Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0108

 

Т.М, Д.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрт хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.М, Д.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээНөхөн олговрын үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бидэнд олгох ёстой нөхөн олговрын үлдэгдэл мөнгийг олгох шийдвэр гаргахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгуулах гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын ордон нийтийн номын сангийн барилгыг барихаар тус дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/351 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн. Ингэхдээ уг газар дээр гараж барин ашиглаж байсан 29 иргэнтэй гэрээ байгуулан газрыг эргүүлэн авсан. Гэрээний дагуу нэг иргэнд 3500000 төгрөгийг дүүргийн төсвөөс олгосон. Үлдэгдлийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан олгохоор ажилласан. 2015 оны төсөвт тусгагдсны дагуу дүүргээс гаргуулахаар хандсан нөхөх олговрын асуудал нийслэлийн шатанд шийдвэрлэгдэн дүүрэгт мөнгө нь шилжин ирсэн тохиолдолд саадгүй гарган өгөх буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч захиргааны журмаар шийдвэрлэх боломжтой. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын ордон нийтийн номын сангийн барилга барих төсөл нь 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын багцад багтсан бөгөөд Нийслэлийн Засаг даргад эрх нь шилжин ирээгүй тул газар чөлөөлсний нөхөх олговор олгох асуудлаар Нийслэлийн Засаг дарга үүрэг хүлээх боломжгүй. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ-г Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч газрын харилцааны алба болон иргэд хооронд байгуулсан гэрээ байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1-д заасны дагуу жинхэнэ хариуцагчийг татан Нийслэлийн Засаг даргыг хэргийн оролцогчдоос хасч өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нөхөн олговрын үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын нөхөх олговрын үлдэгдэл 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгийг нэхэмжлэгч Т.М, Д.Ц нарт олгох шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: Иргэн Т.М, Д.Ц нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Хүүхэд, Залуучуудын ордон-Нийтийн номын сангийн барилгын газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөн авсан Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагаа нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам"-ын дагуу явагдсан бөгөөд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан төсөвт суулгуулсан байсан атал иргэдийг нөхөн олговрын мөнгийг гаргаж олгоогүй Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоохгүй Баянгол дүүргийн Засаг даргад нөхөн олговрыг гарган олгохыг даалгасан шийдвэр гаргасан нь дээрх журмыг зөрчсөн шийдвэр болсон юм,

Мөн уг шийдвэрт Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад заасан "... Засгийн газар гаргаж болно" гэж заасны Засгийн газарт заавал гаргах гэсэн утгаар ойлгож шийдвэртэй тусгасан нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрийг үндэслэлгүй буруу шийдвэр болохыг тогтоон магадлал гаргаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул, шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэн Т.М, Д.Ц нартай Нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тэдний өмнө үүрэг хүлээгээгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэж дүгнэх боломжгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас нэхэмжлэгч нартай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ-г байгуулжээ. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар урьдчилгаа төлбөр 35 хувь буюу 3.500.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж, үлдэгдэл 65 хувь буюу 7.000.000 төгрөгийг 2015 оны Нийслэлийн төсөвт суулгуулан 2015 оны 1 дүгээр улиралд багтааж олгохоор тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл олгогдоогүй болох нь тогтоогджээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо ...газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөн авсан Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам-ын дагуу явагдсан... гэжээ. Шүүх газар чөлөөлсөн үйл ажиллагааг буруу гэж дүгнээгүй, газар чөлөөлсөн үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж 14.000.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнээгүй болно.

 

Дээрх газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд, залуучуудын ордон-Нийтийн номын сан баригдаж байгаа нь дээрх мөнгийг Баянгол дүүргийн Засаг дарга бус харин улсын төсвөөс гаргах ёстой гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Хариуцагч давж заалдах гомдолд дээрх мөнгийг Нийслэлийн төсөвт суулгуулсан гэж тайлбарлах боловч дээрх мөнгө нь Нийслэлийн төсөвт суулгасан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР