Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Цолмон, Ж.Сувд нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Цолмон, Ж.Сувд нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Голомт банк” ХХК, “Монгол даатгал” ХХК-д тус тус холбогдох

2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу хүү тооцохыг зогсоолгох, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг “Голомт банк” ХХК-д төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-д даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдох ЗГ1705040981 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38 025 499 төгрөг, нийт 162 554 463 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 тоот Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах,

Хариуцагч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдох ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44 049 695 төгрөг, үндсэн хүү 13 398 459 төгрөг, нийт 57 854 812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээний барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мандах

Хариуцагч “Монгол даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Нацагдорж, У.Анхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Д.Алтанцэцэг нь Голомт банкны байнгын харилцагч, үйлчлүүлэгч, зээлдэгч, банктай байгуулсан гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлдэг сайн харилцагч нь байсан юм. Голомт банк ч үүнийг үгүйсгэдэггүй. Гэтэл бидэнд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөж баршгүй хүнд гарз тохиолдон, миний ээж зуурдаар нас барсан. Бид нас барсан тухай нь Голомт банкны Саппоро салбарт 2015 оны 01 дугаар сарын 30-нд утсаар мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр очиж уулзан, зээлтэй холбоотой, амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээнд зааснаар зээлийг барагдуулах авах арга хэмжээ авахыг хүсэж, удаа дараа өргөдөл хүсэлт өгсөн боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлэсэн зүйл байхгүй, аливаа тайлбар, шийдвэрээ бичгээр гаргаж өгөхгүй, зээлээ төлөхийг шаардаж байгаа тул бидэнд үүсч болох хохирлоос сэргийлэх зорилгоор шүүхэд хандаж байна.

Миний ээж 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, сэлбэ 58-104 болон 106 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагааг миний ээж хариуцан эрхэлдэг байсан. Ээж маань гэнэт нас барж, өнөөдрийн байдлаар эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, би 2 нялх хүүхдийн хамт амьдарч байгаа, ажилгүй, төлбөрийн чадваргүй, дүү маань оюутан, дөрвүүлээ үлдсэн юм.

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээгээр БГД, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/; Энхтайваны өргөн чөлөө, 68-р байрны 57 тоотод орших 93.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 182 130 000 төгрөгөөр худалдан авахад зориулан 70 хувь буюу 127 490 000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээл авах үед Голомт банкнаас манай ээжийг Монгол даатгал компанитай амь насны болон эд хөрөнгийн даатгалыг байгуул гэснээр Монгол даатгал компанитай зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээг 2028 оны 10 сар хүртэл байгуулж, даатгалын гэрээний төлбөр болон зээлийн төлбөрийг Голомт банк шилжүүлж байсан бөгөөд гэрээний хавсралт баталгаа хэсэгт Зээлийн хугацаа 2013 оны 10 дугаар сараас 2028 оны 10 дугаар сар хүртэл гэж, Гэрээний 3.3-т “...даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож даатгагчид шилжүүлнэ. Банк хөрөнгийн үнэлгээг жил бүр тодорхойлох ба уг тодорхойлогдсон үнээр даатгалд хамрагдана” гэж заасны дагуу банкнаас даатгалын гэрээг сунгахаар санаачлага гаргахаар гэрээнд заасан байна.

Мөн Голомт банктай байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-ийн сар бүр төлбөр төлөх хуваарь хэсэгт амь насны даатгалын сарын төлбөр баганад сар бүр төлбөрийг суутган авахаар, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр баганад жил бүрийн 10 дугаар сард 1 удаа авахаар тус тус зааж өгсөн байна. Энэ төлбөрийг төлөх Монгол даатгал компанийн данс эсвэл даатгалын төлбөр төлөх дансыг Голомт банктай байгуулсан гэрээнд зааж өгөөгүй, зээлдэгчийн (талийгаач ээж Д.Алтанцэцэг) харилцах дансны үлдэгдэл нь эдгээр төлбөр төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа.

Зээлдэгчийн хувьд анх даатгалын гэрээг Голомт банкаар дамжуулан байгуулсан, сар бүр төлөх хавсралт 1 гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлтэйгээр гэрээг анх байгууулсан учраас даатгалын гэрээгээ сунгагдсан гэж ойлгон гэрээг байгуулаагүй байж болохоор байна. Учир нь миний ээж аливаа ажлыг цаг тухайд нь хийж дуусгадаг. Голомт банкнаас тавьсан аливаа шаардлагуудыг бүрэн биелүүлдэг, зээлээ төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчөөгүй. Голомт банкны хувьд даатгалын гэрээ байгуулаагүй талаар “...энэ гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах ёстой” гэж хэлсэн нь анх зээл олгохдоо даатгалын гэрээ байгуулахыг шаардаж байсантай нь зөрчилдөж байна. Хэрэв Голомт банк гэрээний Хавсралт 1-ийн төлбөр төлөх хуваарьт даатгалын төлбөр төлөхөөр заагаагүй бол бид гэрээг өөрсдийн санаачлагаар байгуулах ёстой гэж ойлгохоор байсан. Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд амь насны болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийг зээлийн төлбөртэй хамт төлөхөөр заасны дагуу цаг хугацаандаа зээл болон амь насны болон эд хөрөнгийн даатгалаа төлж байсан.

2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, 200 000 000 төгрөгийн (Акуа ХХК-ийн нэрээр гэрээ байгуулсан), 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот дугаар бүхий орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127 490 000 төгрөгийн зээл авсан бөгөөд ЗГ1705017992 зээл нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар үлдэгдэл нь 44 668 695 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээл нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 126 291 573 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байгаа.

Иймд эдгээр зээлүүдийн хүү бодохыг ээжийг минь нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох, Монгол даатгал компанийн зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-т “Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах тохиолдолд эрсдлээс бүрэн хамгаалахаар” заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Голомт банкинд төлж барагдуулахыг Монгол даатгал компанид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Монгол даатгал” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн ээж Д.Алтанцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг “Монгол Даатгал” ХХК-тай байгуулсан. Талийгаачийн орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан тул гэрээний дагуу хүлээх хариуцлага “Монгол Даатгал” ХХК-ийн зүгээс дуусгавар болсон байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9/3319 тоот албан бичигт даатгуулагч Д.Алтанэцэгийн “Монгол Даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 7.1-т даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан ба гэрээний 7.2.1-т зааснаар даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан тул гэрээгээр хүлээх хариуцлага мөн адил дуусгавар болж байна.

Нэхэмжлэгч Ж.Цолмон нь нэхэмжлэлдээ талийгаач Д.Алтанцэцэгийн 10 дугаарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-104 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл болон мөн орон сууц, амь насны даатгалын гэрээ байгуулсан баримт байхгүй байгаа тул нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй үзэж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжпэгч Ж.Цолмонгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

Хариуцагч “Голомт банк” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Голомт банк” ХХК нь нэхэмжлэгчийн ээж болох Д.Алтанцэцэгтэй 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот Зээлийн гэрээг байгуулж, 200 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон. Энэхүү гэрээний хүрээнд ЗБ1705017992 Ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн орон сууцыг барыдаалсан.

Үүнээс гадна 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127 490 000  төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч Ж.Цолмон нэхэмжлэлдээ дээрх зээлүүдийн хүүг бодохыг нэхэмжлэгчийн ээж нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зогсоолгох хүсэлт гаргажээ. Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т "хууль буюу гэрээгээр өв болон залгамжлах, түүнчлэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны улмаас барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь тухайн гзрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна" хэмээн заасан ба зээлдэгчийн авсан орон сууцанд нэхэмжлэгч тал оршин сууж, зээлийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь үүнийг баталж байна.

Мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т “Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохйолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувьд дуусгавар болно" гэсэн нь гүйцэтгэл зөвхөн тухайн нас барсан этгээдийн хувьд дуусгавар болсныг тодорхойлж буй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн өв болон эрх залгамжлагчид хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэхийг тодорхойлж буй юм. Банкны зээлийн барьцаагаар хангагдах эрх хүчин төгөлдөр хэвэзр байгаа бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр байгааг тодорхойлж байх тул зээлийн хүүг зогсоох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Жаргалсайхан овогтой Цолмонгийн "Голомт банк", "Монгол даатгал" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Голомт банк ХХК нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан шүүхэд гаргасан 07/1770 дугаартай сөрөг нэхэмжлэлдээ: “...“Акуа” ХХК нь Голомт банкинд хандан зээл авах хүсэлт гаргасныг үндэслэн талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗП 705017992 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулснаар 200 000 000 төгрөгийн зээлийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар авсан бөгөөд энэхүү зээл нь 60 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр олгогдсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗБ1705017992 дугаартай "Ипотекийн гэрээ"-г байгуулснаар дараах нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

"Акуа" ХХК-ийн захирал нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан бөгөөд энэ хугацаанаас хойш төлөлт зогссон. Банк нь өвийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүлээцтэйгээр хандаж байсан боловч өвлөгчийн зүгээс зээлдүүлэгчийг шүүхэд хандан хариуцагчаар татсан болно. Өвлөгчөөс “Голомт банк” ХХК, “Монгол Даатгал” ХХК-уудыг хариуцагчаар татан зохих нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Голомт банкнаас олгогдсон зээлийн хүүг зээлдэгчийг нас барсан өдрөөр дуусгавар болгон зогсоох шаардлага тавьсан байх бөгөөд энэхүү шаардлагыг хүлээн авах боломжгүй тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Нотариатын танхимаас 2016 оны 05 дугаар сарын 24 өдөр Голомт банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар Компаний захирлын төрсөн охин болох Жаргалсайхан овогтой Сувд /РД:УУ90050923/ нь "Акуа" ХХК-ийг болон бусад зээлийн барьцаа хөрөнгүүдийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. /Нотариатын тахимын 2016 оны 315 дугаартай лавлагааны хариуг хавсаргав/.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт "Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэсэн заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ1705017992 дугаартай "Зээлийн гэрээ"-ний 2.3 болон 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:

1.Өвлөгч Ж.Сувдаас ЗП705017992 дугаартай "Зээлийн гэрээ"-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 44 049 695 төгрөг, үндсэн хүү 13 398 459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406 657 төгрөг буюу нийт 57 854 812 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна.

2.Өвлөгч Ж.Цолмонгоос ЗГ1705040981 дугаартай "Орон сууцны зээлийн гэрээ"-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, үндсэн хүү 38 025 499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59 767 төгрөг буюу нийт 162 554 463 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна.

Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 дугаартай "Ипотекийн гэрээ"-гээр барьцаалагдсан Баянгол дүргийн 5-р хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Цолмон сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Голомт банкны 2016 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд "Акуа" ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 57 854 812 төгрөг, Ж.Цолмон, Ж.Сувд нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 162 554 463 төгрөг тус тус нэхэмжилжээ. "Акуа" ХХК /захирал Д.Алтанцэцэг/ нь Голомт банкнаас 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөг, мөн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот зээлийн гэрээгээр 127 490 000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд зээлийн буцаан төлөлтийг цаг тухайд нь хийж байсан билээ. Гэтэл зээлдэгч Д.Алтанцэцэг нь 2015 оны 01 дүгээр сард гэнэт нас барж, зээлийн төлөлт бүрэн зогссон юм. “Голомт банк” ХХК, Д.Алтанцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн байсан ба дээрх зээлийн үлдэгдлийг Голомт банк, "Монгол даатгал" ХХК-ийн хооронд байгуулсан "Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгуулагч Д.Алтанцэцэгийн амь насны даатгалын нөхөн төлбөрт "Монгол даатгал" ХХК-иас “Голомт банк” ХХК-д төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэх үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Сувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “..."Акуа" ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд өв залгамжлагчийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул компанийн үйл ажиллагаа доголдож өнөөдрийг хүртэл компанийн өр зээлийг төлж чадахгүй байна. Дээрх зээлийн хувьд зээлдэгч нас барсан өдрөөс хойш өв залгамжлалын асуудал шийдвэрлэхэд өнгөрсөн цаг хугацааны хүү төлөх боломжгүй байгаа тул хасч өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоож, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу талийгаач Д.Алтанцэцэгээс нэхэмжлэгч Ж.Цолмонгийн өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 124 469 197 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цолмонгоос гаргуулж хариуцагч “Голомт банк” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ж.Цолмонгийн өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр 124 469 197 төгрөгийг гаргуулах үндсэн үүргийг ЗБ1705040981 тоот ипотекийн гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулж, Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д заасныг баримтлан амь насны даатгалын гэрээний дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Голомт банкинд төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-нд даалгуулах, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний дагуу хүүгийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38 085 266 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цолмонгоос гаргуулах, ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44 049 695. төгрөг, үндсэн хүү 13 398 459 төгрөг, нийт 57 854 812 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сувдаас гаргуулж, ЗБ1705017992 тоот ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч “Голомт банк” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, хариуцагч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 227 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 190 426 төгрөгийг улсын төсөвт нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Ж.Цолмонгоос 780 296 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Голомт банк” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Цолмон давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх  нь хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Монгол даатгал” ХХК-иас амь насны даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаарх үндэслэлүүд дурдагдсан байна. Зээлдэгч Д.Алтанцэцэг, зээлдүүлэгч “Голомт банк” ХХК-ийн хооронд байгуулсан "Орон сууцны зээлийн гэрээ" нь 180 сарын хугацаатай юм. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчтэй гэрээ байгуулж зээлийн эрсдлээс хамгаалахын тулд амь насны даатгалыг үндсэн "Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаанд заавал хийлгэхийг шаарддаг бөгөөд “Голомт банк” ХХК, “Монгол даатгал” ХХК-ны хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ"-гээр “Голомт банк” ХХК буюу зээлдүүлэгч дундын зуучлалын үүрэг гүйцэтгэн зээлдэгчээс амь насны даатгалын хураамжыг хураан авч “Монгол дааттал” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан бөгөөд энэ нь “Голомт банк” ХХК-ийн харилцааны менежерийн ажил үүргийн хуваарь, мөн дээр дурдсан хамтран ажиллах гэрээгээр нотлогдож байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт даатгуулагч Д.Алтанцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай даатгалын үнэлгээний 0.12 хувиар даатгуулж 152 988 төгрөг төлсөн гэж үзжээ. Зээлдүүлэгч, зээлдэгчтэй байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хавсралт 1-д тохиролцсоноор орон сууцны даатгалын хураамжийг 1 жилд нэг удаа, харин амь насны даатгалын хураамжийг зээлийн үлдэгдлийн 0.1 хувьд тооцон cap бүр өөр өөр дүнгээр 180 сарын турш хуваан төлөхөөр тохиролцож, үүний дагуу “Голомт банк” ХХК, “Монгол даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу харилцааны менежер даатгагч “Монгол даатгал” ХХК-ийн дансанд шилжүүлж байх үүрэг хүлээсэн билээ. Даатгагч, даатгуулагч хоёрын хооронд байгуулсан гэрээ, амь насны даатгалын баталгаагаар амь насны даатгалын хураамжаа 12 сараар орон сууцны даатгалын хураамжийн хамт урьдчилан шилжүүлсэн бөгөөд даатгалын гэрээ үүнээс хойш сунгагдан cap бүр зээлийн үлдэгдлийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хураамжийг үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл төлөх үүргийг даатгуулагч хүлээсэн юм. Үүний дагуу даатгуулагч Д.Алтанцэцэг “Орон сууцны зээлийн гэрээ"-ний хавсралт 1 -д тохиролцсоноор cap бүр үндсэн төлбөр, зээлийн хүү, даатгалын хураамжаа нийлүүлэн төлж ирсэн байдаг. Гэтэл зээлийн эдийн засагч одооны харилцааны менежерийн буруутай үйл ажиллагаанаас болж даатгалын хураамжид төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцон авсан байх бөгөөд энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн дансны хуулгаас харагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Цолмон, Ж.Сувд нар нь хариуцагч Голомт банк ХХК-нд холбогдуулан “Акуа” ХХК, “Голомт банк” ХХК нарын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан ЗГ1705017992 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг зээлдэгч Д.Алтанцэцэг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгох, талийгаач Д.Алтанцэцэг болон “Голомт банк” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг мөн дээрх өдрөөр тасалбар болгуулах, “Монгол даатгал” ХХК-нд холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг амь насны даатгалын гэрээний дагуу “Голомт банк” ХХК-нд төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-нд даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “Голомт банк” ХХК нь нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38 025 499 төгрөг, нийт 162 554 463 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 тоот Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах, нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдуулан ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44 049 695 төгрөг, үндсэн хүү 13 398 459 төгрөг, нийт 57 854 812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээний барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад заагдсан “Акуа” ХХК, “Голомт банк” ХХК-ийн хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг зогсоох эсэх асуудал нь уг гэрээний талуудын хүрээнд, хууль болон гэрээнд заасан тодорхой үндэслэлээр шийдвэрлэгдэх асуудал бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээний зээлдэгч тал болох “Акуа” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй талаар баримтгүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь  зөв байна. Зээлийн гэрээний дагуу авсан зээлийг болон хүүг буцаан төлөх үүрэг нь тухайн зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бус, гэрээний дагуу хүлээх уг үүрэг нь хууль болон гэрээгээр бусдад шилжих боломжтой байхад 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Алтанцэцэгийн хүү төлөх үүрэг түүнийг нас барснаар дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т нийцээгүй боловч энэ талаар хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй болно. /хх 7, 18-21/

Хариуцагч “Монгол даатгал” ХХК, иргэн Д.Алтанцэцэг нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 26Р1359857 дугаартай орон сууцны болон амь насны даатгалын гэрээг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдаж, даатгуулагч Д.Алтанцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр даатгалын үнэлгээний 0.12 хувиар тооцон, нэг сард 12 749 төгрөг, 12 сарын  хугацаанд даатгагчид 152 988 төгрөгийн даатгалын хураамж төлж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх 25-26/

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар талууд маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “даатгалын хураамжийг зээлдэгчийн харилцах данснаас шууд хураан авч даатгагчид шилжүүлэн даатгалын гэрээг сунгах үүргийг “Голомт банк” ХХК хүлээсэн бөгөөд энэ нь “Голомт банк” ХХК, “Монгол даатгал” ХХК нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай анх удаа байгуулж, 2014 онд мөн нэг жилийн хугацаатай дахин шинэчлэн байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 3.8, 3.9, 4.2 дахь заалтууд, зээлдэгч Д.Алтанцэцэгийн “Голомт банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт амь насны даатгалын хураамжийг хэрхэн төлөх талаар тусгайлан заасан байдал, “Голомт банк” ХХК-ийн харилцааны менежерийн ажлын байрны тодорхойлолтын 1.2 дахь хэсгийн 5-д заасан чиг үүргийн байдлаар тус тус нотлогдоно” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Д.Алтанцэцэг, “Монгол даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан амь насны даатгалын гэрээний 5.2.4-т даатгалын хураамж төлөх нь даатгуулагчийн үүрэг байхаар заажээ.

2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 05-ны өдөр даатгалын хураамжийг оролцуулалгүйгээр зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 1 993 629 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх 21/ Гэтэл даатгалын гэрээний хугацаа дуусах үе буюу 2014 оны 10 дугаар сарын 16-ны үед хамаарах зээлийн дансны хуулгаас үзвэл 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 792 555 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 849 945 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 785 248 төгрөгийн төлөлтүүдийг тус тус хийж байжээ. /хх 149/ Иймд амь насны даатгалын хураамжийг сар бүрийн зээлийн төлбөрийн хамт тус дансанд байнга байршуулж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд даатгалын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1 дэх заалтад нийцжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Голомт банк” ХХК нь нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдуулан нас барагч Д.Алтанцэцэгээс түүний өвлөн авсан хөрөнгөөс ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба маргаан бүхий ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээ нь зээлдэгч “Акуа” ХХК, зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нарын хооронд байгуулагдсан, зээлдэгч “Акуа” ХХК нь түүний үүсгэн байгуулагч нас барсан гэх шалтгаанаар татан буугдаж, эд хөрөнгө нь эрх залгамжлалаар бусдад шилжсэн тухай аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч иргэн Ж.Сувд “Акуа” ХХК-ийн үүсгэн байгуулагч гишүүн болж өөрчлөгдсөн нь түүнийг иргэн Д.Алтанцэцэгээс өвлөн авсан хувийн хөрөнгөөр “Акуа” ХХК-ийн үүргийг хариуцах үндэслэл болохгүй гэж дүгнэж түүнд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, үүргийг хууль болон гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдээс шаардах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. 

Хариуцагч “Голомт банк ХХК” нь нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38 025 499 төгрөг, нийт 162 554 463 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 тоот ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нас барагч Д.Алтанцэцэгийн байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөрийн дүн мөн өдрийн байдлаар 124 469 197 төгрөг байсан талаар талууд маргаангүй, зээлдэгч Д.Алтанцэцэгийн төрсөн охин болох Ж.Цолмон нь талийгаачаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 104 тоот 80.72 м.кв 2 өрөө орон сууцыг төрсөн дүү Ж.Сувдтай хамтран өмчлөхөөр өвлөн авсан нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгө шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан байна.

Хариуцагч “Голомт банк” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг гагцхүү Ж.Цолмонд холбогдуулан гаргасан тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 124 469 197 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цолмонгоос гаргуулж хариуцагч “Голомт банкинд олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цолмонгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН