| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0018/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/19 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
хохирогч К.Н,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч К.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.А ад холбогдох эрүүгийн 2213000010031 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, К.А , 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын .... дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БК*******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч К.А нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн К.Н г “хоёр айлын мал сүрэг нийлсэн талаар ээжтэй минь гар утсаар ярихад хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч К.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно гэв.
2. Хохирогч К.Н мэдүүлэхдээ: Болсон явдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно гэв.
Хоёр: Эрүүгийн 2213000010031 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч К.Н , гэрч С.Е, Х.К , К.К нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч К.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мал тоолуулсан тухай баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч К.А нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн К.Н г “хоёр айлын мал сүрэг нийлсэн талаар ээжтэй минь гар утсаар ярихад хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,
2. Хохирогч К.Н н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...манай гэр Бугат сумын 02 дугаар багийн нутагт байдаг юм. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед малаа хариулахаар гэрээсээ гарсан юм. Тэгээд бэлчээр явж чадахгүй малаа гэрийн гадна үлдээгээд бусад хонь, ямаагаа гэрээс 400 метрийн зайд хариулаад явж байгаад гэрийн гадна үлдээсэн малаа дурандаад хартал хөрш К гэх хүний мал сүрэгтэй нийлж байхад манай аав К тухайн мал сүргийг салгаад явж байсан. Тэгэхээр нь би К гэх хүний дугаар руу залгахад эхнэр Е гэх хүн утсаа авахад би “Танай мал сүрэг манай мал сүрэгтэй нийлээд байна. Ирээд салгаж авахгүй юм уу” гэхэд тэрээр “чиний толгойны үсийг зулгааж байгаа юм уу” гэхээр нь би утсаа салгасан юм. Тэгээд К гэх хүн удахгүй ирээд мал сүргээ ялгаж аваад гэр рүүгээ явсан.
Тэгээд би мал сүргээ туугаад гэрээс 400 метрийн зайд ганцаараа мориноосоо буугаад сууж байтал К гийн хүүхэд болох А ганцаараа мотоциклоор давхиж ирээд мотоциклоосоо буугаад ирсэн. Тэгээд чи мал яагаад хөөгөөд байгаа юм бэ гэхэд би мал хөөсөн зүйл байхгүй гэхэд газраас чулуу аваад над руу шидсэн. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гэхэд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд малгайгаа тайлтал миний зүүн талын нүднээс цус гоожоод нүд тагларчихсан. Тэгэхээр нь би миний нүднээс цус гараад байна, чи яаж байгаа юм бэ гэж хэлээд А ын бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний нүднээс цус гоожоод байгааг А хараад мотоциклоо унаад гэр рүүгээ зугтчихсан. Би гэртээ ирээд аав, ээждээ хэлээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж нүдэндээ 3 удаа оёдол тавиулаад дараа нь цагдаагийн байгууллагад хандсан.
...Гэмт хэргийн хор уршигт шүүгч К.А аар 400.000 төгрөгийг бэлэн төлүүлж авсан. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
3. Гэрч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Бугат сумын 2 дугаар багт байдаг юм аа. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед миний 80****** гэх дугаар руу хөрш К.Н гэх залуу залгаад танай мал сүрэг манай мал сүрэгтэй нийлсэн байна, ирээд салгаж ав, намайг та нар доромжлоод байгаа юм уу. Намайг басамжилж чадахгүй шүү гэхээр нь тэгвэл бид нар мал сүргээ очоод салгаад авъя, над шиг ээж чамд байхгүй юу гэж хэлэхэд утсаа тасалсан. Тухайн үед би гар утсаа чанга яриан дээр тавьсан байхад хажууд байсан хүү К.А сонсоод надад юм хэлэхгүй мотоциклоо унаад гараад явсан юм. Хаашаа явсныг мэдээгүй.
Гэтэл 1 цагийн дараа над руу К.Н н ээж Күнай залгаад манай хүү К.Н эмнэлэг рүү явлаа, чи К.А ын хувцсыг өмсгөөд бэлэн байлгаж байгаарай гэсэн. Тэгээд удахгүй Бугат сумын хэсгийн төлөөлөгч С.Сакен залгаад танай хүү А хүүхэд зодсон байна. Цагдаа дээр ирж мэдүүлэг өгөөрэй гэсэн. К.А уурлаж К.Н г очиж нүд рүү нь цохисон нь миний хүүхдийн буруу юм. Бид Н гаас уучлалт гуйж, гарсан бүх хохирлыг бүгдийн төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
4. Гэрч К.К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н маань хонио хариулаад явж байхад түүний хажууд мотоциклтой залуу ирж хэрүүл маргаан гаргаж байх шиг харагдсан. Тэгээд удалгүй Н зүүн талын нүд хавдсан, хөмсөгний дээд хэсгээр шалбарсан шархтай, нүүр хэсгээр цус болсон ирсэн. Ингээд яасан, юу болсон талаар асуухад К гийн хүүхэд А гэх залуу мотоциклоор ирж зодсон гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч Х.Е ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай “1. Иргэн К.Н н биед зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдэд хаван хавдартай, уг нүдний дээд зовхинд З ширхэг оёдол тавиулсан шархтай, Зүүн нүдний битүү гэмтэл, салстын доорхи цус хуралт, зовхины эдийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрснээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтэл байна.
Шинжлүүлэгч шинжилгээ хийлгэх албан тушаалтны хүсэлт 1, шинжилгээний обьект хүргүүлэх 1, рентген зураг 1 ширхэг, СД 1 ширхэг, 2 ширхэг эмчийн үзлэгийн тэмдэглэлийг хавсаргав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,
6. Яллагдагч К.А ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед гэртээ байхад Н гэх залуу манай ээж Е ийн утас руу залгаж хонио яагаад манайх руу давуулаад явуулсан бэ, намайг басамжлах гээд байна уу, та нар басамжилж чадахгүй шүү гэж хэл амаар доромжилсон. Тэгэхэд ээж чамд юу болсон бэ гэхэд чи хоёр бөгсний хооронд хавчигдахгүй зайл гэсэн. Тухайн үед би К.Н н дээрх хэлсэн үгсийг ээжийн гар утаснаас сонсож байсан учраас Н тай уулзах гээд аавын мотоциклийг унаад К ийн гэрийн доод талд мал хариулж явсан Н н хажууд очиход мориноос бууж ирээд та нар манайх руу хонио явуулсан гэж хэлээд ташуураар миний нуруу хэсэг рүү нэг удаа ташуурдаж, мөн миний гуя руу нэг удаа өшиглөсөн. Ингээд би Н г барьж авч түүний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн түүний нүдний тус газраас цус гарчихсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.
...Би Н гэх залуугаас уучлалт гуйж, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Мөн Н д 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75, 80 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.А ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч К.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч К.А ын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч К.А нь хохирогч К.Н н эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдэд хаван хавдартай, уг нүдний дээд зовхинд З ширхэг оёдол тавиулсан шархтай, Зүүн нүдний битүү гэмтэл, салстын доорхи цус хуралт, зовхины эдийн урагдал бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүх хуралдаанд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч К.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.А ын зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч К.А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Н н эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216, А/422 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч К.Н гаас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “...би А ыг сайн дураараа уучилсан. Гарсан хохирол болох 400.000 төгрөгийг төлүүлж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч К.А ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч К.А ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч К.А ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч К.А нь хохирогч К.Н д учирсан гэмт хэргийн хор уршигт 400.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн саналд яллагдагч К.А ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч К.А нь өмгөөлөгчийн хамт танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 117 дугаар тал/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч К.А ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч К.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч К.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.А ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч К.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч К.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 1 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг эрүүгийн 2213000010031 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.А ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч К.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн ирүүлсэн СД бичлэг 1 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг эрүүгийн 2213000010031 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ