Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О од холбогдох эрүүгийн 2213000000027 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.О , 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Тува, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ц сумын ...... дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЛ93******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн тараар:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2021 оны 12 дугаар сарын 22-ны орой Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.А  гэрт иргэн Е.М ыг архи уусангүй хэмээн хэрүүл үүсгэж, улмаар иргэн Е.М , Е.С  нарыг тус тус зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2213000000027 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хар өнгийн бүсийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогч Е.М, Е.С, гэрч А.Г, Б.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69, 70 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.О ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2021 оны 12 дугаар сарын 22-ны орой Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.А  гэрт иргэн Е.М ыг архи уусангүй хэмээн хэрүүл үүсгэж, улмаар иргэн Е.М , Е.С  нарыг тус тус зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Эд зүйл /хар өнгийн бүс/ хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

2. Хар өнгийн бүсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

3. Хохирогч Е.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэнгэл сумын 07 дугаар багт оршин суух А  гэдэг хүнд малаа өгөөд хариуцуулж байгаа.

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А  ах надад ирж гэртээ хүргэж өг, танай нэг хонь өвдсөн байна, өвс идэхгүй байна гэж хэлсэн. А  ахын хотонд өвдөж байгаа хонио авч ирэх гээд Хөшөөт руу явсан. Тухайн үед миний ах болох С  надтай хамт явсан. Бид нар Хөшөөтөд байдаг А  гэрт очоод цай уугаад сууж байхад манай араас мотоциклтэй 2 залуу ирсэн. ...Тэр үед бидний араас Б , Б гийн хүү М  /Ц / нар ороод ирсэн. Би өмнөх мэдүүлэгтээ Ц ийн нэрийг О  гэж ахтай нь андуурч хэлсэн байна. Бид нарын араас Хөшөөт гэх газарт байх А  гэрт ирсэн залуучууд Б  буюу О , М  буюу Ц  нар байсан байна.

...Тэр хоёр орж ирээд архи гаргаж ирээд А д “чи архи уумаар байгаа бол энийг уу” гэж, мөн бид нарт архи уумаар байгаа бол энэнээс уугаарай гэж заналхийлж хэлсэн. Тэр үед А , С  нар О ын хундагалж өгсөн архийг уусан бөгөөд надад өгөхөд би жолоо барьж байгаа уухгүй гэсэн. Тэндээс л болж О  шууд намайг зодож эхэлсэн. Тэр үед О  бид хоёрыг салгах гээд С  ах өндийхөд түүнийг Ц  барьж аваад газар унагаасан. ...тэр үед О  намайг нүүр, нүдгүй хашхирч зодож байсан, О  гартаа бүс аваад цохиж эхэлсэн. Бүсээр намайг толгой руу хэд хэдэн удаа ороолгоход би манараад сайн юм харахгүй толгой эргэсэн. ...С ыг О  гартаа байсан бүсээр хэд хэдэн удаа ороолгож гараараа цохисон. ...Биднийг О  ээлжилж зодож бүсээр толгой руу ороолгосон. ...Надад гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн хохирол учирсан, уг 300.000 төгрөгийн хохирлыг О  надад бүрэн өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 19, 22, 25 дугаар тал/,

4. Хохирогч Е.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед А  гэрт очсон.

...О  М ыг зодож эхэлсэн. О  М  хоёрыг салгах гээд өндийхөд намайг Ц  барьж аваад газар унагаасан. Намайг газар унахаас өмнө миний нүд рүү О  цохисон. ...О  миний хажууд хүрч ирээд намайг толгой нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед миний харснаар О ын гарт бүс байсан. О  гартаа байсан бүсээр намайг хэд хэдэн удаа толгой руу цохиж авсан. ...Надад гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн хохирол учирсан, уг 300.000 төгрөгийн хохирлыг О  надад бүрэн өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 32, 35, 38 дугаар тал/,

5. Гэрч А.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М ыг О  гараараа цохиж, зодож байсан. ...Би гаднаас орж ирэхэд С , М  хоёрыг О  л гараараа ээлжилж зодож байсан. ...С ын нүүр, хөмсөгнөөс, М ын нүүрнээс цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

6. Гэрч Б.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О  ах М  ахыг барьж аваад шууд цохиод авсан. М ыг О  цохих үед С  тэр хоёр руу босоод очих гэж байтал нь би С ыг бариад авсан. Тэр үед С  надтай ноцолдоод газар унасан. С  очвол улам зодоон гарах байх гэж бодоод С ыг босгохгүй бариад сууж байсан. ...Тэр үед О  ах М ыг нэлээн хэдэн удаа цохиж, гартаа барьсан бүсээр М ыг хэд хэдэн удаа ороолгосон, О  ах С ыг зодож байхад А  ах очиж салгах гэтэл хүч өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Хайратын 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай “1. Иргэн Е.М ын биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний салстад цус харвасан, духны хэсэгт бүхэлдээ хөх ягаан туяатай цус хуралттай, хоёр хөмсөг хоорондоо шархтай, хамрын нуруунд зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай мурийлттай, баруун хацарт хавдартай цус хуралттай, шархтай, дээд уруулын зүүн талд шархтай, доод эрүүний зүүн талд шархтай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт шархтай, доод эрүүний баруун талд шархтай, хүзүү хоолойд багалзуурдсан олон тооны жижиг хөх ягаан цус хуралттай, доод эрүүний зүүн доод хэсэгт шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн Е.М ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Е.М ын дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд болно.

3. Иргэн Е.М ын дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дүгээр тал/,

8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай “1. Иргэн Е.С ын биед тархины доргилттой, зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хөмсөгөнд шархтай, хамрын нуруунд зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн Е.С ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Е.С ын дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд болно.

3. Иргэн Е.С ын дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дугаар тал/,

9. Яллагдагч Э.О ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Цэнгэл сумын 07 дугаар багт манай ээжийн дүү А  гэдэг хөгшин мал маллаж амьдардаг. Тэр хүн байнга архи уудаг хүн байгаа. Ихэвчлэн Цэнгэл сумын 09 дүгээр багийн иргэд Е.М , Е.С  нартай хамт архи уудаг. Тэгээд согтохоороо А  халаасанд байсан мөнгө төгрөг алга болчхоод байдаг. А  ах согтуу үедээ хаячдаг юм уу, халааснаасаа унагаадаг юм уу, эсвэл хажууд нь хамт явсан хүмүүс нь авчихдаг юм уу, мэдэхгүй. Гэхдээ миний хувьд бол М , С  нараас сэжиглэдэг. Тэр хоёр манай ах А тэй хамт архи уучхаад согтох үед нь халаасанд байсан мөнгө төгрөгийг авчихдаг юм болов уу гэж харддаг.

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А  ах хөдөө байдаг гэрээсээ сумын төв орж ирээд С тай хамт түүний гэрт архи ууж хоносон байна. Маргааш нь мөн С тай хамт архи ууж М ыг дагуулж аваад хөдөө А  ахын гэрт явсан байна. Тэр үед би Ц гийн хамт хөдөө А  гэр лүү явж байсан. Тэгээд замдаа М ын машинаар А , М , С  нар зөрөөд явсан. Тэгээд араас нь яваад А  ахын гэрт очиход М , С , А  ах нар архи ууж байсан. Тухайн үед А , С  нар нэлээн согтуу байсан. М  нь арай гайгүй зүгээр л халамцуу байсан. Тухайн үед би ч гэсэн нэлээн архи уусан согтуу байсан. Надад нэг шил архи байсан бөгөөд нөгөө архийг гаргаж ирээд хундагалж тэнд байсан хүмүүст өгсөн.

А  ах тэндээс 2 хоногийн өмнө банкнаас 3.000.000 төгрөг зээл авч манай ээжийн дансанд хадгалуулсан байсан. Тэгээд ээжээс А  ах мөнгө асуугаад 1.500.000 мянгаар 2 удаа гаргаж авсан байна. Тэр мөнгө нь байхгүй болсон байсан. Тэгээд би архи ууж сууж байхад А  ахаас авсан мөнгө төгрөг нь хаана байгаа талаар асуусан. Мөнгө авсан өдөр хажууд нь М  дагаад явж байсан. Тэгээд би М аас хардсан юм. Тэгээд би А  ахаас мөнгө асуухад хажууд нь байсан М , С  нар уурлаад байсан. Тэгээд би архи хундагалж М ад өгөхөөр М  архи уухгүй гэж надтай хэрүүл өдсөн. Тэгээд би уурлаад М ыг нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхэд бид нар луу С  орилоод босоод ирсэн. Тэр үед С ыг Ц  бариад авсан. Тэгэхэд С  нь Ц тэй ноцолдож байсан. Харин би тэр үед М ыг нүүр, толгой хэсэг рүү цохиж зодсон. Дараа нь С  дээр очиход Ц  нь С тай ноцолдож байсан. Гэхдээ С ад Ц  гар хүрээгүй. Тэгээд би С , Ц  нарын хажууд очиход Ц  С ыг тавьсан ба өөрөө босоод явсан. Тэр үед би С ыг нүүр, толгой хэсэг рүү нударгаараа цохиж зодсон. Мөн тэнд хэвтэж байсан М  орилж хэл амаар доромжлохоор нь би бүслэхийнд байсан хар өнгийн бүсийг тайлж аваад бүсээр С ыг цохиж эхэлсэн. Дараа нь М ыг очиж бүсээр хэд хэдэн удаа толгой нь тус газар ороолгосон. Дараа нь С  дээр очоод хэд хэдэн удаа бүсээр ороолгох үед А  ах ирж намайг салгах гээд ноцолдох үед С  зугтаад явсан. Тэр үед түүний урдаас Г  гэдэг А  ахын хүүхэд зөрж орж ирэх үед С  түүнийг түлхэж гадаа гараад явсан. Тэр үед М  газар хэвтээд С ад “зугт, зугт” гэж орилж байсан. Би эргээд М ын хажууд ирээд түүнийг дахиад хэд хэдэн удаа цохиход миний хажууд Ц  байсан. Харин тэр үед М  нүүрээ гараараа хамгаалж хэвтэж байсан. Тэгээд Ц  боль хүн аллаа гэж намайг барьсан. Тэр үед А  ах ч гэсэн намайг бариад надтай ноцолдсон. А  ах хөлөн дээр тогтож чадахааргүй согтуу байсан. Тэр үед М  гарч зугтаж машинаа асаагаад яваад өгсөн. Харин Ц  эрүүл байсан. Түүний араас Ц  бид хоёр мотоциклээр хөөсөн боловч М  зугтаж Улагпан гэдэг хүний гэрт орчихсон. Тэгээд Ц  бид хоёр яваад өгсөн. Болсон асуудал энэ.

Би М  ахаас уучлалт гуйж хохирол болох 300.000 төгрөгийг өгсөн. М  ах бид хоёр хоорондоо эвлэрсэн. Мөн С  ахтай бас эвлэрч уучлалт гуйж хохирол болох 300.000 төгрөгийг барагдуулж өгсөн. Тэр хүмүүсийг нэг нутгийн хүмүүсийн хувьд сайн таньдаг юм. Одоо надад холбоотой Эрүүгийн хэргийг хуулийн хөнгөлөлт үзүүлж шийдвэрлэж өгнө үү.

...Би гэм буруугаа хүлээж, хийсэн хэргийн төлөө гэмшиж байна. Дахиж ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.О ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэсэн тайлбарыг гаргасан болно.

Шүүгдэгч Э.О нь (1) хохирогч Е.М ын эрүүл мэндэд “биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний салстад цус харвасан, духны хэсэгт бүхэлдээ хөх ягаан туяатай цус хуралттай, хоёр хөмсөг хоорондоо шархтай, хамрын нуруунд зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай мурийлттай, баруун хацарт хавдартай цус хуралттай, шархтай, дээд уруулын зүүн талд шархтай, доод эрүүний зүүн талд шархтай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт шархтай, доод эрүүний баруун талд шархтай, хүзүү хоолойд багалзуурдсан олон тооны жижиг хөх ягаан цус хуралттай, доод эрүүний зүүн доод хэсэгт шалбарсан гэмтлүүд”; (2) хохирогч Е.С ын эрүүл мэндэд “тархины доргилттой, зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хөмсөгөнд шархтай, хамрын нуруунд зүүн талд хөх ягаан туяатай цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүх хуралдаанд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.О ын архидан согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.О ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е.М , Е.С  нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.О нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Е.М , Е.С  нарын тус бүрт 300.000 төгрөгийн хохирол төлж өгсөн, хохирогч нараас өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Э.О ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Э.О од холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Э.О нь хохирогч Е.М , Е.С  нарт учруулсан гэмт хэргийн хор уршигт тус бүрт нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай саналд яллагдагч Э.О од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Э.О хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Э.О од холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.О од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Э.О урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.О од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй. Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.О од урд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн бүс 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.О од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.О од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ