Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 171

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э С Э ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э С ЭХХК-ийн захирал Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь манай Э С ЭХХК-ийн  газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй” гэж хүчингүй болгосон байна.

Хариуцагч НЗД-ын А/792 тоот захирамж нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Манай компани Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3,8 га болон 4,6 га газрыг Б ХХК-иас  2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 тоот захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн.

Бид барилгын ажлын эскиз, зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр К ХХК-тай “Барилгын эскиз зураг төсөл боловсруулах гэрээ”-г байгуулан гүйцэтгүүлсний дагуу Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газартаа ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилт бүхий 840 айлын 12 давхар орон сууц 7 ширхэг, 392 айлын 14 давхар 56 айлын 7 ширхэг, 2 давхар үйлчилгээ 5 ширхэг, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1 ширхгийг барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилттой 12 давхар орон сууц 4 ширхэг, 2 давхар үйлчилгээ 4 ширхэг, 14 давхар орон сууц 7 ширхэг, 2 давхар цэцэрлэгийн барилга 1 ширхгийг барихаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1/233 тоот Ерөнхий төлөвлөгөө батлуулах хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас үүний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газар тус бүр дээр 460, 461 дугаар бүхий барилгын ажлын төлөвлөгөө бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулсан.

Гэвч тус Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу компанийн зүгээс эзэмшиж буй газрууд дээрээ барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор барилгын ажил эхлэх хүртэлх бэлтгэл ажил болох бараа материалыг буулгах зориулалтаар чингэлгүүд буулгасныг барилгын ажил гүйцэтгэсэн гэж үзэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 тоот “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж гарч, манай компанийн өмчлөлийн чингэлгүүдийг тус байгууллагын харьяа журмын хашаа руу албадан нүүлгэсэн.

Иймээс манай компаний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус захирамжийг хууль бус гэж үзэн эрх ашгаа хамгаалуулахаар В нэхэмжлэл гаргасан ба тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх 2 жил шахам хугацааны турш буюу хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл манай компани үргэлжлүүлэн өөрийн эзэмшлийн газар дээрээ батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгаврынхаа дагуу барилга барих бэлтгэл ажлаа хангах болон барилгын ажил эхлүүлэх боломжгүй болсон бөгөөд тус шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 В дугаар шийдвэрээр А/300 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар манай компанийг хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулсан болохыг тогтоосон.

Ийнхүү манай компани эзэмшил бүхий газруудаа Нийслэлийн газрын алба болон төрийн эрх бүхий байгууллагаас гарах шийдвэрээс шалтгаалах болон шүүхийн маргаан зэргээс бусад үед тасралтгүйгээр хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн. Нөгөө талаас манай компаний эзэмшлийн газрын анхны эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 онд дууссан учир бид холбогдох журмын дагуу хүсэлтээ өгөн шийдвэрлүүлж, газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээгээ 2017 оны 11 дүгээр сард гаргуулсан байхад илт үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 000*******, 000*******, 000*******, 000******* тус тус дугаартай шинээр дөрвөн газар эзэмших эрхийн гэрчилгээ 15 жилийн хугацаатайгаар манай компанид олгосон.

Өөрөөр хэлбэл, тус А/878 тоот захирамжаар НЗД-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 тоот захирамж нь нэгэнт хүчингүй болсон цаашид хууль зүйн хувьд хүчин чадалгүй, эрх зүйн үйлчлэлгүй дуусгавар болсон учир дахин А/792 тоот захирамжаар хүчингүй болгох боломжгүй бөгөөд манай компани А/878 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Газрын албатай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г шинээр байгуулснаар эрх зүйн үр дагаврын хувьд шинээр эрх зүйн харилцаа үүсгэн нэг жил ч болоогүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-ныг үндэслэн тус захирамжийг хүчингүй болгох нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д нийцэхгүй мөн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэснийг зөрчсөн буюу хууль бус байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/772 дугаар захирамжаар Э С ЭХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үндэслэл нь тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй гэж заасан байна. Хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг нь аль онуудад хамааралтай байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай байсан тул ерөнхий байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсоноос хойш энэ үндэслэлээ тодруулах хүсэлт тавьж, үүний үндсэн дээр хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актын хоёр жил дараалан гэдгийг тодруулж өгсөн. Ингэхдээ 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохиогчид хоорондын маргааныг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд ашиглаагүй гэж үзэж байна гэж тайлбарласан. Учир нь үүнээс өмнө хоёр жил ашиглаагүй гэдэг асуудлаар захиргааны акт гаргаад, үүнээсээ татгалзсан тул тодруулсан. Өөрөөр хэлбэр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тодруулж өгсөн.

Бид энэ хүрээнд маргааныг шийдвэрлэх болов уу. Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдсон уу? үгүй юу гэдэг асуудлаар маргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар газрыг ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь тогтоогдоно гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тайлбарласанчлан бусдын хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрх зөрчигдсөн бол үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийг 2016 оноос хойш газар эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд оруулах бусдын хууль бус үйлдэл байсан. Үүнд:

1. Маргаан бүхий газарт хоёр авто зам баригдсан. Үүнийг бид газраасаа хасуулж бүртгүүлсэн. Газар эзэмших эрхээ өөрчлүүлэх хүртэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан зөрчил байсан.

2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн байр бидний газартай давхцуулж баригдсан. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан бөгөөд өмнөх маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж байх хугацаанд тус барилга баригдсан. Уг газрыг давхцуулсан учраас газар эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан. Мөн адил энэ давхцалтай хэсгийг нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг сунгахдаа хассан. Хасалт хийлгэх хүртэл энэ талбай нь нэхэмжлэгчийн эзэмшилд  байсан учраас бусдын хууль бус үйлдэл гэж үзэхээр байна.

3. Яармаг худалдааны төв нэртэй орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тус компанийн газар дээр чингэлэг байрлуулсан. Хэрэгт энэ тухай баримтууд авагдсан байгаа. Мөн нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын хойд хэсэгт байрлах айл өрхүүд иргэд хашаагаа хууль бусаар сунгаж, бидний газартай тулгасан учраас гэр хороолол болон бидний гарын дунд гудамж, авто зам гарахааргүй нөхцөл байдал үүссэн. Иргэдийн зорчих хэсгийг хаахгүй гэдэг үүднээс бид өөрсдийн талбайг хашаалах боломжгүй байдалд орсон.

Эдгээр айлууд хашаагаа сунгасан хоёр хэсэгт бидний эзэмшил бүхий талбайд давхцаж орсон байсан. Мөн энэ хэсгийн хасалтыг хүлээн зөвшөөрсөн. Энэ газрын зөрчилтэй холбоотойгоор айлууд ямар байдлаар хашаагаа сунгасан тухай баримтууд хэрэгт авагдсан. Газар эзэмших эрх зөрчигдөж байгаа талаар холбогдох байгууллагууд болох Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, НЗД , Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт хандсан. Захиргааны байгууллагуудын зүгээс хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй ба зөрчигдсөн эрхийг сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан.

НЗД , Хан-Уул дүүргийн Засаг даргаас хариу өгсөн гэдэг боловч маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосныгоо дээр дурдсан өргөдлүүдийн хариу өгсөн байдлаар бүртгэсэн байдаг. Гэвч бидний хүссэн газар эзэмших эрхээ сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн зүйл биш юм. Цаг хугацааны хувьд сүүлд гарсан шийдвэр учраас хууль бус үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй. Маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан ойлгомжтой, тодорхой, хууль зүйн үндэслэлийг заах хуулийн заалтуудыг хангахгүй байна. Нэхэмжлэгчийн анх газар эзэмшиж байсан 2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнд 34.758 м.кв, 38.393 м.кв талбай бүхий Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрууд хамаарна.

Уг захиргааны акт гарах үед нэхэмжлэгч дээр дурдсан талбайгаас хасалт хийлгэж, 4 газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2017 оны 11 дүгээр сард гаргуулсан байсан. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчид анх газар олгосон 2011 оны шийдвэрийг хүчингүй болгож, 34.758 м.кв, 38.393 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл энэ үед нэхэмжлэгч 4 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан гэдгийг хэлье.

Мөн 2 жил дараалан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хоёр ба түүнээс жил дараалан газар эзэмших эрхтэй байх шаардлагыг хангах ёстой. Хэрэв энэ шаардлагыг хангахгүй бол энэ нөхцөл тогтоогдохгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад “Э*******” ХХК маргаан бүхий газрын 2016 оноос 2018 оны 08 дугаар сарын 30 өдрийг хүртэл буюу маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл дараалан хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь харагдаж байна. Анх газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахдаа 5 жилийн хугацаатайгаар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаа дуусах бөгөөд гэрчилгээний хугацаагаар тооцвол 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусахаар байна. Энэ нь Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 5-6 сарын дараа юм. Газар эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ өгсөн.

Удаа дараа уг хүсэлтээ дэмжиж хандсан тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу газар эзэмших эрх 2017 оны 11 дүгээр сард сунгагдсан. Нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сард дахин сунгагдсан. Энэ хооронд нэхэмжлэгч компани газар эзэмших эрхгүй байсан ба тухайн газрыг ашиглах боломжгүй юм. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгасан боловч Нийслэлийн Газрын алба, НЗД  нар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болох хугацаанд багтаж шийдвэрлэхээр байжээ.

Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотой асуудлаар Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцсэн байна. Энэ тухай баримт хэрэгт авагдсан. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлд “...газрын нөхцөл байдлыг судалъя...” гэж тэмдэглэсэн,  2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаар хурлын тэмдэглэлд сунгалтыг зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байна. Энэ нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшихээ сунгуулах хүсэлт нь хуульд нийцэж байгаа эсэхийг судалж, нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулсан гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч компани дараалан хоёр жил газар ашиглаж байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Э С ЭХХК-ийн газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа 2018 оны 8 дугаар сард эрхийг нь цуцалснаас харж болно.

Мөн тухайн газарт хашаа барихаар гаргасан тодорхой зардал гаргасан тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа. Төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрт итгэсний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд нэхэмжлэгчийн итгэл үнэмшлийг хамгаалах ёстой. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э С ЭХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД д холбогдох захиргааны хэрэгт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй  байна. Маргаан бүхий байрлалд буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44,758 мкв, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38,393 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг тус тус Э С ЭХХК-д НЗД-ын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн А/953 дугаар захирамжаар баталгаажуулж өгсөн бөгөөд үүнээс хойш тус газрыг газар эзэмшигч зориулалтын дагуу ашиглаагүй, өнөөдрийг хүртэл нэг ч орон сууцны барилга барих үйл ажиллагаа эхлээгүй байна.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа тухай Э С ЭХХК-д 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* 2018 оны 8 сарын 29-ны өдөр Нийслэлийн Газрын албан дээр биеэр ирж Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Л.Л*******тэй уулзсан ба 108/2018 дугаар бичгээр тайлбар гаргаж өгсөн болно. Нэхэмжлэгч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, цаашид ч ашиглахгүй болохоо илэрхийлсэн болно. Учир нь Э С ЭХХК газар эзэмших эрхээ Хөрш заанууд ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгож Хөрш заанууд ХХК-д шинээр гаргаж өгөхийг хүссэн ба үүнийг Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Хотын захиргаанаас Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний үүргээ зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тохиолдолд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэргээр тохижилт хийж хотын оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасгах, нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э С ЭХХК нь тус шүүхэд “НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинээр акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжаар Э С ЭХХК-ийн  газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Э С ЭХХК нь НЗД-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44,758 м.кв, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 38,393 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 23,8911 м.кв, 17,023 м.кв, 6100 м.кв, 27,616 м.кв хэмжээ бүхий 4 нэгж талбар болгон өөрчлөн эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч Э С ЭХХК нь “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөны газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулсан боловч нэхэмжлэгчийн эзэмшил газрыг албадан чөлөөлсөн  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/300 дугаар захирамжийг тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 923 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэвээр үлдээж шийдвэрлэх хүртэл газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй байсан.” гэж,

Хариуцагч НЗД ас “Э С ЭХХК-д НЗД-ын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн А/953 дугаар захирамжаар баталгаажуулж өгсөн бөгөөд үүнээс хойш тус газрыг газар эзэмшигч зориулалтын дагуу ашиглаагүй, өнөөдрийг хүртэл нэг ч орон сууцны барилга барих үйл ажиллагаа эхлээгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шүүхийн шийдвэр газар эзэмших эрхтэй холбоогүй.

Э С ЭХХК газар эзэмших эрхээ Хөрш заанууд ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгож Хөрш заанууд ХХК-д шинээр гаргаж өгөхийг хүссэн ба үүнийг Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.” гэж маргажээ.

Хариуцагч НЗД ас 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг 23,8911 м.кв, 17,023 м.кв, 6100 м.кв, 27,616 м.кв хэмжээ бүхий 4 нэгж талбар болгон өөрчлөн эзэмшүүлсэн атлаа 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжид “ ... 2011 оны 12 дугаар сараас хойш эзэмших байгаа газруудаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй...” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нэхэмжлэгч Э С ЭХХК-д 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 953 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн 5 жилийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байгаа боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, дуусгавар болголгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/878 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчлөн эзэмшүүлсэн байгаагаас үзэхэд газар эзэмших эрхийн хугацааг сунгасан гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч Э С ЭХХК-иас Нийслэлийн Газрын албатай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинээр байгуулснаас хойш 9 сарын дотор буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь  хуульд заасан нөхцөл шаардлагыг зөрчсөнөөс гадна “2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацаанд ямар хугацааг хамааруулснаа тодорхой заагаагүй,  мөн маргаан бүхий актын 3 дахь заалтаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчилсөн 2017 оны А/878 дугаар захирамж гараад 2 жил болоогүй байхад дээрх үндэслэлээр хүчингүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

Иймээс хариуцагч НЗД ас нэхэмжлэгч Э С ЭХХК-ийг ямар хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн эсэхийг тодруулж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдлыг тогтоож шинээр акт гаргах хүртэл 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 дугаар захирамжийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан НЗД-ын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/792 тоот захирамжийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, уг хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН