| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01523/И |
| Дугаар | 182/ШШ2017/01498 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2017/01498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, ЖЯ85062300 дугаарын регистртэй, Өндөр овогт Үржингийн Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч “Төрийн банк” ХХК-д холбогдох,
Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот, 2017 оны 05 дугар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, өмгөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Өнөрцэцэг нь 2013 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Баянгол тооцооны төв болон Их Монгол тооцооны төвд эрхлэгч эдийн засагч, захирал албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Хамгийн сүүлд Төрийн банкны “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-нийг хүртэл ажилласан. Банкны дүрэм журмыг боловсронгуй болгох, дотоод хяналтыг сайжруулах, зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхэд өөрийн авъяас чадвар, нөөц боломжоо дайчлан ажиллаж байсан. Гэтэл Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалаар ажилтан Ү.Өнөрцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасныг үндэслэн хууль бусаар ажлаас чөлөөлж, “Налайх” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд шилжүүлсэн байдаг. Төрийн банкны гүйцэтгэх захирал нь Ү.Өнөрцэцэгийг Б/560 тоот тушаалаар ажлаас нэгэнт чөлөөлсөн атлаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот тушаалыг гаргасан. Ү.Өнөрцэцэгтэй харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан ажилтнаа дахин чөлөөлөх тушаал гаргасан нь ойлгомжгүй байна. Ү.Өнөрцэцэгийн хувьд “Хонхор” тооцооны төвийн захирлаар ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Энэ талаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Гэтэл ажил олгогч нь зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу Ү.Өнөрцэцэгийг ажлаас чөлөөлсөн атлаа харилцан тохиролцсон гэж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр Б/560, Б/630 тоот тушаалуудаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн мэт харагдаж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах хуулийн шаардлагыг хангаагүй байгаа. Тийм учраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/719 тоот тушаал гарган Ү.Өнөрцэцэгийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаалаар “Хонхор” тооцооны төвийн захирлын ажлаас халсан. Хонхор тооцооны төвийн захирлын ажил албан тушаалыг ажил олгогчтой тохиролцож томилогдсон зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байтал ийм тушаал гаргасан нь бас үндэслэлгүй юм. Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/560 тоот, Б/630 тоот, Б/719 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна. Хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дунджаар авч үзвэл 1 өдрийн цалин 81 813 төгрөг, ажлын нийт 52 хоног гэж үзэн нийт 4 254 276 төгрөг тооцогдож байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд өөр ажилд шилжүүлж ажиллуулах тухай цөөхөн тохиолдол зохицуулагддаг. Ийм тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой. Төрийн банкны зүгээс Ү.Өнөрцэцэгийг шилжүүлэн томилохдоо хуульд заагаагүй үндэслэлээр томилсон. Өөрөөр хэлбэл тодорхойгүй буюу тооцооны төвийн захирлын ажлын байр санал болгосныг харилцан тохиролцсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин харилцан тохиролцох гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохиролцоно гэж байгаа. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тохиролцсон гэдгийг гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар харилцан тохиролцсон байхыг ойлгоно гэж тайлбарласан. Түүнээс зөвшөөрсөн асуудлыг шууд тохиролцсон байна гэж үзэн ажил олгогч дур мэдэн тухайн асуудлыг тайлбарлаж, ажлаас халсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Хариуцагчаас “Хонхор” тооцооны төвийн захирлын ажлын байрыг санал болгосон гэсэн зүйл харагдахгүй байна. Төрийн банкинд олон тооцооны төв байдаг. Тийм учраас энэ талаар нэмэлт гэрээ байгуулж, тодорхой заах ёстой. Хэрвээ ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг үндэслэл болгосон байх ёстой. Ү.Өнөрцэцэгийн хувьд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ямар нэгэн хүсэлт өгөөгүй байна. Харин ч эсрэгээрээ зөвшөөрөхгүй гээд шүүхэд хандсан байгаа юм. Тийм учраас ажилд шилжүүлэн томилсон тушаал нь хууль бус, ажлаас халсан тушаал нь “Хонхор” тооцооны төвийн ажлыг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй байна. Мөн нэмэлт гэрээ болон харилцан тохиролцсон зүйл байхгүй. Тийм учраас ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Х.Мөнхзул нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй Төрийн банкны хэрэгт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн банкны дүрэм болон дотоод журамд заасан зохицуулалтын хүрээнд ажилтнуудыг өөр ажил албан тушаалд шилжүүлэх зохицуулалт байдаг. Төрийн банкны бизнес хариуцсан захирал Н.Энхтайван, Улаанбаатар салбарын газрын захирал Н.Зоригт нар нь 2017 оны 04 дүгээр сарын 19-нд нэхэмжлэгчтэй уулзаж, Төрийн банкны тооцооны төвийн захирлын ажлын байранд шилжин ажиллах саналыг тавьсан байдаг. Ү.Өнөрцэцэг нь мөн өдөр өөрийн гараар ажлын байр санал болгох хуудсыг хүлээн зөвшөөрч байна, өөр тооцооны төвийн захирлаар ажиллахад татгалзах зүйлгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иймд түүнийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлын албан тушаалаас шилжиж, “Хонхор” тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэн тушаал гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д зааснаар ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоноор тухайн өмнөх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон учир 2017 оны 04 дүгээр сарын 21-нд Б/560 тоот тушаалыг гаргаж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес” төвийн захирлаас чөлөөлж, “Налайх дүүрэг” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлын албан тушаалд томилсон. Гэвч Ү.Өнөрцэцэг нь ажилдаа ирээгүй, ямар нэг тайлбар, мэдээлэл өгөөгүй, сураг чимээгүй алга болсон байдаг. Гэхдээ ажил олгогчийн зүгээс тухайн тушаалыг ажилтанд мэдэгдээгүй, заасан хугацаанд хүргүүлээгүй гэж үзэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр урьд гаргасан Б/560 тоот тушаалыг хүчингүй болгож, Б/630 тоот тушаалыг гаргасан. Урьд гаргасан тушаалаас хойш ажиллаагүй байсан хугацааг ажил тасалсан гэж үзэхгүйгээр цалинг нөхөн олгохоор болсон. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс “Хонхор” тооцооны төвийн захирлын ажилд шилжүүлэн ажиллуулахаар тушаалд зааж, тушаалыг Ү.Өнөрцэцэгт 05 дугаар сарын 09-нд хүргүүлсэн ба энэ тухай баримт хэрэгт авагдсан. Ү.Өнөрцэцэг нь тухайн тушаалыг хүлээж аваад томилогдсон ажлын байранд очих, ажиллах эсэхээ ажил олгогчид утсаар болон бичгээр мэдэгдээгүй, мөн алга болсон. Тус хугацаанд Хонхор тооцооны төвийг удирдлагаар хангах, мэдээллийг авах гэж Ү.Өнөрцэцэгтэй Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Болормаа холбогдож, хүний нөөцийн хорооны хурлаар таны асуудлыг хэлэлцэх гэж байгаа, та яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар тайлбараа өгөхийг шаардахад “би тушаалыг хүлээж авсан, эргээд холбогдоё” гээд ирээгүй байдаг. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирал Б/719 тоот тушаал гаргаж, “Налайх дүүрэг” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлын албан тушаалаас Ү.Өнөрцэцэгийг халсан. Уг үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 2 буюу түүнээс дээш удаа шалтгаангүйгээр ажлын байрыг орхисон, ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзсэн. Өмнөх тушаалаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, байгуулахаар Хүний нөөцийн газрын даргад даалгасан байсан учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ тухай Ү.Өнөрцэцэгт Хүний нөөцийн газрын ажилтан утсаар мэдэгдсэн. Гэтэл Ү.Өнөрцэцэг ажлаас халсан тушаалыг авахгүйгээр, ажлаас халагдсан тушаалыг цайруулах зорилгоор хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгох гэж, мөн өөрчлөгдсөн тушаалаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг хариуцагч тал эс зөвшөөрч тайлбараа гаргасан. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байгаа юм. Дээрх нөхцөл байдлаас харвал ажил олгогч, ажилтны хоорондохь хөдөлмөрийн харилцаанд 2 тал хүсэл зоригоо илэрхийлдэг. Өөр ажлын байр санал болгосныг хүлээн зөвшөөрсөн, энэ тухай өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл бичгээр гаргасан гэж үзсэн. Үүнийг ажилтан зөвшөөрөх, эс зөвшөөрөх хүсэл зоригоо илэрхийлэхгүйгээр санаатайгаар ажлын байраа орхисон нь ажлаас халах шийдвэрийн үндэс болсон юм. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгч нь бизнес төвийн захирлын ажлаас өөрийн хүсэл зоригоор татгалзсан учраас гэрээг дуусгавар болгож, өөрчлөх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан 2 баримтаар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн хотын төв дэх тооцооны төвийн захирлын ажилд томилох тохиролцоо байсан гэж байгаа нь нотлогдохгүй байна. Ажил олгогч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд банкны ач холбогдол бүхий салбарт харилцан тохиролцсоны дагуу ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах эрхтэй. Уг захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар мэдэгдэх ёстой. Гэтэл хөдөлмөрийн дотоод журам зөрчин ажил тасалсны дараа хүсэл зоригоо цайруулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэдгийг анхаарахыг хүсэж байна. Бизнес төвийн захирлаар ажиллаж байсан гэрээг дуусгавар болгосон гэдэг нь ажил олгогчийн төлөөлөл болох Н.Энхтайван болон Н.Зоригт захирал нартай уулзахдаа Хонхор тооцооны төвийн захирлын ажлыг санал болгосон, ажилтан түүнийг хүлээж авсан байдаг юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Төрийн банк ХХК үл зөвшөөрч ажилтан Ү.Өнөрцэцэг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлаас чөлөөлөгдөж, “Хонхор” тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллах тухай ажил олгогчоос санал болгосон ажлын байрыг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн нь баримтуудаар нотлогдсон, “Налайх дүүрэг” салбарын “Хонхор” тооцооны төвийн захирлаар томилогдсоны дараа Ү.Өнөрцэцэг нь ажилдаа ирээгүй, 2 буюу түүнээс дээш удаа шалтгаангүйгээр ажлын байрыг орхисон, ажил тасалсан зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн, гүйцэтгэх захирлын тушаалууд үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс эхлэн Төрийн банк ХХК-ийн “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот тушаалуудаар өөр ажилд буюу “Налайх дүүрэг” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлаар томилогдож, улмаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалаар уг ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн талуудын хооронд байгуулсан 781 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дээрх Б/560, Б/630, Б/719 тоот Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалууд, 000285533 тоот Ү.Өнөрцэцэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.
2.Ажил олгогч Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот “Ү.Өнөрцэцэгийг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот “Ажлын байр, албан тушаал өөрчлөх тухай” тушаалаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Гүйцэтгэх захирлын Б/630 тоот тушаалд “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирал Ү.Өнөрцэцэгийн ажил, албан тушаалыг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон өөрчилж, “Налайх дүүрэг” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлаар ажиллуулахаар томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгэр зүйлийн 24.1.-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.111-д заасан ажилтан ажил албан тушаал ахих, ажлын байр өөрчлөгдөх бүрт хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, эсхүл нэмэлт гэрээ байгууулах, 5.14-д заасан ажилтныг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд ...төв банк Улаанбаатар нэгжийн ажилтан, орон нутгийн салбарын захирлын асуудлыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулах, 5.14.7-д заасан албан ажлын зайлшгүй шаардлагаар ажилтантай харилцан тохиролцсоноор өмнө авч байсан цалин хөлсийг дордуулахгүйгээр өөр ажил, албан тушаалд ажиллуулж болно гэсэн заалтуудыг тус тус үндэслэжээ.
3. Мөн гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалд Ү.Өнөрцэцэгийг “... “Налайх” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлаар шилжүүлэн томилсон боловч уг өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 8 өдөр ажил тасалсан...” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.28.1, хөдөлмөрийн гэрээний 7.4-т заасныг тус тус үндэслэн “Налайх дүүрэг” салбарын “Хонхор” тооцооны төвийн захирлын ажлаас нь халсан байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүүлэх, 33 дугаар зүйлд зааснаар сул зогсолтын үед өөр ажилд шилжүүлэх, 34 дүгээр зүйлд заасан ажилтны эрүүл мэндэд харшлахгүй өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүд мөн тогтоогдоогүй байна.
5. Ажил олгогч Төрийн банк нь ажилтан Ү.Өнөрцэцэгийг 2017 оны 05 дугаар сарын 05-нд гүйцэтгэх захирлын Б/630 тоот тушаалаар өөр ажилд буюу “Налайх дүүрэг” салбарын харъяа “Хонхор” тооцооны төвийн захирлаар томилсоны дараа түүнтэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг ажлыг хүлээн авч гүйцэтгээгүй талаар маргаагүй, энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д заасан хугацааны дотор ажил олгогчийн Б/560, Б/630 тоот тушаалуудыг үл зөвшөөрч өөр ажилд буруу шилжүүлсэн гэх гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 17-нд шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасны дараа “Хонхор” тооцооны төвийн захирлын албан тушаалыг эрхлээгүй, ажил үүргийг хүлээж аваагүй байхад дээрх албан тушаалаас чөлөөлж 2017 оны 05 дугаар сарын 18-нд гүйцэтгэх захирлын Б/719 тоот тушаал гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Нөгөөтэйгүүр, хариуцагч талаас аль салбар, төвийнх нь тодорхойгүй цагийн бүртгэл гэх баримтыг үндэслэн Ү.Өнөрцэцэгийг 8 өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээний 7.4-т заасан зөрчлийг гаргасан гэж мэтгэлцэж байх боловч ажил олгогчоос “Хонхор” тооцооны төвийн захирлын ажилд томилсонтой холбоотойгоор ажилтан Ү.Өнөрцэцэгтэй байгуулсан 2015 оны 781 тоот хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулсан талаарх баримтгүй байгаагийн дээр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл ч тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг нь ажил олгогчийн дээрх тушаалууд хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Төрийн банк, Баянзүрх дүүрэг салбарын харъяа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирал Л.Төвшинтөгсийн ажил хүлээн авсан акт”, түүний хавсралт баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг нь 2017 оны 04 дүгэр сарын 21-нээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байх тул хариуцагч байгууллагын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17/144 тоот цалингийн тодорхойлолтыг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1 758 999 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 2017 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэл ажлын 51 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 077 681 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна.
Харин Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалууд нь эрх зүйн үр дагаварыг үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болж байх тул эдгээр тушаалуудыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн ажил олгогч Төрийн банк ХХК нь нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэгийг өөр ажилд буруу шилжүүлсэн, үндэслгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32., 33., 34., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Төрийн банк ХХК-ийн “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 077 681 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож шийдвэрлэлээ.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэгт олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80 193 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэгийг Төрийн банк ХХК-ийн “Баянзүрх дүүрэг” салбарын харъяа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бизнес төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 077 681 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ү.Өнөрцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80 193 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА