Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

            2022/ШЦТ/12


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Хохирогч: Х.М
Шүүгдэгч: Б.Г  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Гт холбогдох 2112000000316 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн И суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн И сумын Э багийн Д гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-н Г /РД:....................../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь А аймгийн И сумын Т багийн Т хорооллын .. тоот гэртээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн оройн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Х.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь доод уруулын салстад язрал, баруун зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүх хуралдаанд хохирогч Х.Мгийн мэдүүлсэн: Тэр өдөр манай нөхөр жаахан халамцуу байснаа над руу дайраад байсан. Манай хүүхдүүд бага насны хүүхдүүд бөгөөд  манай хүүхдүүд айгаад байхаар нь би цагдаа дуудаж өгсөн гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000316 дугаартай эрүүгийн хэргээс:   
                                
    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Мгийн мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амраад гэртээ өнжсөн юм. 17 цагийн орчим сургуулиас хүүхдүүдээ авах гээд явж байтал миний нөхөр Б.Г халамцуу ирээд надаас архи аваад өг гээд; байхаар нь авч өгөөгүй юм. Гэртээ харьчихаад би цай чанаад сууж байтал над руу уурлаад гэнэт намайг үсдэж аваад гараараа нүүр рүү олон удаа цохиж авсан. Газарт унагааж нуруу руу өшиглөж зодсон юм. Тэгээд зүгээр болчихоод миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй болохоор нь чи наад утсаа аваад яваарай гэж хэлэхэд чамайг нэг мөр алчихаад явна гээд миний өмсөж байсан хоолойтой цамцны захаар хоолой боож нэг хэсэг амьсгаа боогдсон. Тэгээд байж байтал миний ажилладаг цайны газрын эзний бэр бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан Т орж ирсэн юм. Би Б.Гийг намайг зодоод байхаар нь Т руу залгасан байсан юм. Т юу болоод байна гэхэд над руу бас дайрч миний гуя руу нэг удаа өшиглөхөд Т Б.Гийг татаж авсан. Тэгсэн чинь Б.Г тогооны авдраас хутга аваад өөрийгөө ална гэж хэлээд гараад явсан юм. Миний нөхөр болох Б.Г нь эрхэлсэн ажилгүй, ихэнхдээ гадуур явж хүмүүстэй нийлж архи уудаг бөгөөд согтуу ирэх: болгондоо хэл амаар доромжилж, намайг хардаж сэрдэж байдаг юм. Өмнө нь цохиж, зодож байсан. Тэгэхдээ би өмнө нь зодуулж байсан асуудлыг ярихгүй. Үсдээд нүүр рүү гараараа олон удаа цохисны улмаас доод уруул язарч, хоёр нүд хөхөрч хавдсан. Нуруу руу өшиглөснөөс болж нуруу, гуянд хөхөрсөн гэмтэлтэй байна. Манай хүүхдүүд л байсан. Дараа нь Т орж ирсэн. 2011 онд гэр бүл болж дундаасаа 5 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь 10 настай, бага нь 4 настай. Гэр бүл болсон цагаас л архи ууж хэл амаар доромжилж, айлгаж сүрдүүлж байсан.  Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж, шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тын мэдүүлсэн: ...Б.Г, Х.М нарыг бол танина. Эдгээр хүмүүсийн хүүхдүүд сургуульд суралцдаг. Нийгмийн ажилтын хувиар гэрт нь хэд хэдэн удаа очиж нөхцөл байдалтай нь танилцаж байсан болохоор сайн танина. Төрөл садны харилцаа холбоо байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр хуралтай байхад над руу Х.М утсаар залгаад манайд хүрээд ирээч гэж ярьсан. Би хурлаа тараад гэрт нь яваад очтол Х.М гэрээсээ зодуулсан байдалтай үс нь сэгсийчихсэн, нүүр нь хавдчихсан байсан. Гэрт нь ороод нөхөр болох Б.Гт хандаж юу болоод байгаа юм гэж асуухад миний хажууд эхнэрээ үсдэж аваад, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь өшиглөж авсан. Би Б.Гийг барьж аваад чи яахаараа эхнэрээ зоддог юм, чамайг цагдаад барьж өгнө гэж хэсгийн төлөөлөгч рүү утсаар залгахад Б.Г хутга авснаа би явж үхнэ гээд гэрээсээ гараад яваад өгсөн юм. Цагдаа ирээд би цагдаатай хамт Б.Гийг ойр орчмоор хайсан боловч олдоогүй. Х.Мтай хамт гэрт нь орой 21 цаг хүртэл байж байгаад хамаатных нь хүн ирэхээр нь би тэр хүнд хэлээд явсан юм. Х.Мд нөхрийгөө ирвэл над руу хэлчих, би цагдаад хэлээд бариулъя гэж хэлсэн. 22 цаг өнгөрч байхад залгаж би цагдаад мэдэгдсэн. Цагдаа очиж Б.Гийг авч явж саатуулсан байсан. Мгийн баруун нүд нь хөхөрч хавдчихсан, уруул нь язраад цус гарчихсан байсан. Б.Г, Х.М нар болон хүүхдүүд нь байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Гийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хөдөө яваад 2-3 хоночихоод 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ирсэн юм. Би хөдөө байхдаа хүмүүстэй архи уучихаад гэртээ согтуу ирсэн. Өмнөх өдөр нь эхнэртэй утсаар ярьсан чинь согтуу байсан. Маргааш нь гэртээ ирээд хүүхдүүдээс асуусан чинь үнэн байсан. Тэгээд намайг байхгүй хойгуур янз бүрийн хүмүүстэй нийлж архи дарс уусан байхаар нь уур хүрээд муудалцаж гар хүрсэн юм. Би Х.Мгийн нүд рүү, гар руу нь 2-3 удаа цохисон. Үүнээс өөрөөр цохисон, зодсон асуудал байхгүй. Би өмнө нь эхнэр Х.Мг зодож, цохиж байгаагүй. Бид хоёр 2011 онд гэр бүл болсон бөгөөд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Тухайн үед гэрт манай хүүхдүүд л байсан. Үүнээс өөр хүн байгаагүй. Сүүлд сумын нийгмийн ажилтан ирсэн. Би 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд Б гэх хүний 3 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа Ихтамир сумын Бугат багт эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Би бага байхдаа мал дээр байсан. Сургуульд огт сураагүй. 2007 онд 1 жилийн цэрэгт яваад 2008 оны хавар халагдаж ирсэн. Одоо эхнэр, 5 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг Доод тээг гэх газарт амьдардаг. Манай эхнэр сумын төвд цайны газарт ажилладаг. Би хүүхдүүдээ сургуульд нь зөөгөөд зай завсраар нь олдсон ажлаа хийгээд явж байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 393 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Х.М-ийн биед доод уруулын салстад язрал, баруун зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, нуруу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Доод уруулын салстад язрал, баруун зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нуруу, гуянд цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь цаашид амь нас эрүүл мэндэд аюул учруулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 07-08 хуу/ 

    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 хуу/ 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32 хуу/ зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн И сумын Т багийн Т хорооллын .. тоот гэртээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн оройн 18 цагийн орчимд Х.М нь нөхөр Б.Г-д зодуулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.Г нь А аймгийн И сумын Т багийн Т хорооллын .. тоот гэртээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн оройн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Х.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   
                                
    мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Мгийн мэдүүлсэн “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амраад гэртээ өнжсөн юм. 17 цагийн орчим сургуулиас хүүхдүүдээ авах гээд явж байтал миний нөхөр Б.Г халамцуу ирээд надаас архи аваад өг гээд; байхаар нь авч өгөөгүй юм. Гэртээ харьчихаад би цай чанаад сууж байтал над руу уурлаад гэнэт намайг үсдэж аваад гараараа нүүр рүү олон удаа цохиж авсан. Газарт унагааж нуруу руу өшиглөж зодсон юм. Тэгээд зүгээр болчихоод миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй болохоор нь чи наад утсаа аваад яваарай гэж хэлэхэд чамайг нэг мөр алчихаад явна гээд миний өмсөж байсан хоолойтой цамцны захаар хоолой боож нэг хэсэг амьсгаа боогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, “Тэр өдөр манай нөхөр жаахан халамцуу байснаа над руу дайраад байсан. Манай хүүхдүүд бага насны хүүхдүүд бөгөөд  манай хүүхдүүд айгаад байхаар нь би цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тын мэдүүлсэн “Би хурлаа тараад гэрт нь яваад очтол Х.М гэрээсээ зодуулсан байдалтай үс нь сэгсийчихсэн, нүүр нь хавдчихсан байсан. Гэрт нь ороод нөхөр болох Б.Гт хандаж юу болоод байгаа юм гэж асуухад миний хажууд эхнэрээ үсдэж аваад, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь өшиглөж авсан. Би Б.Гийг барьж аваад чи яахаараа эхнэрээ зоддог юм, чамайг цагдаад барьж өгнө гэж хэсгийн төлөөлөгч рүү утсаар залгахад Б.Г хутга авснаа би явж үхнэ гээд гэрээсээ гараад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, 

мөрдөн байцаалтын шатанд Б.Гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Х.Мгийн нүд рүү, гар руу нь 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, 

    хохирогч Х.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 393 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.  
 
    Шүүгдэгч Б.Гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдлыг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Гийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ