Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

 

 

   2022         1            25                                     2022/ШЦТ/37

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,  

улсын яллагч Л.Э,

хохирогч Г.М,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2125004150400 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн Б.Б

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-24 тоот гэртээ өөрийн эхнэр Г.М-ыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, архи их ууснаас болж ийм асуудал болсон байна.” гэв.

хохирогч Г.М мэдүүлэхдээ “...Өмнө нь зодоход нь цагдаагийн байгууллагад хандаагүй, “ахиж ийм асуудал гаргахгүй” гэж өөрөө хэлсэн, бид эвлэрээд амьдарч байгаа тул гомдолгүй. Одоо хавар болж ажил нь эхлэх гэж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ял өгнө үү.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.М-ын “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед ажлаасаа тараад найз Болормаатай уулзаж, “Баялаг паб”-д сууж байтал нөхөр Батжаргал надруу залгаж “хаана байна” гэж асуухад нь би нөхрөөсөө айгаад хаана байгаагаа хэлээгүй. ...Болормаа “Батжаргал манай нөхөр Одбаяртай найз юм чинь Одбаярыг Батжаргалыг дагуулаад ир гээд хэлчихье” гэсэн. ...Хэсэг хугацааны дараа Одбаяр, Батжаргал хоёр хамт ирээд бид дөрөв караокей орж суусан, бид дөрөв “Eden” нэртэй 0.75л архинаас нэг шилийг аваад хувааж уугаад 22 цаг хүртэл суусан. ...22 цаг болоход караоке нь “одоо дуулж болохгүй зүгээр сууж болно” гэхээр нь бид дөрөв дахиж нэг шил архи аваад тэр архиа тал хүртэл нь ууж, сууж байгаад үлдсэн тал архийг аваад Цагаанчулуут багийн 50-04 тоотод байрлах манай гэр лүү явахаар болсон. Тэгээд Одбаярын машинд суугаад явж байх замдаа нөхөр Батжаргал нь намайг “чи ийм гоё машинтай хүнтэй суумаар байна уу, чи надаас салвал баян хүнтэй суух уу” гэх мэтээр үгээр идэж явсаар гэрт ирсэн. ...би унтах гээд хэвтэж байж байхад нөхөр Батжаргал орж ирээд намайг янз бүрийн хүмүүстэй хардаж “гичий, янхан, бузрын амьтан” гэх мэтээр хэл амаар доромжлоод...миний толгой, нуруу, цээж, хэсэгт гараараа цохисон. Энэ үед манай гэрийн хаалгыг хүн тогшоод байсан нөхөр Батжаргал очиж онгойлгоход Одбаяр манай гэрт орж ирээд баруун талын орон дээр сууж байсан. Хэсэг байж байгаад би гэрийн хойд талын орон дээр сууж, нүүрээ хамгаалаад орон дээр доошоо хараад хэвтэж байхад нөхөр Батжаргал хутга бариад “хоолойг чинь хэрчинэ шүү” гэж над руу дайрахад Одбаяр босож ирээд хутгыг нь тавиулсан. Энэ үед Батжаргал дахиж гал тогооны шургуулгаас хайч аваад миний толгойны дэргэд гудас руу “чамайг ална, янхан, гичий минь” гэж хэлээд хэд хэдэн удаа зоосон. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24 дэх тал/,

гэрч С.Б-н “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр...Мягмар бид хоёр “Баялаг” зоогийн газарт ороод хоол идээд 0.5л шар айраг хоёр, хоёрыг уугаад сууж байсан. ...Би нөхөр лүүгээ яриад “Мягмартай уулзаж байна, чи Батжаргалыг аваад хүрээд ир” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа нөхөр Одбаяр, Батжаргалтай хамт ирсэн. Бид дөрөв зоогийн газраас гараад бараан захын хажуу талд байрлах караокей ороод 0.75л “Eden” архинаас нэгийг аваад уугаад дуулж сууж уг архийг дуусгаад дахин 0.75л “Eden” архинаас нэгийг аваад тал хүртэл нь ууж, караокейнээс гараад дуудлагын жолооч дуудаж машинаа бариулж Мягмар, Батжаргал нарыг хүргэж өгөхөөр явсан. ...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр надтай ярихдаа “би хотод ирчихсэн байна, тэр орой Батжаргал намайг зодож, цохисон, миний хөх, гуя хэсэг хөхөрсөн, хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч Б.О-н “...Батжаргалын гэрт ороод цааш нь юу болсныг мэдэхгүй. Маргааш өглөө нь сэрэхэд би Батжаргалын гэрт хоносон байсан. Батжаргал Мягмарыг зодож, цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би согтуу байсан болохоор юу ч санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 31 дэх тал/,

яллагдагч Б.Б-ын “...Гэртээ очоод юу болсон талаар сайн санахгүй байна, би тухайн үед маш их согтсон байсан. Маргааш өглөө нь босоход эхнэр Мягмар байхгүй, ажилдаа явсан байх гэж бодож байсан, өдөр дунд эхнэр лүүгээ залгахад мөн холбогдохгүй байсан. Тэгээд охин Шинэ нарантай яриад хотод байгаа талаар хэлсэн байсан. ...эхнэр Мягмарыг зодож, цохисон нь үнэн, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 44-46 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11297 дугаартай "...Г.М-ын биед баруун хөх, баруун дал, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, цээжинд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

иргэн Г.М-аас гаргасан “...Манай нөхөр байнга намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 3 дахь тал/,

Зөрчлийн хэргийн баримтууд /хавтас хэргийн 2-15 дахь тал/,

хохирогч Г.М-ын дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтас хэргийн 34-35 дахь тал/,

Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 54 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 50 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Баас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-24 тоот гэртээ хардалтын улмаас эхнэр Г.М--ын биед нь халдан зодож, баруун хөх, баруун дал, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, цээжинд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогчын “...нөхөр Батжаргал нь намайг “чи ийм гоё машинтай хүнтэй суумаар байна уу, чи надаас салвал баян хүнтэй суух уу” гэх мэтээр үгээр идэж явсаар гэрт ирсэн. ...би унтах гээд хэвтэж байж байхад намайг янз бүрийн хүмүүстэй хардаж “гичий, янхан, бузрын амьтан” гэх мэтээр хэл амаар доромжлоод...миний толгой, нуруу, цээж, хэсэгт гараараа цохисон. ...хутга бариад “хоолойг чинь хэрчинэ шүү” гэж над руу дайрахад Одбаяр босож ирээд хутгыг нь тавиулсан. Энэ үед Батжаргал дахиж гал тогооны шургуулгаас хайч аваад миний толгойны дэргэд гудас руу “чамайг ална, янхан, гичий минь” гэж хэлээд хэд хэдэн удаа зоосон.” гэх,

гэрч С.Болормаагийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр надтай ярихдаа “би хотод ирчихсэн байна, тэр орой Батжаргал намайг зодож, цохисон, миний хөх, гуя хэсэг хөхөрсөн, хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн.” гэх,

яллагдагч Б.Бын “...эхнэр Мягмарыг зодож, цохисон нь үнэн, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Чимэд-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11297 дугаартай "...Г.М-ын биед баруун хөх, баруун дал, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, цээжинд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Г.М-аас гаргасан “...Манай нөхөр байнга намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.М-ын дүрс оношилгооны шинжилгээний хариу, Зөрчлийн хэргийн баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Б.Б-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэрийнхээ эсрэг бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна. Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,

хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах.” дүгнэлтийг гаргав.

         Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гомдол, саналгүй гэсэн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ