Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Одонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ/2016/01352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Одонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Эрдэнэбатад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ш.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Одонтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос эхэлж мөнгө зээлдэг байсан. Анх 3 000 000 төгрөг авсан, дараа нь 5 000 000 төгрөг, тэгээд 8 000 000 төгрөг авч итгэлийг минь олж авсан. Сүүлд 8 300 000 төгрөг авахдаа банкнаас зээл авах гэж байгаа байршуулмаар байна гэж авсан. Сүүлийн буюу 8 300 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр хүү, алданги нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн мөнгөө л нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө сүүлд нь “ямаагаа самнаад өгнө, дараа нь малчны зээл аваад өгье” гэж хэлж байсан боловч өгөөгүй. Мөнгө аваагүй юм бол яагаад 480 000 төгрөгийн хүү, сар бүр төлөөд байдаг юм. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Ш.Эрдэнэбат нь сар бүр хүүгээ төлдөг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ дуусч бид дахин зээлийн гэрээг бичгээр сунгаж, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үлдэгдэл 7 000 000 төгрөг дээр баталгаажуулан мөн сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ш.Эрдэнэбат нь сар бүр зээлийн гэрээний хүү 420 000 төгрөг төлж явж байгаад сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 700 000 төгрөг өгөөд дахиж мөнгө өгөөгүй. Энэ 700 000 төгрөгөөс би 2016 оны 01 сарын хүү болох 420 000 төгрөг суутгаж аваад үлдэгдэл 280 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж, 6 720 000 төгрөг үлдсэн. Тэгээд зээлийн гэрээ дуусахад 3 сарын хүү төлөөгүй энэ 3 сарын хүү нийлээд 1 260 000 төгрөг, алданги 6 720 000 төгрөгийн 50 хувь буюу 3 360 000 төгрөг нийт 11 340 000 төгрөг, мөн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр авсан 8 300 000 төгрөг, нийт 19 640 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. 

 

Хариуцагч Ш.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2011 оноос эхлэн гэрээ байгуулж хүү, алданги гэж явсаар байгаад 10 000 000 орчим сая төгрөг нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Одонтуяа нь 2016 оны 03 дугаар сарын 24-нд ажил дээр ирж 8 300 000 төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ би 8 300 000 төгрөг авсан зүйл байхгүй, гэхдээ тухайн үед хүлээн зөвшөөрөөд хүүгийн нь төлж байсан нь үнэн. Шууд гэрээн дээр гарын үсэг зурсан нь миний буруу. Нотариат нөхөн гэрээ хийхгүй гээд өөр нотариат дээр очиж гэрээ хийсэн. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг уншилгүй зурчихсан юм. Уг нь уншиж танилц гэсэн. Иймд нөхөн гэрээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэбатаас 19 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Одонтуяад олгуулж, Ш.Эрдэнэбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 344 340 төгрөгөөс 256 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 88 190 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтэсийн 260 303 0349 дугаарын данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулан, хариуцагч Ш.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжинд 256 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Одонтуяад олгож, хариуцагч Ш.Эрдэнэбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 290 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ш.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит үнэнд нийцсэн шийдвэр гаргаагүй. Иргэн намайг өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Миний бие Б.Одонтуяагаас 3 000 000 төгрөг, 4 500 000 төгрөгөөр нийт 7 500 000 төгрөг авсан. Тэгээд 15 000 000 төгрөг буцааж өгсөн байдаг. Гэтэл Б.Одонтуяа нь 8 300 000 төгрөг бэлнээр өгсөн гэж илтэд худал ярьж байхад түүнийг үнэн гэж шийдвэрлээд байгааг гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Одонтуяа нь хариуцагч Ш.Эрдэнэбатад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 340 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 640 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 13, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалт, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ тус тус авагдсан байна. /хх 4-6, 16-18/

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 01 дүгээр сарын 13, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгийг хүлээн аваагүй, мөнгө тоолж авсан мэтээр гэрээ байгуулсан учраас гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна“ гэжээ.

 

            Хэрэгт авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнд зохигчид 8 000 000 төгрөгийг 20 000 төгрөгийн дэвсгэртээр 400 ширхэгийг хүлээлцсэн тухай баримт үйлдэж, гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байх ба хариуцагч нь гэрээний дагуу 8 000 000 төгрөгийн 6 хувийн хүү 480 000 төгрөгийг сар бүр 2014 оны 02 дугаар сарын 13-наас 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд, 7 000 000 төгрөгийн 6 хувийн хүү 420 000 төгрөгийг сар бүр 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус төлж байсан болох нь нэхэмжлэгч Б.Одонтуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн мөнгө тушаасан орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 4, 27-32, 57-64, 66, 67/

 

              Шүүх зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан гэж дүгнэн хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 6 720 000 төгрөг, зээлийн хүү 1 260 000 төгрөг, алдангид 3 360 000 төгрөг, нийт 11 340 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Шүүх хариуцагчаас алдангийг гаргуулахдаа тухайн эрх зүйн харилцаанд хамааралтай зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг залруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Б.Одонтуяа нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Ш.Эрдэнэбатад 8 300 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоогүй тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 300 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндслэлтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ/2016/01352 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...282.1” гэсний дараа “232.6” гэж нэмж, “...19 640 000...” гэснийг “...11 340 000...” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...256 150...” гэснийг “...196 390...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ш.Эрдэнэбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 700 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН