Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 189

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нар тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: БУДЦГХЗД

            Нэхэмжлэлийн шаардлага: “БУДЦГХЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 11,368,004 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.О, иргэдийн төлөөлөгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Г миний бие БУДЦГХЗГ  ашиглалт хариуцсан мэргэжилтнээр 2012 оны 1 дүгээр сард томилогдон ажиллаж байсан.

Миний бие нь багадаа авсан гэмтлийн улмаас баруун гарын хөгжил дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд хамаардаг болно.

Гэтэл БУДЦГХЗД Ц.Д нь өөрийн хууль бус үйлдлээ хийхийг шаардах, эс биелүүлсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээ нотол гэх мэтээр доромжлон ажил хийх боломжийг хаах, гутаан доромжлох үйлдлийг удаа дараа гаргаж хавчин гадуурхаж ирсэн.

Улмаар миний биеийг иргэдтэй муухай харьцдаг, амралтын хугацааг хууль бусаар хэтрүүлсэн, мөнгө завшсан, байгууллагын компьютерыг бусдад ашиглуулсан, байгууллагын бичиг баримтыг архивт өгдөггүй, өргөдөл гомдлыг удирдлагын цохолтгүй авдаг, шийдвэрлэдэггүй, хуулийн хугацаа хэтрүүлдэг, хуурамч эмнэлгийн магадалгаа өгч ажил тасалдаг гэх хууль бус, нотлогдож тогтоогдоогүй, үндэслэлгүй худал зүйлийг үндэслэл болгож 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б-37 дугаар тушаал гаргаж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь дээр дурдсан зөрчил дутагдлыг миний бие гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар ямар нэг байдлаар шалгаж тогтоосон, арга хэмжээ авсан ямар ч баримт нотолгоо байхгүй билээ. Харин энэхүү хууль бус захиргааны акт гаргасан Ц.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх О нар нь энэхүү зөрчил байсан эсэх талаар гэрчээр нотлуулахыг оролдож, энэ тухай шалгаж тогтоосон ямар ч баримт байхгүй гэдгээ удаа дараалан нотолсоор байна.

Энэхүү хууль бус захиргааны актыг хууль зөрчиж гаргасан болох нь нотлогдож байгаа тул түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Миний бие холбогдох дүрэм, журмын дагуу Үр дүнгийн гэрээг байгуулж ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил алдаа дутагдлыг дээрхи тушаалд заасанчлан удаа дараа байнга гаргаж байгаагүй бөгөөд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах”, мөн хуулийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, мөн зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, мөн зүйлийн 27.2.1 -т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1,3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” эрхтэй болохыг тус тус хуульчилсан байна.

Гэтэл хариуцагч болох Ц.Д нь дээрхи хуулийн заалтыг үл тоон хууль бус үйлдэл хийхийг шаардаж, хууль бус үйлдэл хийхээс татгалзсаны төлөө ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2017 оны Б-37 дугаар хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл гомдлыг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй дарагдуулж байна.

Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтээр удаа дараалан “маш сайн” үнэлгээг авч байсан болно.

2017 оны 10 дугаар сард ажлаас халагдсанаас хойш одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байгаа бөгөөд Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн тооцоолсноор 1 сарын гарт олгогдох цалин 691,126 төгрөг ба 2017 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 2 дугаар сарын дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг тооцоход 11,368,004 төгрөг гарч байгаа тул миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд зогсохгүй, амьд явах эрхийн баталгаа алдагдаж байгаа гэж үзэж ажилгүй байсан хугацааны цалин болох 11,368,004 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.

Тус байгууллагын дарга Ц.Дгийн хувьд намайг хууль зөрчин ажлаас халах тушаал гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй болно.” гэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минутын үед гэнэт “...таныг ажлаас хал гэсэн тушаал гарсан” гэж хэлсэн. Тушаалын барьсан үндэслэл нь хүртэл хуурамчаар үйлдэгдсэн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр батлагдаж байна. Намайг “...Иргэд, үйлчлүүлэгч, албан хаагчдыг доромжилж харьцдаг” байсан гэсэн. Гэрчийн мэдүүлгүүдээс үзвэл тийм зүйл байхгүй болох нь харагдана. Урьд нь надад энэ талаар хэлж байгаагүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар урьдчилан сануулга өгч байгаагүй. Тийм учраас ажлаа хуулийн хүрээнд хийж байсан гэж үздэг. “...Хүний нөөцийн мэргэжилтэн, Газар ашиглалтын мэргэжилтнээр ажиллаж байсан давуу байдлаа урвуулан ашиглаж, өөрийн амралтын хугацаагаа хууль бусаар нэмэгдүүлэн гаргаж өгснөөр нийт 383000 төгрөгийг 5 жилийн хугацаанд идсэн” гэсэн байсан. Амралтын хугацаа, цалин мөнгийг бодох нь нягтлан бодогчийн үүрэг. н.Эрхэмбаяр амралтын мөнгө тооцоолоод, намайг 34 хоног амарна гэж тушаалаа гаргаад, гарын үсэг зураад явуулсан. Өөрөө өөрийнхөө гарын үсэг зурсан зүйлээ үгүйсгэж, 5 хоног завшсан гэж байгаа нь өөрийнх нь гаргасан тушаалын алдаатай байгааг илтгэж байна. “Тусгай хамгаалалттай газар нутгийн байршил, газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн газар ашиглалтын талаар кадастрын мэдээлэл агуулсан толгой компьютерыг бусдад ашиглуулсан” гэсэн байна. Толгой компьютер гэж сүлжээгээр хоорондоо холбогдсон 3-4 компьютертой холбогдсон байхыг хэлдэг. Намайг буруутай болгохын тулд шаардлагатай үг болгоныг түүж оруулсан гэж үзэхээр байна. Бусдад ашиглуулан гэдгийг би урьд нь гэрчийн мэдүүлгээр тайлбарлуулж байсан. Кадастрын компанийн захирлаар газар дээр хэмжилт хийгээд, компьютертойгээ холбодог багаж байдаг. Түүнийгээ мэдээллийн санд оруулаад, давхцалгүй байна гэж гаргаж ирэх нь миний үүрэг. Мөн “өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж” гэсэн байсан. Би өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдаар гүйцэтгүүлж байгаагүй. Богдхан ууланд 2000 гаруй газар ашиглагч байдаг. Тэдгээрийн давхцалгүй, газрын маргаангүй байлгах үүрэгтэй. Тус үүргийнхээ дагуу ажил үүргээ маш сайн хийж байсан гэж боддог. Арцатын аманд 360 гаруй, Зайсан толгойн аманд байгаа 500 гаруй иргэдийн амины хашааных нь газрыг баталгаажуулах ажлыг ямар ч давхцалгүй хийж өгсөн. Тэгэхээр ийм ажлыг ганцаараа хийдэггүй. Миний компьютер дээр суусан гээд байгаа н.А “Бага тэнгэрийн ам”-ын байгаль хамгаалагч. “С” ХХК-ийн захирал тус аманд 60 гаруй га газар авч, харуул хамгаалалт тавьсан байсан. Тийм хүмүүс дээр өдөр бүр очдог учир яамнаас миний ажлыг ойлгож, бичиг хэргийн ажилд нь тусалж бай гэж явуулсан. Тухайн хүүхдэд компьютер гаргаж өгөөгүй учир сул байгаа компьютер дээр суулгасан.

“Аливаа албан бичгийг архив бичиг хэргийн ажилтанд хүргүүлэхгүй” гэж байна. Тус асуудал бол миний үүрэг биш. Бичиг хэргийн ажилтны үүрэг. Бичиг хэргийн ажилтан н.Ад гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн ажил үүргээ тодорхой хэлсэн байгаа. “Бланкан дээр хэвлүүлээд, эцсийн байдлаар шийдүүлэх гэж дур зоргоороо авирладаг” гэж байна. Би бланк барьж үзээгүй. Компьютер дээр цэгийг нь оруулчхаад бичиг хэргийн ажилтан руу мэйлээр явуулдаг. Тэгэхээр майл утга найруулгын алдааг хянах нь миний үүрэг болохоос бланк бариад, бичиг хэргийн ажил хөөцөлдөөд явах нь миний ажил биш.

“Дур зоргоороо авирладаг” гэсэн байна. Даргыгаа загнаад, дур зоргоороо авирлах шаардлага надад байхгүй. Гарын үсэг зурах эсэх нь даргын эрх, үүрэгт хамааралтай асуудал. “Зарим өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй” гэж байна. Мөн “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй” гэж байна. Үүнтэй холбогдуулаад 3 жишээ ярьж чадна. Би давхцалтай зураг гаргах боломжгүй гэж хэлсэн. Ийм учраас намайг “үүрэг даалгавар биелүүлээгүй” гэж яриад байгаа. Энэ маргаантай асуудлыг Ц.Д мэдэхгүй. н.О тэр талаар мэдэж байгаа. Яамны төрийн захиргааны байгууллагын дарга байсан н.Б “Гыг зайлуул” гэсэн үүрэг даалгавар өгч, Ц.Д шийдвэр гаргасан. Байгууллагынхаа дотоод ажлыг би бүгдийг нь мэднэ. Ийм үүрэг даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан. Би өрх толгойлсон хүн. Намайг өрх толгойлсон эмэгтэйчүүдийг доромжилсон гэж гүтгэчхээд, би хүн андуурсан байна гээд мэдүүлгээсээ буцаж байсан Би хоёр хүүхдээ хоолонд хүргэх гээд явж байгаа хүн.

Хуульд заасны дагуу зохигч талуудын мэдүүлэг үнэн зөв байх ёстой. Монгол Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг унагаж, энэ хэргийг буцаахдаа 3 үндэслэл бичсэн байсан. Түүнд хөөн хэлэлцэх хугацааг шалга, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүдийн талаар үндэслэлгүй байна гэдэг нь юуг үндэслэж гаргасан болох нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэж, дүгнэлт хийж үзэхэд цэвэр шүүхийн хэрхэн яаж нотлох баримтыг дүгнэж байна гэдэгтэй холбоотой бичвэрийн асуудал гарч ирж байна. Дээд Шүүхээс хэрэг буцсаны дараа хариуцагч тал хэдэн гэрчүүдээс мэдүүлэг авахуулсан. Ажилчдын хурал гээд байгаа нь 7 хоног болгон хийгддэг шуурхай ажлын тэмдэглэл байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр “Монгол Улсын Засгийн газрын 1995, 1996 оны төрийн албан хаагчид хариуцлага тооцох журмыг хэрэгжүүлээгүй байна” гэж маш тодорхой бичсэн байгаа.

Энэ зөрчлийг яаж илрүүлсэн, хэрхэн шалгаж тогтоосон, ямар арга хэмжээ авах гээд байгааг талаараа ойлгох хэрэгтэй. Ц.Шийн мэдүүлгээс үзвэл 2017 оны 04 дүгээр сард Ц.Ш ажлаасаа халагдаад, түүний оронд улсын начин, тод манлай уяач Ц.Д томилогдож ирсэн байдаг. Ц.Шийг ажлаа өгснөөс хойш 6 сарын дараа нэхэмжлэгчийг ажлаас нь халсан байдаг. Тушаалд заасан бүх зөрчлүүдийг нэхэмжлэгч 6 сарын дотор гаргасан болоод байна. Эдгээр зөрчлүүдийг ирлүүлж шалгасан 1 ч зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг огт яриагүй. Энэ зөрчлүүд хэдэн оны хэдэн сард ямар байдлаар гарсан талаар 1 ч тусгагдаагүй. 2015, 2016 оны зүйл ярьдаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй юм уу. Тухайн үед Ц.Д байгаагүй. Ц.Ш дарга нь арга хэмжээ авсан талаар ямар ч баримт байхгүй. Тус актыг энэ хүнийг хашраах, харлуулах, магадгүй бусад хүмүүст ажлаас халдаг юм байна гэсэн айдас төрүүлэх үүднээс гаргасан байх. Хариуцагчийн яриад  байгаа нотлох баримт нь өөр бусад нотлох баримтаар нотлогдсон зүйл огт байхгүй. Шалгасан акт, шалгаад зөрчил тогтоосон акт байхгүй. Гаргасан шийдвэр байхгүй. Тийм учраас энэ актын хууль зүйн үндэслэлийг ярихад төвөгтэй.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг хариуцагч биелүүлэх боломжгүй байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны тушаалаар уг орон тоо байхгүй болсон.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой ч тушаалыг хүчингүй болгосноор Г.Гыг эгүүлэн томилох орон байхгүй байна. ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Жил бүр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас бүтэц, орон тоог баталдаг. Өөрөөр хэлбэл Г.Г нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасны дагуу хүний нөөц, газар ашиглалтын мэргэжилтний гүйцэтгэдэг чиг үүргийг гүйцэтгэж ирсэн. Нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтны хийх ёстой ажил гээд байгаа нь өөрийнх нь хийх ёстой ажил, үүрэг байсан. Энэ нь үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-1 тоот хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байдаг. Тус дотоод журамд Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн нь газрын мэдээллийн сан, хүний нөөц, байгууллагын дотоод үйл ажиллагаа хариуцна гэж заасан байдаг. Байгууллагын дотоод үйл ажиллагааг хариуцна гэдэг дотор албан бичиг төлөвлөж, танилцуулах үүргийг хүлээлгэсэн байгаа. Хүний нөөцийн хүрээнд ээлжийн амралтын хуваарь батлах бүрэн эрх нь байдаг. Газрын мэдээллийн сан гэдэгт нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн. Тус тушаалд 5 ерөнхий зөрчил байгаа гэж харж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар “ажлаас халах тушаал” дээр “иргэд, үйлчлүүлэгчид болон албан хаагчдыг доромжилж харьцдаг” гэсэн зөрчил байгаа. Энэ зөрчил нь дараах байдлаар нотлогдоно. 2017 оны 08 дугаар сарны 03-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн бусадтай зүй бусаар харьцаад байгааг ажлаас халагдахаас 1 сарын өмнө нотолсон байдаг. Мөн дээрээс нь Д.Т*******, н.Д*******, н.Б*******, н.А******* нарын гэрчийн мэдүүлэгт хэрхэн зүй бусаар харьцдаг, бичиг хэргийг цохолт хийлгүйгээр авсан талаар нотолсон байдаг.

“Хүний нөөц, газар ашиглалт хариуцан ажиллаж байхдаа өөрийн амралтын хугацааг нэмэгдүүлж, 383.283 төгрөгийг завшсан үйлдэл гаргасан байдаг. 2017 оны 01 дүгээр сард ээлжийн амралтын хуваарийг хамгийн сүүлд баталсан. Ингэж батлахдаа Ц.Ш гэж дарга “Г.Гыг энэ ажлыг хариуцаж ажилла” гэж үүрэг өгснөөр ээлжийн амралтын хуваарийг Г.Ганзориг өөрөө боловсруулсан байдаг. Үндсэн ээлжийн амралтыг 20 хоног, олон жилийн нэмэгдэл 14 хоног нэмээд, нийт 34 хоног амарсан байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ээлжийн амралтын хуваарийг өөрөө батлахдаа хугацаагаа нэмэгдүүлсэн. Ээлжийн амралтыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эдэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа орж ирж байгаа үйлдлээрээ баталж байгаа. Энэ зөрчлийг нь шалгахдаа 09 дүгээр сарын 12-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн тогтоолоор “ээлжийн амралтаа хэтрүүлсэн талаар гар утсанд зурвасаар мэдэгдсэн байна” гэж хэлсэн: Өөрөөр хэлбэл хугацаа хэтрүүлж амарч байгаа гэдгээ мэдсээр байж ээлжийн амралтаа илүү хугацаанд эдэлсэн.

“Тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сан, кадастрын мэдээллийг задруулсан, бусдад ашиглуулсан, хийх ёстой ажлаа бусдаар хийлгүүлсэн” зөрчил гаргасан байдаг. Г.Г Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллийн сан хүлээж авдаг. Тагнуулын ерөнхий газраас уг мэдээлэл нь нууцад хамаарна гэсэн тодорхойлолт гаргасан байдаг. Газрын мэдээлэл нууц байдаг гэдгийг Г.Г өөрөө мэдэж байсан. Тэгэхээр энэ мэдээллийн сан компьютер дээр хадгалагддаг учир өөр хүнийг компьютер дээрээ суулгаж болохгүй гэдийг Г.Ганзориг өөрөө мэдэж байсан хирнээ Д.Г*******ийг компьютер дээрээ суулгасан. Энэ зөрчил нь 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Д.Г*******ийг мэдээллийн санг компьютерт нь оруулдаг байсан гэж байгаа боловч, Д.Г******* нь Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гэрээтэй эсэх, үнэхээр захирал нь эсэх нь эргэлзээтэй. Гэрчийн мэдүүлгээр Г.Гыг ажлаас халснаас хойш Д.Г******* дахиж ирээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл Д.Г*******, Г.Гын заавар, зааварчилгаагаар ирээд компьютер дээр нь суудаг байсан. Г.Гыг ажлаас гарсны дараа н.Б******* гэж хүн ажлыг нь авсан. Н.Б******* хэмжилтийг мэйлээр аваад, өөрөө компьютер дээр оруулдаг гэж хэлсэн. Г.Г өөрөө гардаж хийх боломжтой байхад өөрийнхөө ажлыг Д.Г*******өөр хийлгэсэн нь харагдаж байна. “Хамгийн сүүлд компьютер дээр суусан хугацаа нь 08 дугаар сард байх аа” гэсэн тодорхойлолтыг Г.Г өөрөө гаргаж өгсөн байсан.

“Аливаа албан бичгийг цохолтгүй шууд хүлээж авч, өөрөө шийдвэрлэдэг” гэсэн зөрчил гаргасан. Байгууллагын дотоод үйл ажиллагаа хариуцсан учраас бичиг хэргийг төлөвлөдөг. Энэ эрх мэдлээ хэтрүүлж, албан бичиг дээр өөрийн гарын үсгээ зурж явуулсан олон тохиолдол байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын дарга Ц.Дд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл чөлөө олгосон байдаг. Энэ хооронд түүний ажил үүргийг Г.Г гүйцэтгэх ёстой байсан. Г.Гын давхцалгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн хугацаа нь 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу чөлөө олгохоос өмнө дур мэдэж албан бичгийг өөр дээрээ авч, цохолтгүй гарын үсэг зурж, тодорхойлолт гаргасан зөрчил нь харагдаж байна.

“Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэсэн зөрчил гаргасан байна. Хамт олны хурал дээр өөрийнх нь хэлсэн үг байдаг. “Үр дүнгийн гэрээгээ өгнө үү гэхээр маргааш өгье гэдэг. Ойн цэвэрлэгээ хийе гэхээр хүнд, хэцүү ажил учир хийхгүй гэдэг тайлбар хийдэг. Зөвхөн 1 удаагийн хурлын тэмдэглэл дээр удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй 2 зөрчил гаргаж байна гэхээр өөр бусад хурлын тэмдэглэл дээр ийм асуудал олон байгааг үгүйсгэхгүй.

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлт зэргээр Г.Гын гаргасан зөрчлийг нотолж байгаа. Өнөөдөр л ажлаас халагдах тушаалыг мэдлээ гэж ярьдаг. Мэдэгдэн сонсох зарчим хэрхэн хэрэгжсэн талаар 09 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр ёс зүйн хорооны дүгнэлт гарсан. Энэ талаар Г.Г өөрөө “намайг очиж уулзахад надаас хэдэн асуулт асуусныг нь би бичлэг болгоод хадгалсан гэж хэлдэг. Ёс зүйн дүгнэлт гарах үед ийм зөрчил яригдаж байгаа Г.Г мэдэж байсан. 09 дүгээр сарын 22-ны өдөр хамт олны хурлын тэмдэглэл хийгдчихсэн байсан. Тус хурал дээр бүхэлдээ Г.Гын зөрчлийн талаар яригдаж байсан. Иймээс мэдэгдэх, сонсгох зарчим хэрэгжсэн гэж үзэж байна. Энэ хэрэг Улсын Дээд шүүхээс буцсан шалтгаан нөхцөлд хөөн хэлэлцэх хугацааг нэлээн дэлгэрэнгүй ярьсан. Эдгээр зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байгаа учир 2017 оны 10 дугаар  сарын 20-ны өдрийн тушаал хүчин төгөлдөр юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гын БУДЦГХЗДд холбогдуулан “БУДЦГХЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 11.368.004 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

БУДЦГХЗД-ын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Гыг  удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс “... зөрчлүүдийг нотлох баримтаар баталсан зүйл байхгүй, Г.Гыг ажлаас халах тухай тушаал гарах тухайн үед үйл баримт болон хууль хэрэглээний хувьд тодорхой болсон зөрчлүүд дээр арга хэмжээ авах ёстой атал ийнхүү хэрэгжүүлээгүй, холбогдох дүрэм журмын дагуу үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан” гэж,

Хариуцагчаас “... Г.Г нь иргэд үйлчлүүлэгчид болон алба хаагчдыг доромжилж харьцдаг, хүний нөөц хариуцан ажиллаж байсан давуу байдлаа ашиглан өөрийн ээлжийн амралтыг илүү хугацаагаар тооцож мөнгө завшсан, тусгай хамгаалалттай газрын байршил, газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн газар ашиглалтын талаар кадастрын мэдээлэл агуулсан толгой компьютерыг бусдад ашиглуулан өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан, аливаа албан бичгийг архив, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланкан дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж шийдвэрлүүлэх, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлын 5 хоног хуурамч эмнэлгийн магадалгаа өгч ажил тасалсан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон, сахилгын шийтгэлийг шат дараалан авах шаардлагагүй байсан” гэж маргаж байна.

Хэрэгт  авагдсан  бичгийн  нотлох  баримт,  хэргийн  оролцогчдын  тайлбар,

гэрчийн мэдүүлэг зэргийг үнэлж, маргаан бүхий актад заасан зөрчил бүрт дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Иргэд үйлчлүүлэгчид болон алба хаагчдыг доромжилж харьцдаг гэх зөрчлийн тухайд:

Иргэд үйлчлүүлэгч болон албан хаагчдыг доромжлон харьцдаг талаар хариуцагчаас нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлгийг авсан.

Гэрч Д.Т******* “... 2008-2015 онд газрын маргаантай байсан. Г.Г асуудлыг шийдвэрлэж өгөөгүй” гэж, гэрч Ц.Д******* “...2015 онд Эко ногоон аялал ХХК-д газар давхцуулан олгосон” гэж тус тус мэдүүлсэн боловч эдгээр иргэдийг доромжилж харьцсан нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдохгүй байна.

Мөн Г.Гтой хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуусан бөгөөд гэрч Н.Э******* “...Шуурхай хуралдаан болж, Г.Гын эмчийн магадалгаа хуурамч тамгатай гэж ярьсан, бусад асуудлыг санахгүй байна.  Хамгаалалтын захиргаан дээр иргэдтэй үл ойлголцох асуудал их гардаг. Ажилтнууд хоорондоо ч муудах сайдах зүйлс гардаг. Эдгээрээс хүнийг зан байдал муутай гэж дүгнэж болохгүй” гэж, гэрч Б.Ад “... Г.Г хүн их шавуулдаг, утсаар чанга ярьдаг, гаднаас хүн дагуулж орж ирдэг.” гэж, гэрч Д.Б******* “... Ажлын ачаалалтай холбоотой зарим үл ойлголцох зүйл байдаг. Миний хувьд түүнийг хатуу шаардлага тавьдаг, ажил цалгардуулдаггүй гэж үздэг.”  гэж, гэрч Б.Б******* “...Ц.Ш даргын үйлдлийг таныхтай андуурсан байна. Гэхдээ онцгүй харьцдаг байсан. 4-5 хүний гомдол ирж байсан.” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд Г.Гын ажлын онцлогоос шалтгаалан иргэдийн бухимдал гомдол байнга гардаг нөхцөл байдалд хариуцагч дүгнэлт хийгээгүй нь буруу бөгөөд тухайлан зөрчлийг тогтоож, шийтгэл ногдуулсан гэж үзэхээргүй байна.

Хүний нөөц хариуцан ажиллаж байсан давуу байдлаа ашиглан өөрийн ээлжийн амралтыг илүү хугацаагаар тооцож мөнгө завшсан, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлын 5 хоног хуурамч эмнэлгийн магадалгаа өгч ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар албан бичгээр “Г.Г нь хөгжлийн бэрхшээлтэй эсэх талаар мэдээлэл байхгүй”, гэсэн байна. Гэхдээ эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гараагүй хэдий боловч Рефлекс мэдрэлийн эмнэлгийн шинжилгээгээр Г.Г “Баруун мөрний сүлжээний захын мэдрүүлийн хөдөлгөөний хариу потенциалын амплитуд маш бага. Мөрний сүлжээний бүрэн гэмтэл, ихэнх аксон тасарсан-нейротмез” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь Г.Гын үүрэгт ажил, албан тушаалаа эрхлэхэд саад болох эсэх талаар гарсан дүгнэлт гэж үзэхээргүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Г.Гыг “2017 оны ээлжийн амралт эдлэхдээ 29 хоногоор тооцож олгохыг 34 хоногоор тооцуулж, зөрүү 5 хоногийн 240124 төгрөгийг илүү авсан.” гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Учир нь Г.Год өөрийн цалин хөлсийг тооцож, олгох чиг үүрэг олгогдоогүй бөгөөд эрх олгогдсон албан тушаалтан болох дарга, нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгүйгээр Г.Год шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар албан бичгээр ирүүлсэн Г.Гын тус эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан талаарх цахим бүртгэлээр Г.Г “хуурамч магадалгаагаар 5 хоногийн ажил тасалсан” гэх зөрчил тогтоогдохгүй байна.

Учир нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Г.Год 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл 14 хоногийн хугацаатай олгосон магадалгаа нь ерөнхий эмчийн гарын үсэг тамгагүй, мөн магадалгаа бичсэн гэмтлийн эмч тамгаа гээсний улмаас, өмнөх уламжлалтын эмчийн тамгыг хэрэглэсэн зэрэг байдлаас уг магадалгааг хүчингүй болгосон нь Г.Гыг тухай өдрүүдэд эмнэлэгт үзүүлээгүй, магадалгаа аваагүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

Тусгай хамгаалалттай газрын байршил, газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн газар ашиглалтын талаар кадастрын мэдээлэл агуулсан толгой компьютерыг бусдад ашиглуулан өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан гэх зөрчлийн тухайд:

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Д******* ХХК-ийн захирал Д.Г*******тэй 2016 оны 4 дүгээр сард Геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Богдхан уулын аманд газар эзэмшигчийн нэгж талбаруудад хяналтын хэмжилт хийх ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

Гэрч Д.Г******* “Богдхан уулын харуулын байруудын хэмжилтийг тус газрын хүсэлтийн дагуу гүйцэтгэсэн. Хэмжилтийг зөвхөн хэмжсэн компани хийж, мэргэжилтний компьютер дээрх суурь зурганд яаж оруулах талаар ярилцаж засварладаг, ... хамтын ажиллагааны гэрээ байсан.” гэж, гэрч М.Аын “...тусгай хамгаалалттай газрын даргын үүргийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийн бүрдэл, архивын ажил хийдэг байсан. ... сул байгаа компьютер дээр сууж ажилладаг байсан.” гэж мэдүүлсэн, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 10/817 тоот бичгээр “... байгаль хамгаалагч М.Аыг 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын хооронд ажлын ачааллыг харгалзан тус яаманд ажиллуулж байсан нь үнэн болно” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Г.Гыг албаны  компьютерийг бусдад ашиглуулан өөрийнхөө хийвэл зохих ажлыг бусдаар гүйцэтгүүлж байсан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 05/982 дугаар албан бичгээр “... Г.Г нь тус яамны албан хаагч биш бөгөөд, яамтай нууцын гэрээ байгуулж байгаагүй, нууцын баталгаа гаргаж байгаагүй” гэжээ.

Аливаа албан бичгийг архив, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланкан дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж шийдвэрлүүлсэн гэх зөрчлийн тухайд:

Хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн А-8 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.6-д “төрийн үйлчилгээ явуулж байгаа алба хаагчдын иргэд, бусад ажиллагсадтай ёс бусаар харьцах, доромжлох, гутаах зэрэг үйлдэл нь ажлаас халах хүртэл арга хэмжээ болно”, 9.3.7-д: “бичиг хэргийн ажилтан ирсэн бичгэнд карт наан удирдлагад танилцуулсны дараа мэргэжилтнүүдэд хуваарилан гарын үсэг зуруулан өгч хугацаатай бичгүүдийг шаардаж авна. Удирдлагад танилцуулахгүйгээр мэргэжилтнүүдэд ирсэн бичиг тараавал ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авна” гэж заажээ.

Нэхэмжлэгчээс “намайг ажиллах хугацаанд энэ дотоод журам мөрдөгдөж байгаагүй, нөхөж гаргасан” гэж маргадаг бөгөөд хариуцагчаас уг хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгчид танилцуулсан талаар, түүнчлэн албан бичгийг архив, бичиг хэргийн ажилтанд бүртгүүлэхгүй, удирдлагын цохолтгүй шууд хүлээн авч өөрийн сонирхлоор шийдвэрлэж, албан бланкан дээр хэвлүүлж удирдлагад эцсийн байдлаар танилцуулж шийдвэрлүүлсэн талаар нотлох баримтыг хариуцагчаас ирүүлээгүй, түүнчлэн хариуцагч байгууллагын архив, бичиг хэрэгт хийсэн баримт бичгийн үзлэгээр тийм баримт гараагүй тул дээр дурдсан зөрчлийг тогтоож,  шийтгэл ногдуулсан гэж үзэхээргүй байна.

Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч Г.Год хариуцагчаас хэзээ өгсөн, ямар үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүйг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Г.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан бүтцийн дагуу Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.  

Г.Год Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасныг хариуцагчаас нотлох баримтаар тогтоогоогүй, түүнчлэн удаа дараа гаргасан гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийдвэр гарч байгаагүй, үр дүнгийн гэрээ дүгнээгүй зэрэгт нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий актад  “даргын дэргэдэх зөвлөл болон хамт олны өргөтгөсөн хурал”-ыг үндэслэсэн гэх бөгөөд хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 8 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд: “...эцэст нь Г.Г ээлжийн амралтаа эдэлж байгаа хүн дээр яригдаж байгаа асуудал учраас арга хэмжээ авч болдог болдоггүй талаар яаманд танилцуулж, тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газар болж өгвөл сайдаас зөвлөгөө, чиглэл авъя...” гэж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олны 2017 оны 9 сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд Г.Гын ажлын хариуцлагын талаар хэлэлцсэн талаар тусгажээ.

Харин нэхэмжлэгчээс “ ...тухайн хурал 7 хоног бүрийн шуурхай хуралдан байсан, надад сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хэлэлцээгүй.” гэж тайлбарлан хувийн тэмдэглэлээ шүүхэд нотлох баримтаар гаргах өгсөн.                                                   

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ёс зүйн хорооны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11/5483 дугаар дүгнэлтэд: “... иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн гомдол нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасан заалтыг зөрчсөн нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг үндэслэн БУДЦГХЗД Төсвийн шууд захирагчийн хувьд өөрөө шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнэв.” гэжээ.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 26.4-д заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”  гэж зохицуулсан  атал Г.Гын 2013-2017 онд гаргасан гэх зөрчилд хариуцлага ногдуулахаар шийдвэрлэсэн, түүнчлэн гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй, зөрчил нэг бүрийг шалган тогтоогоогүй, бодит байдалд тохироогүй сахилгын шийтгэлийг ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Г.Г нь байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-233 дугаар батлагдсан бүтцийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хүний нөөц, газар ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан бүтцэд Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тухайн байгууллагын орон тоо, цалингийн санд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” тухай тайлбарласан тул  нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно”, 46 дугаар зүйлийн  46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”, 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Гын ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 15.834.276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г ажилгүй байсан хугацааны цалин 11.368.004 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин, хөлс тодорхойлох журам”-ын дагуу бодоход 15.834.276 төгрөг болж байна.

Иймд БУДЦГХЗД-ын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Гыг урьд эрхэлж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 15.834.276  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж,  бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БУДЦГХЗД-ын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн  Б-37 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Гыг урьд эрхэлж байсан, Газар ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гын ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 15.834.276 /арван таван сая, найман зуун гучин дөрвөн мянга, хоёр зуун далан зургаан/ төгрөгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулж, Г.Год олгох, уг хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.АДЪЯАСҮРЭН

              ШҮҮГЧ                       Д.ОЮУМАА

                       ШҮҮГЧ                       Н.ДОЛГОРСҮРЭН