Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 08

 

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 
                  хэрэгсэхгүй болгох тухай

  
 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн С.М-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдох
регистрийн дугаартай Д.С-ийн эзэмшлийн ************** нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг С.М-д шилжүүлж өгөх шийдвэр гаргахгүй байгаа Архангай аймгийн Э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг С.М-д олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/231 дүгээр албан бичгийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/231 дүгээр албан бичигт: Тус сумын иргэн С.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваагийн Халзангийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсний дагуу Д.С-ийн эзэмшлийн 65155000694 нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг С.М-д шилжүүлж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “ ... Д.С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг түүний хүү С.М-д 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэхийг үүрэг болгож, шүүгчийн захирамжид дурдаж өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн С.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-гаас Архангай аймгийн Э сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжийн Ш.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж, шүүх  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ. /х.х-н 1, 8-9/
Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШЗ2020/0015 дугаар захирамжаар иргэн Ш.П-г уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно. /х.х-н 11-12/

Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг олгосон байх бөгөөд уг захирамжийн хавсралтын 11-т О овогт Ш-ийн П-д тус сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газарт 700м2 газар олгохоор захиргааны акт гаргажээ. /х.х-н 33-34/
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, маргаан бүхий газарт үзлэг хийж, Д.С, Ш.П нарын газрын хувийн хэрэг, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж, гэрчүүдээс мэдүүлэг авч, Ш.П-гийн эзэмших эрх бүхий Архангай аймгийн Э сумын Алаг-Уул багийн Хэсгийн ар гэх газарт байрлах 700м2 газар, Д.С-ийн эзэмших эрх бүхий Архангай аймгийн Э сумын Алаг-Уул багийн Хайлстайн амны Хэсгийн ар гэх газарт байрлах 700м2 газар нь нэг газар мөн эсэх, уг газрын координатууд нь хоорондоо давхацдаг эсэх талаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тайлбар гаргуулсан болно. /х.х-н 28-94, 97-98, 129-137/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, регистрийн дугаартай Д-гийн С-ийн эзэмшлийн 6515000694 нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг С-ийн М-д шилжүүлж өгөх шийдвэр гаргахгүй байгаа Архангай аймгийн Э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг С-ийн М-д олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахыг хүссэн байна. /х.х-н 218/
Улмаар дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/231 дүгээр албан бичгээр “... Д.С-ийн эзэмшлийн 65155000694 нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг С.М-д шилжүүлж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ...” гэх тайлбар ирүүлжээ. /х.х-н 223/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор биелүүлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дах хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М-с тус шүүхэд гаргасан “  регистрийн дугаартай Д-гийн С-ийн эзэмшлийн 6515000694 нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг С-ийн М-д шилжүүлж өгөх шийдвэр гаргахгүй байгаа Архангай аймгийн Э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг С-ийн М-д олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.


                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА