Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч С.Б

Хохирогч Т.Ж

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2125001790299 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол улсын иргэн, Ж.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1 дүгээр гудамж 6 тоот хашааны ойролцоо, иргэн Т.Ж-с тамхи гуйж улмаар таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, өндөр настай биеэ хамгаалж чадахгүй иргэн Т.Ж-н баруун гарын атгаал ясыг мушгиж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “Хохирогч дугуйнд бүдэрч унаад өөрөө гараа хугалсан. Охин маань хамт явсан мэдэж байгаа” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Ж мэдүүлэхдээ “Энэ хүн худлаа ярьж байна. Надад 2 000 000 төгрөгийн хохирол учирсан. Одоо 1 500 000 төгрөгийн эм тариа хийлгэсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Т.Ж-н “Намайг явж байхад дээгүүрээ нөмгөн дээл өмсчихсөн халамцуу залуу нэг хашаанаас гарч ирээд ахаа тамхи байна уу гэж асуухаар нь би өөрт байсан 1 ширхгийг өгөхөд дахин 2-3 ширхэг тамхи өгчих гэхээр нь би өгөөгүй. Гэтэл нөгөө залуу араас ирээд архины мөнгө байна уу гээд намайг бариад авсан. Тэр залуу намайг барьж аваад зүүн гарынхаа суганд миний баруун гарыг хавчуулж дээш нь хөгшөөд эргүүлэх шиг болсон чинь миний баруун гарын яс хугарчих шиг болсон. Тэр үед миний баруун гар тохойн дээд хэсгээр хойшоогоо эргэсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

2. Насанд хүрээгүй гэрч Б.Х-н “2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би аав Ж.Б-н хамт хашааныхаа урд байсан. 11 цагийн үед нэг муухай ааштай өвөө ирээд манай аавыг олон үгээр доромжлоод байсан.Тэгэхээр нь манай аав уурлаад та хөгшин хүн байж нас намбатай бай гэхэд нөгөө өвөө юу гээд байгаа юм бэ гээд заамдаад авсан. Аав гараа тавь гэхэд тэр өвөө гараа тавихгүй байсан. Тэр хоёр хоорондоо зодоон хийгээгүй, тэр өвөө аавын араас нь очиж зууралдах гэж байгаад дугуйнд тээгэлдээд унасан. Аав босгох гээд очиход тэр хүн аавыг гар хугалчихлаа гэж уурлаад байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 348 дугаартай “Т.Ж-н биед баруун гарын атгаал ясны доод 1/3-ээр далд, ташуу, зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

4. Шинжээч Ж.Гэрэлмаагийн “Т.Ж-н баруун атгаал ясны хугарлын хэлбэрээс үзэхэд мушгирсан хэлбэрийн хугарал байсан. Үүнээс үзэхэд гарыг мушгих үед үүсэх боломжтой хугарал. Т.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хугарлыг хадах хагалгаа хийгдсэн, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хадаастай рентген зураг байсан зэргээс үзэхэд дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Мөн Т.Ж-н баруун гарын атгаал ясны хугарал нь мушгих үед үүсэх боломжтой. Учир нь атгаал ясны хугарал нь ташуу ороосон хэлбэртэй байсан. Унах үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

5. Хохирогч Т.Ж-н эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх өвчний түүх / хавтаст хэргийн 54-66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б нь иргэн Т.Ж-н баруун гарын атгаал ясыг мушгиж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нь хохирлын баримтаа ирүүлэээгүй тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Ж-н “Тэр залуу намайг барьж аваад зүүн гарынхаа суганд миний баруун гарыг хавчуулж дээш нь хөгшөөд эргүүлэх шиг болсон чинь миний баруун гарын яс хугарчих шиг болсон. Тэр үед миний баруун гар тохойн дээд хэсгээр хойшоогоо эргэсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг, шинжээч Ж.Г-н “Т.Ж-н баруун атгаал ясны хугарлын хэлбэрээс үзэхэд гарыг мушгих үед үүсэх боломжтой хугарал. Учир нь атгаал ясны хугарал нь ташуу ороосон хэлбэртэй байсан. Унах үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 348 дугаартай дүгнэлт, хохирогч Т.Ж-н эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх өвчний түүх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1 дүгээр гудамжанд иргэн Т..Ж-с тамхи гуйж маргалдан, өндөр настай иргэн Т.Ж-н баруун гарын атгаал ясыг мушгиж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “би хохирогчийн гарыг хугалаагүй. Хохирогч дугуйнд тээглэж унахдаа гараа гэмтээсэн” гэж мэтгэлцэж байх боловч шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь унах үед биш мушгих үед үүсэх боломжтой болох нь тогтоогдож байна. Энэ нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байх тул Ж.Б-г хохирогчийн гарыг хугалсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ. Мөн хохирогч нь өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болох нь хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, зорилго, сэдэлтийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ бусдаас тамхи, мөнгө нэхэх зэргээр өдөн хоргоож, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, бусдын эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ж.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хохирогчийг нөдөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ж-н эрүүл мэндэд баруун гарын атгаал ясны далд, ташуу, зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал болох 2 000 000 төгрөгийн нэхэмжилсэн боловч нотлох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Т.Ж нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А