| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0297/э |
| Дугаар | 2022/ШЦТ/15 |
| Огноо | 2021-12-30 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
2021 12 30 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч С.Б,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002580298 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн Ж:Б
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Ж.Б нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төв Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар зогсож байсан иргэн Х.Э-н Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “...Хаан банкны АТМ-аас хүний карт ашиглан 300.000 төгрөгийг авсандаа гэмшиж байна, хохирлыг төлнө.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Х.Э-н “...Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны бэлэн мөнгөний машинаас өөрийн 5094664182 дугаарын данснаас мөнгө авахаар очсон, би өөрөө бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чаддаггүй болохоор мөнгө авахдаа банкны хамгаалагчаар нь мөнгө авахуулдаг байсан бөгөөд тэр өдөр банкны хамгаалагч байхгүй болохоор нь уг АТМ руу гаднаас орж ирсэн, миний ойролцоо насны гэмээр эрэгтэй хүнийг гуйсан. ...тэр хүн надаас миний картын пин кодыг асуухад нь би хэлж өгчихөөд зогсож байтал “гялс бие засчихаад ирье” гэж гарсан бөгөөд араас нь дагаад явж байтал байшингийн булан тойроод гүйгээд алга болчихсон. Би картаа хаалгах гэхэд миний картаас 300.000 төгрөг алга болсон байсан. ...Миний картыг авсан хүн дунд зэргийн махлаг, шардуу царайтай, томдуу толгойтой, 170см орчим өндөр нуруутай, гадуураа саарал өнгийн гандсан биеийн тамирын хувцас өмссөн, 58 орчим насны буюу миний үеийн эрэгтэй байсан. ...би тэтгэвэрт гарч чадаагүй, группын 300.000 төгрөгөөр сардаа ганцаараа амьдардаг хүн, миний алдсан 300.000 төгрөгийг надаас карт авсан хүнээс авч өгөхийг хүсэж байна, өөр ямар нэгэн гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хх-7-8, 12/,
сэжигтэн, яллагдагч Ж.Б-гийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт үйл ажиллагаа явуулдаг төв Хаан банкны бэлэн мөнгөний машин байдаг хэсэг рүү таньдаг хүн байгаа эсэх талаар харахаар ороход дотор нь байсан надтай ойролцоо насны эрэгтэй хүн намайг “бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад өгөөч” гэж хэлсэн. Би мөнгийг нь авч өгөхөөр зогсож байтал надад нууц үгээ хэлчихээр нь би “гэдэс өвдөөд байна” гэж худал хэлэн уг бэлэн мөнгөний машинаас гарч ертөнцийн зүгээр зүүн тийш Хүрэнбулаг баг Урт цагаан цагаан дээр очиход нөгөө картын эзэн араас ирэхгүй байхаар нь хоол авч идэх, буудалд хонож усанд орох зорилгоор тэр хүний картыг Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинд хийж дотроос нь 300.000 төгрөг авсан. Би уг бэлэн мөнгөний машинаас гармагцаа картыг нь гудамжинд хаячихаад өөрөө Согоот багт зочид буудалд очиж хоноглож усанд орсон, хоол идсэн. Маргааш нь надад 200.000 төгрөг үлдсэн байхаар нь төв Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очиж картын эзнийг хайсан боловч олдоогүй, тэр хүнээс авсан мөнгөнөөс үлдсэн 200.000 төгрөгийг бага багаар цувуулж үрсээр байгаад дуусгасан, 300.000 төгрөгөө алдсан хүний хохирлыг ажил хийж байгаад барагдуулна. ...Би одоогоор тогтсон гэр оронгүй, харж хандах ах дүү, гэр бүл, найз нөхөд байхгүй хэцүү байгаа болохоор хоол идэх, усанд орохын тулд бусдын эд хөрөнгийг авсан нь миний буруу, ...хохирогчийн мөнгийг өгч барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-16, 33-34/,
иргэн Х.Э-н “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Согоот багийн төв Хаан банкны АТМ дээр өөрийн картнаас мөнгө авахдаа үл таних залуугаас тусламж гуйгаад картын нууц үгээ хэлээд картаа өгөхөд миний картыг авч явсан ба миний 5094664182 тоот данснаас 300.000 төгрөг авсан байна.” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5/, өргөдөлд хавсаргасан Хаан банкны 5094664182 тоот дансны хуулга /хх-6/,
Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий 256 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн нэг ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,
Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-23-24/,
Ж.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-63/,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогчоос болон Ж.Б-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр төв Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар зогсож байсан иргэн Х.Энхээгийн Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;
хэргийн үйл баримтын талаарх хохирогч Х.Э-н “...Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны бэлэн мөнгөний машинаас өөрийн 5094664182 дугаарын данснаас мөнгө авахаар очсон, би өөрөө бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чаддаггүй болохоор...уг АТМ руу гаднаас орж ирсэн, эрэгтэй хүнийг гуйсан. ...тэр хүн надаас миний картын пин кодыг асуухад нь би хэлж өгчихөөд зогсож байтал “гялс бие засчихаад ирье” гэж гарсан бөгөөд араас нь дагаад явж байтал байшингийн булан тойроод гүйгээд алга болчихсон. Би картаа хаалгах гэхэд миний картаас 300.000 төгрөг алга болсон байсан.” гэх,
сэжигтэн, яллагдагч Ж.Б-гийн “...надтай ойролцоо насны эрэгтэй хүн намайг “бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад өгөөч” гэж хэлсэн. Би мөнгийг нь авч өгөхөөр зогсож байтал надад нууц үгээ хэлчихээр нь би “гэдэс өвдөөд байна” гэж худал хэлэн уг бэлэн мөнгөний машинаас гарч ертөнцийн зүгээр зүүн тийш Хүрэнбулаг баг Урт цагаан дээр очиход нөгөө картын эзэн араас ирэхгүй байхаар нь хоол авч идэх, буудалд хонож усанд орох зорилгоор тэр хүний картыг Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинд хийж дотроос нь 300.000 төгрөг авсан.” гэх мэдүүлгүүдээр,
иргэн Х.Э-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хавсаргасан Хаан банкны- тоот дансны хуулга, Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий сиди, эрх бүхий албан тушаалтны камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ж.Б-гийн хохирогч Х.Энхээгийн Хаан банкны картыг нь авч, пин кодыг нь мэдсэний дараа “гялс бие засчихаад ирье” гэж хэлээд Хаан банкны бэлэн мөнгөний машин байдаг хэсгээс гарахад хохирогч араас нь дагаад явж байтал байшингийн булан тойроод зугтаасан, уг дансанд мөнгө байгааг мэдсэн тул Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинд картыг хийж 300.000 төгрөг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс илээр авахыг хэлнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүний дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн Хаан банкны данснаас 300.000 төгрөг авсан, мөн хохирогч нь карт захиалсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Бгаас 305.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Энхээд олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь “ажил хийгээд хохирогчид учруулсан хохирлыг төлнө.” гэж мэдүүлсэн боловч тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй тул шүүгдэгчийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, эсхүл оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосон тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зэрэг зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх боломжгүй. Учир нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирлыг хэзээ, ямар орлогоор төлөх нь тодорхойгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй бөгөөд түүний “ажил хийж хохирлыг төлнө” гэснийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймээс шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий 256 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн нэг ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 305.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Э-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн, Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий 256 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн нэг ширхэг сиди-г эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ
.