Машинд байсан 2.5 грамттай пивыг авч орж ирээд Галааг дуудтал уухгүй гээд байсан. Тэгээд ахин дуудаад цамцнаас нь таттал намайг түлэхээд унагасан. Босч ирээд яаж байгаа юм гэтэл намайг шууд цохиод авсан. Тэгээд эхнэр нь босч ирэн салгаад намайг яв гэхээр нь би тэндээс яваад гэртээ очоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Ц.Бийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Түнэл сумын 1 дүгээр багийн Хойд ац гэдэг газар гэртээ байж байтал П над руу утсаар залгаад архи байвал аваад ирээч 2 ахтай уусан чинь багадаад байна гэхээр нь аавын авдарт байсан 0.75 литртэй хараа архи болон 2.5 литртэй пиво зэргийг аваад 19 цагийн үед Пын гэрт очсон. Тэгээд бид хоёр Галаагийн гэрт очсон. Тэгтэл Галаа 0.5 литртэй Тайга нэртэй архи гаргаж өгөхөөр нь түүнийг гуравуулаа хувааж уугаад дуусахаар нь би 0.75 литртэй Хараа нэртэй архи гаргаж ирээд түүнийг хувааж уугаад би тасраад унасан. Үүнээс хойш юу болсон талаар би огт мэдэхгүй байна. Нэг мэдэхэд өглөө болсон байсан...Хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй. Зүгээр морь мал яриад л сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай: “Б.Пын биед зүүн шанааны зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Б.Пын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Гын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны оройны 21 цагийн үед П, Б хоёр манай гэрт ирсэн. Энэ хоёр нь миний найз байгаа юм. Тэгээд би энэ хоёрыг ирэхээр нь баярын юм гээд 0.5 литрийн нэг шил Тайга нэртэй архи задалж энэ хоёртой хувааж уусан. Тэгээд миний архийг ууж дууссаны дараа Б 0.75 литрийн Хараа нэртэй архи аавынхаа гэрээс авчирсан. Тэгэхээр нь Бийн авчирсан архийг нь бид гурав хувааж дуусгасан. Тухайн үед би нэлээн муудаад ширээгээ дэрлээд унтаад өгсөн. Тухайн үед П гаднаас 2.5 литрийн Сэрүүн нэртэй 1 ширхэг пиво машинаасаа оруулж ирээд ууя гээд байхаар нь би болсон гээд хэлээд байхад П нь намайг татаад байсан. Тэгэхээр нь би уухгүй гээд Пыг түлхэхэд П нь яагаад намайг түлхэж байгаа юм гэхээр нь би Пүрэв-Очрын нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Пын мэдүүлэг, гэрч Ц.Бийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн “Эрдэнэт” гэх газарт үл ялих зүйлээр шалтгаалан хохирогч Б.Пын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн шанааны зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Пын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Гын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Гын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Пын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Гын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Г.Гын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Г.Г, Б.П нар нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гтай эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 47-48/ байгуулсан байх тул шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 40-46, 49 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Г нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ггийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Ггийн Гыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН