Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 49

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Батсүх,  шүүгдэгч С.Телухаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Телухаанд холбогдох эрүүгийн 201621000080 дугаартай, 153/2016/0052/Э/ индекстэй хэргийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, РД: ПВ71022839  тоот регистрийн дугаартай,  Шыбарайгыр овогт Солтхааны Телухаан              

урьд нь Ховд аймаг дах Сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 127 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 95 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар,

2005 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 6 сарын баривчлах ялаар,

 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 106 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 174 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2009 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч   С.Телухаан   нь   ялтай   байх  хугацаандаа   шунахайн  сэдэлтээр  Ховд  аймгийн  Жаргалант  сумын   Рашаант  багийн   нутаг дэвсгэрт байрлах 16-04 тоот хашаанд байх оёдлын цехед 2016 оны 3 дугаар сарын 31-ний шөнө  хууль бусаар нэвтэрч  даавуу, шүүп зэрэг эд зүйл хулгайлж иргэн Б.Булганд 530000 /таван зуун гучин мянга/ төгрөгний  буюу бага  бус хэмжээний хохирол  учруулсан,  мөн давтан үйлдлээр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 6-21 тоот хашаанд байрлах   иргэн   А.Отгонжаргалын   гэрт    нэвтрэн   орж   зөөврийн компьютер, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж иргэн Х.Мөнхзул, А.Отгонжаргал нарт 920000 /есөн зуун хорин мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Ариунгэрэлийн мужааны цехэд хууль бусаар нэвтэрч мужааны багажнууд хулгайлж иргэн Д.Ариунгэрэлд 275000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хэрэг 4-р хуудас

Хохирогч Б.Булганы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 04 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах "Аккума" авто засварын хажууд байрлах оёдлын цехэд захиалга авах гээд очтол хоёр өнгийн даавуу байхгүй байсан тэгэхээр нь би камераа шүүж үзсэн. Тэгтэл нэг хүн 00 цаг 30 минутын үед манай цехийн хашаанд орж ирээд манай манаач н.Цогбаяр тухайн хүнийг хөөж гаргасан байсан, гарч яваад өглөө 05 цагийн үед манай цехэд орж ирээд хоёр өнгийн даавуу, нэг дулаан хучлагын даавуу, миний хар өнгийн богино шүүп зэргийг аваад гарсан. Шаргал өнгийн суудлын бүрээсний  даавуу 15 метр, 1 метр нь 18000 төгрөг, Саарал өнгийн даавуу 20 метр, нэг метр нь 8000 төгрөг, дулаан хучлагын даавуу 20 метр, нэг метр нь 6000 төгрөг, хар өнгийн богино шуба 45000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйл алдагдсан байсан. Уг цехээс гараад хашаанд хаясан байсаныг эд зүйлээ буцаан авсан.  Шаргал өнгийн суудлын бүрээсний даавуу 15 метр байсанаас 6 метрийг буцаан авсан. 9 метр шаргал өнгийн даавуу дутуу байгаа ...Даавууныхаа 200000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл алга …гэжээ. /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/                                            

Гэрч Т.Авдусалемын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...С.Телухаан өглөө манай гэрт орж ирэхдээ боодолтой даавуу барьж орж ирсэн. Надад хэлэхдээ ажил хийгээд ажил хийлгэсэн хүн нь мөнгө байхгүй оронд нь өглөө гэж хэлсэн. Хар өнгийн даавуунд ороож орж ирсэн байсан дотор нь гурван өнгийн даавуу байх шиг байсан. Хар өнгийн шуба манай гэрт авч орж ирээгүй... гэжээ. /1-р хх-ийн 21-р хуудас/

Гэрч М.Амина мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...С.Телухаан 2016 оны 03 сарын 31-ний өглөө 05-06 цагийн үед манай гэрт ирсэн. Тухайн үед би сайн хараагүй орж ирэхийг нь мэдсэн. Өглөө сэрээд харахад манай гэрт гурван өнгийн даавуу оруулж ирж тавьсан байсан. Надад хэлэхдээ ажил хийсэн хөлсөндөө авсан гэж хэлж байсан...гэжээ.  /1-р хх-ийн 22-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 28 дугаар хуудас/

Сэжигтэн С.Телухааны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1-р хх 29-32-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 108-111 дүгээр хуудас/

Гэрч Т.Айнагүль мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 6 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үезд Рашаант багт байрлах Еркежан дэлгүүртээ худалдагч хийгээд байж байтал Телухаан /Телеш/ гаднаас хар өнгийн, улаан хүрээтэй төмөр бариултай цүнх барьж орж ирээд цүнхнээсээ хар өнгийн “Тошиба” маркын зөөврийн компьютер гаргаж ирээд нэг шил архины барьцаанд тавьчихаад орой юм уу өглөө авъя гэхээр нь хэнийх юм бэ? гэхэд манай найзынх байгаа юм гэсэн.  1 шил 0.75 грамм архи өгөөд компьютерыг барьцаанд авч үлдсэн. Тэгээд С.Телеухаан архиа аваад гараад явсан дахиж орж ирээгүй.  Маргааш нь буюу 2016 оны 06 сарын 21-ний 16 цагийн үед цагдаа нар ирж үзээд энэ хулгайд алдагдсан нөүтбүүк байна гэж хэлээд манай нөхөр Б.Хойчбайгаас хураагаад аваад явсан… гэжээ.  /1-р хх 135-р хуудас/

  Гэрч Б.Хойчбай  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 сарын 20-ны орой 21 цагийн үед Рашаант багт байрлах  Еркежан дэлгүүртээ байж байтал гаднаас С.Телухаан хар өнгийн улаан хүрээтэй төмөр бариултай цүнх барьж орж ирээд, цүнхнээсээ хар өнгийн “Тошиба” маркын зөөврийн компьютер гаргаж ирж үзүүлээд барьцаанд тавина гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр худалдагч хийж байгаад наадах чинь найзынх нь гэнэ 1 шил архины   барьцаанд тавиад орой юм уу маргааш авна гэж байна гэж хэлээд 1 шил  0.75 грамм архи өгөөд архи өгөөд нөүтбүкийг барьцаанд аваад үлдэж байсан. Тэгээд С.Телеухаан архиа аваад гарсан. Дахиж орж ирээгүй 2016 оны 06 сарын 21-ний 17 цагийн үед цагдаа нар ирж үзээд хулгайд алдагдсан нөүтүүк байна гэж хэлээд хураагаад аваад явсан ....гэжээ. /1-р хх 131 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт /1-р хх 142 дугаар хуудас/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1-р хх-ийн 5-7-р хуудас/

-Сэжигтэн С.Телухааны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 12-18-2р хуудас/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 23-25 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 26 дугаар тал/

Хохирогч А.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгаас Цэцэг сумын чиглэлд хувийн ажлаар явсан. Охин Мөнхзаяа утасдаад гэрт хулгай ороод зөөврийн компьютер алга болчихсон байна гэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн. ... мөн 3 ширхэг мөнгөн аяга бас хулгайд алдагдсан байсан. ... эд зүйлээ буцаан авсан, хохиролгүй болсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / 1-р хх 128 хуудас/

Хохирогч Х.Мөнхзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт:  ... миний зөөврийн компьютерийг Мөнхзаяа эгч хэрэглээд өгье гээд Улаанбаатар хотоос авахуулсан. 2-3 хонож байтал зөөврийн компьютерийг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. ... тошиба маркийн зөөврийн компьютерийг би Улаанбаатар хотоос 4 жилийн өмнө худалдаж авсан.  Хулгайд алдсан зөөврийн компьютероо буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /1-р хх 131 хуудас/

Хохирогч Д.Ариунгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 6 сарын 22-ны өглөө манай ажилтан н.Өнөбаяр ажилдаа ирсэн чинь багажнууд байхгүй байна гэж орж ирсэн. Багажаа шалгаад үзэхэд цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг, төмөр таслагч 1 ширхэг тус тус байхгүй  байсан. Тэгээд тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. Манай мужааны байр цоожгүй байсан. Цахилгаан түрэгч хөрөө 140000 төгрөг,  төмөр таслагч 85000 төгрөг, цахилгаан харуул 140000 төгрөгөөр тус тус үнэлж байна.  Алдагдсан эд зүйлээ буцааж авбал ямар нэг санал хүсэлт нэхэмжлээд байх зүйл байхгүй. ... Алдагдсан эд зүйлээ бүгдийг хүлээж авлаа, бүрэн бүтэн байна. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.   /2-р хх-ийн 30-32-р тал /

Гэрч А.Серкжан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 6 дугаар сарын сүүлээр хугацааг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Манай гэрт С.Телухаан ирээд надад төмөр зүсэгч, цахилгаан харуул 2 авч ирсэн тэгээд надад 15000 төгрөгний барьцаанд тавиад явсан тэрнээс хойш манайд ирээгүй хоёр багажийг нь би хадгалж байсан. Ганцаараа ирсэн архи уугаагүй эрүүл байсан. С.Телеуханаас нэхэмжлэх зүйлгүй санал хүсэлт байхгүй...гэжээ.  /2-р хх-ийн 27-р тал/

Гэрч Т.Телухан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Он сарыг нь тодорхой мэдэхгүй байна, нэг өдөр гэртээ байж байтал С.Телухаан над дээр нэг хөрөө юмуу таслагч юмуу “КЕН” гэсэн бичигтэй мужааны багаж авч ирж өгөөд энийг барьцаанд тавих гэсэн юмаа таньд үлдээгээд мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Би 15000 төгрөг өгөөд явуулсан удалгүй буцааж авна гээд явсан. Надад багаж авчирч  зарахдаа ганцаараа байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй…гэжээ. /2-р  хх-ийн 28-р тал/

            Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2016 оны 03 дугаар сарын 31-ний  үүрээр 05 цагийн орчимд “Акума” нэртэй авто засварын газрын хашаа руу ороод хашаан дотор байх 2 давхар байшингийн цонхоор орж өрөөний хаалганы цоожийг гараараа татаж онгойлгоод 3 өнгийн даавуу, хар өнгийн богино шуба зэргийг авч гараад хар өнгийн шубийг нь хашаанд нь хаяад явсан.  2016 оны 6 сарын 20-ны өдөр Рашаант багт зүүн хаалганд явж байгаа нэг айлын байшингийн цонхны торыг татаж ураад хадааснаас нь сугалж цонхоор нь ороод яг хаана байсныг нь санахгүй байна хар зөөврийн компьютер, 3 ширхэг мөнгөн аяга аваад нөөтбүүкний цүнхэнд хийгээд хулгайлж аваад цонхоор нь гарсан байх. 3 ширхэг мөнгөн аяга авдранд байсан уу? сервантанд байсан уу?  сайн санахгүй байна. Тухайн үед согтуу байсан болохоор нарийн сайн санахгүй байна. Б.Хочбайгийн эхнэрт манай найзынх өглөө ирж авна барьцаанд тавьчихъя гэж хэлээд 1 шил 0.75 грамм Алтан түрүү архи  1 хайрцаг алтан навчис тамхинд тавьсан. Мөнгөн аягыг гэртээ оруулаад шкабан дээр тавьсан байж байгаад цагдаад баригдаж хүлээлгэж өгсөн.

2016 оны 06 сарын 20-ны үеэр тодорхой хугацааг нь сайн санахгүй байна. Октябрь, Төмөржан, Өнөрхан нартай хамт бага голын гүүрний доод талд Ерөөл нэртэй 0.75 граммын 2 шил архи уусан. Тэгээд архиа уугаад сууж байгаад би согтоод унтчихсан байсан. Нэг мэдэхэд өглөө үүр цайж байсан. Би ганцаараа голын эрэг дээр унтсан байсан. Тэгээд босоод унтсан хашааны доогуур эргээд гудамжаар явж байгаад мужаан хийдэг айлын хашаанд ороод цехынх нь хаалга онгорхой байхаар нь ороод ил байсан 3 янзын багаж аваад гарсан. Тэгээд тэр гудамныхаа доогуур нь тойроод сангийн хэрэм дотор очоод 2 багажийг нь үлдээгээд сангийн хэрэмний ард байдаг Телуханыг дуудаж уулзаад цахилгаан хөрөөг нь 15000 төгрөгний барьцаанд үлдээсэн. Буцаж сангийн хэрэм ороод үлдсэн 2 багажаа аваад сангийн хэрэмний дээд талд байдаг Серикынд очиж таслагч харуул 2-ыг нь 15000 төгрөгийн барьцаанд үлдээгээд тэднийхээс гараад замын доод талын дэлгүүрээс 1 шил 0.5 граммтай Ерөөл архи аваад тэрийгээ сангийн хэрэм орж уугаад согтсон байсан. Нийт 3 янзын багаж хулгайлсан. Цахилгаан хөрөө, таслагч цахилгаан харуул байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 5-7 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч   С.Телухаан   Ховд  аймгийн  Жаргалант  сумын   Рашаант  багийн   нутаг дэвсгэрт байрлах 16-04 тоот хашаанд байх оёдлын цехед 2016 оны 3 дугаар сарын 31-ний шөнө  хууль бусаар нэвтэрч  даавуу, шуба зэрэг эд зүйл хулгайлж  хохирогч Б.Булганд 530000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн давтан үйлдлээр Рашаант багийн 6-21 тоот хашаанд байрлах  хохирогч  А.Отгонжаргалын гэрт    нэвтрэн   орж   зөөврийн компьютер, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Х.Мөнхзул, А.Отгонжаргал нарт 920000  төгрөгийн хохирол учруулсан, мөн Рашаант багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Ариунгэрэлийн мужааны цехэд хууль бусаар нэвтэрч мужааны багажнууд хулгайлж хохирогч Д.Ариунгэрэлд 275000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч хохирогч Б.Булган, Д.Ариунгэрэл, А.Отгонжаргал, Х.Мөнхзул, гэрч Т.Авдусалем, М.Амина, Т.Айнагүл, Б.Хойчбай, А.Секжан, Т.Телухан нарын мэдүүлэг болон хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Телухааныг давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Хохирогч А.Отгонжаргал, Х.Мөнхзул нарт хулгайд алдагдсан эд зүйл болох зөөврийн компьютер, 3 ширхэг мөнгөн аягыг, хохирогч Д.Ариунгэрэлд хулгайд алдагдсан мужааны багажуудыг , хохирогч Б.Булганд хулгайд алдагдсан эд зүйл болох даавууг буцаан олгосон, хохиролгүй болгосон нь хохирогч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт 39 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч согтуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар  шүүгдэгч С.Телухаанд холбогдох эрүүгийн  хэргүүдийг нэгтгэсэн болно.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Шыбарайгыр овогт Солтхааны Телухааныг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг   хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Шыбарайгыр овогт Солтхааны Телухааныг эд хөрөнгө хураахгүйгээр, 6 /зургаа/ сарын  хугацаагаар баривчлах  ялаар  шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч энэ хэрэгт 39 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА