Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01538 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Бат-Өлзийд холбогдох

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюуны гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оюун

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэчулуун

Гуравдагч этгээд: Х.Ягаанцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганчимэг нь О.Бат-Өлзийтэй 1994 онд гэр бүл болж, 1995 онд охин Б.Амаржаргал төрсөн. 1995 оны намраас Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10-50 тоот хаягт байрлах хашаа байшин, газар дээр амьдарч байгаад 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2065 дугаар шийдвэрээр 2004, 2008 онд хувьчилж авсан. Уг газар нь О.Бат-Өлзий, Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг шүүх тогтоож өгсөн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тухайн газрыг харилцан тохиролцож хуваах гэсэн боловч чадаагүй, О.Бат-Өлзий охиндоо газрыг нь өгнө, өөрийнхөө газрыг ч өгнө гэдэг атлаа гэрээ, хэлцэл хийдэггүй, шүүх дээр ирдэггүй. Шүүхийн шийдвэрийн дагуу газрыг хуваалгах гэхээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллага болон эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага шүүхээс нэмэлт газар хуваасан шийдвэр байхгүй бол газрыг хувааж гэрчилгээ олгох боломжгүй гэдэг. Захиргааны хэргийн шүүх биднийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч хурлаа хийж чадаагүй байтал нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ татан авснаар маргаан шийдвэрлэгдэхгүй, бидний эрх ашиг хөндөгдсөн хэвээр үлдсэн. О.Бат-Өлзий, Б.Ганчимэг нар нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, цаашид хамтран амьдрах боломжгүй тул дундын хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10-50 тоот хаягт байрлах газрыг Б.Ганчимэг, О.Бат-Өлзий, Б.Амаржаргал нарт тэнцүү хэмжээгээр хуваалгаж, 547 м.кв газрыг 364.7 м.кв-аар Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарт тасалж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10-50 тоот хаягт байрлах хашааны газар нь миний талийгаач нөхөр С.Хүчитбаатарын эзэмшилд байсан. Гэтэл бэр Б.Ганчимэг нь миний хүү Бат-Өлзийг 2003 онд БНСУ-д гэрээгээр ажил хийхээр явснаас хойш тун удалгүй үр хүүхэд, гэр орноо орхин алга болсон. 2004 оны 04 дүгээр сард Б.Ганчимэгийг болон ач охин Б.Амаржаргал нарыг хууль зөрчин уг газартаа нэрийг нь оруулан бүртгүүлсэн. Ингээд алга болоод ирэхгүй болохоор нь нэрийг нь бүртгэлээс хасуулсан. Гэтэл 10 жилийн дараа хувийн өмчлөлийн газраа авна гэж маргаж байгаад гайхаж байна. Б.Ганчимэг нь өөрөө газрын эрх бүхий байгууллагад газар өмчлөх эрхийг үүсгүүлэх, бүртгүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10-50 тоот хаягтай 547 м.кв хэмжээтэй газрыг хуурамчаар сүүлд нь давхардуулж, дахин шинэ кадастр, мөн “Лэндс” ХХК-ийн дүгнэлт гаргуулан ямар ч тооцоо үндэслэлгүйгээр 364.7 м.кв газрыг тасдаж луйвардан авах гэж нотлох баримт гаргасныг огт хүлээн зөвшөөрөхгүй. 2011 оны 2065 тоот шийдвэрээр Б.Ганчимэг нь 2004, 2008 онд хувьчилж авсан гэж тайлбар бичсэн нь худлаа. Би н.Давааням болон Б.Ганчимэг нартай харилцан тохирч газраа хувааж өгнө гэж огт яриагүй, харин миний хүү О.Бат-Өлзий нь өөрийн охин Б.Амаржаргалыгаа харж хандаж, өмч хөрөнгөнөөсөө өгнө гэж ярьснаас өөр зүйл яриагүй билээ. Иймд Б.Ганчимэг, Б.Амаржаргал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нарын шаардсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10-50 тоот хаягтай 547 м.кв газраас кадастрын зургийн дагуу 364.7 м.кв газрыг тасдан хувааж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ягаанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ 10-50 тоот хаягтай 547 м.кв газарт би болон бусад ах дүү нар маань амьдардаг. Нэхэмжлэгч нар хувийн ашиг сонирхлоо хөөж бидний газраас булааж авах гэж байна. Б.Ганчимэг нь Баянхошуунд тусдаа амьдардаг байж газрыг хуваалгах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 10-50 тоот хаягт байрлах нэгж талбарын 18644313041159 дугаар бүхий 547 м.кв газрыг 364.7 м.кв болон 182.33 м.кв-аар 2 хувааж,

1. Х5313155.670, Ү644028.840, өндөр 1311.980, урт 16.23, цэгүүд 1-2,

2. Х5313171.860, Ү644027.670, өндөр 1312.306, урт 21.88, цэгүүд 2-3,

3. Х5313173.290, Ү644049.508, өндөр 1312.357, урт 4.55, цэгүүд 3-4,

4. Х5313168.865, Ү644050.549, өндөр 1312.152, урт 11.16, цэгүүд 4-5,

5. Х5313157.887, Ү644052.529, өндөр 1311.842, урт 23.79, цэгүүд 5-1 гэсэн координат бүхий 364.7 м.кв газрыг хариуцагч О.Бат-Өлзийгөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бат-Өлзийгөөс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-50 тоот хашааны газар нь миний талийгаач нөхөр С.Хүчитбаатарын эзэмшилд байсан болно. Энэ бол гэр бүлийн дундын өмч биш бөгөөд би эдгээр хүмүүсийг гэрлэсний дараа 2004 оны 04 дүгээр сард Б.Ганчимэгийн болон ач охин Б.Амаржаргал нарыг уг газарт нэрийг оруулж бүртгүүлсэн. Б.Ганчимэг нь албан ёсоор нэрээ оруулах талаар хүсэлт өгөөгүй, мэдээгүй байсан. Хүүг маань Солонгос явсан хойгуур 2003 оноос хойш 1 жил болоод гэр орон, хашаа байшингаа орхиод явсан учир би нэрийг нь хасуулсан...Б.Ганчимэг 182.33 м.кв талбай бүхий газрыг өмчлөх эрх зүйн үндэслэл байхгүй. 2012 оны 12 дугаар сарын 11-ний 2065 тоот шийдвэрт зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар Б.Ганчимэг мэдүүлж чадсан бол энэ эрх яаж үүссэн, өөрийн нь гарын үсэг мөн эсэхийг нотлох ёстой байсан. Харин гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх шийдвэрийг шүүх гаргасан. Х.Яагаанцэцэгийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрнгийг хэрхэх нь маргаантай асуудал болоод байна. Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албаны шийдвэрээр Х.Яагаанцэцэгийн эрх зөрчигдөөгүй гэж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. “Шинэ кадастр” ХХК-ийн гаргасан зураг нь хэний шийдвэрийг үндэслэн гаргасан нь эргэлзээтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ганчимэг, Б.Амаржаргал нар нь хариуцагч О.Бат-Өлзийд холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Б.Ганчимэг, Б.Амаржаргал нараас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж.Даваанямд олгосон итгэмжлэл /хх-43/-ийг Захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах агуулгатай байна гэж шүүх дүгнэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг итгэмжлэлийн “Захиргааны хэргийн шүүх” гэснийг “СБЗ дүүргийн шүүх” гэж илэрхий засварлаж, шүүхэд дахин ирүүлсэн /хх-75/ байх ба уг итгэмжлэлээс итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчийг ямар харьяалалын шүүхэд төлөөлж байгаа нь тодорхой бус байхын зэрэгцээ төлөөлүүлэгч нарын нэхэмжлэл гаргах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад нийцээгүй байна. 

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шинжээч томилуулах” талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албыг шинжээчээр томилж, шинжээч нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/1621 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-88/

 

            Уг албан бичиг нь шинжээч томилсон шүүгчийн захирамжид заасан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-50 тоот хаягт байрлах маргаан бүхий газрыг зохигч тус бүрт ямар байдлаар хуваах нь тэднийг газар өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой талаарх асуудалд бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтийн шаардлагыг хангаагүйгээс гадна, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 14, 17 дугаар заалтыг зөрчсөн байхад шүүх  дээрх албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.      

 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюуны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН