| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0002/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/17 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
2022 1 03 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,
улсын яллагч Н.Д,
хэлмэрч Б.Б,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2025004800331 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Б
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-8 тоот С.Төгсөөгийн эзэмшлийн хөргүүрийн зориулалттай үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч, хонины гулууз мах нэг ширхэг, үхрийн гуя хоёр ширхэг, үхрийн өвчүү нэг ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 814.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...миний буруу, би хулгайлсан хонины махаа эзэнд буцаагаад өгсөн.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч С.Т-н “...Манайх хороололд Уртын гол баг Баянталын 8-8 тоот хашаанд мах хөргүүрийн газартай, 2020 оны 10 дугаар сарын эхэн үеэр... манай хөргүүр рүү хулгай орж нэг хонины бүтэн мах, хоёр үхрийн гуя, нэг үхрийн өвчүүний мах хулгайд алдагдсан. ...Би хохирлын мөнгө болох 646.000 төгрөгөө авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал/,
гэрч Г.Б-н “...Тухайн хэрэг гардаг өдөр би хөргүүрийн вакум цонхны хамгаалалт хийх гээд очиход “манай мах хөргүүрийн газарт хулгай орчихсон байна” гэж С.Төгсөө хэлж байсан. ...тухайн үед би мах хөргүүрийн гадна талын вакум цонх онгорхой байхаар нь хаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
яллагдагч Б.Б-ийн “...Би Төгсөөгийн эзэмшлийн байшинд нэвтэрч мах хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирлын мөнгөө төлсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
Орхон аймаг дахь Цагдаагийн газарт иргэн С.Төгсөөгийн гаргасан “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагаас 21 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-8 тоотоос гулууз мах алдагдсан байна.” гэсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-8, 8-19, 8-21 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13, 14-15, 17-19 дэх тал/,
“Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/02-218 дугаартай “...хонины бүтэн гулууз мах 168.100 төгрөг, үхрийн гуя 538.700 төгрөг, үхрийн өвчүү 107.700 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 11-ний өдрийн байдлаар нийт 814.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-40 дэх тал/,
Орхон аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 241 дугаартай “...шинжлэгдэж буй 3 гэсэн дугаартай гарын мөр нь МN003020001363 дугаараар санд бүртгэгдсэн Б.Б-ийн баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
Сэжигтэн Б.Б-ийг шүүхийн зөвшөөрөлгүй 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл баривчилсан тухай мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-94 дэх тал/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 428 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
Хохирогч С.Төгсөөд 646.400 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхөн төлсөн тухай Хаан банкны баримт /хавтаст хэргийн 101 дэх тал/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хонины гулууз махыг гэрч С.Төгсөөд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 111 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Бөөс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-8 тоот иргэн С.Төгсөөгийн эзэмшлийн хөргүүрийн цонхоор нэвтэрч, хонины гулууз мах, үхрийн гуя хоёр ширхэг, үхрийн өвчүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 814.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;
хэргийн үйл баримтын талаарх хохирогч С.Төгсөөгийн “...2020 оны 10 дугаар сарын эхэн үеэр...манай хөргүүр рүү хулгай орж нэг хонины бүтэн мах, хоёр үхрийн гуя, нэг үхрийн өвчүүний мах хулгайд алдагдсан.” гэх,
гэрч Г.Баасандоржийн “...манай мах хөргүүрийн газарт хулгай орчихсон байна гэж С.Төгсөө хэлж байсан.” гэх,
яллагдагч Б.Б-ийн “...Би Төгсөөгийн эзэмшлийн байшинд нэвтэрч мах хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 8-8, 8-19, 8-21 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
“Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/02-218 дугаартай “...хонины бүтэн гулууз мах 168.100 төгрөг, үхрийн гуя 538.700 төгрөг, үхрийн өвчүү 107.700 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 11-ний өдрийн байдлаар нийт 814.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт,
Орхон аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 241 дугаартай “...шинжлэгдэж буй 3 гэсэн дугаартай гарын мөр нь МN003020001363 дугаараар санд бүртгэгдсэн Б.Бийн баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хохирогч С.Т-д 646.400 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхөн төлсөн тухай Хаан банкны баримт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хонины гулууз махыг гэрч С.Төгсөөд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хөргүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хөргүүрийн үйл ажиллагаа явуулдаг байгууламж байх бөгөөд уг байгууламж нь нэг субьектийн эрх ашиг, орон зайг нөгөө субьектийн орон зай, хууль бус үйлдлээс тусгаарлаж байдаг учир үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр гэх ойлголтод хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь дээрх бүх шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгчийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хөргүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Төгсөөд нийт 814.500 төгрөгийн хохирол учирсан болохыг хавтаст хэргийн 35-40 дэх талд авагдсан “Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/02-218 дугаартай дүгнэлтээр тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр хураан авсан хонины гулууз махыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн баримт хавтаст хэргийн 111 дэх талд,
мөн хохирогчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үхрийн гуяны үнэ 538.700 төгрөг, үхрийн өвчүүний үнэ 107.700 төгрөг нийт 646.400 төгрөгийг төлсөн тухай баримт хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан тул шүүгдэгч Б.Б-ийг учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг хөргүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
мөн түүний баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,
4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,
12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж,
3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заажээ.
Иймээс шүүгдэгч Б.Б урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, мөн байнга оршин суух хаягтайгаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэрэгт нь шүүх 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан зэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 2 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 11 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 2021 оны 10 дугаар сарын 23-25-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хөргүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг хасч, эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жил 11 сар 28 хоногоор дүйцүүлэн сольж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэж,
7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арванзургаа, арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ