Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 58

 

А.Х-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                         Я.Туул

Шүүгчид                                      Б.Манлайбаатар

                                                    Ц.Амаржаргал

Прокурор                                    Б.Сүрмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-гийн Х-ад холбогдох эрүүгийн 1818003100182 тоот, 166/2018/0148/Э индекстэй 1 хавтастай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт А-гийн Х- урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн. /********** регистрийн дугаартай/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Х- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 9 тоотод гэртээ эхнэр Э.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг “Мини” цогцолборын орчим хувийн маргааны улмаас Б.Т-г цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины няцрал, дээд зовхины унжилт, дух, хамар, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 164 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт А-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч А.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Х-ад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Анхан шатны шүүхийн 164 тоот шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дурдагдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдаптай нийцээгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч А.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Арван нэгдүгээр” бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд тус тус 2 удаа үйлдсэн нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

Энэ нөхцөл байдап нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн" бол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “Шүүгдэгч А.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хэргийн материалаар тогтоогдсон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 164 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх шүүгдэгчийг 1 төрлийн гэмт хэргийг 2-с дээш удаа үйлдснийг болон түүний хувийн байдлыг анхаарах ёстой байсан. Анхан шатны шүүх А.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээрх хоёр зүйлчлэлээр ялын доод хэмжээгээр тогтоосон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөн байна гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Иргэн Э.Д- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан А.Х-ад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, мөн иргэн Б.Т- нь хувийн маргааны улмаас А.Х-ад цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримтууд тогтоогджээ.

Аймгийн Прокурорын газраас дээрх үйл баримтуудыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж 2018 оны 05 сарын 08, 15-ны өдрүүдэд А.Х-ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж, Прокуророос түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 9 тоотод гэртээ эхнэр Э.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг “Мини” цогцолборын орчим хувийн маргааны улмаас Б.Т-г цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины няцрал, дээд зовхины унжилт, дух, хамар, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дээрх зүйл ангиудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, энэ хоёр ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр, уг ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Д-, Б.Т- нар нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.Х-ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч А.Х- нь хохирогч Э.Д-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Б.Т-г нь хувийн маргааны улмаас цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Э.Д-, Б.Т-, гэрч С.А-, А.Баатарбек, Б.Айданхек нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч А.Х-ын  өөрийнх нь мөрдөн байцаалт, шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 385, 457 дугаартай дүгнэлтүүд, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэж, үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэдий ч шүүгдэгч А.Х- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгг заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн....”-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах байтал анхан шатны шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт болсон байна. 

Шүүгдэгч А.Х-ад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний гэм бурууд тохироогүй, хөнгөдсөн, үндэслэл муутай болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.   

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3, 4, 5 дахь заалтуудыг:

“3. Шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч А.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 690 /зургаан зуун ер/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлсүгэй” гэж,

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Х-ад оногдуулсан 690 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                          ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ