Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022ШЦТ/05

 

й

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,  

улсын яллагч Г.Э,   

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Д.Т,

шүүгдэгч А.Б, Ө.О, тэдний өмгөөлөгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б, Ө.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000323 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн А.Б

Монгол Улсын иргэн Ө.О

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч А.Б, Ө.О нар нь бүлэглэж, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг 36 дугаар точик гэх газарт байх ногооны талбайд иргэн Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “...2021 оны 9 дүгээр сард ногоо хурааж байсан хашаа руу үхэр орж ирэхээр нь “хаалгаа хаачихгүй яасан юм” гэж хэлсэн. Гэтэл “эргээд гарах юм чинь, яасан сүртэй юм” гэж хэлэхэд нь “мал орж ирнэ, адилхан ногоо тарьдаг хүмүүс байж яасан сүртэй юм” гэж хэлснээс болж хэрүүл эхэлсэн. Манай дүү “хаалгаа хаа” гэж хэлсэн боловч “хаачихна, та нар ямар олон удаа хэлдэг юм” гэж хэлсэн. Манай дүү өшиглөсөн, тэгэхээр нь би “миний дүү холд, хүн өшиглөж яах гэсэн юм” гэж хэлчихээд байж байтал миний урдаас хэрэлдэхээр нь би цохисон, өөрийн буруугаа хүлээж байна.” гэв.

шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ “...Улаантолгойн 36 дугаар точка гэх ногооны талбай дээрээ байж байтал манай гэрийн гадаа ах, эгч нар хашгиралдаад байхаар нь очиход “хашааны хаалга хаагаагүйгээс болж хэрүүл болсон” гэж ах маань хэлсэн. Би очиод “хашааны хаалга хаадаггүй ямар сонин хүмүүс вэ, адилхан ногоо тарьдаг байж хашаагаа хаачихаач” гэж хэлсэн чинь намайг “ална” гэж над руу дөхөж ирэхээр нь би баруун хөл рүү нь нэг өшиглөсөн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгөөч.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Б.У-ын “...Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед би Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн 36 дугаар точик гэх газар ногоон талбай руугаа орсон. ...манай ногоон талбайн зэргэлдээ талбайн хүмүүс “п***а минь, яагаад хаалгаа хаахгүй байгаа юм бэ, үхэр орж ирлээ шүү дээ” гээд хашхираад байсан. Тэгэхлээр нь би над дээр ирсэн хүмүүст учир байдлаа хэлсэн, “хаалган дээр нэг хүн үлдээсэн байгаа, араас ачааны машин орж ирэхээр хаалгаа хаах гэж байгаа юм” гэдгээ хэлсэн, нөгөө хүмүүс миний ярьж байгааг ойлгохгүй, над руу дайраад байсан. Би эд нар миний хэлж байгааг ойлгохгүй юм байна гэж бодоод машиндаа суух гэтэл нэг өндөр, туранхай биетэй залуу миний баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн, зэрэгцээд нэг намхан залуу миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...Тэгээд бужигнаад босоод иртэл миний хамраас цус гарч байсан. ...миний хамар хугарсан, ...хамрын яс гавал хэсэг рүүгээ үе, үе өвдөж байна.” гэсэн мэдүүлэг /хх-7/,

гэрч Ч.Баяртогтохын “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул баг 36 дугаар точик гэх газар ногоогоо хураахаар очсон. Тухайн үед манайхан гурван машинтай явж байсан, би хамгийн сүүлд нь явж байсан, эхний хоёр машин ороод би сүүлд нь хашааны хаалга хаах гээд байж байтал цаана цэнхэр худгийн гадаа бөөн хүмүүс манай машин дээр овоорчихсон байсан, би Доржоо гэдэг залуугийн хамт “тэнд болохоо байлаа” гээд очсон. Доржоо бид хоёрыг очтол манай хүү Ундрахбаяр дээр баахан хүмүүс овоорчихсон, хүүгийн баруун талын нүд нь хавдсан байсан, “юу болсон бэ” гэхэд “эд нар намайг зодчихлоо” гэж байсан. ...өндөр биетэй, хар царайтай залуу нь “наад муу хөгшин төгцөг чинь юу гээд байгаа юм, олон юм хуцаад байвал чамайг ална шүү” гэсэн, намхан биетэй, шар царайтай залуу нь “наад муу хөгшин төгцгийг чинь одоо алаад хаячихья” гэсэн. ...намхан биетэй шар залуу нь миний зүүн талын шанаа руу гараараа цохисон, миний зүүн талын чих рүү, хүзүү рүү гараараа нэг удаа цохисон, нуруу руу мөн цохих шиг болсон. ...Манай хүү босоод иртэл хамраас нь битүү цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдрийн 539 дугаартай “...1.Б.У-ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-16-17/,

яллагдагч Ө.О-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Жаргалант суманд ногоон талбай дээр байж байсан, 14 цаг өнгөрч байхад гэрийн гадаа п***а гэх зэргээр хүмүүс маргалдаад байсан. ...би тэр залуугийн баруун талын хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай ах Батбаяр намайг өмөөрч миний хажуугаар орж ирээд Ундрахбаярын хамар орчимд нэг удаа гараараа цохисон. ...Ундрахбаярын аав Баяртогтоход гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-46-47/,

яллагдагч А.Б-ын “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Жаргалант суманд ногоон талбай дээр байж байсан юм. Манай хажуу талбайн залуу машинтайгаа талбай руу орж ирсэн, би тэр залууд “чи хашааны хаалгаа хаагаач” гэж хэлсэн. Гэтэл “тэр залуу хаана шүү дээ” гээд надтай маргаад байсан. ...манай дүү Ундрахбаярын баруун талын хөл рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, би дүүгээ өмөөрч Ундрахбаярын нүүрэн тус газар нь нэг удаа гараагаа цохисон. Би Ундрахбаярын хамар болон баруун нүд хоёрын голд нь цохисон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

хохирогч Б.У-ын “...2021 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг 36 дугаар точик гэх газар үл таних хүнд зодуулан биедээ гэмтэл авсан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3/,

хохирогчийн 365.200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /хх-21/,

хохирогчийн 3.750.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /хх-22/,

хохирлын баримтууд /хх-26-33/,

А.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/,

Ө.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/,

Шүүгдэгч А.Б, Ө.О нар нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус бүр 181.500 төгрөгийг хохирогч Б.Ут төлсөн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг,

Шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар нь хохирогчид эмчийн үзлэгийн төлбөрт 40.000 төгрөг, унааны зардалд 115.000 төгрөг нийт 155.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн А.Б, Ө.О нараас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

Шүүгдэгч А.Б, Ө.О нар нь бүлэглэж, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг 36 дугаар точик гэх газарт ногооны талбайд иргэн Б.У-ын биед нь халдан зодож, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Уын “...нэг өндөр, туранхай биетэй залуу миний баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн, зэрэгцээд нэг намхан залуу миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...миний хамраас цус гарч байсан.” гэх,

гэрч Ч.Б-н “...манай хүү Ундрахбаяр дээр баахан хүмүүс овоорчихсон, хүүгийн баруун талын нүд нь хавдсан байсан, “юу болсон бэ” гэхэд “эд нар намайг зодчихлоо” гэж байсан. ...Манай хүү босоод иртэл хамраас нь битүү цус гарсан байсан.” гэх,

яллагдагч Ө.О-ийн “...би тэр залуугийн баруун талын хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай ах Батбаяр намайг өмөөрч миний хажуугаар орж ирээд Ундрахбаярын хамар орчимд нэг удаа гараараа цохисон.” гэх,

яллагдагч А.Б-ын “...манай дүү тэр Ундрахбаярын баруун талын хөл рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, би дүүгээ өмөөрч Ундрахбаярын нүүрэн тус газар нь нэг удаа гараагаа цохисон. Би Ундрахбаярын хамар болон баруун нүд хоёрын голд нь цохисон.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдрийн 539 дугаартай дүгнэлтээр,

хохирогч Б.У-ын “...2021 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг 36 дугаар точик гэх газар үл таних хүнд зодуулан биедээ гэмтэл авсан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл болон  хохирлын баримтуудаар,

          шүүгдэгч,  нар нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус бүр 181.500 төгрөгийг хохирогч төлсөн тухай баримтаар, мөн шүүхээс шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар нь хохирогчид эмчийн үзлэгийн төлбөрт 40.000 төгрөг, унааны зардалд 115.000 төгрөг нийт 155.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Б, Ө.О нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч А.Б, Ө.О нарын үйлдэл нь хохирогч Б.Уын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б, Ө.О нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Б, Ө.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд тэдний энэ үйлдэл нь тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч А.Б, Ө.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,

харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Б.У-ын нэхэмжилсэн 365.200 төгрөгийг шүүгдэгч нар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкаар дамжуулан төлж барагдуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нь “эмчийн үзлэгийн төлбөрт 40.000 төгрөг, унааны зардалд 115.000 төгрөг, мөн Орхон аймагт мэс засал, эмчилгээ хийлгэхэд 2.209.096 төгрөг, Улаанбаатар хотод мэс засал, эмчилгээ хийлгэхэд 2.905.000 төгрөг зарцуулагдах” талаар шинээр нотлох баримт гаргаж, нэхэмжлэл гаргасан болно.

Хохирогчийн шинээр гаргасан нотлох баримтуудыг шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судлаад шүүх хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан баримтуудаас эмчийн үзлэгийн төлбөрт 40.000 төгрөг, унааны зардалд 115.000 төгрөг нийт 155.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, хохирогчид олгохоор,

хохирогч Б.У нь мэс засал, эмчилгээг хаана, ямар эмнэлэгт хийлгэх нь тодорхойгүй, эмчилгээний үнийн дүн зөрүүтэй, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх эмчилгээг хийлгэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.

Шүүгдэгч нар, мөн тэдний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгээс “хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар нь 155.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсныг,

мөн хавтаст хэргийн 22 дугаар талд “өвсний үнэ 3.750.000 төгрөг” нэхэмжилсэн нэхэмжлэл авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У нь энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсаныг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч А.Б, Ө.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн, 

шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Э-с “...шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн, мөн 2022 он гарангуут ажилд орох гэж байгаа зэрэг байдлуудыг харгалзан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч А.Б, Ө.О нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 45 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

         зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

         энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж,

         мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ө.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж,

         зорчих эрх хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохиролд нийт 518.000 төгрөг төлснийг”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч А.Б, Ө.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ө.О нарыг 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч А.Б, Ө.О нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх,

          7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

          мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ө.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Ө.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ