Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 146/ШШ2017/00209

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 10 дугаар баг, Ноёны 1-1 тоотод оршин суух Боржигин овогтой Цэнджавын Мягмарсүрэнгийн /РД:ЙС89031505/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр багт оршин суух Зуун наст овогтой Энхбаатарын Санжаадоржид /РД:ЙС89082516/ холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн, хариуцагч Э.Санжаадорж, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Мягмарсүрэн миний бие нь Э.Санжаадоржтой үерхэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 10-нд хүү Жанлавцогзолыг төрүүлсэн тул түүнээс хойш хамтран амьдрах юм болов уу гэсэн чинь тэгсэнгүй өдийг хүртэл хүлээсэн тийм учраас төрсөн цагаас хойших хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Санжаадорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2011 оны өвөл битүүнд Ц.Мягмарсүрэнгийнд нэг удаа хонож байсан. Би хөдөө байдаггүй хотод ажил хийдэг байсан. Ц.Мягмарсүрэнг жирэмсэн болсон гэж мэдээгүй. Жирэмсэн болсон гэж утсаар дуулсан. Би төрхөд нь хажууд нь байгаагүй хотод ажил хийж байсан. Жанлавцогзол миний хүүхэд мөн. Би хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн нь хариуцагч Э.Санжаадоржид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү М.Жанлавцогзолд  хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрнө гэсэн тайлбар өгч маргаагүй байна. 

Зохигчид танилцаж үерхэж байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү М.Жанлавцогзол төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн №0000602004-Г-0001 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3342  дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” бөгөөд  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хүү М.Жанлавцогзолын эцэг Э.Санжаадорж болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Санжаадоржоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тогтоож нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийн хариуцагч Э.Санжаадоржоос гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Боржигин овогтой Мягмарсүрэнгийн Жанлавцогзолын төрсөн эцэг нь Зуун наст овогтой Энхбаатарын Санжаадорж мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү  М.Жанлавцогзолыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Санжаадоржоор тэжээн тэтгүүлсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Санжаадоржоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Санжаадоржоос хүү М.Жанлавцогзолын нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Мягмарсүрэнд даалгасугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА