| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0279/э |
| Дугаар | 2022/ШЦТ/13 |
| Огноо | 2021-12-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
2021 12 30 2022/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч Л.О,
шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч С.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125003460355 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн Ц.Б
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ц.Б нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай Конвецийн жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2021 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-11-97 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Амарбаясгалан хийд явах замд бие засахдаа ургамлыг авсан. Эрдэнэтэд ирээд тамхины цэгээс тамхи ороодог цаас худалдан аваад Баянцагаан багийн ПДУ-ийн уулан дээр ганцаараа очиж нөгөө ургамлаа татаж үзсэн. Энэ ургамлыг хаях гэсэн боловч учраа олоогүй, эгчийн гэрийн түлхүүр надад байсан болохоор угаалгын машиных нь доогуур шидчихсэн байсан юм.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
гэрч М.Ц-н “...Бүрэнбүст баг 5-11 дүгээр байранд манай эхнэрийн талын буюу эхнэрийн нагац эгчийнх нь хүүхдүүд байдаг, тухайн байрны хүмүүс одоо Улаанбаатар хотод байгаа. Тухайн үед тэнд Баасандагва байсан.” гэсэн мэдүүлэг /хх-47/,
яллагдагч Ц.Б-н “...Би 2021 оны 8 дугаар сарын дунд үед байсан санагдаж байна, аав М.Цагаанбаатарын эзэмшлийн 15-32ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах Амарбаясгалан хийд рүү явж байх замдаа бие засахаар зогсож байтал мансууруулах төрлийн өвс ургасан байхаар нь таньж мэдээд нэг атгыг зулгаан түүж авч, өөрийн халаасандаа шууд хийсэн. Тэгээд Эрдэнэт хотод ирээд 2-3 хоногийн дараа тамхины цэгээс тамхи ороодог цаас худалдан аваад Баянцагаан багийн ПДУ-ийн уулан дээр ганцаараа очиж, ургамлаа худалдаж авсан цаасандаа ороож тамхи шиг татаж хэрэглэсэн. Уг ургамлыг татаж үзэхэд толгой эргээд ханиалгаад байсан, тал хүртэл нь татаж байгаад гааны уутанд хийгээд өөрийн эгч Т.Дуламсүрэнгийн 5-11-97 тоотод угаалгын машины доор хийж хадгалсан.” гэсэн мэдүүлэг /хх-74-75/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4663 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “6.3гр өвс мэт зүйл” гэж хаягласан ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.
Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-59-60/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-61/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4662 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ц.Б ФМ88092353 2021.9.23” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн.
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-65-66/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67/,
мөрдөгч М.Ганчагтын гаргасан “Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-116 дугаар байрны гадаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-11-97 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6, 7-10/,
Zin Min гэх бичигтэй гааны ууттай, 6.3гр өвс мэт зүйл, хуйльж ороосон 10 төгрөг, “Г” хэлбэрийн гаанс мэт хэрэглүүр, мөнгөлөг цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-23, 24-25/,
Ц.Б-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-41-42, 43/,
Ц.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-95/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-105-115/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-88-89/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-91/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрчээс, мөн Ц.Б-с яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай Конвенцийн жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай “өвс” гэх нэршилтэй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-11-97 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хэргийн үйл баримтын талаарх яллагдагч Ц.Б-н “...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Амарбаясгалан хийд рүү явж байх замдаа...мансууруулах төрлийн өвс ургасан байхаар нь таньж мэдээд нэг атгыг зулгаан түүж авч, өөрийн халаасандаа шууд хийсэн. ...уулан дээр ганцаараа очиж, ургамлаа худалдаж авсан цаасандаа ороож тамхи шиг татаж хэрэглэсэн. ...эгч Т.Дуламсүрэнгийн 5-11-97 тоотод угаалгын машины доор хийж хадгалсан.” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4663 дугаартай “...“6.3гр өвс мэт зүйл” гэж хаягласан ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.”
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4662 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ц.Б 2021.9.23” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол илэрсэн.” гэсэн дүгнэлтүүдээр,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан хадгалах гэдэг нь уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Ц.Баасандагвын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зэрэг зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх боломжгүй юм.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Zin Min гэх бичигтэй гааны ууттай 6.3 грамм өвс мэт зүйл, хуйльж ороосон 10 төгрөг, “Г” хэлбэрийн гаанс мэт хэрэглүүр, мөнгөлөг цаасыг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан, Zin Min гэх бичигтэй гааны ууттай 6.3 грамм өвс мэт зүйл, хуульж ороосон 10 төгрөг, Г хэлбэрийн гаанс мэт хэрэглүүр, мөнгөлөг цаасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ