Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 53

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Хүрдээнхэн овогт Ганболдын Батбаяр, Яргай овогт Цагаанбаньдын Даваасүрэн, шүүгдэгч нарын  өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хүрдээнхэн овогт Ганболдын Батбаяр, Яргай овогт Цагаанбаньдын Даваасүрэн нарт холбогдох эрүүгийн 201621000098 дугаартай, 153/2016/0058/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  нарын  биеийн байцаалт

 

1. Шүүгдэгч : Монгол Улсын иргэн,  1992 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн,  24 настай, эрэгтэй,  ард мянгад,  бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй,  ам бүл 7 , эцэг, эх,  дүү нарын хамт Ховд аймгийн Мянгад сум Цагаанбулан багт оршин суух,  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 250000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, П392081611 дугаарын регистртэй Хүрдээнхэн овогт Ганболдын Батбаяр

2. Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн 1968 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 48 настай, эрэгтэй,  ард дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 5,  эхнэр,  3 хүүхдийн хамт Ховд аймгийн Мянгад сум Баянхошуу багт оршин суух,  ял шийтгэлгүй , П368042316  дугаарын  регистртэй,  Яргай овогт Цагаанбаньдын Даваасүрэн.

          Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

1. Шүүгдэгч Ц.Даваасүрэн, Г.Батбаяр нар нь бүлэглэн машин механизм  ашиглаж, шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр Ховд аймгийн Мянгад сум Цагаанбулан багийн нутаг дэвсгэр "Халзан ширэг" гэх газраас 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 6 тооны хонь хулгайлж  хохирогч Б.Батсүхэд 720 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Эд зүйлийн  үнэлгээ тогтоолгох баримтаар  ...  эр хонь-120000 төгрөг нийт 6 тооны хонь  720000 төгрөг ...   /хх-ийн 8-9 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад  Г.Батбаярын  сэжигтэн, яллагдагчаар өгсөн... Би 2016 оны 04 дүгээр сарын 19-ний  өдөр Мянгад сумын Цагаанбулан багийн нутагт байрлах “Халзан ширэг” гэх нэртэй газар байдаг гэрээсээ гараад ах Хүдэрчулууныд  очих гээд явган явж байсан. Ахынд очих  замд  дэрсний ойролцоо 100 орчим тооны тасархай бог мал бэлчиж байсан.  Тэгэхээр нь би хажуугаар нь  өнгөрч,  Хүдэрчулуун ахынд очиж цай хоол идчихээд буцаад алхаад явж байхад  нөгөө мал замд  байсан.  Би тэр  малнуудыг бүгдийг нь туугаад гэрийнхээ дээд тал руу  оруулчихаад Ц.Даваасүрэнтэй утсаар яриад ...  “энд тасархай мал байна яах юм бэ” ... гэж хэлсэн. Ц.Даваасүрэн тэгвэл яваад очъё гэсэн. Ц.Даваасүрэн удалгүй хүрээд ирсэн. Бид 2 тэр малыг туугаад манай гэрийн дээд талд байдаг хашаанд оруулж, Ц.Даваасүрэн 6 тооны эр хонь шилж барьж  аваад, бусад малыг нь гаргаад анх байсан газарт нь тууж хүргээд орхисон. Ц.Даваасүрэн “би нэг хүнтэй утсаар яръя”  гээд  утсаар ярьсан. Ц.Даваасүрэн нь сумын төв явсан.  Би  нөгөө малаа хараад үлдсэн. Ц.Даваасүрэн нэг машинтай хүн авч ирээд бүгдийг нь ачаад явсан. Тухайн машин нь “Карина”  маркын хар өнгийн 0550 УМК гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Жолоочийг нь танихгүй, тэр ганцаараа ирсэн. Хонь хаших үед 21 цаг болж байсан. Цэргийн албыг мөнгөн дүнгээр хаахаар болоод 300000 төгрөг дутуу байсан. Тэр мөнгийг олох гээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн.

….Мөн хулгай хийдэг өдрийн өдөр 12 цагийн үед Ц.Даваасүрэнтэй уулзахад “надад хулгайн мал байвал хэрэгтэй байна хэлээрээ” гэж байсан юм. Би 6 тооны малыг Ц.Даваасүрэнгийн  хамт авсан өөр мал аваагүй. Зүүн чих нь урдаасаа сам имтэй, даавуу байхгүй, Бор толгойтой 2 хонь, хар толгойтой  3  хонь  цагаан зүстэй  1 хонь  байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй.  Бид  хоёр авсан 6 хонио буцаагаад өгсөн , одоо ямар нэгэн хохирол төлөгдөөгүй асуудал байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 17-18,97-98 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад Ц.Даваасүрэнгийн  сэжигтэн, яллагдагчаар өгсөн…” Намайг  2016 оны 04 дүгээр сарын 19-ний   орой  гэртээ байхад  21 цагийн  үед   Г.Батбаяр нь утсаар надруу яриад “надад мөнгө хэрэгтэй байна мал авах уу” гэсэн.  Би очихоор болоод байгаа газар нь  очсон чинь 80 орчим толгой бог мал байсан.  Тэгээд чулуун хашааруу тууж оруулж байгаад би дотроос нь 6 тооны эр хонь барьж аваад хөлийг нь боогоод бусад малыг нь гаргаад Г.Батбаяр туугаад явсан. Тэгээд удалгүй Г.Батбаяр эргэж ирсэн. Тэр хооронд би аймгийн төвд байдаг Д.Гантулга гэдэг хүн рүү залгаж “би хүнээс мал авсан юм ирээд аваад өг бензин тос тохироод ир” гэж хэлсэн. Тэгээд Д.Гантулга ирэхээр болоод удахгүй 22 цаг өнгөрөөд ирсэн. Тэгээд малаа ачаад би бензин хийж, 10000 төгрөг өгөөд явуулсан.  3 хонины үнэнд  270000 төгрөг авсан. Үлдсэн 3 хонийг  маргааш нь    аймагт орж,  би өөрөө зарна гэж хэлээд явуулсан. Тухайн үед уг  малыг хэний мал болохыг мэдээгүй. Г.Батбаяр нь надад  “ 2-3  хоногийн өмнө баруун талаас айлууд ихээр нүүж орж ирсэн,  тэр айлуудын малнаас тасарч үлдсэн байх “ хэлсэн. Д.Гантулга нь манай төрсөн ахын залуу байгаа юмаа. "Карина" маркын бор ягаан өнгийн 0550  Улаанбаатар дугаартай машин байсан. Би хулгайн хонь гэж хэлээгүй.  Хулгайн мал гэдгийг Д.Гантулга мэдээгүй. Хонь хашихад 21 цаг өнгөрч байсан. Д.Гантулга шөнө 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд харанхуй болчихсон байсан.

Г.Батбаяр мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би хамт мал  хулгайлсан юмаа. Би тухайн үед им тамгыг нь анзаараагүй, даавуу байхгүй, бор толгойтой 2 хонь,  хар толгойтой  3  хонь,  цагаан зүстэй 1  хонь  байсан. Б.Батсүхийг танина.  Манай нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Тэднийх нэлээн олон малтай байх ёстой.                  Хулгай хийсний маргааш нь баригдсан. Тэгээд Д.Гантулга руу ярихад 4 хонийг нь зарсан, 2 хонь  нь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймаг орж 2 хонийг авч ирж хохирогчид  өгсөн. Бусдыг нь би мэдэхгүй байна.  6 хонь л авсан өөр хонь аваагүй.   Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан одоо ямар нэгэн хохирол төлөгдөөгүй асуудал байхгүй. Би  өөрөө мөнгөний жаахан хэрэг болоод хулгайлчихсан юмаа… гэх мэдүүлэг / хх-ийн 27-28, 100-101 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух утас 94658670 / Б.Батсүхийн  өгсөн"... Манайх Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг "Халзан ширэг" гэх нэртэй газар өвөл 2016 оны 1 дүгээр сарын 15-нд ирж буугаад тэнд хаваржаад одоо хүртэл байж байгаа юм аа. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой манай мал гэрийн ойролцоо бэлчиж байсан.  Манай мал 2 хэсэг байсан. Нэг хэсэг мал нь хургатай, нөгөө  хэсэг нь  сувай малнууд байсан. Тэгээд сувай малаа гэрийн доод тал руу явуулчихаад би хурга, ишгээ хөхүүлээд нилээн удаж байгаад орой сувай малаа очоод хотолсон. Тэгэхэд манай мал нэг л цөөхөн харагдаад байсан. Тэр орой харанхуй болсон болохоор гайгүй байх өглөө босоод лавлаж харна гэж бодоод унтсан. Тэгээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 20-ны өглөө сувай малаа харсан чинь тал мал нь алга байсан. Тэгэхээр нь би хайгаад явж байгаад хээрийн бэлчээрт мөрийг нь мөшгөхөд  нэг хүн таслаад туусан мөр байсан. Тэгээд би хэн авсан болов уу? гээд  явж байтал тэр хавьд нэг эзэнгүй хашаа байсан. Тэр хавиар яваад очсон чинь дотор нь оруулаад мал барьсан, хашааны гадна машины мөр байсан бөгөөд машинд хонь ачсан мөр байсан. Тэгээд би сумын цагдаад хэлсэн.  Би Г.Батбаярыг яагаад авсныг нь мэдсэн гэвэл Г.Батбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нар жаргах үед манайд ирсэн. Тэр гутлынх нь  мөр нь мал тасалж хөөсөн болон хашаан доторх гутлын мөр нь адилхан байсан учраас би Г.Батбаяр гэж бодсон. Тэгээд би Г.Батбаяр дээр очоод: "яагаад мал хулгайлчихваа" гэж тулгаж хэлэхэд эхлээд аваагүй гэж байснаа сүүлд нь мөрийг нь харуулсан чинь би 6 хонь авсан бусдыг нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би мал дутаж байна гэж хэлээд тэр үед малаа тоолуулсан. Зүсээр мэдэж байгаа мал бараг алга байна. Манай өөрийн мал зүүн чих тайрсан: баруун чих нь сам имтэй малнууд байгаа харин Рэгзэнгийн мал нь баруун тайрсан, зүүн нь шоргоолж имтэй өөр тэмдэг им байхгүй. Би 4 хонины 480 000 төгрөг, 2 хонь буцааж өгсөн нийт 6 хонины тооцоо хийсэн. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй… гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32,47, 113-114 дүгээр хуудас/.

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гантулгын өгсөн...  Би хувиараа ажил хийдэг. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байтал 22 цаг болох гэж байхад Ц.Даваасүрэн над руу залгаад  "би хүнээс хонь авлаа' гэж хэлсэн. Тэгэхээр нь би "маргааш Баян-Өлгий явах гэж байна, явж чадахгүй" гэхэд намайг гуйгаад  "бензин тосыг нь хангалттай хийж өгнө хүрээд ир" гээд байхаар нь явж очсон. Тэгээд сумын төв дээр Ц.Даваасүрэнтэй уулзаад 20 литр бензин дээр 10000 төгрөг аваад хонь байгаа газар руу очсон чинь нэг чулуун хашаан дотор хөлийг нь боочихсон 6 тооны хонь байсан.Тэгээд маргааш нь би 3 хонийг нь 90000 төгрөгөөр худалдаж авсан болохоор би өөрөө авсан. Үлдсэн 3 хонийг нь би амбаартаа хийж орхичихоод  Баян-өлгий явсан. Тэгээд Баян-Өлгийд очоод байж  байтал араас Мянгад сумын хэсгийн төлөөлөгч залгаад: "хулгайн мал байна" гэж хэлсэн. Би ганцаараа очсон хонийг машинд ачихдаа ар талын машины багаажинд 3-ыг нь дотор 3-ыг нь ачаад ирсэн.  Би хулгайн мал гэдгийг мэдээгүй намайг гуйгаад байсан болохоор өглөөний явах ажилдаа  шахагдаад ирж авсан. Би Карина маркийн 05-50 УБК улсын дугаартай авто машинаар очиж авсан. Энэ машин өнгөрсөн зун хотоос худалдаж авсан.  Өөрийн нэрэн дээр  болгоогүй байсан. Д.Нямбаяр гэдэг хүний нэр дээр байгаа. Машинд хонийг ачихдаа ар талын машины багаажинд 3-ыг нь дотор оруулаад хойд талын суудал дээр 3-ыг нь ачаад ирсэн ..." гэх мэдүүлэг  / хх-ийн 34-35 дугаар хуудас/

  Мөрдөн байцаалтад гэрч Т.Аззаяагийн  өгсөн...  Өвөл малын тоогоор 249 хонь, 712 ямаа тоолуулсан. Чоно, нохой болон дарагдаж үхсэн, хүнд зарсан мал гээд ойролцоогоор 200 гаруй мал болсон байх. Тэгэхдээ манай нөхөр хөдөө байсан би хүүхдүүдтэйгээ хурга, ишигтэй төв дээр байсан. Манайд Т.Рэгзэн хичнээн мал тавьсныг мэдэхгүй байна. Одоо манай хотонд 1050 гаруй бог мал байна. Нийт 200 гаруй төл хүлээн авсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 48 дугаар хуудас/.

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Очирчимэгийн өгсөн...  Тэр өдөр Г.Батбаяр манайд 14 цагийн үед  ирэхэд  Ц.Даваасүрэнтэй хамт байж байсан. Манайх нэлээн орой унтдаг. Ц.Даваасүрэн харанхуй болсны дараа ирсэн байх цагийг нь санахгүй байна. Зан аашийн хувьд тайван дөлгөөн зантай, даруухан, хүнд тусархуу. Баг хамт олондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм ...  гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Т.Рэгзэнгийн өгсөн...  2016 оны 3 дугаар сарын эхээр би Б.Батсүхийн сувай малтай хамт нийт ямаа 546. хонь 117 хариулж байгаад 4 дүгээр сарын 10-ны өдөр  дээрх тоотой малыг хүлээлгэж өгчихөөд би ажилдаа орсон. Тэгээд 7 хоногийн  дараа мал руу хулгай орлоо, малаа  тоолох хэрэгтэй байна гэсэн. Тэгээд  20-иод мал дутлаа гэж хэлсэн. Миний өөрийн ямаа 118 байсан. Өөр сувай мал байхгүй. Харин төрдөг малтай нийлээд 173 мал байсан ..." гэх мэдүүлэг  /хх-ийн 52 дугаар хуудас/.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 53, 54 дүгээр хуудас/.

Шүүгдэгч Г.Батбаяр. Ц.Даваасүрэн нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 55-58 дугаар хуудас/.

 Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- оор сэжигтэн  Г.Батбаяр эзэмшлийн хээр зүсмийн морь -1, шар хээр зүсмийн морь-1, мөн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- оор сэжигтэн Ц.Даваасүрэнгийн эзэмшлийн Sharp  маркын 32 инчийн зурагт, хөлдөөгч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор гэрч Д.Гантулгын эзэмшлийн 0550 УБК дугаартай Карина маркын тээврийн хэрэгсэл, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор сэжигтэн Ц.Даваасүрэнгийн эзэмшлийн Мустанг маркын мотоциклийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 59-61, 111 дүгээр хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч С.Оюунбаярын өгсөн"...Тэр орой Д.Гантулга "Мянгад сум руу нэг хүн хөлсөнд яваад ирье" гэж байна гэсэн. Тэгээд би гэртээ байж байтал орой 23 цагийн үед 6 тооны хонь аччихсан ирсэн. Өглөө нь босоод манай нөхөр 3 хонийг нь алсан. 3 хонь нь үлдсэн. Үлдсэн 1 хонийг нь зарсан 2 хонийг нь Ц.Даваасүрэн гэдэг хүн өөрөө ирж авсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/.

Таньж олуулсан тэмдэглэлээр... гутлын мөр таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч Б.Батсүх нь 2 дугаартай гутлын мөр нь яллагдагч Г.Батбаярын мөр мөн болохыг танив ... тэмдэглэл, тогтоол   / хх- ийн 115-116 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ... Мустанг маркын мотоцикль-200000 төгрөг / хх- ийн 118 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар хураан авах тогтоолоор яллагдагч Г.Батбаярын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хар өнгийн богино түрийтэй гутлыг хураан авч,  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл / хх- 119, 120, 127-128, 129 дүгээр  хуудас/  зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваасүрэнгийн өгсөн...  2016 оны 04 дүгээр  сарын 19-ний орой намайг гэртээ байхад Г.Батбаяр дуудаад “мал байна авах уу” гэсэн. Тэгээд сумын төвөөс 2 км газарт мотоциклоор очсон. Тэгээд Г.Батбаярын хамт тухайн малыг туугаад хашаанд оруулж, 6 хонь барьж аваад аймаг руу Д.Гантулга руу ярьсан.  Д.Гантулгаас 3 хонины үнэ 270000 төгрөг аваад бензинийг нь хийж өгөөд, мөн 10000 төгрөг өгсөн. Гэтэл маргааш нь Б.Батсүх гэдэг айлын хонь байсан тул 3 хонийг нь буцаан өгсөн. Тэр өдөр цэрэг татлагын өдөр байсан. Би шүдлэн болон төлөг худалдаж авч байсан. Г.Батбаяртай нэг багт  амьдардаг. Г.Батбаярыг “мал байна авах уу” гэхээр нь авсан юмаа. Хулгай хийсэндээ  гэмшиж байна. Мотоциклийг хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ ашигласан гэж үзэж болно. Би эрүүл мэндийн хувьд сайнгүй байна. Мөн эмэгтэй дүү маань миний асаргаанд байдаг. Цаашид хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, итгэлтэйгээр хэлж байна. Хохирогчид 3 хонийг буцаан өгч хохирлыг төлсөн. Оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү? ... гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батбаярын өгсөн... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ гараад ахынхруу явах замд тасарсан бололтой мал байсан.  Ахындаа очоод буцаж явж байхад нөгөө мал байсан. Ц.Даваасүрэн мал авна гэж байсан тул түүнд утсаар “мал байна авах уу”  гэж хэлсэн.  Ц.Даваасүрэн нь  би яваад очъё гээд удалгүй ирээд бид хоёр нэг чулуун хашаан дотор малаа оруулсан. Ц.Даваасүрэн 6 хонь барьж авсан. Бусад малыг нь буцааж туусан.  Тухайн үед цэрэг татлага болж байсан. Түүнд мөнгө хэрэгтэй байсан тул хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохиролд  360000 төгрөг  төлсөн. Аавын бие эрүүл мэндийн хувьд сайнгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан  дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Батбаяр, Ц.Даваасүрэн нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр “Халзан ширэг” гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой 6 тооны хонь хулгайлан авч хохирогч Б.Батсүхэд 720000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн... бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой хэсэг мал хашаанд оруулж, 6 тооны хонь  барьж авсан. Бусад малыг нь буцааж туусан... гэх  мэдүүлэг,  мөрдөн байцаалтад хохирогч Б.Батсүхийн өгсөн...  Г.Батбаяр 04 дүгээр сарын 19-ний оройхон манайд нар жаргах үед ирсэн.  Мал тасалж хөөсөн болон хашаан доторхи гутлын мөр адилхан байсан тул Г.Батбаяраас “яагаад мал хулгайлчихваа“ гэж  тулгаж хэлэхэд, тэр эхлээд аваагүй гэж байснаа сүүлд нь мөрийг нь харуулсан чинь  6 хонь авсан, бусдыг нь мэдэхгүй гэж хэлсэн. Би  4 хонины үнэ 480000 төгрөг, 2 хонь авсан...  гэх мэдүүлэг, гэрч Д.Гантулгын ... 2016 оны 04 дүгээр сарын 19-ний оройхон Ц.Даваасүрэн над руу залгаад "би хүнээс хонь авлаа” гэсэн. Тэгэхээр нь би "маргааш Баян-Өлгий явах гэж байна, явж чадахгүй" гэхэд намайг гуйгаад  "бензин тосыг нь хангалттай хийж өгнө хүрээд ир" гээд байхаар нь явж очсон. Тэгээд сумын төв дээр Ц.Даваасүрэнтэй уулзаад 20 литр бензин дээр 10000 төгрөг аваад хонь байгаа газар руу очсон чинь нэг чулуун хашаан дотор хөлийг нь боочихсон 6 тооны хонь байсан. Би 3 хонийг нь 270000 төгрөгөөр худалдаж авсан. Нэг хонийг нь  зарсан, 2 хонийг Ц.Даваасүрэн ирж авсан... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, нэг эр хонийг 120000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт, гэрч Т.Рэгзэнгийн... Намайг  малаа Б.Батсүхэд хүлээлгэж өгснөөс хойш 7 хоногийн дараа малд хулгай орлоо гэж хэлсэн. Тэгээд 20- иод толгой мал дутаж байна гэсэн ... гэх мэдүүлэг  зэрэг болон 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Гантулгыг Мянгад сум руу хөлсөнд яваад 6 тооны хонь авчирсныг гэрчилсэн гэрч Оюунбаярын мэдүүлэг, мөн Г.Батбаяр, Ц.Даваасүрэн нарыг 2016 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр 14 цагийн орчим уулзаж байсан, тухайн өдрийн орой Ц.Даваасүрэн нь гэрээсээ гараад харанхуй болсны дараа гэртээ ирснийг гэрчилсэн... гэрч Б.Очирчимэгийн мэдүүлэг, хохирогч Б.Батсүхээр ... яллагдагч Г.Батбаярын гэмт үйлдэх үедээ өмсөж явсан, гутлын мөрийг таньж олуулсан  ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол сэжигтэн Г.Батбаяр, Ц.Даваасүрэн нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 88432441 дугаар дээр Цагаанбаньдийн Даваасүрэн /ПЗ 68042316 дугаар регисртэй/ Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан баг гэсэн бүртгэлтэй байдаг ба 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 23 цаг болон 04 дүгээр сарын 20-ны 00 цагт тус дугаарын утсанд  88219024 дугаарын хэрэглэгчийн орсон, гарсан дуудлагын  лавлагаа бүхий баримт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Г.Батбаяр, Ц.Даваасүрэн нарын  үйлдсэн дээрхи гэмт хэрэгт  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Батбаяр, Ц.Даваасүрэн нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж , машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар  ял  оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Даваасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 41 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон ба  шүүгдэгч Г.Батбаяр нь  Ховд аймаг  дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 250000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан  нь хэргийн 41 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 73-76 дугаар хуудас дахь 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар  тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Батбаярын  Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар арилсан тул  түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

 Шүүгдэгч нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдэж  учруулсан хохирлоо сайн дураар төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Батсүхийн ... 4 хонины үнэ 480000 төгрөг, 2 хонь авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн... мэдүүлгээр тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан  шүүгдэгч  Г.Батбаяр, Ц.Даваасүрэн нарт баривчлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Мустанг маркын мотоциклийн үнэ болох 200000 төгрөгийг  хурааж улсын орлогод  оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Ц.Даваасүрэнгээс  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох мотоциклийн үнэ 200000 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул түүний  эзэмшлийн Sharp  маркын 32 инчийн зурагт, хөлдөөгч, Мустанг маркын мотоциклийг битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн  2016 оны 06 сарын 06-ны өдрийн болон  2016 оны 07 сарын 08-ны өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- уудыг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар  хэвээр үлдээв. 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.10-д зааснаар шүүгдэгч Г.Батбаяр нь бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний эзэмшлийн хээр зүсмийн морь -1, шар хээр зүсмийн морь 1-ийг битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг ,  мөн   гэрч Д.Гантулга нь хулгайн гэмт хэрэг төгссөний дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 19-ний  шөнө уг 6 хонийг аймгийн төв рүү тээвэрлэн оруулж ирэхдээ  өөрийн эзэмшлийн 0550 УБК дугаартай Карина маркын тээврийн хэрэгсэлийг  хэрэглэсэн байх тул  түүний эзэмшлийн 0550 УБК дугаартай Карина маркын тээврийн хэрэгсэлийг  битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугар сарын 06-ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.Даваасүрэнгээс  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох мотоциклийн үнэ 200000 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул түүний  эзэмшлийн “Sharp”  маркын 32 инчийн зурагт, хөлдөөгч, Мустанг маркын мотоциклийг битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн  2016 оны 06 сарын 06-ны өдрийн болон  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар  хэвээр үлдээв. 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201621000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  хар өнгийн хагас түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч  нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 720000 төгрөг төлөгдсөн  болохыг  тус тус дурдав.

            Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Яргай овогт Цагаанбаньдийн Даваасүрэн, Хүрдээхэн овогт Ганболдын Батбаяр нарыг бусдын  эд хөрөнгийг бүлэглэн, машин механмзм хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Даваасүрэн, Г.Батбаяр нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3/ гурав/ сар, 01 / нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  шүүгдэгч Ц.Даваасүрэн, Г.Батбаяр нарт оногдуулсан 3 сар, 01 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201621000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  хар өнгийн хагас түрийтэй гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгч  нар цагдан хоригдсон хоноггүй , бусдад төлөх 720000 төгрөг төлөгдсөн  болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ц.Даваасүрэнгээс мотоциклийн үнэ 200000 / хоёр зуун мянга/  төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар  шүүгдэгч Ц.Даваасүрэнгийн эзэмшлийн Sharp  маркын 32 инчийн зурагт, хөлдөөгч, Мустанг маркын мотоциклийг битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн  2016 оны 06 сарын 06-ны өдрийн болон  2016 оны 07 сарын 08-ны өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- уудыг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.10-д зааснаар шүүгдэгч Г.Батбаярын  эзэмшлийн хээр зүсмийн морь -1, шар хээр зүсмийн морь -1 – ийг битүүмжилсэн  Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг, мөн гэрч Д.Гантулгын эзэмшлийн 0550 УБК дугаартай Карина маркын тээврийн хэрэгсэлийг    битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 286 дугаар зүйлийн 286.1.11-д зааснаар шүүгдэгч  Яргай овогт Цагаанбаньдийн Даваасүрэн, Хүрдээхэн овогт Ганболдын Батбаяр нарт өмнө батлан даалтад  өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс  тус тус цагдан хорьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь  Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА