Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0943/З |
Дугаар | 221/МА2016/0119 |
Огноо | 2016-02-17 |
Маргааны төрөл | Тендер, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0119
"Э т" ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 903 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу "Э т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6/6242 тоот шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас зарласан Дунд оврын трактор хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалтанд оролцсон "А и" ХХК-аас тус яаманд гомдол гаргасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзэн шалгахад "Э т" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19.2-т заасан жишиг баримт бичгийн дагуу материалаа ирүүлээгүй байсан. Мөн хуулийн 27.1-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангаж байж шаардлагад нийцсэн тендэр болно. Гэтэл нэхэмжлэгчийн материал нь ТШӨХ-ийн 12.1.ё-д заасан үйлдвэрлэгчийн гэрчилгээ болон гарал үүслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулах шаардлагыг хангаагүй байсан тул тендерээс татгалзсан. гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 903 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.2,1, 27.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж буюу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6/6242 тоот шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх шаардлага нь тус тендерийг шалгаруулахгүй байх буюу тус тендерээс татгалзах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулаагүй буюу гэрчлүүлээгүй байснаараа барааны хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэхгүй, тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөхгүй юм.
Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулаагүй байна гэсэн ялимгүй, ач холбогдол багатай зүйлийг шалгуур болгож буюу нийлүүлэх техникийн чанарт нөлеөлөхгүй, хүчин чадал буюу гүйцэтгэлд нөлөөлөхгүй, тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөхгүй зүйлийг үндэслэл болгож бүх тендерээс татгалзсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр нь үндэслэлгүй.." гэжээ.
Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас зарласан "Дунд оврын трактор хадлангийн тоног төхөөрөмж нийлүүлэх" тендер шалгаруулалтад оролцсон ""А и"" ХХК-иас тус яаманд 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тендер шалгаруулалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/5986 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн.
Гомдлыг тухайн тендерийн баримт бичиг болон оролцопн компаниудын ирүүлсэн тендер, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зэрэг холбогдох бусад бичиг баримтанд үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзсэн.
Хуулийн 19.2-т "Захиалагч тендерийн баримт бичигт тендер оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтуудыг тусгана" гэж заасан бөгөөд тендерийн жишиг бичиг баримтийн дагуу тендерт оролцогчид материалаа ирүүлэх ёстой байдаг.
Хуулийн 27.3-т заасны дагуу тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үздэг.
Харин энэ тендер шалгаруулалтад оролцогч хамгийн сайн гэж үнэлэгдэн гэрээ байгуулах эрх олгогдсон ""Э т"" ХХК нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 12.1 (ё)-д заасан "үйлдвэрлэгчийн гэрчилгээ болон гарал үүслийн гэрчилгээг нотариатаар батлуулах" шаардлагыг хангахгүй байсан. Нэр бүхий компани нь тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг нэгэн зэрэг хангахгүй тул шаардлагад нийцсэн тендер гэж үзэхгүй бөгөөд хуулийн 27.4-т заасны дагуу уг тендерээс татгалзах үндэслэлтэй юм. Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас 20145 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөдөө аж ахуйн дунд оврын трактор болон хадлангийн тоног төхөөрөмж худалдан авах ажил НҮХААГ-15/02 дугаартай тендер шалгаруулалтыг зарлажээ.
Үүний дагуу 5 компани тендер ирүүлснийг Тендер үнэлгээний хорооноос сонгон шалгаруулалт явуулаад "Э т" ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулахыг Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт зөвлөсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/320 дугаартай албан бичгээрээ "Э т" ХХК-г НҮХААГ-15/02 ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн саналыг хамгийн сайн гэж үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж ирүүлсэн тул мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дараа гэрээ байгуулах тухай мэдэгджээ.
Гэтэл уг тендерт оролцсон Агротрейд ХХК-аас гомдол гаргаснаар Сангийн яамнаас хянан үзээд Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзах нь зүйтэй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6/6242 дугаартай албан бичгийг Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт хүргүүлжээ.
Тухайн албан бичиг нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэн "Э т" ХХК-аас хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1.ё-д заасан Үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/ шаардлагыг хангаагүй гэж тайлбарлажээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан "Э т" ХХК-ийн тендерээс үзэхэд үйлдвэрлэгчийн гэрчилгээ болон гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Харин тухайн нөхцөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан сөрөг болон шударга бус нөлөө үзүүлэхгүй гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж заасан, мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1.ё-д тухайн баримтыг нэмэлт материалаар ирүүлэхээр тусгажээ.
Дээрх хуулийн заалтыг буюу тендерийн гол шаардлагыг "Э т" ХХК нь хангасан байхад нэмэлт шаардлагыг хангаагүй гэж тендерийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бөгөөд хариуцагчийн тогтоосон нэмэлт шаардлагыг хангаагүй байснаар барааны чанарт сөргөөр нөлөөлөх болон тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлнө гэж үзэхээргүй байна. Иймд маргаан бүхий албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул түүнийг хүчингүй болгох нь үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагчийн албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн гэж үнэлснийг буруутгаагүй, бусад тендерийн оролцогчид хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэж үзсэн бөгөөд тэдгээрийн зүгээс тендер шалгаруулалттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо захиалагчийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий актыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргасан, нэхэмжлэгч зөвхөн хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч "Э т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР