Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 


                                         2022/ШЦТ/46


                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү 
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Нгийн Бд холбогдох 2212000000007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, нийтийн халуун усны газарт галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Нгийн Б /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б нь А аймгийн Э сумын .. дүгээр багийн ..  тоотод гэртээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Н.Мг оройтож гэртээ ирсэн гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Мөрдөн байцаалтын шатанд 2212000000007 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мн мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “А” компаниас гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулаад уг тэмцээн 23 цаг өнгөрөөж тараад А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. тоот гэртээ харихад манай нөхөр Н.Б согтуу хэвтэж байсан. Тэгсэн чинь ямар орой ирдэг юм бэ, алга болчих юм гэхээр нь би тэмцээн оройтож тараад ирж байна гээд орны хажууд суусан чинь миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би уурлаж цагдаагийн байгууллагад хандсан юм. Унтчих байх гээд харсан чинь унтахгүй байсан. Удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан юм. Манай нөхөр Н.Б гэртээ ганцаараа архи уусан гэсэн. Архи уух үед нь би байгаагүй. Ер нь бол ганцаараа гэртээ архи уучихдаг юм. Манай нөхөр Н.Б нь гараараа миний баруун талын нүд хэсэг рүү цохисноос болоод нүд хавдаж улайсан, хөхөрсөн байдалтай байна. Өөр газар цохиогүй. Манай нөхөр намайг зодох үед манай 3 хүүхэд байсан. Том хүүхэд маань 15 настай, дунд хүүхэд маань 10 настай, бага нь 4 настай юм. Том хүүхэд унтаагүй, 2 бага хүүхэд унтчихсан байсан. Би нөхөр Н.Бтэй 16 жил амьдарч байна. Өмнө нь намайг зодож байгаагүй. Бид 2 хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хоёрын хооронд шалтгаан гэх зүйл байхгүй. Намайг гэртээ оройтож ирлээ л гээд уурлаад зодсон. Би нөхөр Н.Бтэй 16 жил хамт амьдарч байна. Манай нөхөр үг дуу цөөтэй, хааяа архи уудаг, халуун усанд надтай хамт ажиллаж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед архи уучихсан агсраад, намайг цохиж авахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь надаас уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бий мэдүүлсэн: ...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э сумын 01 дүгээр багийн ..  тоот гэртээ 2 дүүгийн хамт байхад аав орой 22 цагийн үед ажлаа тараад ирсэн. Тэгснээ буцаж гараад нэг шилтэй архи оруулж ирээд ганцаараа уугаад согтчихсон. Тэгсэн чинь ээж 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Ээж гар бөмбөгийн тэмцээнд орсон гэж байсан. Тэгсэн чинь аав ээжийг оройтож ирлээ гээд уурлаад байсан. Би дүү нараа аваад байшингийнхаа том өрөөнд унтахаар орондоо орсон байсан. Тэгсэн чинь гэнэт ээж чанга орилоод би унтлагын өрөө рүү орсон чинь аав ээжийн баруун нүд хэсэгт цохьчихсон байсан. Тэгээд ээж цагдаа дуудсан. Удалгүй ээжийн баруун нүд хөхрөөд байсан. Аав нилээн согтсон. Шилтэй архийг бүгдийг нь ганцаараа уусан. Тухайн үед манайд 2 дүү, аав, ээж байсан. Өөр хүн байгаагүй. 2 дүү унтчихсан байсан. Манай аав өмнө нь ээжийг зодож байгаагүй. Анх удаагаа аав ээжийг зодсон. Аав хааяа архи уудаг бөгөөд уухаараа гэртээ ганцаараа уучихдаг юм. Ээж гаднаас гэртээ орж ирэхдээ нүүр царай нь зүгээр байсан. Аав нүд хэсэг рүү нь цохисноос болоод баруун нүд нь улайгаад, хөх эрээн болчихсон. Аав ээжийг оройтож ирлээ гээд маргалдаад байсан. Тэрнээс болоод аав ээжийг зодсон байх. Уг нь аав, ээж 2 хэрэлдэж, маргалдаад байдаггүй юм. Тухайн үед юу болсон бүү мэд маргалдаад л байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ан мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед манай дүү Н.М миний гар утас руу залгасан байсан бөгөөд тухайн үед утасны дууг хаагаад унтаад өгсөн байсан учир ярьж чадаагүй. Тэгээд маргааш өглөө нь шөнө залгасан байна, яасан бэ гэж асуухад та манайд хүрээд ир гэсэн. Тэгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан даваа хорооллын 28-08 тоот гэрт нь очиход М 3 хүүхдийн хамт байсан бөгөөд орой нь тэмцээн болоод оройтож ирэхэд нь нөхөр гэртээ согтуу сууж байсан, оройтож ирлээ гэх шалтгаанаар намайг зодчихсон гээд баруун талын нүд хэсэг нь улайчихсан, хацар хэсгээр нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд Бг хаана байгаа талаар асуухад шөнө цагдаа дуудаад өгөөд явуулчихсан, эрүүлжүүлчихсэн байгаа гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 19 цагийн үед халуун усан дээрээ, ажил дээрээ байсан. Би ажлаар нь орчихоод гэр рүүгээ явсан. Намайг явсны дараа ажлаасаа буугаад машиндаа ганцаараа архи уусан гэж Н.Б надад хэлсэн. Н.Б болон Н.М нар нь 17 орчим жил амьдарч байгаа бөгөөд 3 хүүхэдтэй, том хүүхэд нь 10 дугаар анги байгаа юм. Өмнө нь зодооны асуудал гаргаж байгаагүй. Хоорондоо эвтэй байдаг. Тухайн үед юу болсон юм бүү мэд эхнэрээ зодчихсон байна лээ. Н.Б болон Н.М нар нь хоорондоо эвтэй, мөрөөрөө л амьдардаг дүү нар байгаа юм. Н.Б нь үг дуу цөөтэй, бүрэг ичимхий зантай, хааяа архи уучихдаг бөгөөд уухдаа ганцаараа уучихдаг хүн байгаа юм. Н.М нь миний төрсөн дүү бөгөөд багадаа айлд өргүүлсэн даруухан хүн байгаа юм. Энэ 2 өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би Бг эхнэрээ зодсон гэхэд гайхсан. Би шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Тэмцээнд ороод оройтож ирлээ гэх шалтгаанаар л зодсон гэж манай дүү Н.М надад хэлсэн. Гараа нүүр хэсэг рүү нь цохисон гэсэн. Би Н.Мгийн орсон тэмцээнийг хаанаас зохион байгуулсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан гар бөмбөгийн тэмцээнд ороод оройтож тарсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бгийн мэдүүлсэн: ...Би уг прокурорын тогтоолтой танилцлаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой гэртээ ганцаараа архи ууж байгаад эхнэр гэртээ оройтож ирэхээр нь уурлаж улмаар эхнэртэй гар хүрч зодсон асуудал гаргасан. Энэхүү асуудал нь миний буруу. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйлгүй. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн хариуцлага оногдуулахыг хүсэж байна. Би дахиж ийм алдаа гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Н.Мн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 4. Баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуу/  

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн орчимд Н.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн нөхөр Н.Бд зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. тоотод гэртээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн оройн 23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Н.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

хохирогч Н.Мн “Манай нөхөр намайг ямар орой ирдэг юм бэ, алга болчих юм гэхээр нь би тэмцээн оройтож тараад ирж байна гээд орны хажууд суусан чинь миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би уурлаж цагдаагийн байгууллагад хандсан” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 05-07/, 

гэрч Б.Бий “Аав ээжийг оройтож ирлээ гээд уурлаад байсан. Гэнэт ээж чанга орилоод би унтлагын өрөө рүү орсон чинь аав ээжийн баруун нүд хэсэгт цохьчихсон байсан. Тэгээд ээж цагдаа дуудсан. Удалгүй ээжийн баруун нүд хөхрөөд байсан. Ээж гаднаас гэртээ орж ирэхдээ нүүр царай нь зүгээр байсан. Аав нүд хэсэг рүү нь цохисноос болоод баруун нүд нь улайгаад, хөх эрээн болчихсон” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14/, 
гэрч Н.Ан “А аймгийн Э сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хорооллын 28-08 тоот гэрт нь очиход М 3 хүүхдийн хамт байсан бөгөөд орой нь тэмцээн болоод оройтож ирэхэд нь гэртээ согтуу сууж байсан, оройтож ирлээ гэх шалтгаанаар намайг зодчихсон гээд баруун талын нүд хэсэг нь улайчихсан, хацар хэсгээр нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд Бг хаана байгаа талаар асуухад шөнө цагдаа дуудаад өгөөд явуулчихсан, эрүүлжүүлчихсэн байгаа гэж хэлсэн” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21/, 

өөрийн гэм бурууг хүлээж Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Н.Мг оройтож гэртээ ирсэн гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Н.Б нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Н.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Н.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г овогт Нгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ