Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг

Шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******ын Б*******өд холбогдох эрүүгийн **************  дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Б******* нь 2021 нь 12 дугаар  сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхор 10 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б**********тай үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Д.Б******* нь 2021 нь 12 дугаар  сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхор 10 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б**********тай үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

      Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед байхаа манай эхнэр /хамтран амьдрагч/ Б.Б********** Номин ХХК-ны зоогийн газарт ажилладаг болохоор ажлынхаа шинэ жилд орохоор явсан. Ингээд 22-23 цагийн орчим байхаа намайг ирж аваач гэж утсаар ярьсан. Би 4 замын Грийн гоолд баарны гадаа машинтай хүлээгээд эхнэр маань гарч ирэхгүй, утсаа салгаад 30-40 орчим минут болсон. Тэгж байтал нэлээн согтуу бололтой Б********** гарч ирээд бид 2 гэртээ харих замдаа утсаа авсангүй гэдэг асуудлаас болж бага зэрэг маргалдсан. Би эхнэртэйгээ маргалдаж байхдаа нүүр хэсэгт нь 2-3 удаа зүүн гараар цохисон. Тэгээд маргааш өдөр нь эхнэр маань толгой өвдөөд гээд унах гээд байхаар нь 103 эмч дуудаж үзүүлсэн. ... би өмнө нь Б**********д гар хүрч байгаагүй.  ...” гэх мэдүүлэг (хх-29-30х),

      Хохирогч Б.Б**********ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай ажлын шинэ жил 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагаас 23 цагийн хооронд болсон. Би орой нөхөр Б*******ийг ирээд ав гэж утсаар хэлсэн чинь за одоо очлоо гэсэн. Тэгээ би утасныхаа сүлжээг түр хаагаад ажлынхаа хүмүүстэй хэсэг суусан. Би 20-30 минутын дараа гарсан чинь Б******* гадаа машинтай зогсож байсан. би машины жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад гэр лүүгээ явах замдаа машин дотор Б*******тэй маргалдсан. Тэгсэн чинь Мөрөн сумын 10 дугаар баг Талын хонхор 5-14 буюу гэрийн ойролцоо намайг Б******* гараараа 2-3 удаа нүүр хэсэгт цохисон. Б******* бид 2 гэртээ ороод хэрүүл хийгээгүй амарсан. Тэгтэл маргааш өглөө нь Б******* бид хоёр гэртээ байж байтал миний толгой эргээд байсан юм. Тэгтэл Б******* 103 дуудаж, эмч ирж тариа хийгээд эмнэлэг авч явсан. Намайг толгой хавантай, нүүр хавдартай гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Намайг Б******* урьд нь цохиж, зодож байгаагүй.  ...” гэх мэдүүлэг (хх-18-19х),

     Гэрч Б.С********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-14 шилжих шөнө миний төрсөн эгч Б**********ыг хамтран амьдрагч Д.Б******* зодсон байна. би энэ талаа мэдээгүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед нэгдсэн эмнэлэг дээр Б********** эгч ухаан алдаж ирсэн байсан тул эмнэлэг дээр ирж мэдсэн. ...Б********** эгчийн нүд нь хөх өнгөтэй болоод хавдсан, тархинд нь гэмтэлтэй, баруун гуя дотор хөхөрсөн гишгэж чадахгүй байна лээ. ...” гэх мэдүүлэг (хх-12-13х),

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б*******ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай:

     1. Б.Б**********ы биед зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн чамархай, зулай хуйханд дотор цус хуралт, няцралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, баруун дээд 1-р үүдэн шүдэнд сулрал, эрүү болон хоолойнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

     3. Б.Б**********ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-22х),

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

      Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14/115 дугаартай тодорхойлолт (хх-32х), Д*******ын Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-33х), Д*******ын Б*******ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-34х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-35х), шийтгэл тогтоолын хуулбар (хх-36-37х), 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-38х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Д.Б******* нь 2021 нь 12 дугаар  сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхор 10 дугаар багийн нутаг дэвсгэрт машин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б**********тай үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

  хохирогч Б.Б**********ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-9-10, 22х),

  гэрч Б.С**********ыг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-12-13х),  

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б*******ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт (хх-22х), 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-38х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

   Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

   Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Шүүгдэгч Д.Б******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

  Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч Б.Б**********ыг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Б*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-38х),

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

   Шүүгдэгч Д.Б******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

  Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Д.Б******* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Д*******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д*******ын Б*******ийг 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б******* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б*******ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******өд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН