Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00808

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00022 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар магадлалтай,

Д.Бгийн нэхэмжлэлтэй

ХХҮЕГт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговорт 28 916 861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлсөн ХХҮЕГын даргын 2016 оны 9 сарын 19-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалган шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 291 тоот тогтоолоор өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд гэснийг ХХҮХийн даргын албан тушаалд гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага одоо хүртэл ажилд эргүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажлаас халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шаардлага гаргаж, өмнө гаргасан шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж байна. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 7 510 482 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 25 809 831 төгрөг авахаар тооцогдож байна. Миний дундаж цалин хөлсийг НХХ-ийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу бодоход 1 341 155 төгрөг болж байгаа бөгөөд 1 өдрийн цалин 59 607 төгрөг болно. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хоног 126, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хоног 433 болж байгаа бөгөөд нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 33 320 031 төгрөг байхаас ажлаас халагдсаны тэтгэмжид авсан 4 403 170 төгрөгийг хасаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 28 916 861 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.3, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/129 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт Дүүргийн ХХҮХийн дүрэм-ын 3.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн ХХҮХийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилох хууль, журамтай. Д.Бгийн нэхэмжлэлтэй ХХҮЕГт холбогдох хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 357 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаар тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн эцсийн шийдвэрт Д.Бг томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулж авах эрхтэй байхаар зааж анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албан мэдэгдэл манайд ирүүлсний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, төрийн албаны салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаярт 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1/268 албан тоот хүргүүлж Сонгинохайрхан дүүргийн ХХҮХийн даргад томилогдох удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн нийтэд зарлан зохион байгуулж өгөхийг хүссэн. Иймд хариуцагч байгууллага төрийн хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлж ажилласан бөгөөд шүүхийн шийдвэрт томилох эрх бүхий этгээдэд сонгон шалгаруулж ажилд томилох эрхийг олгосон тул нэхэмжлэгчийн ажилд томилоогүй, шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэх шаардлага үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тухайн үед олгосон тэтгэмжийн зөрүүгээр гэж шийдвэрт заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт зөрүү гараагүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00022 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин олговорт 28 164 255 төгрөгийг ХХҮЕГаас гаргуулж, Д.Бд олгож, шаардлагаас үлдэх 752 606 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийх үүрэгтэйг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 302 534 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 298 771 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 25.1.2-т заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралд биечлэн оролцох, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах эрхтэй. Хариуцагчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаархи хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан. Хүсэлтийн үндэслэл нь нэгд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 дугаартай тушаалыг бүрэн эхээр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулах хоёрт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа зөрчлийн хэргээс шаардлагатай баримт гаргуулах байсан. Энэхүү нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан болохоос өмнө 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 123.3 дахь хэсгийг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад биш шүүх хурлаас өмнө нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаж байгаа тул шүүгч хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжаа гаргаж зохигч талуудад танилцах боломж олгосны дараа шүүх хурлыг явуулах нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцуулсан боловч хариуцагчид танилцуулаагүй шүүх хурлыг явуулсан нь зохигч талуудад адил тэгш байдлаар мэтгэлцэх боломжийг олгоогүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүйг гэрчилнэ. Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.2, 77.1-д заасны дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдэх журмыг анхан шатны шүүх баримталж ажилладаггүй. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд хариуцагчийн төлөөлөгчид шүүх хурлын товыг утасны мессежээр хүргүүлсэн гэж байгаа боловч баталгаажуулсан баримт байхгүй. Цахим хаягаар шүүх хурлын товыг хүргүүлсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа боловч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хурлын товыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу 4 өдрийн өмнө хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэх жишээтэй. 2018 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүд нь амралтын өдөр байх бөгөөд хүн мэйл хаягаа өдөр бүр шалгаад байх боломжгүй. Утсаар биечлэн болон мэдэгдэх хуудсаар шүүх хурлын товыг мэдэгдэх ажиллагааг анхан шатны шүүх хэрэгжүүлж болох байсан боловч тэгээгүй. Зөвхөн мессеж, мэйл явуулах хэлбэрээр шүүх хурлын товыг мэдэгдэж байсан. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралд биечлэн оролцох, хэргийн баримттай танилцах эрхийг анхнаасаа хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Д.Бг Сонгинохайрхан дүүргийн ХХҮХийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч Сонгинохайрхан дүүргийн ХХҮХийн даргыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн томилдог тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийг томилох эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалт явуулж томилоход энэхүү шүүхийн тогтоол саад болохгүй талаар тодорхой дурьдсан байна. Дээрхи шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан Улсын дээд шүүхийн 2018 оны 15 дугаар тогтоолын (хавтаст хэрэгт хавсаргасан) 4 дэх хуудсанд “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дүгээр тогтоолд “Шүүхийн энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмын дагуу “албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухай албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардпагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг ...шалгаруулж авах”-аар заасан томилох эрх бүхий этгээдийн эрхийг хязгаарлахгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүхээс нэхэмжлэгч Д.Бг ажлаас чөлөөлсөн Б/81 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгч, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзсэн байх ба хариуцагч захиргааны байгууллагаас хуулийг хэрэгжүүлж төрийн албан хаагчийг сонгон сонгон шалгаруулалтаар томилоход энэхүү тогтоол саад болохгүй юм.” гэж тайлбарласан байна. Иймд нэхэмжлэгч Д.Бг Сонгинохайрхан дүүргийн ХХҮХийн даргын албан тушаалд шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоосон боловч томилохыг хэн нэгэн этгээдэд даалгаагүй бөгөөд “шүүхийн энэхүү шийдвэр нь томилох эрх бүхий этгээдийн хуульд заасан эрхийг хөндөхгүй” гэж зааснаас харахад Улсын Дээд шүүх нэхэмжлэгчийн ажил олгогч нь ХХҮЕГгэж үзээгүй, холбогдох хуулиараа томилох эрх олгогдсон тэрхүү этгээд гэж тодорхойлсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, үр дагаврыг хариуцах ажил олгогч нь ХХҮЕГбиш юм. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/682, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/3445 дугаатай албан бичигт холбогдох журмын дагуу томилох асуудлыг зохих газарт уламжилан шийдвэрлэж өгнө үү. Энэхүү албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулья гэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрхи захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээр ХХҮЕГын даргад зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр тухайн үед гомдол гаргаж байсан бөгөөд Нийслэлийн прокурорын газарт тус хэрэг хянагдаж байгаа тул итгэмжлэлгүйгээр хэргийн материалтай танилцах боломжгүй, нотлох баримт гаргаж өгөх бололцоогүйн улмаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хангаагүй. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд ХХҮЕГын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/268 дугаартай албан тоот авагдсан байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулж өгөхийг хүссэн байна. Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаартай магадлалд Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсгийг үндэслэн хариуцагчийн гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ХХҮЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 916 861 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр ажил олгогчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд тогтоож, цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гардуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаар тогтоолоор Д.Бг Сонгинохайрхан дүүргийн ХХҮХийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүний хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлсөөр хохирсон хэвээр байгаа тул ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04 хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 28 164 255 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сонгон шалгаруулалт зохион байгуулах, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа явдал нь шийдвэрийг биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл болохгүй юм. Шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00022 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА