Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0111

 

"С" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 816 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Х201504201277 болон Х201504201268 дугаараар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус хэлтэс хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Засгийн газар 2014 оны 239 дүгээр тогтоолоороо хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталсан. Дээрх талбайгаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Уул уурхайн сайдад даалгасны дагуу мөн сайдын 2015 оны 1/85 дугаартай албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Засгийн газраас өгсөн дээрх чиглэлийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох болон уртрагийн 104 дүгээр градусаас баруун талд өргөдлийг хүлээн авах тухай олон нийтэд мэдээлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь уг талбайгаас өөр буюу 104 дүгээр уртрагийн зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авч, өргөдөл гаргасныг хүлээн авахаас татгалзан шалтгаан үндэслэлийг дурдан бичгээр мэдэгдэн, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэсэн. 104 дүгээр уртрагаас зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахад өргөдөл дахин гаргах эрх нэхэмжлэгчид бий. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ""С"" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "С" ХХК-иас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан Х201504201268 болон Х201504201277 дугаарын өргөдлүүдийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,

2. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу энэ шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан нэхэмжлэгчийн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэх ажиллагааг явуулах бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан ямар шийдвэр гаргахыг зааж өгөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаас бусад ажиллагаанд хамааралгүй, мөн энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан огнооноос хойших хугацаанд нэхэмжлэгчийн өргөдлийн солбицолтой давхцуулан гаргасан бусад этгээдийн өргөдлийг хүлээн авч, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, нэхэмжлэгчийн өргөдлүүдэд заасан огнооноос хойш гаргасан бусад этгээдийн өргөдлөөс нэхэмжлэгчийг түрүүлж өргөдөл гаргасан гэх үр дагавар бий болгохгүй, мөн нэхэмжлэгч компанийг өргөдөл гаргасан солбицолд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэж үзэх үр дагавар бий болгох шийдвэр биш гэдгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр авснаар нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах боломжтой болсон боловч Кадастрын хэлтэс нь энэ 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэлгүйгээр уг өргөдлийг хүлээн аваагүй тодорхойлолтыг хэвлэн өгч, буцааж байгаа нь хууль нийцээгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" чиг үүргийг Засгийн газарт олгосон.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар батлахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг "...тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт "ашигт малтмалын тухай хууль тогтоомж. түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах" чиг үүргийг Уул уурхайн сайд дүгээр уртрагийн баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаан болон мөн сарын 13-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.

Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу 104 дүгээр уртрагийн баруун талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажлыг нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслэл, цахим хаягт байрлуулан мэдээлж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэл зохион байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх Засгийн газрын тогтоосон талбайгаас өөр газар буюу 104 дүгээр уртрагийн зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг авч, өргөдлийг Кадастрын хэлтэс гаргасныг хүлээн авч хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт "өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх" гэж заасан нөхцөл байдал бий болсон.

Кадастрын хэлтэс нь хуулийн дээрх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201504201277, Х201504201268 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн

Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Иргэд өргөдөл гомдлоо төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана" гэж заасны дагуу нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлөө гаргаагүй байх тул Ашиг малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу эдгээр 2 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Хоёр. Шүүхийн магадлалд "Нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагийн баруун хагаст эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна гэсэн боловч нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан солбицолд аливаа этгээдээс энэ цаг хугацаанд өргөдөл өгч болохгүй бөгөөд хориглож байгаа талаар мэдээлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн дээрх 2 өргөдлийн талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолд заасан тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарч байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Уул уурхайн сайд, Ашиг малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар Засгийн газрын 2014 оны 239 дүгээр шийдвэрийг хэрэгжүүлж тухай бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг нийтэд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зурагт радио, цахим мэдээллийн хэрэгслэлээр мэдээлсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр анх удаа олгохоор эмх цэгцтэй, нээлттэйгээр өөрийн байгууллагын хүчин чадал, техникийн нөхцөл бололцоонд тулгуурлан явуулах болсныг өмнөх тайлбартаа дурьдсан болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Эцэст нь Засгийн газрын шийдвэр болон Ашигт малтмалын газраас зохион байгуулсан нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагийн баруун хагаст эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд нийт 3000 гаруй компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж зохих журмын дагуу өргөдлийг шийдвэрлүүлж байхад цөөхөн хэдэн компаниуд түүний дотор нэхэмжлэгч үүнийг зөрчиж байгаа нь бүгд нэг гараанаас эхлүүлсэн ажлыг зориудаар тасалдуулах гэсэн оролдлого гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "С" ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Х201504201268 болон Х201504201277 дугаараар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул, уурхайн сайдад үүрэг болгосон, түүнчлэн Уул, уурхайн сайд нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Засгийн газрын дээрх 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун тал буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын тухай холбогдох танилцуулгаар тогтоогдож байна.

Гэтэл "С" ХХК нь дээрх талбайд бус харин тухайн үед өргөдөл хүлээн авч эхлээгүй байсан зүүн хэсэгт өргөдлөө гаргасан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1-д шаардлага хангасан өргөдлийг хүлээн авч он, сар, өдөр, цаг минутыг тэмдэглэх, тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд өгсөн өргөдөлд тусгай тэмдэглэл хийх, түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэх шүүлт хийх зэрэг үйл ажиллагааг захиргааны байгууллага явуулахаар заажээ. Үүнээс үзвэл тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэхэд шаардлага хангасан өргөдлийн бүртгэгдсэн хугацаа онцгой ач холбогдолтой байна.

 

Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх тул уг өргөдлийг дээрх хуулийн 19.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэдэг дэвтэрт бүртгэж, хуульд заасан ажиллагаа хийх өргөдөл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүсэхээргүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ...манай компани заавал ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэсэн гомдол гаргахгүй. Харин зөвхөн төрийн захиргааны байгууллага манай компанийн гаргасан гомдлыг хүлээн авч бүртгэхгүй байгаад бид гомдолтой байна гэсэн үндэслэлийг дурджээ.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгож байгаа үйлдлийн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй дээрх хэлбэрээр өргөдлийн цахим дугаар авсан байгаа, нөгөө талаар нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч бүртгэвэл 104 дүгээр уртрагийн баруун хэсгийн 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авах талаар нийтэд мэдээлснийг зөрчин тусгай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байна.

 

Иймд "С" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д тус тус заасныг баримтлан "С" ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Х201504201277 болон Х201504201268 дугаараар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус хэлтэс хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР