Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0224/З |
Дугаар | 221/МА2016/0130 |
Огноо | 2016-02-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2016/0130
Х.Э нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Я.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Э нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Оюуны өмчийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр МЧБС ХХК-д бараа, үйлчилгээний олон улсын 44 дүгээр ангиллаар олгосон 11330, 11331 дугаартай барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгож, Оюуны өмчийн газарт Х.Эд Соёл барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгэхийг даалгах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Х.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 1 дүгээр сарын 21-ний анхдагч огноотой СОЁЛ, SOYOL гэсэн англи, монголоор бичигдсэн хоёр барааны тэмдэг хуваарилагдаж ирсэн. 2013 оны 12 дугаар сард уг хоёр тэмдэгтийн талаарх хайлт шүүлт хийгээд бүртгэх дүгнэлтээ гаргасан байгаа. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан зүйл бол Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам-д мэдүүлж буй барааны тэмдгийг хэрэглэх бараа болон үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хэрэглэгдэх тэмдэглэгээ нэр томьёо гэж байгаа. СОЁЛ нэр нь мэдүүлэгт дурьдсан бараа, үйлчилгээнд хэрэглэгддэг нэр биш гэж үзэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль- ийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн СОЁЛ, SOYOL гэсэн хоёр барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийж бүртгэж авсан байна гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Э 2004 онд Оюуны өмчийн газарт SOYOL, СОЁЛ барааны тэмдгийг эзэмших хүсэлт гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/761 дүгээр албан бичиг нь Өрсөлдөөний тухай хууль-ийн 3.3 заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5 болон 5.2.8-д зааснаар эрх ашгаа зөрчигдсөн талаар гомдол гаргаж байгаагүй. Маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт гарснаас хойш 1 жилийн дотор шүүхэд гомдлоо гаргах байсан. Энэ шийдвэрийн 2015 оны 3 сард мэдсэн гэх үндэслэлгүй. гэрчилгээнүүдийг олгосон үйл ажиллагаа нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн тухай хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 13 дугаар зүйлд бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй буюу үйлчилгээтэй ижил болон төсөөтэй бараа үйлчилгээг ижил болон төсөөтэй барааны тэмдэг хэрэглэн төөрөгдөлд оруулж болзошгүй тул эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээнд хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй гэж заасан бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдгийн эрхийг хамгаалах ёстой гэдэг зүйл Олон улсын эрх зүйн баримт бичгээс харагдаж байна. Хуульд нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг хэлнэ гэж заасныг анхааран үзнэ үү. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э Оюуны өмчийн газраас МЧБС ХХК-д 44 дүгээр ангиллаар бүртгэн олгосон 11330, 11331 дугаартай барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Х.Эрдэнсоёлд Соёл барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн тухайд:
Нэхэмжлэгч Х.Э нь 2004 онд үсчин, гоо сайхны "Соёл" салоныг ажиллуулж эхэлсний дараа Оюуны өмчийн газарт өөрийн салоны "Соёл" нэрийн барааны тэмдэг эзэмшигчээр бүртгүүлэхээр хандаж байсан болох нь түүний хүсэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, "Х.Э нь 2004 оноос хойш 10 жилийн хугацаанд дахин "Соёл" нэрийг бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаж болох байсан ба гаргахыг хуулиар хориглоогүй төдийгүй, хүсэлт гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Э өргөдөл гаргаж байсан нь бүртгэгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж, шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4375 дугаар захирамжаар Нийслэлийн архив болон Улсын Төв архивт тус газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр байгаа эсэхийг тодруулахад, Нийслэлийн архивын газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2/700 дугаар албан тоотоор Оюуны өмчийн газрын баримт хадгалагдаагүй, Төв архивын 03/184 дүгээр албан тоотоор мөн л тус газрын баримт хадгалагдаагүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн юм.
Энэ нь 2004 онд Оюуны өмчийн газар өргөдөл гомдлыг хүлээн авахдаа бүртгэл хөтөлдөггүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байсныг харуулж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тус газар цахим бүртгэлийг 2010 оноос хойш бүртгэх болсон гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх Оюуны өмчийн газрын өргөдөл гомдлыг бүртгэж байгаагүй, архивт өргөдөл гомдлын дэвтрийг хадгалуулаагүй хариуцлагагүй үйлдлийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл болгосон нь буруу байна. /Хавтаст хэргийн 204, 225-р хуудас, 2 хавтаст хэргийн 30, 33/
Нэхэмжлэгч Х.Э нь 2004 онд үсчин гоо сайхны "Соёл" нэртэй салоныг нийслэл хотод нээн ажиллуулснаас хойш бүтэн 11 жилийн туршид өөрийн шударга хөдөлмөрийн үр дүнд үсчин, гоо сайхан, спа салоны үйлчилгээгээр салбартаа төдийгүй олон нийтэд танигдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа атал шүүх огтхон ч үнэлсэнгүй. Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан "Мэргэжлийн социологичдын холбоо"-ны "Соёл" салоны талаар хийсэн судалгаа нь тус салон нийтэд танигдсан болохыг бүрэн харуулсан байдаг. Үүнд: Судалгаанд оролцогчдын 40% нь "Соёл" салоноор үйлчлүүлдэг, 51.7% нь үйлчлүүлж байгаагүй ч ямар нэгэн байдлаар мэдэж байсан мөн Баянгол дүүргийн иргэдийн 90 гаруй хувь нь тус салоны талаар мэдэж байгаа нь нийтэд танигдсан байдал нь өндөр байгааг харуулж байна. Судалгаанд оролцсон иргэдийн 60% нь IV хороололд буюу Ачлал их дэлгүүрийн эсрэг тал, Алтан төгрөг их дэлгүүрийн эсрэг талд байрлах Соёл салоны салбарыг мэдэж байгаа бол 37% нь VI бичил хороололд байрлах салбарыг мэдэж байсан. Соёл салоны нэр хүндийг 56%, үйлчилгээний чанарыг 51%, байршлыг 81% нь сайн гэж үнэлсэн байна. Дээрх судалгаа болон хавтаст хэрэгт авагдсан 2004 оноос хойш "Соёл" салоны ажлын байрны талаарх дүгнэлтүүд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан реклам сурталчилгаанууд, Нийслэл болон дүүргийн шилдэг байгууллагын өргөмжлөл зэрэг баримтуудаас дүгнэхэд "Соёл" салон нь 2004 оноос хойш байнгын үйл ажиллагаатай, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн, үсчин гоо сайхны чиглэлээр нийтэд танигдсан салон болсныг шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. /Хавтаст хэргийн 13, 15, 16, 28-р хуудас/, /2-р хавтаст хэргийн 43-р хуудас/
2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүх шийдвэртээ: "...Оюуны өмчийн газар нь мэдүүлгийн бүрдлийн хяналт, шүүлт хийхдээ өөрийн байгууллагын цахим сангаас шүүлтийг хийж өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгттэй төсөөтэй, дуудлага нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахааргүй байх, бүртгэлтэй давхацсан эсэх, хүсэлт гаргасан нэр томьёо, илэрхийлэл нь тухайн салбарт нийтэд танил болсон тэмдэгтэй ижил эсэх, хуулийн шаардлагыг хангасан талаар шалгаж шуух хуулиар тогтоосон үүрэгтэй болохоос бус Оюуны өмчийн газарт бүртгэлгүй нэр томьёог шүүх боломжгүй юм" гэж "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль"-иар тогтоосон Оюуны өмчийн газрын үүргийг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн байна.
Учир нь Оюуны өмчийн газар "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11 -д "шүүлт" гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг" ойлгохоор заасан байх бөгөөд Оюуны өмчийн газар нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасан "нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг"-тэй ижил эсэх талаар шүүлт хийх мэдээллийн сан байхгүй, өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон шүүлт хийх чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн болохыг шүүх огтхон ч анхаарч үзсэнгүй.
Тухайлбал: Хариуцагч нь "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д "энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ", хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д "барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохтой холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах", мөн хуулийн 29.1.8-д "барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх" чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь доорх нөхцөл байдлаас тодорхой харагддаг.
Оюуны өмчийн газар нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам"-ыг баталсан боловч өнөөдрийг хүртэл улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг нь шийдвэрлээгүйн улмаас нэг ч барааны тэмдэгтийг нийтэд түгээмэл болсонд тооцож, олон нийтэд зарлаагүй, нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтийн мэдээллийн сан гэж байхгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тайлбараар тогтоогддог. /2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-р хуудаст хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулт/
Анхан шатны шүүх хариуцагчийн "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8,2, 8.3-т заасныг зөрчиж хийсэн бүртгэлийг зөвтгөж, өөрөөр хэлбэл хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалган тогтоож, дүгнэлт гаргах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаанд ямар ч үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр харин ч нэхэмжлэгчийг буруутган "... нэхэмжлэгч нь "Соёл" нэрийг нийтэд түгээмэл болсон гэж үзэж байгаа бол өөрийн хүсэлтээ хууль болон 59 тоот журмын дагуу "Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсон гэж Оюуны өмчийн газрын Маргаан таслах комисст хүсэлт гаргаж тогтоолгох ёстой байсан байна. Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг нь бүртгэгдсэн эсхүл бүртгэгдээгүй байж болох ба гагцхүү улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульчлагдсан байна" гэсэн илэрхий нэг талыг барьсан дүгнэлтийг хийжээ.
Гэтэл нэхэмжлэгч Х.Э нь 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст хандахдаа тус газраас "МЧБС" ХХК-д 44 дүгээр ангиллаар "Соёл" нэрийн барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээг олгосон нь "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль"-ийн 5 зүйлийн 5.2.8-д "бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар" байвал бүртгэхгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан боловч Оюуны өмчийн газрын Маргаан таслах комисс энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, улмаар энэ талаарх хүсэлтийг тус байгууллагад гаргах боломжтой эсэх талаар тайлбарлаагүй байдаг
Маргаан таслах комисс иргэн Х.Э гомдлыг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцсэн байдаг бөгөөд тухайн үед /2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр/ "Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам" батлагдан гарсан атал нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг огт шийдвэрлээгүй орхисон атал анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Эыг Маргаан таслах комисст "Соёл" нэрийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх ёстой байсан гэж чухам ямар үндэслэлээр буруутгасан нь ойлгомжгүй байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.
Түүнчлэн анхан шатны шүүх "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т заасан бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч хамгаалагдах хуулийн зохицуулалттай нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэд "Соёл" нэр хамаарах эсэх талаар хариуцагчаас тодруулаагүй, нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн мэдээллийн сан хариуцагчид байдаг эсэх, нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгт мөн эсэх талаарх хайлт шүүлтийг хийсэн нотлох баримтыг шаардаагүй, өөрөөр хэлбэл ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хандан, "Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох тухай журам"-ыг хариуцагч талаас баталгаажсан хэлбэрээр нь гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгч захирамжаараа хангаж шийдвэрлэсэн атлаа энэхүү нотлох баримтыг шаардан авч, хавтаст хэрэгт хавсаргалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн юм.
Иймд иргэн Х.Э нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 662 дугаар шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр МЧБС ХХК-аас гаргасан мэдүүлгийг хянаад Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 104 дүгээр тушаалаар СОЁЛ, SOYOL нэрийг бараа үйлчилгээний олон улсын 35, 39, 41 ,44 дүгээр ангиллаар эрхийн хамгаалалт хийн бүртгэж, 11330, 11331 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгожээ.
Оюуны өмчийн газрын дээрх шийдвэр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэн Х.Э дээрх шийдвэрүүдийн бараа үйлчилгээний олон улсын 44 дүгээр ангиллаар бүртгэснийг хүчингүй болгож, түүнийг Соёл гэдэг барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ 2004 онд Соёл нэртэй үсчин, гоо сайхны салон нээж, үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж олон нийтэд тухайн нэрээр танигдсан. 2004 онд Оюуны өмчийн газар Соёл нэрээ бүртгүүлэх хүсэлт гаргахад бүртгэж аваагүй гэж тайлбарлажээ.
Х.Э 2004 онд дээрх асуудлаар хариуцагч байгууллагад хандаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь тухайн үед гаргаж өгсөн гэх өөрийн гараар бичсэн захиргааны байгууллагын хүлээн авсан талаарх тэмдэглэгээгүй хүсэлт, Х.Этой хамтран үсчин, гоо сайхны салоныг байгуулж байсан Г.Ганзоригийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс өөр нотлох баримтуудаар тогтоогдоогүй.
Иймээс нэхэмжлэгч 2004 оноос хойш Соёл нэртэй үсчин, гоо сайхны салон ажиллуулж байгаа гэсэн боловч барааны тэмдгийг эзэмшихээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны байгууллага, шүүхэд хандаж байгаагүй болохоо шүүх хуралдаан дээрх тайлбартаа дурджээ.
Үүнээс гадна мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана гэж заажээ.
Тиймээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх тохиолдол үгүй тул хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тухайн барааны тэмдгийг бүртгэн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Түүнчлэн Мэргэжлийн социологичдын холбоо-ны хийсэн Соёл салоноор үйлчлүүлэгчдийн судалгаа хэрэгт авагдсан боловч түүнийг хууль сануулж, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг нэгэн адил үнэлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Иймд хариуцагч байгууллагын шийдвэрийн улмаас, нэхэмжлэгч Х.Э эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Х.Э нь Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам-ын дагуу Соёл барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахаар хүсэлтээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР