Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 


                               2022/ШЦТ/09


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Пн Э /РД:/-д холбогдох 2112.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр У хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт У хотын С дүүрэг, .., .. дугаар гудамжины .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт П Э /РД:/ 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэрт 49-00 УНР улсын дугаартай Ланд-78 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчиж, ... зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Г.Ц, Б.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2112............ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Г.Цгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө А аймаг руу Ковид-19 өвчний илрүүлэг хийж буй лаборторуудад сургалт болон хяналт үнэлгээ хийхээр 5 хүний бүрэлдэхүүнтэй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан машин болох цагаан өнгийн Прадо-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай машинтай 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос 05 цагийн орчим гарсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын төв орохын өмнө буюу 14 цагаас 15 цагийн үед нэг гүвээ даваа гараад ирсэн чинь урдаас хар өнгийн жийп төрлийн машин гэнэт гараад ирсэн чинь манай машины жолооч Э ах машиныхаа жолоог баруун гар тийш нь дарсан, машин гулгаад түр тар гээд явчихсан. Нэг мэдсэн жолоочийн талаар машин уначихсан байсан бөгөөд тухайн үед бол шинэ цас орчихсон байсан. Тэгээд би машинаас гарах гээд хөдлөх гэсэн чинь бие сонин болоод хөдөлж чадахгүй байсан чинь бид нартай хамт явсан байсан хүмүүсээс нэг нь хурдан гарахгүй бол дэлбэрчихнэ шүү гэж хэлсэн. Тэгээд бид нар машинаас гарах гээд бужигнаад байж байсан чинь жолоочийн эсрэг талын урд талын хаалгыг хүн онгойлгоод бид нарыг гарахад тусалсан. Тэгээд машинаас гарсан чинь миний зүүн талын эгэм өвчтэй байхаар нь тэмтрээд үзэхэд хугарчихсан байсан. Бид нар эмнэлгийн тусламж дуудсан байсан бөгөөд ирэхээс нь өмнө бид нарыг машинаас гарахад тусалсан хүмүүс машиндаа суулгаад Архангай аймгийн төв рүү эмнэлэгт хүргэж өгөөд яаралтай зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн юм. Тухайн үед нартай шинэ цас орчихсон байсан. Миний зорчиж явсан машиныг Э жолоодож явсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй. Би машины хойд талын голын суудал дээр сууж явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 ху/,

Хохирогч Б.Игийн өгсөн: “...Би томилолтоор Архангай, Булган, Орхон аймгуудаар явах болсон ба 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Улаанбаатар хотоос Халдвар өвчин судлалын үндэсний төвийн албаны машинтай яваад өдөр 14 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын ойролцоо машин дотор унтаад явж байтал надтай хамт явж байсан хүмүүс “хөөе" гээд уулга алдахад нь сэрэх үед замын даваатай хэсэгт урдаас хар өнгийн машин ирж харагдаж байсан ба миний сууж явсан автомашин онхолдсон. Замын даваатай хэсэгт явж байхад урдаас гарч ирсэн автомашин нь замын аль эгнээнд явж байсныг нь би мэдэхгүй байна. Би машин дотор жолоочийн талын суудал дээр сууж явсан. Миний зүүн талын эгэмний яс хугарсан, биеийн бусад хэсгийн зөөлөн эдүүд гэмтсэн байгаа. Би жолоочийн арын суудал дээр суугаад унтаад явж байсан болохоор машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Уг авто машин дотор нийт 5 хүн зорчиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 ху/,

Гэрч Г.Шын өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөний 09 цагаас оройны 17 цаг хүртэл тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн дуудлага хүлээн авах гар утсан дээр ээлжийн ажилтай байсан бөгөөд оройн 17 цагаас буусан. Тухайн өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургалт орох гэж явсан эмч нар зам тээврийн осолд орсон гэсэн дуудлага 70........ дугаарын гар утсанд ирээгүй харин манай нэгдсэн эмнэлэгийн орлогч дарга Э эмч 70........... дугаарын гар утас руу өөрийнхөө 99......... дугаарын гар утсаар залгаад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургалт орох гэж явсан эмч нар зам тээврийн осолд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт орсон байна өнөөдрийн алсын дуудлагын бүрэлдэхүүнийг гарга гэж надад хэлсэн. Би алсын дуудлагын бүрэлдэхүүнд хэлчихээд байж байсан чинь Э дарга эргэж залгаад өөрсдөө ирж байгаа гэнэ харин эмч нараа бэлдээд байж бай гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим ирсэн. Ихэвчлэн зам тээврийн осол гарсан дуудлагад цагдаагийн байгууллага очсон байдаг тийм болохоор би очсон юм байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Надад хэн нэгэн хүн тухайн зам тээврийн осол гарсан талаар Цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээрэй гэж огт хэлж яриагүй. Би цагдаагийн байгууллага мэдэж байгаа байх гэж бодсон. Зам тээврийн осолд орсон гээд нийт 5 хүн ирсэн. Ирэхдээ хоёр хуваагдаж ирсэн бөгөөд эхлээд замын унаанд дайгдсан гээд 2 хүн ирсэн. Дараа нь манай эрүүл мэндийн газрын машинаар ирсэн гээд 3 хүн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  15-16 ху/,

Гэрч Б.Эын өгсөн: “...замд явж байгаад унтчихсан байсан бөгөөд гэнэт урдаас нэг машин гарч ирээд сууж явсан машин хөндлөн болоод машинд суусан хүмүүс дээр доор ороод ирж яваа талын замын хажуу руу машин хажуу талаараа уначихсан байсан, замаар явж байсан машин бид нарт тусалж нэг нэгээрээ машинаар гарч, гарандаа сойлт хийгээд замын машинд сууж Архангай аймгийн эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Улаанбаатар хотоос жолооч Эгийн хамт тавуулаа гарсан. Миний сууж явсан машин албаны буюу Халдварт өвчин судлалын машин байсан бөгөөд эмнэлгийн эмблеймтэй машин байсан, улсын дугаарыг нь санахгүй байна.Одоогийн байдлаар миний бие зүүн талын эгэмний яс хугарсан, цээж нуруугаар өвдөж байна, толгой өвдөж, даралт ихсэж байна, Ц гэх эмэгтэйгийн зүүн талын эгэм хугарсан, тархи толгой гэмтсэн, жолоочийн нуруу гэмтсэн, Б гэх хүний нуруу гэмтсэн, Б нь гайгүй байна. Урдаас гэнэт машин гарч ирээд л машин шарваж осол гарсан байх л гэж бодож байна. Би хурдыг хэлж мэдэхгүй байна. Замдаа зогсоогүй бөгөөд Улаанбаатар хотоос 8 цагийн үед гарсан, осол өдрийн 14 цагийн үед гарсан гэж бодож байна. Тухайн үед цаг агаар хэвийн тогтуун, бага зэрэг цастай байсан. Тухайн эмнэлгийн машиныг Э гэх жолоодож яваад түүний хажууд Б сууж, жолоочийн ард хойд суудалд би суугаад дунд суудалд Ц, түүний хажууд Б гэх хүн сууж явсан. Б гэх хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэгдсэн лобараторийн дарга, Б гэх хүн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газрын дарга, Ц нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабороторит судлаач, би Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд био технологийн иновоцийн албаны дарга ажилтай хүмүүс байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 ху/,

Гэрч П.Бийн өгсөн: “....Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн орчим Улаанбаатар хотоос Архангай аймаг, Булган аймаг, Орхон аймгийн чиглэлд томилолтоор Ланд-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай автомашинаар Ц, Б, И, Э нарын хамт Архангай аймгийн чиглэл рүү гарсан юм. Тэгээд өдөр 14 цагийн орчим Архангай аймгийн Хотонт сум нэлээн өнгөрсөн би яг газрын баримжааг сайн мэдэхгүй байна. Засмал замаар өгсүүр газар өгсөөд орой дээр нь гарч ирэхэд урдаас хар өнгийн улсын дугаар маркийг хараагүй болохоор мэдэхгүй байна нэг автомашин гарч ирсэн бөгөөд тухайн автомашиныг миний зорчиж явсан автомашин чигээрээ явсан бол мөргөх байсан мөргөхгүйн тулд миний зорчиж явсан автомашины жолооч баруун гар тийш дарах шиг болсон. Тэгсэн автомашин халтирах шиг болоод засмал замын хойд талын далан руу шарваж автомашин жолооч тал буюу зүүн талаараа унасан. Зам тээврийн осолд орсны дараа бид нэг нэг нэгээрээ цуваж автомашинаас гарцгаасан. Гарах үед засмал замаар явж байсан машинтай танихгүй ах, эгч хоёр бид нарыг гаргаж өгсөн. Автомашинаас гарч ирээд Б Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга руу залгаж дуудлага өгсөн. Тэгсэн эмнэлгээс автомашин ирж бид нарыг Архангай аймаг руу авч явсан. Ц, И нарыг бид нарыг машинаас гаргаж өгсөн хүмүүс аймгийн төвийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Автомашинаа бид нар засмал замаар явж байсан том машинаар татаж босгуулсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Бид нар зам тээврийн осолд ороод сандарсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг мэдээгүй юм. Мөн энэ талаар бид нар сайн мэддэггүй. Би тухайн үед автомашины арын суудал буюу баруун талд нь Ц миний хажуу талд, И зүүн талд нь тухайн автомашиныг Э жолоодож Б жолоочийн эсрэг талын судалд зорчиж явсан. Өгсүүр газар өгсөж байсан болохоор зөөлхөн явж байсан яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нарийвчлан хэлж мэдэхгүй байна.Засмал зам цас их ороод халтиргаа гулгаа их байснаас болж тухайн зам тээврийн осол гарсан байх гэж бодож байна. Арын суудал зорчиж явсан    Ц, И, бид нар хамгаалах бүсээ зүүгээгүй. Харин Жолооч Э, Б нарыг хамгаалах бүс зүүсэн байсан эсэхийг анзаараагүй. Би болон зорчиж явсан автомашины жолооч бусад зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Миний цээжээр өвдөж, толгой, хүзүү хөшиж өвдөж байгаа, нуруу бага зэрэг чилсэн байдалтай байна. Одоогоор дээрх зовиуртай байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,

П.Эгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв дээр эмнэлгийн байгууллагын ажлаар эмч Б.Буядэлгэр, Б, И, Ц нарын хамт өглөө эрт албаны машинаар буюу Прадо-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн. Тэгээд өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт шинэхэн цас орсон байхад өөдөөс машин гарч ирээд тоормос гишгэхэд гулгаад замын хажуу руу орж, машин хажуу талаараа унасан, тэгээд машинд сууж явсан зорчигч нар гэмтсэн. Тэгээд бид нар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг руу дуудлага өгч, машин явахгүй байсан болохоор нь замын том тэрэг явж байхад нь гараа өргөж зогсоогоод машинаа татаж босгосон юм. Дахиад хүлээгээд машин ирэхгүй байсан болохоор машинаа ослын газраас хөдөлгөж зорчигч нарыг авч явахад аймгийн эрүүл мэндийн газрын машин ирж би жолоогоод шилжүүлж аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн юм. Тэгээд үзүүлэхэд зорчигч нар болон би гэмтэж хөдөлж чадахгүй байсан учир Улаанбаатар хотоос албаны машин ирж бид нар хамт авсан. Би тухайн үед сандарч тэвдээд, хамт явсан зорчигч нар гэмтсэн, машин хүлээгээд ирэхгүй, даараад байсан болохоор аргагүй эрхэнд машинаа хөдөлгөж унаж явсан. Санаатай хөдөлгөсөн зүйл байгаагүй юм. Тухайн үед цас орчихсон хүйтэн байсан, сандарч тэвдээд уг машиныг хөдөлгөж унаж явсан юм. Би тухайн тээврийн хэрэгслийн 40 км/цаг хурдтай явж байсан. Прадо-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын буюу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэр дээр байдаг байгууллагын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Халдварт өвчин судлалын үндэсний төвд  32 дахь жилдээ ажиллаж байгаа учир зорчигч нарт учирсан хохирол төлбөрийг манай байгууллагаас гаргаж өгсөн. Би өөрөө ослын улмаас нурууны яс хугарч, хагалгаанд орсон. Зорчигч нарыг гомдол саналыг манай байгууллага бүрэн хариуцсан. Уг машины эвдрэл, гэмтэлтэй холбоотой манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  165-166 ху/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дугаартай
1,2. П.Эгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 59 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 422 дугаартай дүгнэлтэд:
1.    П.Эгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2.    Онош тавигдаагүй байна, Цаашид 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт 
ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 420 дугаартай дүгнэлтэд:
1.    Б.Игийн биед зүүн эгэмний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Осол болох цаг хугацаанд үүснэ.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх 
дүгнэлт...гэх дүгнэлт /хх-ийн 94-95 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 417 дугаартай дүгнэлтэд:
1.    Г.Цгийн биед зүүн эгэм ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан 
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх 
дүгнэлт...гэх дүгнэлт /хх-ийн 107-108 хуу/

   2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Ланд-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 
П.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.    Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургаар харахад замын гадаргуу мөстөн гулгаа 
үүсэх нөхцөл бүрдсэн байх тул замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. 
3.    Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургаар харахад уг тээврийн хэрэгслийг 
зогсоох арга хэмжээ авсан боловч гулгаж замын хажуу руу орсон байх үндэслэлтэй байна. 
4.    Жолооч П.Э нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 
Б.Отгонжаргалын 2021 оны 11  дүгээр сарын 12-ны өдрийн 79 тоот дүгнэлтээр П.Эгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлтээр эрүүл, Ланд-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрүүл жолоодож явсан байх үндэслэлтэй байна. 
5.    Жолооч П.Э ньтТэээрийн хэрэгсэол жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх 
лавлагааг Google.mn сайтын жолоодох эрх шалгах хэсгээс үзэхэд 35144 дугаарын номертэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В.С.Д, Е ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 150 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 ху/,
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33 ху/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 116-117 ху, 141 ху/, 
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173 хуу/
Халдвар өвчин судлалын үндэсний төвийн хүний үндэсний төвийн хүний нөөцийн албаны тодорхойлолт /хх-ийн 189 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 192-194 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн 2112.............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэрт 49-00 УНР улсын дугаартай Ланд-78 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Г.Ц, Б.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Э үйлдсэн болох нь: Хохирогч Г.Цгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө Архангай аймаг руу Ковид-19 өвчний илрүүлэг хийж буй лаборторуудад сургалт болон хяналт үнэлгээ хихээр 5 хүний бүрэлдэхүүнтэй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан машин болох цагаан өнгийн Прадо-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай машинтай 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос 05 цагийн орчим гарсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын төв орохын өмнө буюу 14 цагаас 15 цагийн үед нэг гүвээ даваа гараад ирсэн чинь урдаас хар өнгийн жийп төрлийн машин гэнэт гараад ирсэн чинь манай машины жолооч Э ах машиныхаа жолоог баруун гар тийш нь дарсан, машин гулгаад түр тар гээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 ху/, хохирогч Б.Игийн өгсөн: “...Би томилолтоор Архангай, Булган, Орхон аймгуудаар явах болсон ба 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Улаанбаатар хотоос Халдвар өвчин судлалын үндэсний төвийн албаны машинтай яваад өдөр 14 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын ойролцоо машин дотор унтаад явж байтал надтай хамт явж байсан хүмүүс “хөөе" гээд уулга алдахад нь сэрэх үед замын даваатай хэсэгт урдаас хар өнгийн машин ирж харагдаж байсан ба миний сууж явсан автомашин онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 ху/, гэрч Г.Шын өгсөн: “...оройн 17 цагаас буусан. Тухайн өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургалт орох гэж явсан эмч нар зам тээврийн осолд орсон гэсэн дуудлага 70.......... дугаарын гар утсанд ирээгүй харин манай нэгдсэн эмнэлэгийн орлогч дарга Э эмч 70.............. дугаарын гар утас руу өөрийнхөө 99.........  дугаарын гар утсаар залгаад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургалт орох гэж явсан эмч нар зам тээврийн осолд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт орсон байна өнөөдрийн алсын дуудлагын бүрэлдэхүүнийг гарга гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  15-16 ху/, гэрч Б.Эын өгсөн: “...замд явж байгаад унтчихсан байсан бөгөөд гэнэт урдаас нэг машин гарч ирээд сууж явсан машин хөндлөн болоод машинд суусан хүмүүс дээр доор ороод ирж яваа талын замын хажуу руу машин хажуу талаараа уначихсан байсан, замаар явж байсан машин бид нарт тусалж нэг нэгээрээ машинаар гарч, гарандаа сойлт хийгээд замын машинд сууж Архангай аймгийн эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 ху/, гэрч П.Бийн өгсөн: “....Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагийн орчим Улаанбаатар хотоос Архангай аймаг, Булган аймаг, Орхон аймгийн чиглэлд томилолтоор Ланд-78 маркийн 49-00 УНР улсын дугаартай автомашинаар Ц, Б, И, Э нарын хамт Архангай аймгийн чиглэл рүү гарсан юм. Тэгээд өдөр 14 цагийн орчим Архангай аймгийн Хотонт сум нэлээн өнгөрсөн би яг газрын баримжааг сайн мэдэхгүй байна. Засмал замаар өгсүүр газар өгсөөд орой дээр нь гарч ирэхэд урдаас хар өнгийн улсын дугаар маркийг хараагүй болохоор мэдэхгүй байна нэг автомашин гарч ирсэн бөгөөд тухайн автомашиныг миний зорчиж явсан автомашин чигээрээ явсан бол мөргөх байсан мөргөхгүйн тулд миний зорчиж явсан автомашины жолооч баруун гар тийш дарах шиг болсон. Тэгсэн автомашин халтирах шиг болоод засмал замын хойд талын далан руу шарваж автомашин жолооч тал буюу зүүн талаараа унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 422 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 420 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт...гэх дүгнэлт /хх-ийн 150 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 ху/,автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33 ху/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Тухайн үед 49-00 УНР улсын дугаартай Ланд-78 маркийн автомашиныг шүүгдэгч П.Э нь жолоодож явсан нь  хохирогч Г.Цгийн өгсөн: “...миний зорчиж явсан машиныг Э жолоодож явсан...”гэх мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.   
 
Авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг шүүгдэгч П.Э нь зөрчсөн байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч  Г.Ц, Б.И нарын биед хүндэвтэр хохирол учирсан байна.  

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул П.Э нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Эгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.      
 
Иймд шүүгдэгч П.Эг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Г.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 127-128 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 193 хуу/, тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 199 хуу/ гэсэн мөн хохирогч Б.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 134-135 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 192 хуу/, тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 198 хуу/  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
        
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч П.Э нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
 
Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 202 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч П.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Эг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Г овогт П Эг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
П.Э нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 
6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
7.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ