| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0295/э |
| Дугаар | 2022/ШЦТ/14 |
| Огноо | 2021-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
2021 12 30 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч Л.О,
хохирогч Г.Н,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002820366 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Э.О-д
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Э.О нь 2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-7-43 тоотод Г.Н, Э.С нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ; “...тэр өдөр миний төрсөн өдөр болж байсан юм, гэтэл дүү Номин-Эрдэнэ над руу мессеж явуулсан. Хүн намайг өдөхгүй бол би хүнийг зодохгүй, Намуунаа намайг үсдэж, Сарнай өшиглөсөн, банди нар нь хүртэл миний тархи, толгой руу цохисон. Цагдаа ирэхэд Сарнай, Намуунаа нар гомдолгүй гэсэн боловч наймдугаар сарын арван хэднээр цагдаад гомдол гаргасан байсан. Миний толгой их өвдөж байсан боловч үзүүлэхэд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй.” гэв.
хохирогч Г.Н мэдүүлэхдээ; “...найз залуу Мандахбаярын хамтаар би 5-7-43 тоотод байхдаа найз Сарнай руу залгаад “бид хоёртой цуг хонооч” гэж хэлэхэд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд Мандахбаяр, Сарнай бид гурав Мөнх-Эрдэнийн гэр болох 5-7-41 тоотод ортол Мөнх-Эрдэнэ нэг эмэгтэй хүнтэй гал тогооны өрөөнд хэвтэж байсан. Тэгтэл Сарнай ороод нөгөө эмэгтэйтэй маргалдаад, Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэй хоёрын зургийг дарсан. 2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Оюун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Баярбаясгалан гэх гурван эмэгтэй ирчихээд “хөөе Сарнай, орцны хаалгыг онгойлгоод өгөөч” гэж орилоод байх үед Сарнай орцны хаалгыг онгойлгосон. Оюун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Баярбаясгалан нар гаднаас дайрч орж ирээд Оюун-Эрдэнэ эгч намайг элдэв янзын үгээр доромжилж, бид хоёр маргалдсан, Оюун-Эрдэнэ эгч миний үгийг сонсохгүй, намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Оюун-Эрдэнэ эгч миний үснээс зулгаасан чинь би газар унаж тэр үед миний нүүр лүү цохиж, нуруу болон гараас хазсан, миний хамраас маш их цус гарсан, эмчилгээний төлбөрийг төлж барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Г.Н-ы “...Мандахбаяр, Сарнай бид гурав Мөнх-Эрдэнийн гэр болох 5-7-41 тоотод ортол Мөнх-Эрдэнэ нэг эмэгтэй хүнтэй гал тогооны өрөөнд хэвтэж байсан. Тэгтэл Сарнай ороод нөгөө эмэгтэйтэй маргалдаж, Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэй хоёрын зургийг дарсан. ...2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 2 цагийн үед Оюун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Баярбаясгалан гэх гурван эмэгтэй ирчихээд “хөөе Сарнай, гараад орцны хаалгыг онгойлгоод өгөөч” гэж орилоод байх үед Сарнай орцны хаалгыг онгойлгосон, Мандахбаярын гэрийн хаалгыг тогшихоор нь онгойлготол Оюун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Баярбаясгалан нар гаднаас дайрч орж ирээд Оюун-Эрдэнэ намайг элдэв янзын үгээр доромжилсон. Оюун-Эрдэнэ эгч бид хоёр маргалдсан би аль болох Оюун-Эрдэнэ эгчид тайлбарлаж хэлэхийг хичээсэн, миний үгийг сонсохгүй намайг үсдсэн, би зөрүүлээд үсдсэн. Оюун-Эрдэнэ эгч миний үснээс зулгаасан чинь би газар унаж тэр үед миний нүүр лүү цохиж, нуруу болон гараас хазсан, миний хамраас маш их цус гарсан. Миний эмчилгээний төлбөрийг төлж барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй. Улаанбаатар хот руу ирж, очиход 160.567.66 төгрөгийн зардал нийт 1.790.567.66 төгрөгийг Оюун-Эрдэнээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-12-13, 14/,
хохирогч Э.С-гийн “...2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Мөнх-Эрдэнэ үл таних эмэгтэйтэй нэг оронд орчихсон хэвтэж байсан зургийг би нь гар утсаараа дараад Номин-Эрдэнийн фэйсбүүк рүү явуулсан. Удалгүй 5-7 байрны гадаа Номин-Эрдэнэ нь Оюун-Эрдэнэ, Баясгаланбаяр нарын хамтаар ирээд “байрны гадаа хаалга онгойлгоод өг” гээд миний нэрийг дуудаад орилоод байсан, тэгэхээр нь би байрны гадаа хаалгыг онгойлгож өгсөн. ...Номин-Эрдэнэ Мандахбаярын гэрт орж ирээд Намуунаатай хэрүүл маргаан үүсгэсэн, Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй гаднаас дайрч орж ирээд Намуунааг зодсон. ...Хөрш айлын оршин суугч эхнэр, нөхөр хоёр ирээд Мандахбаярын гэрийн хаалгыг тогшоод байхаар нь хаалга онгойлгож өгтөл “аав, ээж чинь хааччихсан юм, цагдаад дуудлага өглөө” гэхээр нь би тухайн ах, эгч хоёрт хандаж “наад гурван эмэгтэй чинь хүн аллаа, та цагдаа дуудаад өг” гэхэд Оюун-Эрдэнэ цаанаас нь “Сарнай гичий минь наашаа гараад ир” гээд хараал хэлээд дайраад байсан. ...Оюун-Эрдэнэ гүйж ирээд намайг шууд үстэж аваад Мандахбаярын гэрийн үүдний нэг захаас нөгөө зах хүртэл чирээд, миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохиод байхаар нь би болилуулах гээд Оюун-Эрдэнийн гарыг нь барих гэтэл миний гар луу Оюун-Эрдэнэ гараа атгаж байгаад цохиод миний баруун гарын ядам хурууны хумс, зүүн гарын долоовор хурууны хумс сөхөгдсөн, бэлэг эрхтэн рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн, зүүн хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан. Би Оюун-Эрдэнээс мөнгө төгрөг аваагүй, одоо баримтаар 72.500 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-17-18/,
гэрч Д.Н-н “...2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хамаатны эгч болох Оюун-Эрдэнийн төрсөн өдөр дээр байж байтал миний утсанд танихгүй эмэгтэйгээс “танай найз залуу Мөнх-Эрдэнэ өөр хүнтэй архи уугаад, унтаж хэвтээд байна” гэсэн чат ирсэн, ...Оюун-Эрдэнэ эгч намайг өмөөрч Намуун, Сарнай нартай барьцалдаж авсан. Сарнай манай эгчийг “болиоч” гээд гэдэс рүү нь өшиглөөд байсан, ер нь бие биенээ харилцан цохиод, өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-24/,
гэрч Ч.М-н “...2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай гэрт Намуунаа, Сарнай, Мөнхбаяр бид дөрөв байж байтал гадаа “Сарнай, Сарнай” гээд эмэгтэй хүмүүс орилоод дуудаад байсан. ...Сарнай гарч Номин-Эрдэнэ, Баясгаланбаяр, Оюун-Эрдэнэ нарт орцны хаалгыг онгойлгож өгсөн. ...манай хаалгыг хүн тогшихоор нь онгойлготол Оюун-Эрдэнэ манай гэр рүү орж ирээд “Мөнх-Эрдэнийн хаалгыг онгойлгож өг” гээд надруу учир зүггүй дайраад ...найз охин Намуунаа том өрөөнөөс гарч ирээд “чи яагаад байгаа юм” гэж хэлтэл Оюун-Эрдэнэ манай найз охиныг “чи муу янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж, Намуунаагийн нүүр лүү гараараа цохисон, мөн элэг, нуруу руу нь цохисон, үснээс нь үсдээд байхаар нь би арай гэж салгасан. Манай найз охины хамраас цус гарсан байхаар нь ариун цэврийн өрөө рүү оруулаад хамрын цусыг нь угаачихаад буцаад гараад иртэл, Оюун-Эрдэнэ Сарнайг орцонд үсдээд зодож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-31/,
сэжигтэн, яллагдагч Э.Оюун-Эрдэнийн “...Тухайн үедээ би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн Намуунаа ч бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэг мэдсэн чинь Намуунаа бид хоёр үсдэлцсэн, би Намуунааг үснээс нь зулгаасан чигээрээ доош нь дугтраад газарт унагасан үед шүдээрээ газарт цохисон байж магадгүй, нуруунаас нь хазсан байсан, тухайн үедээ би “юу хийгээд байна” гэж бодоод Намуунааг хазахаа больтол Сарнай миний зүүн талын хавирга руу хөлөөрөө өшиглөсөн, тэр үед би амьсгалахад их сонин болоод Намууны үснээс тавьж салсан. Тэгээд газраас босч ирээд Сарнай миний хавирга руу өшиглөсөн болохоор уур хүрээд, үснээс нь шууд зулгааж үсдсэн, мөн Сарнай миний үснээс зулгаасан, тухайн үед Сарнай урт хиймэл хумстай байсан надтай үсдэлцэж байх үедээ хумс нь хугарсан байж магадгүй. ...Сарнай бид хоёр нэг нэгнийхээ үсийг зулгаагаад л салсан. ...тухайн үед би биеэ л хамгаалсан.” гэсэн мэдүүлэг /хх-45-46, 171-172/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаартай;
“...1. Г.Ны биед дээд зүүн нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээд зүүн нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нуруунд зулгаралт нь хүний шүдээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Шинэ гэмтлүүд байна. 3.Дээд зүүн нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хх-70-71/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 466 дугаартай;
“...1.Э.С-гийн биед баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. 3.Баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх 76-77/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 710 дугаартай “...1.2.Г.Ны биед дээд зүүн нэгдүгээр буюу 21-р шүдний цөгц хэсгийн таслах ирмэгийн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээд зүүн нэгдүгээр буюу 21-р шүдний цөгц хэсгийн таслах ирмэгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 3.Г.Ны биед учирсан дээд зүүн нэгдүгээр буюу 21-р шүдний цөгц хэсгийн таслах ирмэгийн хугарал гэмтлийг нэг шүдний бүрэн булгаралт гэж үзэхгүй. 4.Г.Ны биед дээд зүүн нэгдүгээр буюу 21-р шүдний цөгц хэсгийн таслах ирмэгийн хугарал гэмтэлд сувгийн эмчилгээ хийж цирконон нүүрэвч хийнэ.” гэсэн дүгнэлт /хх-90-93/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 719 дугаартай “...1.Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 466 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Э.Сгийн биед учирсан баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн хөлийн шилбэний цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хх-103-105/,
иргэн Г.Ны “...2021 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 3 цагийн үед Уртбулаг баг 7 дугаар байрны 43 тоотод найз Мандахбаярын гэрт Сарнай болон Мөнхбаяр нарын хамт байж байхад согтуу эмэгтэйчүүд хаалга нүдэж орж ирээд бидний биед халдсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, түүний өргөдөл /хх-9/,
Зөрчлийн хэрэг материалд авагдсан баримтууд /хх-47-62, 123-149/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн “Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах дэвтэр”-ийн 8 хуудас баримт /хх-113-121/,
Э.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-152/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-151/,
хохирогч Г.Н-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-174-183/,
хохирогч Э.С-гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-189-193/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Э.О-с сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-7-43 тоотод хохирогч Г.Н, Э.С нарын биед халдан зодож, хохирогч Г.Ны биед дээд зүүн нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал, нуруунд зулгаралт бүхий гэмтэл,
хохирогч Э.С-ийн биед баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх хохирогч Г.Н-ы “...Оюун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Баярбаясгалан нар гаднаас дайрч орж ирээд Оюун-Эрдэнэ намайг элдэв янзын үгээр доромжилсон. Оюун-Эрдэнэ эгч намайг үсдсэн, би зөрүүлээд үсдсэн. ...миний үснээс зулгаасан чинь би газар унаж тэр үед нүүр лүү цохиж, нуруу болон гараас хазсан, миний хамраас маш их цус гарсан.” гэх,
хохирогч Э.С-ийн “...2021 оны 8 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Мөнх-Эрдэнэ үл таних эмэгтэйтэй нэг оронд орчихсон хэвтэж байсан зургийг би нь гар утсаараа дараад Номин-Эрдэнийн фэйсбүүк рүү явуулсан. ...Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй гаднаас дайрч орж ирээд Намуунааг зодсон. ...Оюун-Эрдэнэ цаанаас нь “Сарнай гичий минь наашаа гараад ир” гээд хараал хэлээд дайраад байсан. ...Оюун-Эрдэнэ гүйж ирээд намайг шууд үстэж аваад Мандахбаярын гэрийн үүдний нэг захаас нөгөө зах хүртэл чирээд, миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохиод байхаар нь би болилуулах гээд Оюун-Эрдэнийн гарыг нь барих гэтэл миний гар луу Оюун-Эрдэнэ гараа атгаж байгаад цохиод миний баруун гарын ядам хурууны хумс, зүүн гарын долоовор хурууны хумс сөхөгдсөн, бэлэг эрхтэн рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн, зүүн хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан.” гэх,
гэрч Д.Н---н “...Оюун-Эрдэнэ эгч намайг өмөөрч Намуун, Сарнай нартай барьцалдаж авсан. Сарнай манай эгчийг “болиоч” гээд гэдэс рүү нь өшиглөөд байсан, ер нь бие биенээ харилцан цохиод, өшиглөөд байсан.” гэх,
гэрч Ч.М-н “...Оюун-Эрдэнэ манай найз охиныг “чи муу янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж, Намуунаагийн нүүр лүү гараараа цохисон, мөн элэг, нуруу руу нь цохисон, үснээс нь үсдээд байхаар нь би арай гэж салгасан. ...Оюун-Эрдэнэ Сарнайг орцонд үсдээд зодож байсан.” гэх,
Э.О-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би Намуунааг үснээс нь зулгаасан чигээрээ доош нь дугтраад газарт унагасан үед шүдээрээ газарт цохисон байж магадгүй, ...Сарнай миний хавирга руу өшиглөсөн болохоор уур хүрээд, үснээс нь шууд зулгааж үсдсэн, мөн Сарнай миний үснээс зулгаасан, тухайн үед Сарнай урт хиймэл хумстай байсан надтай үсдэлцэж байх үедээ хумс нь хугарсан байж магадгүй.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаартай “...1. Г.Ны биед дээд зүүн нэгдүгээр шүдний имтэрсэн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 466 дугаартай “...1.Э.Сгийн биед баруун гарын ядам хуруу, зүүн гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүдээр,
иргэн Г.Н-ы “...2021 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 3 цагийн үед Уртбулаг баг 7 дугаар байрны 43 тоотод найз Мандахбаярын гэрт Сарнай болон Мөнхбаяр нарын хамт байж байхад согтуу эмэгтэйчүүд хаалга нүдэж орж ирээд бидний биед халдсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
Зөрчлийн хэрэг материалд авагдсан баримтууд, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн “Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах дэвтэр”, хохирогч нарын хохирол нэхэмжилсэн баримтууд Г.Н-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн үйлдэл нь хохирогч Г.Н, хохирогч Э.С нарын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, тэдний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог,
харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой болно.
Хохирол төлбөрийн тухайд;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн хохирогч Г.Н, хохирогч Э.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч нарт учирсан хохирол бөгөөд тэдний эмнэлгийн тусламж авч эмчилгээ, сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардлууд нь хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Н нь Орхон аймгаас Улаанбаатар хот явах, Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэхтэй холбоотой зардалд 110.566 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 10.000 төгрөг, хоол идсэн 40.000 төгрөг, шүдний зураг авахуулсан 300.000 төгрөг, шүдэнд эмчилгээ хийлгэхэд 1.830.000 төгрөг нийт 2.290.566 төгрөгийг,
хохирогч Э.С эмчилгээ, эм тариатай холбоотой нийт 72.500 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.О-с нэхэмжилжээ.
Хохирогч нараас гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судлаад шүүх хохирогч Э.С-ийн нэхэмжилсэн 72.500 төгрөгийг,
хохирогч Г.Ны гаргасан баримтуудаас Орхон аймгаас Улаанбаатар хот явах, Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэхтэй холбоотой зардалд 110.566 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 10.000 төгрөг, хоол идсэн 40.000 төгрөг, шүдний зураг авахуулсан 300.000 төгрөг нийт 460.566 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.О-с гаргуулж хохирогч нарт олгож,
хохирогч Г.Н-ы нэхэмжлэлээс 1.830.000 төгрөгийг урьдчилан тооцоолох боломжгүй нэхэмжлэл гэж үзээд хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх эмчилгээг хийлгэсний дараа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.О хохирогч нарт хохирол, төлбөр төлөөгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед “...хохирогч нарын хохирлыг “Charming Fitness” клубт багшаар ажилласан цалингаараа төлж барагдуулна.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг цалингын орлогоороо бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...энэ гэмт хэрэг гаргахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж үзэж байна, шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн санал, хүсэлтийг шүүх хүлээн авах, улмаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
зорчих эрх хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх,
7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.О-с нийт 533.066 төгрөг гаргуулж хохирогч Г.Н-д 460.566 төгрөгийг, хохирогч Э.С-д 72.500 төгрөгийг тус тус олгож,
хохирогч Г.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ