Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 138/2018/0772/и |
Дугаар | 001/ХТ2019/00823 |
Огноо | 2019-05-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2019/00823
Д.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00912 дугаар шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 201/МА2019/00003 дугаар магадлалтай,
Д.Гын нэхэмжлэлтэй
“А” ХК-д холбогдох
Захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/35 тоот тушаалын 1-р заалтыг хүчингүй болгох, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгож тус компаний хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 9 351 330 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгах, хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөг гаргуулж ”Х Б”инд төлүүлэх, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкинд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээл болон бусад төлбөр 16 464 603 төгрөг 62 мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “А” ХК-д 2016 оны 7 сарын 25-аас Хүний нөөцийн менежерийн ажилд орсон. Намайг анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тиймээс хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6-р сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон. Энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. ”А” ХК-ийн захирлын 2018 оны 5 сарын 22-ны Б/39 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар намайг ажлаас халсан байдаг. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн ба үндэслэлээ ажлаас халах шийдвэртээ тодорхойлоогүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байвал гэж заасан байдаг. Уг үндэслэсэн хуулийн заалтын агуулгаар бол миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болж байгаа юм. Сахилгын ямар ямар зөрчлийг хэдий хугацааны давтамжтай гаргасан талаар хэрэгт авагдсан баримт алга мөн тушаалд тодорхойлоогүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тухайлан заасан ноцтой зөрчил гэдгийг тодорхойлох боломжгүй юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Хөдөлмөрийн сахилгын хариуцлага,Сахилгын зөрчил гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Мөн Б/39 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн заалтуудыг ноцтой зөрчжээ. 2018 оны 10 сарын 05-ны өдрийн хариу тайлбарт дурдсан Д.Г нь ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн амарсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд байгууллагын эрх ашиг сонирхолд харш үйлдэл гаргасан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан ажилтны эрх чөлөөнд халдсан зэрэг ёс зүйн дутагдлыг гаргаж байсан тул ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэжээ. Хэрэв ТУЗ-ийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд захирлын тушаал мөн адил хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн тухай хуулиар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнд хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлсийг тохирдог бөгөөд бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн гэрээ хэлцэл огт хийгдээгүй тул цалинг хэрхэн тооцсон нь тодорхойгүй юм гэжээ. Хавтаст хэрэгт Д.Гыг анх ажилд авсан тушаал байгаа, түүнд цалин хөлсийг хэрхэн тохирсон тухай байгаа, компаниас авч байсан цалингийн цэс, нийгмийн даатгалын дэвтэрт маш тодорхой байгаа цалингийн асуудлыг тодорхойгүй гэж тайлбарлах нь үнэнд нийцэхгүй юм. Намайг ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн амарсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд байгууллагын эрх ашиг сонирхолд харш үйлдэл гаргасан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан ажилтны эрх чөлөөнд халдсан зэрэг ёс зүйн дутагдлыг гаргаж байсан тул ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэх мэтээр нотлох баримтгүй зүйлсээр өөрсдийн хууль бус үйлдлийг тайлбарлаж хариуцагчийн татгалзлаа үндэслэлтэйгээр няцааж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж “Х Б”инд төлүүлэх, Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкинд даалгасан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа 4 711 357 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9 351 330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Д.Г нь ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн амарсан. Хөдөлмөрийн хууль болон дотоод журмыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, Б/24 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй акт байсан тул шинээр томилогдсон захирал тушаалыг хуульд нийцүүлэн хүчингүй болгосон тул заавал гардуулах үүрэггүй. Д.Гын хувьд ажлын байранд байгууллагын эрх ашиг сонирхолд харш үйлдлийг гаргасан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан ажилтны эрх чөлөөнд халдсан зэрэг ёс зүйн дутагдлыг гаргаж байсан тул ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Хэрвээ ТУЗ-ийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд захирлын тушаал мөн адил хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн тухай хуулиар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнд хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг тохирдог бөгөөд бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн гэрээ хэлцэл огт хийгдээгүй тул цалинг хэрхэн тооцсон тодорхойгүй юм. Д.Г нь тус компианиас их хэмжээний зээл авсан боловч зээлийн үүргээ биелүүлээгүй тул цаашид сөрөг нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн буруугаас “Х Б”наас авсан цалингийн зээлийн төлөлтийн хуваарийг хэтрүүлснээс хугацаа хэтрэлттэй гэсэн ангилалд орж 1 091 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй тул дээрх мөнгийг “А” ХК-иас гаргуулж “Х Б”инд төлүүлэх шаардлагыг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг гуравдагч этгээдээс нэхэмжлэх эрхгүй бөгөөд зээлдэгч нь ямар ч нөхцөл байдал үүссэн өөрийн хүлээсэн гэрээний үүргээ өөрөө хариуцах үүрэгтэй тул дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Гын Монгол банкны мэдээллийн сан дахь зээлийн ангилалд өөрчлөлт оруулахыг Монгол банкинд даалгах шийдвэр гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага нь “А” ХК-ийн эрх хэмжээнд хамаарах харилцаа биш байх тул манай компанийн зүгээс тайлбар гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь энэ шаардлагаа Монгол банкыг хариуцагчаар татаж тусдаа бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Ажиллаагүй хугацааны цалингийн хувьд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг өөрөө зөрчсөн тул манай компанийн зүгээс өмнөх хариу тайлбарын хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагч “А” ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Гаас зээл болон бусад төлбөрт 16 464 603,62 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хувийн хэрэгцээнд 5 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Энэ мөнгийг буцааж төлсөн. Үүнийг компаний кассанд бэлнээр төлсөн. Зөвхөн кассанд бэлнээр нь буцаагаад төлчихсөн зүйлийг компаниас нотлох баримтыг татаж авахгүй бол өөрөөр нотлох баримт байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинэ байрны урьдчилгаа төлбөр төлөхөд 7 сая төгрөгийг касснаас авсан гэсэн байсан. Би хэзээ ч шинэ байр авч байгаагүй шинэ байрны урьдчилгаа төлж байгаагүй. Энэ мөнгө юунд ямар зориулалтаар зарцуулагдсаныг Шатар захирлаас асуувал мэднэ. Шатар захирлыг энэ талаар мэдүүлэг өгүүлэхээр гэрчээр дуудуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас ирэх боломжгүй байна гэсэн. Тэр мөнгө миний хувийн хэрэгцээнд зориулагдаагүйг гэрчийг оролцуулсан бол тодорхой байх байсан. 2018 оны 3-р сарын 12-нд 500 000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авчээ. Цалингийн урьдчилгаа авчихаад цалингаасаа суутгуулаад л явдаг бас кассанд буцаагаад бэлнээр төлдөг. Кассын баримтууд хавтаст хэрэгт авагдсан бол буцаагаад төлсөн эсэх нь баримтаар нотлогдох байсан. Миний хэрэглэдэг утасны төлбөрүүдийг компаниас төлдөг байсан. Би компанийг төлж бай гэж хэлээгүй ээ. Хоорондоо тохиролцсон юм байхгүй. Эдгээр дугаарууд компаний нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэр үүднээсээ намайг ажлаас халагдсанаас хойш төлж явж ирсэн байх. Үүрэн телефоны оператор компани “А” ХК-ийн хооронд байгуулсан гэрээнд юу гэж тусгасан байдгийг мэдэхгүй байна. Урд нь компани нь төлбөр тооцоог нь төлөөд цалингаас суутгаад л явдаг байсан. Бүх ажилчдынх тийм л зарчмаар явж ирсэн. Тухайн саруудад ямар ямар төлбөр гарсныг би мэдэхгүй байна. Цалингийн нягтлан бодогч хүснэгтлээд л тоо явуулсан байна. Хавтаст хэрэгт үүрэн телефоны операторуудаас ирүүлсэн нэхэмжлэл, тэдний дансанд төлснийг нотлох баримт авагдаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компаний данснаас гарч үүрэн телефоны компани руу төлсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Хос өргөө ХХК-иас 580 000 төгрөгний дугуйтай сандал авсан гэж байна. Би авсан юм уу? Балансад миний нэр дээр дугуйтай эргэдэг сандал гээд 527 272,73 төгрөгний анхны өртөгтэй гээд бүртгэчихсэн байна. Намайг авсан гэж яагаад үзэж байгааг ойлгохгүй байна. Мөн бусад хариуцсан эд хогшил гээд зөндөө хөрөнгүүд байна. Түүнийг яагаад нэхэмжлээгүй юм бол. Юу юу миний нэр дээр бүртгэлтэй байдгийг одоо л харж байна. Үнийн дүн зөрүүтэй нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Би хүлээж авсан гарын үсэг байхгүй. Мөн Моторола А8 гар станц эзэмшдэг байсан одоог хүртэл өгөөгүй гэж байна. Ажлаас халах тушаалыг 2 удаа гаргахдаа ажил хүлээлцэх хугацааг заагаагүй. Хэзээ ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байсан. Хүлээлцүүлсэн бол тэр гар станцыг хүлээлгээд л өгөх байсан байх. Миний өрөөний цоожийг эвдэж орох гэж байхад нь тухайн үед мужаан Дарханхүү болон цахилгаан сантехникийн хэсгийн ажилчдад дотор нь миний хувийн эд хөрөнгө мөнгө төгрөг байгаа шүү гэж анхааруулж байсан. Тэгээд дараа нь эвдэж ороод өөр цоож хийчихсэн байсан. Өрөөн дотор байсан юмнуудыг авчихсан юм уу би мэдэхгүй байна. Надад ийм станц хүлээлгэн өгсөн, би авсан гэх нотлох баримт байхгүй. Хуулийн сургуульд суралцахаар болсон, төлбөр тооцоог нь компани хариуцан төлөхөөр өргөдөл дээр нь тодорхой заасан байхад буцаагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Компаний хөдөлмөрийн дотоод журмын 10.3.6-д компанийн зардлаар сурах ажилтан их, дээд сургууль, коллежи, тусгай мэргэжлийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх, шалгалт өгөх, спортын сорилго, тэмцээнд оролцох, төр захиргаа, олон нийтийн байгууллагын сонгуульт ажил үүрэг гүйцэтгэх зэрэг тохиолдолд тухайн байгууллагын албан бичгийг үндэслэн захирлын тушаалаар цалинтай чөлөө, томилолт олгож болно гэж заасан байгаа. Энэ журмын дагуу л компаниас хариуцан төлбөрийг төлсөн. Надаас буцааж нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00912 дугаар шийдвэрээр 1/ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гыг “А” ХКомпанийн хүний нөөцийн менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2/ Мөн хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар “А” ХКомпаниас 9850992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, тус компаний захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/35 тоот тушаалын 1-р заалтыг хүчингүй болгох, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгох хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөг гаргуулж “Х Б”инд төлүүлэх, зээлийн мэдээлийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкид даалгах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, 3/ Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг “А” ХКомпанид үүрэг болгож, 4/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 5/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч “А” ХКомпаниас 242766 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 6/ “А” ХКомпанийн зээл болон бусад төлбөр 16464603 төгрөг 62 мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240274 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, ...шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 201/МА2019/00003 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...9 850 992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, гэснийг ...6 817 440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2 533 890 төгрөг,... гэж, 5 дахь заалтын ...242766 төгрөг... гэснийг ...124029 төгрөг... гэж тус тус өөрчлөлт оруулж, 6 дахь заалтын “А”... гэсний өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар гэж нэмэлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 566 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Баясгалан хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Иймээс Д.Гыг ““А”” ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил үзнэ” мөн ажил олгогч ““А”” ХК ажилтан Д.Г нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд уг ажилтны гаргасан зөрчил нь дээр дурьдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ...үндэслэлд хамаарахгүйгээс гадна ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсгийг тушаалд заасан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Үүгээрээ шүүх нэхэмжлэгч бодит байдал дээр ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон байна. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй боловч анхан шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил эрхтэй байсан тохиолдолд байгууллагын дотоод журмыг нэхэмжлэгч дагаж мөрдөх үүрэггэй болохыг анхан шатны шүүх бодитой дүгнэж чадаагүй байна. Байгууллагын дотоод журмыг анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд түүнд ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тодорхой хугацаагаар тасалсан нь дотоод журмын хэм хэмжээний хувьд “ноцтой” зөрчил байхаар зохицуулсан. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээний биш дотоод журмын зохицуулалтын хэм хэмжээг удиртгал болгож шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй болно. Анхан шатны шүүхээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтан хөдөлмөрийн харилцаанд хариуцлага хүлээхгүй, хуулиас гадуур байх боломжтой мэтээр Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа хэтрүүлсэн, дотоод журманд заасан хугацааг хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба нэхэмжлэгчийн Герман улсад ажилласан нь "“А”" ХК-ийн үйл ажиллагаатай холбоогүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтаа эдэлж дуусмагц ажлаа хэвийн гүйцэтгэх үүргийг ажилтан хүлээдэг гэдгийг маш сайн мэддэг, хуулийг мэдэхгүй байх нь хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй Ээлжийн амралт олгосон тушаалд ээлжийн амралт эдлэх хугацааг тодорхой заасан бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй буюу ИХШХШТХ-ийн “40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ ” гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчлийг гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэлтэй байсныг шүүх бодитой үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжлэгч 9 351 330 төгрөгийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 9 850 992 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүргээ хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас давсан үнээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн цалин, хөлстэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүх түүнд дүгнэлт өгөөгүй байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн цалингийн картнаас үзвэл нэхэмжлэгч нь сүүлийн гурван сарын хугацаанд нийт 44 хоног ажиллаж /ажилласан хугацааны амралтын мөнгийг тооцсон/ нийт 3 140 905 төгрөг авсан байна. Иймд нэхэмжлэгч нь сүүлийн гурван сард түүний авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 3 140 905 төгрөгийг нэхэмжлэгчийн жинхэнэ ажилласан хоног 44 хоногт хувааж нэг өдрийн дундаж хөлсийг 62 348 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэсэн нь нотлох баримттай зөрчилдөж байна. Нэхэмжлэгчийн цалингийн карт гэсэн тусгайлсан карт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн картаар цалинг олгож байсан ба тухайн картанд сүүлийн гурван сард хийгдсэн гүйлгээгээр цалин хөлсний дундажийг тооцсон нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн цалин хөлсний дундажийг ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бөглөгдсөн нэг сарын цалин хөлсний дундажаар тооцох нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх юм. Нөгөөтэйгүүр дээрх цалин хөлсөнд урамшуулал нэмэгдэж орсон байгаа бөгөөд ажил олгогчоос ажилтан олгосон урамшууллыг заавал олгохыг үүрэг болгож шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхээс цалин хөлсний тооцоог хийхдээ зөвхөн картны дүнгээр тооцсон нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв хэрэглэсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шийдвэрийн агуулга хоёрдмол утгатайгаар хуулийг тайлбарласан үйл баримтыг зөв үнэлж чадаагүй. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилсон хэсэг болон нөхөн олговорыг олгохоор шийдвэрлэсэн хэсгүүдийг тус, тус хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, олговорын хэмжээг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Д.Г нь “А” ХК-д холбогдуулан 2018 оны 05 сарын 11-ний өдрийн Б/35 тоот тушаалын нэгдүгээр заалт, 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Б/39 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, захиргаа удирдлага, хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9 351 330 төгрөгийг гаргуулж, ажил олгогчоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хугацаа хэтэрсэн зээл 1 091 000 төгрөгийг “А” ХК-иас гаргуулж “Х Б”инд төлүүлэх, Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан хэвийн ангилалд шилжүүлэхийг Монгол банкинд даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Ажил олгогч 2 удаа ажлаас халах тухай үндэслэлгүй тушаал гаргасан, зөрчил гаргаагүй, ажил олгогчийн буруугаас зээлийн төлөлт алдагдаж, хугацаа хэтрэлттэй гэсэн ангилалд орсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон байна.
Хариуцагч “А” ХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Д.Гаас зээл, хариуцсан эд хөрөнгийн үнэ, утасны төлбөрт нийт 16 464 603 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Ажил олгогч 2018 оны 05 сарын 22-ны өдөр Б/39 дүгээр тушаал гаргаж, Д.Гыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 12.1, 12.2.5, 12.2.6, “А” Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолын 3 дахь заалтуудыг тус тус баримталсан ба Д.Г нь ажил тасалсан, байгууллагын ашиг сонирхолд харш үйлдэл гаргасан, албан тушаалын давуу байдлаа ашиглаж, ажилтны эрх чөлөөнд халдаж ёс зүйн дутагдал гаргасан гэжээ.
Д.Г нь “А” ХК-ийн захирлын 2016 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн тус компанийн хүний нөөцийн менежерээр 2018 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл ажилласан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ.
Ажил олгогч хуульд заагаагүй үндэслэлээр ажилтныг ажлаас халсан тул шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 135 дугаар зүйлийн 135.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 369 дүгээр зүйлийн 369.3-т заасан зохицуулалттай нийцжээ. Давж заалдах шатны шүүх ажилтны дундаж цалин хөлс, ажилгүй байсан хугацааг зөв тодорхойлж, олговрын хэмжээг үндэслэлтэй тогтоожээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 201/МА2019/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА