Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Билгүүжин /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 281 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ………… овогт Э.Бд холбогдох эрүүгийн 2102000000317 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, …. оны дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хот ……… дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... дээд сургуулийн оюутан, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт ........................... тоотод оршин суух,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүрэн биелүүлж дуусгавар болгосон .......... овогт Э.Б /РД:...../,

 

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ......... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 14,3566 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Э.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тухайн үед хичээлээ тараад гэр лүүгээ явж байхдаа бие засмаар санагдаад хуучин 28 дугаар байрны балгасанд ороод бие зассан. Шээж байхад газар гялгар ууттай боосон зүйл байхаар нь аваад харсан чинь багсралдсан өвснүүд байсан. Ямар нэгэн юм байна гэж бодоод гэр лүүгээ аваад орсон. Гэр лүүгээ авч ороод утаснаасаа зургийг нь хараад яг юу гэдгийг нь ойлгож авсан. Тэгээд орой нь нөгөө газраа очиж ороож хэрэглэж үзсэн. Өөр зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-11/, прокурорын тогтоол /хх-ийн 23/, шинжээчийн 4819 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29/, шинжээчийн 4818 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34/, шүүх сэтгэц эмгэг судлалын 834 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39/, яллагдагчаар өгсөн Э.Бын мэдүүлэг /хх-ийн 48-49/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 52-55/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 94-95/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55/,  шүүгдэгчийн сурч буй сургуулийн тодорхойлолт /хх-ийн 83/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 86-89/, ял шийтгэгдсэн тогтоол биелэгдсэн тухай баримт /хх-ийн 104-110/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих  ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 14.3566 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Э.Б нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах бодис хадгалсан гэх зүйл ангиар оруулж ирсэн бөгөөд ялласан зүйлчлэлтэй маргахгүй байна. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргах мэтгэлцэх зүйлгүй байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Э.Б өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдал зэргийг нь харгалзаад хорих ялаас өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Хэдийгээр өмнө нь шүүхээр 2 удаа орж ял авч байсан боловч тэр хэргүүд нэгтгэгдэж нэг ял шийтгэл авах боломжтой байсан. Тэгэхээр заавал Э.Быг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Одоогоор Э.Б нь ............... дээд сургуулийн 4 дүгээр курст сурч байгаа. Цаашид энэ үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул зөвөөр амьдрах боломжийг нь олгож өгнө үү. Хорих ял эдлүүлэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Э.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ............ дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин 28 дугаар байрны балгасан дотор бие засаж байх үедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 14,3566 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Бын “...Ямар нэгэн юм байна гэж бодоод гэр лүүгээ аваад орсон. Гэр лүүгээ авч ороод утаснаасаа зургийг нь хараад яг юу гэдгийг нь ойлгож авсан. Тэгээд орой нь нөгөө газраа очиж ороож хэрэглэж үзсэн.” гэх мэдүүлэг,

 

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 04-07 дугаар тал/

 

3. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 08-11 дүгээр тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч эмч А.Батбаярын 4819 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч эмч А.Батбаярын 4814 дугаартай: Шинжилгээд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Э.Б ............. 2021.10.20 гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн... гэх дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 33-34 дүгээр тал/

 

            6. Шүүх эмгэг сэтгэц судлалын 834 дугаартай: Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...Э.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. гэх дүгнэлт,

            /хх-ийн 39 дүгээр тал/

           

            7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 52-54 дүгээр тал/

 

            8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 59 дүгээр тал/

 

            9. Э.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

            /хх-ийн 70-93 дугаар тал/

 

            10. Эрүүгийн 2102000000317 дугаартай хэрэгт хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 94-95 дугаар тал/

 

11. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 14,3566 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Э.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт 14,3566 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Э.Б нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ......... овогт Э. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  болгон өөрчилж, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа өвс гэх нэршилтэй 14,3566 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

   6. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ