Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/70

 

Б.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч           Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                      Д.Нямдэлэг

                        Шүүгдэгч                                           Б.Мөнхбат

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Отгонбаяр

                        Хохирогч                                           Л.Оюунцэцэг

                        Хохирогчийн өмгөөлөгч               Д.Эрдэнэ-Оргил

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1831000050042 дугаартай, 175/2018/0057/Э индекстэй  1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто грейдерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 2 дугаар баг Өндөр хүр гэх газарт оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбат /Регистрийн дугаар: ЦЖ79070313/

 

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор

-Алаг адуу овогт Бямбаагийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мөнхбатыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдан,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Б.Мөнхбатаас 240.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунцэцэгт, хохирогчоос өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 320.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардалд оруулан тооцож шүүгдэгч Б.Мөнхбатаас гаргуулж хохирогч Л.Оюунцэцэгт олгохоор тогтоож, илүү нэхэмжилсэн 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 2018/шцт/152 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Мөнхбат түүний өмгөөлөгч А.Отгонбаяр бид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тус шүүх уг хэргийг өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34, 35-р бүлэгт заасны дагуу анхан шатны журмаар гэрч нарыг оролцуулан ердийн журмаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамжинд дурьдсан ажиллагаа хийгдээгүй зохих үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгалтаар шинэ ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй хэвээрээ байхад шүүх Б.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэсэнд гомдолтой байна.

2. Хохирогч Л.Оюунцэцэг нь Цагдаагийн газарт анх өргөдөл өгөхдөө, хохирогчоор тогтоон мэдүүлэг өгөхдөө, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн бүх мэдүүлэгтээ мөн шүүхийн хэлэлцүүлэг бүр дээр /сүүлийн хурлын хэлэлцүүлэгт ч мөн адил/ ...намайг 2 хүн зодсон. Э.Батгэрэл миний зүүн шанаа руу цохисон, Б.Мөнхбат шал мөргүүлсэн гэж ярьдаг.  Тэнд байсан гэрчүүд үүнийг нь үгүйсгэсэн байдлаар гэрчилдэг. Шинжээч эмч Т.Насанжаргал гаргасан дүгнэлтийнхээ тухайд мэдүүлэг өгөхдөө “Тархи доргилтоос бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэхүү тархи доргилт нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зөвхөн нэг удаа хана юмуу шал мөргөхөд дух хавдаж нүүр нүд хэсэгт хөхрөлт үүсэх бол баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал үүсэхгүй. Уг гэмтэл хацар шанаанд цохих, хана болон шал мөргөх аль ч цохилтоос үүсэх боломжтой” гэснээс дүгнэхэд хохирогчийн болон Мөнхбат нарын мэдүүлэгт дурьдсанчлан нэг удаагийн  гэмтлээс үүсэх боломжгүй нь тодорхой байгаа юм.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т ...эргэлзээгүй тогтоож гэсэн заалтын дагуу гэм буруутай гэх үйлдэл нь эргэлзээтэй байдалтай байгаа.

3. Хохирогчийн нэхэмжлэлд дурьдсан нотлох баримтууд нь хуурамч байна. Уг хүнийг тээвэрлэсэн гэх жолооч Батбаатар мэдүүлэг өгөхдөө “надтай 5 удаа явсан” талаар ярьсан байхад хавтаст хэрэгт 12 ширхэг баримт /хуурамч/ авагдсан. Хохирогч худал мэдүүлэг өгч хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тодорхой байхад түүнд хууль зүйн хариуцлага хүлээлгээгүйд гомдолтой. Эдгээр байдлуудыг харгалзан хянаад Б.Мөнхбатад холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

 

Хохирогч Л.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараахь тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 03-ний өдрийн 2018/шцт/152 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлтэй, шударга ёсыг тогтоосон, үнэн зөв, хохиогч миний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарсан гэж шударга шүүхдээ талархаж байгаа. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдолыг ойлгохгүй байна. Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, ухамсарлаж ойлгохгүй байгаа хүнийг улам өөгшүүлсэн шинжтэй цагаатгаж өгөөч гэж хүсээд, эрх чөлөөндөө хууль бусаар халдуулж, гэмтэж хохирсон хүнийг улам хохироож хариуцлага тооцож өгөөч гэж хүсээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Давж заалдах гомдол дурдсан зүйлүүдийг анхан шатны шүүхээс хүний эрхийн зөрчил гарч магадгүй гэсэн үндэслэлээр прокурорт буцааж дахин дахин сайтар шалгуулсан боловч тогтогдоогүй байгаа. Иймээс хохирогч миний хуулиар олгогдсон эрх ашгийг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. Хохирлоо л төлүүлмээр байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоол нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, үнэн зөв шудрага шийдвэр болсон гэж үзэж байна. ...Ийм учраас 39.9 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Б.Мөнхбатад холбогдох хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэг мөрдөн байцаалтанд дурдсан шалгах зохих зүйлийг бүгдийг шалгасан. Батгэрэлд зодуулсан асуудал нь тогтоогддоггүй, Б.Мөнхбат Л.Оюунцэцэгийг цохиж унагаж, шал мөргүүлсэн талаар хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог тул шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомлдлыг үндэслэн Б.Мөнхбатад холбогдох 1831000050042 дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №126 дугаартай захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №126 дугаартай захирамжинд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэлгүйгээр буюу Л.Батдэлгэр нь Б.Мөнхбаттай бүлэглэн хохирогчид тухайн гэмтлийг учруулсан эсэхийг нарийвчлан шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгүйгээр ...Б.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 27 ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р багийн төвийн байранд Л.Оюунцэцэгийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан... гэсэн дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 0- ны өдрийн А-39 дугаартай дүгнэлт /хх-ийн37-р ху/, шинжээч Т.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-р ху/ зэргээс үзэхэд хохирогчид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зөвхөн нэг удаа хана юмуу шал мөргөж дух хавдан, нүд, нүүр хэсэг рүү хөхрөлт үүссэн бол  баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал үүсэхгүй болох нь тогтоогдсон байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэсэн заалтыг баримтлалгүйгээр ...шүүгдэгч Б.Мөнхбат нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг зориуд тохойгоороо цохисон...” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн анхан  шатны шүүх Б.Мөнхбатад холбогдох хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №126 дугаартай захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 55/А дугаартай яллах дүгнэлтээр хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцсэн талаар шийтгэх тогтоолын “удиртгал”  хэсэгт дурьдсан боловч “Тогтоох” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсгүүдийг удирдлага болгон шийтгэх тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7, 36.8 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн  1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ