Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0797/З |
Дугаар | 221/МА2016/0139 |
Огноо | 2016-02-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2016/0139
Д.Мын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 856 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Мын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/506 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож Д.Мд олгосон газар эзэмших эрхийг сэргээлгэх гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/446 дугаар захирамжаар Д.Мд 10000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Гэтэл Ус сувгийн удирдах газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2/1252 дугаар албан бичгээр уг газар нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дотор байгаа тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлт ирүүлжээ. Үүнийг үндэслэн дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61.1-д заасныг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/506 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 856 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/566 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, иргэн Д.Мын газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Тээвэрчний үрс" ХХК-ийн зүүн хойд талд иргэн Д.Мд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/446 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 10000 кв.м газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн олгож байсан.
Гэтэл уг газар нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд олгогдсон тухай Ус сувгийн удирдах газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлж энэ дагуу Нийслэлийн Засаг даргын үүрэг даалгавраар Нийслэлийн Өмчийн харилцааны газар дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгох үүргийг өгсөн. Нэгэнт дээд шатны байгууллага уг газар эзэмшүүлсэн асуудлыг зөрчилтэй болохыг тогтоож хүчингүй болгуулах шийдвэр гарсан тул Баянгол дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.3 хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудын дагуу газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон болно.
Гэтэл уг маргааныг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт буюу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын мужийг тогтоосон акт /Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамж/-ыг хэрэгт авч судлаагүй, "Батмон" ХХК-ийн "Монголиа Дуовэй трейдинг" ХХК, "Ред лайн" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гэрээнд дурдагдсан төлбөрүүдийн санхүүгийн баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулан авч нотлох баримтыг бүрэн үнэлэх ажиллагааг дутуу хийж хэргийг хэт өнгөц байдлаар шийдвэрлэсэн нь шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Мөн шүүгч шийдвэртээ "Баянгол дүүргийн Засаг дарга Нийслэлийн Өмчийн харилцааны газарт "Хүсэлт уламжлах тухай" албан бичгийг үндэслэн иргэн Д.Мд олгосон газар эзэмших зөвшөөрлийг мөн өдөр захирамж гаргаж цуцалсан нь захиргааны албан тушаалтны хууль бус шийдвэр болсон байна гэж шүүх дүгнэв" гэжээ. Өөрийн харьяалах дээд шатны байгууллагаас доод шатны байгууллагадаа хандан гаргасан шийдвэрийг биелүүлж гаргасан төрийн албан тушаалтны ямар буруутай үйлдэл гэдэг нь тодорхойгүй байна. Дээр дурдсан эрх цуцалсан шийдвэрийг Захиргааны албан тушаалтан мөн өдөрт нь гаргасан нь хууль бус байна гэсэн ба энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хуулийн хүрээнд нотлоогүй байна. Төрийн захиргааны албан тушаалтны уйл ажиллагаа, тодорхой хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх эцсийн дээд хугацааг хуулиар тогтоож өгснөөс богино хугацаанд шийдвэрлэх хязгаарыг хориглосон хууль, дүрэм, журам байхгүй юм.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 856 дугаар шийдвэрийг үндэслэлгүй буруу шийдвэр болохыг тогтоон магадлал гаргаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/506 дугаар захирамжийг Баянгол дүүргийн Засаг дарга гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Баянгол дүүргийн Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа өөрт нь бус өөр байгууллагад хүргүүлсэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын Хүсэлт уламжлах тухай 2/1252 тоот албан бичгийг үндэслэсэн байна. Ийнхүү өөр байгууллагад явуулсан бичгийн дагуу газар эзэмшигчийн эрхийг цуцлах захирамжийг тухайн өдөрт нь гаргасан нь ямар нэгэн тооцоо, судалгаагүй, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, эрх нь зөрчигдөж буй этгээдэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тайлбарлах боломжийг олгоогүй захирамж гарсан гэж үзэхээр байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоосон актыг авч судлаагүй гэжээ. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ иргэн Д.М-ын эзэмшиж буй газар нь ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй гэж дүгнэж хүчингүй болгоогүй, харин маргаан бүхий актын хариуцагч гаргасан процесс, түүний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул тухайн баримтыг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагагүй байна.
Нөгөө талаар хэрвээ Д.М-ын эзэмшиж буй газар ундны усны хамгаалалтын бүсэд хамаарч байгаа гэж хариуцагч үзсэн бол дээрх байдлыг маргаан бүхий захирамж гаргахаасаа өмнө эрх бүхий этгээдээр дүгнэлт гаргуулах, шалгуулах зэргээр тогтоох боломжтой байжээ. Гэтэл ийм ажиллагаа огт хийлгүй маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа захирамж гаргахаасаа өмнө тогтоох ёстой байсан нөхцөл байдлыг шүүх тогтоох ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан байна. Гэтэл хариуцагчийн гаргасан захиргааны акт хуулийн дээрх заалтын аль ч үндэслэлд хамаарахгүй байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо ...Батмон ХХК, Ред лайн ХХК зэрэг хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу гэрээнд дурдагдсан төлбөрүүдийн санхүүгийн баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулж аваагүй талаар дурьджээ. Нэхэмжлэгч хариуцагчаас ямар нэгэн төлбөр огт нэхэмжлээгүй, ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул хэрэгт хамааралгүй дээрх баримтуудыг шүүх гаргуулан авах шаардлагагүй юм.
Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо өөрийн харьяалах дээд шатны байгууллагаас доод шатны байгууллагадаа хандан гаргасан шийдвэрийг биелүүлж шийдвэр гаргасан талаар дурьджээ. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрыг Баянгол дүүргийн Засаг даргын дээд шатны байгууллага гэж дүгнэх боломжгүй төдийгүй тус байгууллагаас хариуцагчид хандан ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР