Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

2022        01         14                                       2022/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мт холбогдох эрүүгийн 2225000000001 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 386-7 тоотод хоорондоо маргалдаж хамтран амьдрагч Ч.Дийг хаалганд хөлийг нь хавчсаны улмаас хохирогч унахдаа баруун гарын богтос ясны дээд 1/3-ээр далд зөрүүтэй хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -шүүгдэгч Э.Мийн мэдүүлсэн: Бүгд үнэн, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талуудын нотлох баримтуудаас,      

 -хохирогч Ч.Дий мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед гаднаас хамтран амьдрагч М орж ирчихээд гуталтайгаа яваад байсан. Надаас миний оймс бандааш хаана байна гэхээр нь би түүнд “чи түүнд өөрөө аваад явсан биз дээ” гэхэд зурагтаа авч явна гэхээр нь би эгч чинь ирж авна биз гэхэд Э.М нь миний хүү Өийг золбин гөлөг минь бид хоёр чамаас бол салж байгаа шүү гээд гэрээс гарахдаа гэрийн хаалга саваад гарчихаар нь миний уур хүрээд, араас нь гартал миний авч өгсөн хувцаснуудыг өмсчихсөн байхаар нь малгайнаас нь таттал нүүрийг нь хумсаараа жижигхэн шалбалчихсан. Тэгээд буцаад гэр лүүгээ гүйгээд ортол миний нэг хөл гэрийн хаалгаар орчихсон, нөгөө хөл хаалганы босго даваагүй байтал Э.М араас хаалга хүчтэй савж хаагаад би хөлөндөө тээглээд урагшаа шалан дээр  баруун гараараа дараад унасан. Унах үед таг гээд гарын яс дуугарсан. Би босоод орон дээрээ сууж байтал, 5 минутын дараа гарын яс янгинаад өвдөөд эхэлсэн. Тэгээд БОЭТөвд очоод үзүүлтэл гар хугарчихсан байна гэж хэлсэн....Би хамтран амьдрагч Э.Мтэй эвлэрчихсэн, өчигдөр уулзаад хоорондоо учраа олчихсон. Цаашаа ийм асуудал гаргахгүй хамт амьдархаар болсон. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-12-р тал/

-насанд хүрээгүй гэрч Г.Өгөөмөрийн мэдүүлсэн... хэрүүл хийгээд байсан, ээж уурлаад араас нь малгайг нь авах гэж байгаад нүүрийг нь маажчихсан, тэгээд ээж эргээд гэр лүү орсон, орох үед нь аав Э.М араас нь очоод гэрийн хаалга саваад хаасан, тэр үед ээж гэрлүү орохдоо хаалганд хөлөө хавчуулаад уначихсан, Тэгээд би ээжийн араас гэр лүү ороход ээж газар уначихсан байсан удалгүй ээж гар өвдөөд байна гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн: ...Ч.Дий биед баруун богтос ясны дээд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2021 оны 12-р сарын 07-ны өдөр үүссэн байж болно. Эрүүл мэндийг удаанхугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал /зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо

Үйл баримт: Шүүгдэгч Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 386-7 тоотод өөрийн хувцасаа авахаар орохдоо хамтран амьдрагч Ч.Дтэй маргалдан улмаар гэрээс гарч гадаа маргалдан Д буцаад гэртээ орох үед нь араас нь гэрийн хаалгыг хүчтэй савж хаасны улмаас хаалганд тээглэн унаж биед нь баруун богтос ясны дээд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 386-7 тоотод хохирогч Ч.Дтэй маргалдан  түүнийг гэртээ ороход нь гэрийн хаалгыг хүчтэй саван хаасны улмаас хаалганд тээглэн унахдаа  баруун гараараа тулан унаж хугарсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал нь хохирогч Ч.Дий мэдүүлсэн ... Тэгээд буцаад гэрлүүгээ гүйгээд ортол миний нэг хөл гэрийн хаалгаар орчихсон, нөгөө хөл хаалганы босго даваагүй байтал Э.М араас хаалга хүчтэй савж хаагаад би хөлөндөө тээглээд урагшаа шалан дээр  баруун гараараа дараад унасан. Унах үед таг гээд гарын яс дуугарсан. Би босоод орон дээрээ сууж байтал, 5 минутын дараа гарын яс янгинаад өвдөөд эхэлсэн..” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Өгөөмөрийн мэдүүлсэн ... тэгээд ээж эргээд гэр лүү орсон, орох үед нь аав Э.М араас нь очоод гэрийн хаалга саваад хаасан, тэр үед ээж гэрлүү орохдоо хаалганд хөлөө хавчуулаад уначихсан, тэгээд би ээжийн араас гэр лүү ороход ээж газар уначихсан байсан...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн: ...Ч.Дий биед баруун богтос ясны дээд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо...  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Мийн энэ үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 386-7 тоотод хоорондоо маргалдсаны улмаас хамтран амьдрагч Ч.Дийг хаалганд хөлийг нь санаатай хавчиж баруун гарын богтос ясны дээд 1/3-ээр далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-шүүгдэгч: гэм буруугаа хүлээж байна, маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдийн харилцан хүндэтгэлгүй байдал, гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлах байдал дутмаг, өөрийгөө хянах хувь хүний төлөвшил сул байдал нь сэдэлт түлхэц болсон гэж дүгнэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурортой ял тохирсоны дагуу торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

        Хохирогч Ч.Д цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт хх-ийн 53-р хуудаст авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг  мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ