Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 57

 

Х.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

                                                          Ц.Амаржаргал                                

Прокурор                                          Б.Сүрмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ын М-д холбогдох эрүүгийн 1818002980159 тоот, 166/2018/0140/Э индекстэй 1 хавтастай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө- овогт Х-ын М- /РД:**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Х.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Мэргэд” хүнсний дэлгүүрийн урд талын саравчинд иргэн Д.Б-ы халааснаас “Самсунг Нөт-2” маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 155 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ө- овогт Х-ын М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө- овогт Х-ын М-д эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.М-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 сарын хорих ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнссэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт” ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх дээрх хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзвэл ял оногдуулахыг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх ба харин тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээг биелүүлээгүй эсвэл зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хүнд ял оногдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчпагдсан байна.

Ийнхүү Эрүүгийн хуульд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэх талаар хуульчлагдаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Х.М-д ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эд хөрөнгө хураахгүйгээр” гэж заагаагүй байх тул шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 1 дэх зааггганд өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйпийн 1.1-д зааснаар Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...2015 оны Эрүүгийн хуулиар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “эд хөрөнгө хураахгүйгээр” гэж заагаагүй. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн байдаг боловч өнөөдрийн шүүх хуралдааны шатанд миний бие шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Х.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Мэргэд” хүнсний дэлгүүрийн урд талын саравчинд иргэн Д.Б-ы халааснаас “Самсунг Нөт-2” маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Аймгийн Прокурорын газраас дээрх үйл баримтыг гэмт хэрэг гэж үзэн Х.М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Х.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, тэнсэж хянан харгалзан хугацаанд Х.М-д согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М-гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, анхан шатны шүүхээс түүний үйлдсэн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнссэн нь хуулийн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхээс гэм буруутай этгээдэд хорих ял оногдуулчихаад тэнсэх тухай хуулийн зохицуулалт байхгүй, харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, эсхүл оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх тохиолдолд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр зохицуулжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулинд эд хөрөнгө хураах ялын төрөл байхгүй байхад шүүгдэгч Х.М-д ял оногдуулахдаа эд хөрөнгө хураахгүйгээр гэж хуулинд заагаагүй зүйл бичсэнийг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Х.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ