Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

  2021        12          28                                      2022/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан,

улсын яллагч Л.Оюунтуяа,

хохирогч Д.О,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125003410343 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г:Б

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 28-92ОРА улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн ар талын зам дээр явган хүний гарцаар гарч явсан иргэн Д.О-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр машинтай явж байгаад гарцан дээр зүүн эргэх үйлдэл хийхэд хүн харагдаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 18 жил жолоо барьж байна, ослын өмнөх өдөр болон өглөө нь айраг уусан байсан, зогсоох арга хэмжээ авах боломж байгаагүй, хохиролд 3.500.000 төгрөг төлсөн, хохирогчийг эмнэлэгт байхад нь 2 удаа эргэж очсон, биеийг нь утсаар асууж байсан.” гэв.

хохирогч Д.О мэдүүлэхдээ “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө би ажилдаа явж байгаад машинд мөргүүлсэн, тухайн үед биеийн байдал хүнд байсан, эмнэлэгт 12 хоног хэвтсэн, одоо биеийн байдал зүгээр, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаа хийж эхэлсэн. Надад 3.500.000 төгрөг өгснийг авсан. Ослоос үүдэн ирээдүйд надад ямар хохирол учрахыг мэдэхгүй байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.О-н “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 7 цаг 15 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн баруун талд байх дөрвөн замын уулзварын зүүн талын явган хүний гарцаар явган хүний ногоон өнгийн гэрлэн дохиогоор хойд зүгээс урд зүг рүү зам хөндлөн ганцаараа алхан тээврийн хэрэгслийн баруунаас зүүн зүгийн чиглэлд явах урсгалын замын хэсэгт явж байхад хар өнгийн Соната маркийн 28-92ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойд зүгээс зүүн зүг рүү эргэх үйлдэл хийсэн. ...уг тээврийн хэрэгсэл нь хаазаа нэмж ирээд мөргөхөд би газарт толгойгоороо саван унасан, босох гэтэл босож чадахгүй, толгой манараад эргээд байсан. ...Тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, гавлын дух ясны шугаман хугарал, хацар ясны хугарал, хоёр гарын сарвуу, баруун шанаа, чихний дэлбээ, өвдөгт олон тооны зулгаралт бүхий гэмтлүүд нь Соната маркийн 28-92ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас үүссэн. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, ...Балгансүрэнгээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-26/,

гэрч Ц.Г-н “...манай нөхөр Г.Б 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан сум яваад 10 дугаар сарын 01-ний орой 10л айрагтай ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 6 цаг өнгөрч байхад сэрчихээд “нойр хүрэхгүй байна, гадуур хүн байж магадгүй, таксинд явчихаад ирье” гэж хэлээд гэрээс гарсан, хэсэг байж байгаад Г.Бгийн гар утас руу залгахад “эмнэлэг дээр байна, машинаа жолоодон явж байгаад хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө гэрээсээ гарахдаа “ам хатаад байна” гээд аягатай юм уух шиг болсон, айраг л уусан юм шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-30/,

сэжигтэн, яллагдагч Г.Б-гийн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 7 цаг өнгөрч байхад таксинд явах зорилгоор гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн 28-92ОРА улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслээ жолоодон...Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн зүүн талд байрлах дөрвөн замын уулзвар дээр зүүн эргэх гээд улаан өнгийн гэрлэн дохион дээр дохио өгч зогсож байгаад ногоон өнгийн гэрлэн дохио асахаар нь хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэн зүүн эргэх үйлдэл хийн явж байхад тус дөрвөн замын уулзварын явган хүний гарц нь дээр урд зүг рүү алхаад явж байсан хүн гэнэт харагдахаар нь уг хүний хойд талаар нь гарах гээд жолооны хүрдээ зүүн эргүүлэхэд уг хүнийг тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр шүргэн газарт унагасан. ...Замын цагдаа нар ирж намайг драгер төхөөрөмжөөр үлээлгэхэд 0.25 хувьтай гарсан, би өмнөх өдөр нь гэртээ байхдаа 10л айраг ууж өнжсөн. ...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө гэрээсээ гарахдаа аяганы тал айраг уугаад гарсан. ...би Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-65-66, 73/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 575 дугаартай “...1.Д.О-н биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, гавлын дух ясны шугаман хугарал, хацар ясны хугарал, 2 гарын сарвуу, баруун шанаа, чихний дэлбээ, өвдөгт олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Тархины эдийн хүнд зэргийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. 6.Гэмтэл нь ослын улмаас үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хх-33-34/,

мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн;

3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”

16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.” гэсэн магадлагаа /хх-115-117/,

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай баримт /хх-6/, Г.Б 0.25 хувийн согтолттой байсныг тогтоосон баримт /хх-7, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11, 12-16/, H.Sonata 28-92ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-17-18/, H.Sonata 28-92ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19, 20-21/,

Г.Б-гийн “В” ангиллын 296630 дугаарын жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-23/,

Техникийн хяналтын үзлэг, шинжээчийн дүгнэлт /хх-45-47/,

Ашид билгүүн ХХК-ийн Авто машины үнэлгээний тайлан /хх-53-55/,

Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 90-91/,

Г.Б-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр /хх-102/,

Хохирогч Д.О-н 6.091.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хх-131-146/,

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 899 дугаартай албан бичиг, хохирогч Д.О-н Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт 2 хуудас баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрчээс, мөн -гээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн ар талын зам дээр Соната-6 маркийн 28-92ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан иргэн Д.Оюун-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хэргийн үйл баримтын талаарх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 575 дугаартай “...1.Д.О-н биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, гавлын дух ясны шугаман хугарал, хацар ясны хугарал, 2 гарын сарвуу, баруун шанаа, чихний дэлбээ, өвдөгт олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай магадлагаа, Г.Б 0.25 хувийн согтолттой байсныг тогтоосон баримт,  хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Оюун-Эрдэнийн 6.091.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд,

хохирогч Д.О-н “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 7 цаг 15 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” худалдааны төвийн баруун талд...тээврийн хэрэгсэл нь хаазаа нэмж ирээд мөргөхөд би газарт толгойгоороо саван унасан, босох гэтэл босож чадахгүй, толгой манараад эргээд байсан. ...Тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, гавлын дух ясны шугаман хугарал, хацар ясны хугарал, хоёр гарын сарвуу, баруун шанаа, чихний дэлбээ, өвдөгт олон тооны зулгаралт бүхий гэмтлүүд нь Соната маркийн 28-92ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас үүссэн.” гэх,

гэрч Ц.Г-н “...манай нөхөр Г.Б 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө гэрээсээ гарахдаа “ам хатаад байна” гээд аягатай юм уух шиг болсон, айраг л уусан юм шиг байна лээ.” гэх,

сэжигтэн, яллагдагч Г.Б-гийн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө гэрээсээ гарахдаа аяганы тал айраг уугаад гарсан. ...би Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогч Д.О-д хохирол, хор уршиг учруулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь “согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд түүнийг Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна гэж шүүх үзэв.

Иймд шүүх шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Г.Бгийн хохирогч Д.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд тэрээр эмнэлгийн тусламж авч эмчилгээ, сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардлууд нь хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.О нь Г.Б-гээс эмчилгээний зардалд 1.381.100 төгрөг, хоёр сар хөдөлмөрийн чадвараа алдсан цалинтай тэнцэх дүн 2.710.400 төгрөг, Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж эмчлүүлэх зардалд 2.000.000 төгрөг нийт 6.091.0500 төгрөг нэхэмжилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шүүгдэгчээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинд 3.500.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн тухай банкны баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирогч энэ мөнгийг хүлээн авсан болохоо илэрхийлээд “одоогоор нэхэмжлэх зүйлгүй, ослоос үүдэн ирээдүйд надад ямар хохирол учрахыг хэлж мэдэхгүй байна.” гэсэн болно.

Иймээс хохирогч Д.О-н нэхэмжлэлийн шаардлагаас цаашид эмчлүүлж, эмнэлгийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авахтай холбоотой гарах зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж,

хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй бөгөөд хэрэв эмчлүүлсэн тохиолдолд холбогдох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Г.Б-г “согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” дүгнэлтийг,   

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч -гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохиролд 3.500.000 төгрөг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 296630 дугаартай, В ангиллын жолооны үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж,

          битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б-д анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6.Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 296630 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7.Шүүгдэгч Г.Б-д хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Хохирогч Д.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

шүүгдэгч Г.Б нь хохирогчид 3.500.000 төгрөг нөхөн төлснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ