Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

2022         1            19                                     2022/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                   

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,   

улсын яллагч Л.О,

гэрч Д.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Р.Ц,

шүүгдэгч Э.Г, өмгөөлөгч Э.Б,

шүүгдэгч Т.П, өмгөөлөгч М.Э, Ч.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Э.Г, Т.П нарт холбогдох эрүүгийн 2125003290370 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн Э.Г

Монгол Улсын иргэн, Т.П

Шүүгдэгч Э.Г,  Т.П нар нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “_____” хотхоны бохирын шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс ухсан нүхний шороо нурж Б.Э-н амь нас хохирсон, хохирогч Н.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч Т.П мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогч Б.Мөнгөншагай мэдүүлэхдээ “...маш хүнд хэцүү байна, гомдолтой байна. Энэ явдлаас хойш аав маань сэтгэцийн эмнэлэгт үзүүлдэг болж, ээж маань зулын гол ороож суудаг болсон, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулмаар байна, энэ тэтгэмжийг өгөөд ч бидний гомдлыг барагдуулж чадахгүй шүү дээ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй хохирогч Н.М-н “...би анх 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр  туслах ажилтнаар ажилд орсон...2021 оны 9 дүгээр сарын 19-ний орой би Дарханаас компанийнхаа инженер Ганболд, туслах ажилтан буюу манай ангийн хүүхэд Сүлдээ бид гурав Орхон аймагт ирсэн. Манай компани нь компанийн барьж буй барилгын 160 метр урттай бохирын шугам хийхээр болсон бөгөөд бид гурвыг явуулсан, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагаас  ХХК-ийн барьж буй барилга дээр ирж, бохирын шугамаа холбож эхэлсэн бөгөөд слесарь Баагий ах, цахилгаанчин Бааска ах, инженер Ганболд ах, туслах ажилчин Сүлдээ бид тав ажилласан. Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баагий ах, Бааска ах нар нь 1 дүгээр сургууль руу “хүйтэн ус холбоно” гээд явсан бөгөөд ХХК дээр Ганболд ах, Сүлдээ бид гурав ажилласан, бид гурав тус барьж буй хоёр барилгын урд талын барилгын баруун талын бохирын шугам хийхээр ухсан нүхэн дунд шугамын хоолой холбож, экскаватор хажууд нүх ухаж байсан. Анх урд талаас нь экскаватор ухаж байтал барагцаагаар 5 метр урт ухахад хажуу хана нь нурж унасан, тэгэхээр нь булаад ахин ухаж эхэлсэн. Анх 4 метр гүн ухаж байснаа шороо нь нураад байхаар нь 3 метрээр ухаж эхэлсэн. Уг нь нүхийг тэгш биш ташуулдаж ухах ёстой бөгөөд Улаанаа гэх ах Ганболд ахад хандан “зүгээр тэгшхэн ухчихья, ингэж ухвал бүтэхгүй удаад байна, гялс хийчихье” гээд байсан. Тэгээд экскаваторын жолооч нь нүхийг тэгшхэн ухаж эхэлсэн бөгөөд бид гурав урдаас нь нэг нь 6 метрийн урттай 3 ширхэг трубаг холбочихоод би дурангаар харахаар урагшаа явж байтал гэнэт ухсан нүхний барилга талын хана нурж, би тэр үед шороонд бөгсөн биеэ далд ортол дарагдсан, Ганболд ах, Сүлдээ хоёр харагдахгүй, бүтэн биеэрээ даруулчихсан байсан, экскаваторын жолооч онцгой дуудсан, намайг ажилчид гаргаж авсан бөгөөд нөгөө хоёрыг гаргах оролдлого хийж байтал Онцгой байдлынхан ирсэн. ...Манай компанид хөдөлмөр хамгааллын ажилтан байдаггүй, Эрдэнэтэд ажиллаж байхад хэн нэг нь аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Бид нарт ажлын бээлийг захирал Гантөмөр, инженер Ганболд ах нар өгсөн, өөр хамгаалах малгай ч гэх юм уу тийм зүйл өгөөгүй, бид гурав малгайгүй байсан. ...Миний зүүн хөлний шилбэ хугарсан бөгөөд гипсдүүлчихсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 43-45 дахь тал/,

“...надад эмчилгээний төлбөр 2.000.000 төгрөгийг өгсөн, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 51 дэх тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.М-н “...Дүү Э2020 оны намар Дарханд Политехникийн коллежид орсон, 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэтээс Дархан-Уул аймаг руу сургуульдаа явсан. Хамгийн сүүлд ээж маань дүүтэй 2021 оны 9 дүгээр сарын 20-ны орой ярьсан бөгөөд “дүү маань найзтайгаа шороо ухдаг ажил хийх гэж байна” гэж ярьсан гэсэн, тэгэхээр нь ээж “шорооны ажил хийж яах гээд байгаа юм бэ” гэтэл “гурав хоноод дуусна, ядраад байна унтлаа” гээд салгасан гэсэн, түүнээс хойш холбоо барьж чадаагүй. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой ээж руу над руу залгаж уйлаад ярьж чадахгүй байсан бөгөөд нэг эмэгтэй хүн утсаар нь “дүү чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн, би болон манай гэрийнхэн дүүг Эрдэнэтэд ирснийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 55-56 дахь тал/,

“...Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, санал хүсэлт байхгүй, оршуулгын зардалд 11.000.000 гаруй төгрөг гарсан бөгөөд Гантөмөр нь 6.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, мөн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 58-59 дахь тал/,

хохирогч С.Г-н “...Би “ ХХК-д сантехникчээр ажилладаг,  2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Дарханаас туслах ажилтан Төгөлдөр, Сүлдээ нарын хамт Эрдэнэтэд ирсэн, бид гурвыг манай захирал Гантөмөр дуудсан. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө би, Баасансүрэн, Даваадорж ах, Төгөлдөр, Сүлдээ бид тав одоогийн осол болсон газарт очиж бохирын шугамаа угсарсан, энэ үед захирал Гантөмөр байсан. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө би, Төгөлдөр, Сүлдээ, захирал Гантөмөр бид дөрөв нөгөө барилга дээрээ очсон бөгөөд Баасансүрэн, Даваадорж нар нь 1 дүгээр сургууль руу өөр ажилтай явсан. ...өглөө бид нар худгийн кольцо тавьчихаад урд блок байрны баруун талаас хойшоо чиглэлтэй хоолой тавих ажлыг эхлүүлсэн, экскаваторын залуу барилгын баруун урдаас хойшоо чиглэлтэй ухаж эхэлсэн бөгөөд Төгөлдөр, Сүлдээ бид гурав зургаан метрийн урттай 150-н трубаг холбож эхэлсэн. Бид гурав ухсан нүхэн дотор трубануудыг холбож байсан, 4 дэх трубаг холбочихоод дурангаар харах гэтэл ухсан нүхний зүүн талын буюу барилга талын хана нурж бид нар шороонд дарагдсан. Би биеэрээ бүтэн дарагдсан бөгөөд юу ч харагдахгүй, ярьж болохгүй байсан. Миний хувьд амьсгаа авч болж байсан бөгөөд харин хөдөлж болохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 62-64 дэх тал/,

“...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 70-71 дэх тал/,

гэрч С.Даваатөрийн “...Би Улаанаа гэх хүний экскаваторыг барьж газар шорооны ажил хийдэг, хийх ажлыг Улаанаа ах олж, би экскаватороор нь ажлыг хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 9 цагаас би “Сайхан” төвийн чанх зүүн талд баригдаж буй барилгын баруун талаар урдаас нь хойшоо чиглэлтэй бохирын шугамын нүхийг ухаж, хүмүүс ухсан нүхэн дотор сангийн хоолойг угсарч байсан, би сангийн хоолой угсарч байсан хүмүүсээс барагцаагаар 5 метрийн цаана нүхээ ухаж байгаад шороогоо асгах газар олдохгүй болохоор нь бүтэн эргэж хараад шороогоо барилгын ард талд асгачихаад буцаад ухаж буй нүх рүү эргэтэл ухсан нүхний барилга талын эргэ нурсан, нүхэн дотор юм хийж байсан гурван хүн гурвуулаа шороонд дарагдсан. Нэг залуугийн цээжин бие ил байсан, нөгөө хоёр нь бүтэн дарагдчихсан байсан. Тэгээд би Онцгой байдал, мөн барилгын хүмүүсийг дуудсан. Нүх ухаж байхад даралт үүсэж байсан бөгөөд нүхний амыг аль болох дэлгэж, өргөн болгож ухаж байсан. Надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Нүхэн дотор ажиллаж байсан ажилчид энгийн л хувцастай байсан, хамгаалах малгай бүгдэд нь байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 73-75 дахь тал/,

гэрч Д.О-н “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний барагцаагаар 18 цагийн үед би ажил дээрээ манаандаа гарах гээд ирсэн, гэтэл урд талын Б блокны баруун талаар ухаж буй нүхэнд хүмүүс дарагдчихсан гээд бужигнаж байсан. Намайг ирэхэд нэг нь тус нүхний арай урагшаагаа бие нь далд ороогүй, бэлхүүснээс доошоо орчихсон байсан. Би тэгэхээр нь тэр залууг гаргах гээд очтол нэг чулуу биеийг нь хаасан байхаар нь нэг залуутай хамт холдуулсан, ...нүхний арай хойд хэсэгт хоёр хүн байна гээд байсан бөгөөд нэг толгой цухуйж байсан. Тэгээд л Онцгой ирсэн юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 96-97 дахь тал/,

гэрч Ж.У-н “...Над руу тухайн үед 99211168-тай дугаараас нэг эмэгтэй залгаж “ажил хийх үү” гэж ярихаар би түүнтэй “Сайхан” төвийн зүүн талд баригдаж буй барилга дээр уулзсан, “бохирын шугам дулааны шугам ухуулна, ажлын хөлсөнд 5.500.000 төгрөг өгнө” гэж тохиролцсон. ...миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн...тухайн үед оператор Жаргалсайханаар өөрийнхөө шар өнгийн Hyndai-300 загварын экскаватороор тус хашаанд байсан хоёр блок барилгын урд талын блокны баруун урд талаас баруун урагшаа чиглэлтэй барагцаагаар 40 орчим метр газар ухсан. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үдээс хойш ухсан нүхэд шугам татсан байсан бөгөөд тэр өдөр манайх урьд нь ухсан нүхээ булах ажил хийсэн. ...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед ирэхэд Манлай буюу Даваатөр нь урд барилгын урдаас хойшоо чиглэлтэй нүх ухаж байсан бөгөөд хоёр хүүхэд нүхэн дотор хоолой тавих ажил хийж байсан. Тухайн үед ухсан нүхний монгол гэр талын хана нь нурах гэж байгаа юм шиг хүлхгэр харагдаад байхаар нь би Манлайгаар /Даваатөрөөр/ янзлуулсан, ...над руу Даваатөр 18 цаг 02 минутад залгаж “ах аа хүн дарагдчихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би шууд осол болсон газарт ирэхэд ухаж байсан нүхэн дотор Ганболдын толгой нь гарчихсан бусад бие нь далд дарагдчихсан байсан, нэг хүүхдийг нь гаргачихсан гэж байсан, тэгэхээр нь би экскаваторыг жолоодож нурсан хэсгийн шороог зайлуулах ажил хийсэн. ...Тухайн газарт нүх ухах ажил хийж гүйцэтгэж буй оператор Даваатөрд аюулгүй ажиллагааны зааварчилгааг  ХХК өгөх ёстой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 99-101 дэх тал/,

гэрч Н.С-н “...Би осол болох үед хойд блок дээр ажилтай байсан бөгөөд яг юу болсныг нүдээр хараагүй. Бодит амьдрал дээр гэрээ байгуулдаггүй. Горьдлого дээр байгаа хүмүүстэй очиж уулзаад ажлаа тохироод ажлаа дуусангуут төлбөрийг нь төлөөд явдаг.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 103-105 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаартай “...1.Амь хохирогчийн биед нүүр, баруун бугалга, зүүн шилбэ, зүүн шуу, зүүн гарын сарвуунд олон тооны зулгаралт, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Талийгаач нь архаг хууч өвчингүй болно. 5.Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь цээж, хэвлий дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно. 6.Амь хохирогчийн ходоод дүүрэн хоолны хольц бүхий агууламжтай байв. 7.Задлан шинжилгээ хийхээс өмнө нас бараад 24 цаг өнгөрсөн байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 114-120 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 530 дугаартай “...1.Н.М-н биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Зүүн хөлийн шаант ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 142-143 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 531 дугаартай “...1.С.Г-н биед тархи доргилт баруун хацар, шанаа, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон, удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Тархи доргилт, баруун хацар, шанаа, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 157-159 дахь тал/,

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай “...1.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.

2.Ерөнхий захиалагч нь иргэн Ё.Оюунчимэг.

3.Ерөнхий гүйцэтгэгч нь ХХК, туслан гүйцэтгэгч нь ХХК.

4.Амь хохирогч Б.Э, хохирогч Н.М, С.Гнар  ХХК-ийн ажилтан бөгөөд ажил олгогч нь Э.Г байна.

5.Оператор С.Даваатөр нь энэ хоёр компанийн ажилтан биш тул ажил олгогч энэ хоёр компани биш.

6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна.

7.Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 15 дугаар зүйлийн 15.1-д /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.4-д /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.6-д /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх/, 28.1.7-д /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх/, 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 17 дугаар зүйлийн 17.1-д /ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/, 17.2.1-д /шинээр ажилд орж байгаа иргэний сургалт/, 17.4-д /ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна/, 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын 1.10-д /нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5 метрээс багагүй зайд хаях хэрэгтэй/, Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД3.02.01-90-ын 3.10-д /байгууламжийн буурь хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг 80 градусаас хэтрүүлээгүй/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

8.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу ажил олгогч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцна.

9.Хэргийн амь хохирогч Б.Э, хохирогч Н.М, С.Г нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д /ажил олгогчийн үүрэг/-ийн 28.1.8-д /аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заасан заалтыг ажил олгогч биелүүлээгүй байна.

Техник түрээслэх гэрээ байгуулаагүй, амаар хийх ажлынхаа хөлсийг тохирч ажил үүрэг гүйцэтгэсэн байна. Гэрээ байгуулсан бол оператор С.Д-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хэн хариуцах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн өгөх талаар тусгах байтал гэрээ байгуулаагүй болохоор тодорхой бус байна.

10.Хэргийн амь хохирогч Б.Э, хохирогч Н.М, С.Г нарт ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ заасан заалтыг зөрчсөн байна.

11.Техник түрээслэх гэрээ байгуулаагүй тул аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн өгөх, үүргээ хэн биелүүлэх талаар тодорхой бус байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д /ажил олгогчийн үүрэг/-ийн 28.1.8-д /аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заасан заалтыг биелүүлээгүй байна.

12.Оператор С.Д-н ухсан нүх нь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын 1.10-д /нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5 метрээс багагүй зайд хаях хэрэгтэй/, Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД3.02.01-90-ын 3.10-д /байгууламжийн буурь хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг 80 градусаас хэтрүүлээгүй/ заасан заалтын дагуу ухаагүйгээс аюулгүй байдлыг хангаагүй, ерөнхий гүйцэтгэгч ХХК хяналт тавих үүрэгтэй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 175-177 дахь тал/,

Шинжээч Д.Э-н “...ХХК-ийн барьж буй хотхоны бохирын шугамын ажлыг гүйцэтгэж байхад ухсан нүхний хажуу талын хананы шороо нурсан. Ухсан нүхнээс гарсан шороог ухсан нүхнийхээ ирмэг дээр овоолсон, мөн хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг шаардлагын хэмжээнд хийгээгүйгээс нуралт үүсэж осол гарах үндсэн шалтгаан болсон. Нүхийг хэрхэн ухах болон ухсан шороогоо хэрхэн зайлуулах талаар дүгнэлтийг 7 болон 12 дугаар заалтанд хариулсан байгаа. ХХК болон  ХХК-ийн хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, ...мөн оператор С.Д-эй бичгээр байгуулсан гэрээ байхгүй,  ХХК-ийн хувьд ажилчиддаа хөдөлмөр хамгааллын хувцас, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 184-185 дахь тал/,

Орхон аймгийн Онцгой байдлын 101 тоот тусгай дугаараас “...“Сайхан” худалдааны төвийн хажуу талын барилга дээр шороонд дарагдсан хүмүүс байна” гэх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 2 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Сайхан” худалдааны төвийн зүүн талд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 4-5, 6-8 дахь тал/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 9-11, 12-14 дэх тал/

С.Г, Н.М нарын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 15-16 дахь тал/,

амь хохирогчийн хувцасыг Б.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 17 дахь тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н гаргасан “оршуулгын зардал 11.314.260 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд төлсөн 60.000 төгрөг, 14 хоногийн буяны ажлын зардал 395.900 төгрөг, 21 хоногийн буяны ажлын зардал 162.300 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нийт 12.932.460, амь хохирогч Ц.Энхсүлдийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор нэхэмжилсэн нэхэмжлэл /1 дэх хавтас хэргийн 31 дэх тал/,

иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа наасан А4 хэмжээтэй, саарал эрээн өнгийн дэвтэр нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтас хэргийн 33 дахь тал/,

 ХХК-иас хохирогч Б.М-д оршуулгын зардалд 5.932.460 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчид 1.000.000 төгрөг, хохирогч Н.М-т эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /1 дэх хавтас хэргийн 36 дахь тал/, өмгөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтас хэргийн 18 дахь тал/,  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2 дахь хавтас хэргийн 19 дэх тал/,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н гаргасан “Ц.Э-н 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 39.600.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /1 дэх хавтас хэргийн 38 дахь тал/,

Т.П эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 215 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 222 дахь тал/,

Э.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-1 дэх хавтас хэргийн 216 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 224 дэх тал/,

Б.Э-н нас барсны бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 218 дахь тал/,

ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм /1 дэх хавтас хэргийн 240-243 дахь тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт /2 дахь хавтас хэргийн 12, 14 дэх тал/, улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дахь хавтас хэргийн 13 дахь тал/,  ХХК-ийн захирал Э.Гийн хувийн бичиг баримтууд /2 дахь хавтас хэргийн 15-17 дахь тал/,

 ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм /1 дэх хавтас хэргийн 244-248 дахь тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1 дэх хавтас хэргийн 250 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дахь хавтас хэргийн 1 дэх тал/,

гэрч Ж.У-н дансны хуулга /2 дахь хавтас хэргийн 6-8 дахь тал/,

С.Даваатөрийн операторын үнэмлэхний хуулбар /2 дахь хавтас хэргийн 9 дэх тал/,

98-02УН улсын дугаартай экскаваторын гэрчилгээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 5 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч нар, гэрч нараас болон Э.Г, Т.П нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

Шүүгдэгч   Э.Г,  Т.П нар нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “______” хотхоны бохирын шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс ухсан нүхний шороо нурж Б.Э-н амь нас хохирсон, хохирогч Н.Мөнхтөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь;

хэргийн үйл баримтын талаарх насанд хүрээгүй хохирогч Н.М-н “...гэнэт ухсан нүхний барилга талын хана нурж, би тэр үед шороонд бөгсөн биеэ далд ортол дарагдсан бөгөөд Ганболд ах, Сүлдээ хоёр харагдахгүй, бүтэн биеэрээ даруулчихсан байсан, ...Манай компанид хөдөлмөр хамгааллын ажилтан байдаггүй, Эрдэнэтэд ажиллаж байхад хэн нэг нь аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Бид нарт ажлын бээлийг захирал Гантөмөр, инженер Ганболд ах нар өгсөн, өөр хамгаалах малгай ч гэх юм уу тийм зүйл өгөөгүй, бид гурав малгайгүй байсан. ...Миний зүүн хөлний шилбэ хугарсан.” гэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.М-н “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой ээж руу над руу залгаж уйлаад ярьж чадахгүй байсан бөгөөд нэг эмэгтэй хүн утсаар нь “дүү чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн, би болон манай гэрийнхэн дүүг Эрдэнэтэд ирснийг мэдээгүй.” гэх,

хохирогч С.Г-н “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө...бид нар худгийн кольцо тавьчихаад урд блок байрны баруун талаас хойшоо чиглэлтэй хоолой тавих ажлыг эхлүүлсэн, экскаваторын залуу барилгын баруун урдаас хойшоо чиглэлтэй ухаж эхэлсэн бөгөөд Төгөлдөр, Сүлдээ бид гурав зургаан метрийн урттай 150-н трубаг холбож эхэлсэн. ...4 дэх трубаг холбочихоод дурангаар харах гэтэл ухсан нүхний зүүн талын буюу барилга талын хана нурж бид нар шороонд дарагдсан.” гэх,

гэрч С.Д-н “...нүхээ ухаж байгаад шороогоо асгах газар олдохгүй болохоор нь бүтэн эргэж хараад шороогоо барилгын ард талд асгачихаад буцаад ухаж буй нүх рүү эргэтэл ухсан нүхний барилга талын эргэ нурсан, нүхэн дотор юм хийж байсан гурван хүн гурвуулаа шороонд дарагдсан. ...Надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Нүхэн дотор ажиллаж байсан ажилчид энгийн л хувцастай байсан, хамгаалах малгай бүгдэд нь байгаагүй.” гэх,

гэрч Ж.У-н “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед ирэхэд Манлай буюу Даваатөр нь урд барилгын урдаас хойшоо чиглэлтэй нүх ухаж байсан бөгөөд хоёр хүүхэд нүхэн дотор хоолой тавих ажил хийж байсан...над руу Даваатөр 18 цаг 02 минутад залгаж “ах аа хүн дарагдчихлаа” гэж ярьсан... оператор Даваатөрд аюулгүй ажиллагааны зааварчилгааг -ХХК өгөх ёстой.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн  2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаартай “...Амь хохирогчийн биед нүүр, баруун бугалга, зүүн шилбэ, зүүн шуу, зүүн гарын сарвуунд олон тооны зулгаралт, хуйхан доор болон гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь цээж, хэвлий дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 530 дугаартай “...Н.М-н биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 531 дугаартай “...С.Г-н биед тархи доргилт баруун хацар, шанаа, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,

үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-н 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай дүгнэлтүүдээр,   

мөн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Сайхан” худалдааны төвийн зүүн талд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Э.Г, Т.П нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар; Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй  хотхоны бохирын шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр Э.Г,  захирал Т.П нар нь амаар харилцан тохиролцож, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс ухсан нүхний шороо нурж Б.Э-н амь нас хохирсон, хохирогч Н.Мөнхтөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн бүлэгт тусгагдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуульд зааснаар хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг”, 

3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг”,

3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” ойлгоно гэж, мөн

5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Амь хохирогч болон ажил олгогч  ХХК-ийн захирал Э.Г нарын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч амаар харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажил олгогч ХХК нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн байх бөгөөд ажилчиддаа хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөөгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй,

харин  болон амь хохирогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хэдий ч уг баригдаж буй “_____” хотхоны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь  бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, улмаар ХХК-тай мөн оператор С.Даваатөртэй бичгээр гэрээ байгуулаагүй, тэдэнд аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажиллагаагүй буруутай бөгөөд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай “...1.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба аж ахуйн нэгж байгууллага /эзэн/, хуулийн этгээдийн захирал, ажил олгогчийн хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбон үзвэл тийм хор уршиг гарах боломжой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой бөгөөд шүүгдэгч Э.Г, Т.П нарын үйлдэл нь хүний амь нас хохирсон, Н.Мөнхтөгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Г, Т.П нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.П,  ХХК-ийн захирал Э.Г нарын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул тэдний энэ үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүйгээс гадна бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын энэ үйлдэл “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Б.Батбаяраас “...яллах дүгнэлтэд Н.Мөнхтөгөлдөрийн биед хүндэвтэр хохирол, С.Ганболдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг орхигдуулсан, Ж.Улаанхүүд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаагүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргаж,

улсын яллагчаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохирсон” тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Энэ зүйлд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдлыг хуульчлаагүй, нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр дээрх хохирлууд учирсан тул хүнд зүйл зүйл заалтаар зүйлчилсэн нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үзсэн.” гэж тайлбарлав.

Улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй зөв бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, энэ хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Т.П, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хохирол төлбөрийн тухайд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н.Мөнхтөгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Насанбат нар эмчилгээний төлбөр 2.000.000 төгрөг нэхэмжилж, ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт 1 дэх хавтас хэргийн 36 дахь талд авагдсан байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.М-н  “...надад эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг өгсөн, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг 1 дэх хавтас хэргийн 51 дэх талд,

хохирогч С.Ганболдын “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг 1 дэх хавтас хэргийн 67, 71 дэх талуудад тус авагдсан тул шүүгдэгч Т.П, Э.Г нар нь хохирогч Н.Мөнхтөгөлдөр, хохирогч С.Ганболд нарт төлөх төлбөргүй байна.

Харин амь хохирогчийн төлөөлөгч Б.Мөнгөншагай “оршуулгын зардал 11.314.260 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд төлсөн 60.000 төгрөг, 14 хоногийн буяны ажлын зардал 395.900 төгрөг, 21 хоногийн буяны ажлын зардал 162.300 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нийт 12.932.460 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс,

амь хохирогч Ц.Э-н 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 39.600.000 төгрөгийг “Скайревер” ХХК-аас нэхэмжилжээ.

Үүнээс; оршуулгын зардалд 5.932.460 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг төлж барагдуулсан тухай баримт 1 дэх хавтас хэргийн 36 дахь талд авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед  ХХК-ийн захирал шүүгдэгч Э.Г “оршуулгын зардалд 6.000.000 төгрөг төлсөн.” гэж мэдүүлж, энэ талаар амь хохирогчийн төлөөлөгч Б.М маргаагүй болно.

Амь хохирогчийн төлөөлөгчийн “...36 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 39.600.000 төгрөгийг  ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шинжлэн судлаад 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт заасны дагуу амь хохирогчийн нэг өдрийн цалин 50.000 төгрөг x 22 хоног = 1.100.000 төгрөг x 36 сар = 39.600.000 төгрөгийг ХХК-аас гаргуулж, амь хохирогчийн төлөөлөгч Б.М-д олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г мөн түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар “хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийн 16.00 цаг хүртэл завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь 39.600.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Э.Г, Т.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Г, Т.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

өмгөөлөгч Б.Б, М.Э, Ч.Ам нараас “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Э.Г, Т.П нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт  анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

         1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

         Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.М-с гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа наасан А4 хэмжээтэй, саарал эрээн өнгийн дэвтэр нэг ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Т.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Г,  Т.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Э.Г, Т.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.Г, Т.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г, Т.П нарт анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г, Т.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Э.Г, Т.П нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.М-с гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа наасан А4 хэмжээтэй, саарал эрээн өнгийн дэвтэр нэг ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ