| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0296/э |
| Дугаар | 2022/ШЦТ/06 |
| Огноо | 2021-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч С.Б,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000325 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Э.Б
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Э.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-23 тоот гэртээ, өөрийн эхнэр Т.Солонгыг биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр төрсөн өдөрт очсон согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Орцонд зогсож байгаад цагдаатай хамт гэртээ орсон, охиныг усанд оруулаагүй шалтгаанаар муудалцсан гэж том хүүхэд надад хэлсэн.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Т.Солонгын “...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Батзаяагийн найз Очирсүрэнгийн төрсөн өдөр “Молор-Эрдэнэ” ресторанд болсон, ...төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоод нөхөр бид хоёр 22 цагийн үед гэр лүүгээ харьсан. ...нөхөр бид хоёр дэлгүүрээс 4ш лаазтай пиво аваад машин дотроо сууж байгаад хувааж уусан. Пиво хувааж уугаад гэрлүүгээ яаж орсноо сайн санахгүй байгаа юм, гэнэт ухаан ортол хамар амнаас цус гарсан байдалтай байхаар нь би хүүхэд Эрдэнэмөнх, Эрхсаран нараас асуухад “аав таныг зодчихоод, гараад явчихсан” гэж хэлсэн. ...нөхрөөсөө “яагаад намайг зодсон” гэж асуухад, “би сайн санахгүй байна.” гэж хэлсэн. ...Би тухайн үед өөрийнхөө биеийг хамгаалах чадваргүй байсан, юу болсон талаар санахгүй байна, нэг сэрэхэд хамар, амнаас цус гарчихсан байсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-18/,
насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэмөнхийн “...Ээж орж ирчхээд манай охин дүү “Эрхсаранг өдөр усанд оруулахгүй юугаа хийж байсан юм” гэж аав руу уурласан, гэтэл аав “амжаагүй” гээд хэрүүл мараан хийгээд байсан, удалгүй аав, ээж хоёр унтлагын өрөө рүүгээ унтахаар орсон, хэсэг хугацааны дараа аав, ээж хоёр хэрэлдээд мөн хүчтэй түжигнэлдээд, ноцолдоод байгаа чимээ гарсан, ээж унтлагын өрөөнөөс гарч ирсэн, хамраас нь цус гарчихсан ариун цэврийн өрөө орсон, аав унтлагын өрөөнөөс араас нь гарч ирээд гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-20/,
гэрч Б.Ц-н “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг эрэгтэй хүүхэд нүдээд байсан, хаалгаа тайлж өгтөл “манай ээжийг авраарай” гээд гэрлүүгээ гүйгээд орсон. Би араас нь яваад ортол... нэг эгч нүүрээ дараад уйлаад сууж байсан. ...эгчийн нүүр, амнаас нь цус гарчихсан, хамар нь мурийчихсан, зүүн гар нь хавдсан, зүсэгдсэн шархтай байсан, юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг зодсон” гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн гар утаснаас цагдаа болон эмнэлэг рүү дуудлага дуудаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-22/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 525 дугаартай;
“...Т.Солонгын биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд нэг тооны зулгаралт, хамрын нуруу, дээд уруул, зүүн гарын сарвуу, зүүн чихний дэлбээ, зүүн гар, бүсэлхийд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, зүүн гарын сарвуунд нэг тооны хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Бүсэлхийн зөөлөн эдийн цус хуралт нь 2-3 хоногийн өмнө үүссэн байна.” гэсэн дүгнэлт /хх-28-29/,
сэжигтэн, яллагдагч Э.Б-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай ажлын газрын залуу Очирсүрэнгийн төрсөн өдөр тохиож манай гэр бүлийг “Молор-Эрдэнэ” ресторанд уриад би 16 цагийн үед очсон, миний араас манай эхнэр ажлаа тараад 19 цагийн үед ирсэн. Эхнэр бид хоёр Очирсүрэнгийн төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцчихоод 21 цаг өнгөрч байхад ресторанаас гараад такси бариад гэр лүүгээ хариад гэрийнхээ гадна дэлгүүрээс 4ш лаазтай пиво аваад машин дотроо хувааж уусан, гэр лүүгээ орж байснаа санаж байна, үүнээс хойш юу болсноо санахгүй байна, нэг мэдсэн манай эхнэр орилоод над руу дайраад байсан шиг санагдаж байна, тэгээд би гэрээсээ гараад гадаа салхинд хэсэг сууж байгаа эргээд гэртээ орсон тэгтэл манай эхнэр “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гээд байсан, би юу болсноо сайн санахгүй байсан учир хариулаагүй, удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...Тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-25, 47/,
иргэн Т.С-н Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-24 тоотод нөхөр Батзаяа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26-24 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10, 11-12/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-13-14/,
Э.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, түүний хувийн бичиг баримтууд /хх-36-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Э.Б-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-24 тоот гэртээ, өөрийн эхнэр Т.Солонгыг биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Солонгын “...ухаан ортол хамар амнаас цус гарсан байдалтай байхаар нь би хүүхэд Эрдэнэмөнх, Эрхсаран нараас асуухад “аав таныг зодчихоод, гараад явчихсан” гэж хэлсэн.” гэх,
насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэмөнхийн “...аав, ээж хоёр хэрэлдээд мөн хүчтэй түжигнэлдээд, ноцолдоод байгаа чимээ гарсан, ээж унтлагын өрөөнөөс гарч ирсэн.” гэх,
гэрч Б.Цэрэндоржийн “...нэг эгч нүүрээ дараад уйлаад сууж байсан. ...эгчийн нүүр, амнаас нь цус гарчихсан, хамар нь мурийчихсан, зүүн гар нь хавдсан, зүсэгдсэн шархтай байсан, юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг зодсон” гэж хэлж байсан.” гэх,
Э.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...нэг мэдсэн манай эхнэр орилоод над руу дайраад байсан шиг санагдаж байна, тэгээд би гэрээсээ гараад гадаа салхинд хэсэг сууж байгаа эргээд гэртээ орсон тэгтэл манай эхнэр “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гээд байсан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 525 дугаартай дүгнэлт,
иргэн Т.Солонгын Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-24 тоотод нөхөр Батзаяа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон.” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-26-24 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-24 тоот гэртээ, өөрийн эхнэр Т.Солонгыг биеэ хамгаалж чадахгүй байхад нь зодсон энэ үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, тохирсон байна.
Шүүгдэгч Э.Б-ийн хохирогч Т.С-н эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэлд нь түүнийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирогч Т.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Э.Б-г “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” дүгнэлтийг,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэмшиж байна, хөнгөн ял өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гомдол, саналгүй гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ