Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 247

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г к ХХК

Хариуцагч: Э-Т ХК

Нэхэмжлэлийн шаардлага: Э-Т ХК нь Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Э-Т ХК-д даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Ш.А, хариуцагч Э-Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүйн хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн менежер Т.Ц, хуульч Ц.С, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн Ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтэн С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г к ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Ш.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г к ХХК нь Э-Т ХК-иас 2018 оны 7 дугаар сарын 25, 8 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийг тодотгож, шинэчлэн боловсруулах” ЭТТ/201802205 дугаар зөвлөх үйлчилгээний тендерт оролцож техникийн саналаар шалгарсан.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр санхүүгийн санал нээхэд мөн манай компани хамгийн бага үнийн санал өгсөн байсан. Тендерийн үнэлгээний хорооноос Г к ХХК-ийг “Нүүрс баяжуулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг тодотгож, шинэчлэн боловсруулах” тендерт хамгийн өндөр оноо авсан оролцогчоор шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д заасны дагуу уулзалт хэлэлцээрийг хийж, Үнэлгээний хороо нь чиг үүргийн дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид хүргүүлсэн.

Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасан эрх, үүрэг болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй нь манай компанийн гэрээ байгуулж, гэрээт ажлыг гүйцэтгэж, ашиг олох боломжийг (гэрээт ажлын үнийн дүн 352,460,900 төгрөг) үгүй хийж, нэхэмжлэгчийн ажилтай орлоготой байх эрх, ашиг зөрчигдсөн.

Сангийн яам тендерийн хүчинтэй байх хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн тул хугацаа дуусч тендер шалгаруулалт хүчингүй болсон гэж бичгээр болон амаар тайлбарлахдаа хэлж байна. Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Э-Т ХК-д хүргүүлсэн албан бичгийн Хоёр дахь догол мөрөнд “тухайн үүссэн нөхцөл байдал нь захиалагчаас үл хамаарах шалтгаанд хамаарахгүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу сунгах нөхцөл нь захиалагчаас хамаараагүй байх ёстой. Сунгахгүй болсон шалтгаан нь хуулийн хугацааны хувьд тасалсан нөхцөл байдал нь захиалагчаас үл хамаарах шалтгаан буюу ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаан байхыг хуулийн хүрээнд шаардаж байгаа. Гэтэл Сангийн яамны бичгэнд 30 хоногоор сунгах тухай хүсэлт 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн байдаг. Энэ хүсэлт өөрөө гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал нь гадаад улсад томилолтоор ажиллаж байсан учраас гэрээ байгуулах боломж бидэнд байгаагүй. Иймд сунгаж өгнө үү гэсэн байдлаар явуулсан. Захиалагчийн буруугаас үл болох шалтгаан биш. Захиалагчийн хийсэн үйлдэл буюу гэрээ байгуулах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус байсныг Сангийн яам өөрөө тогтоож байна гэж үзэж болохоор байна. Хэрвээ захиалагчаас үл шалтгаалах асуудал болоод нөхцөл байдал байсан гэж үзэх юм бол 30 хоногоор сунгагдах байсан. Гэтэл 30 хоногоор сунгахгүй байгаа үйлдэл нь хугацаа дуусч байгаа нөхцөл байдал захиалагчаас болсон буруутай үйл ажиллагаа байна гэж Сангийн яам үзсэн.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан.10 дугаар сарын 30-ны өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан. Хүчинтэй байх хугацаа 45 хоногоор сунгаж 11 дүгээр сарын 15 байсан. 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд эрх олгох болон гэрээ байгуулах бүрэн боломж байсан. Харамсалтай нь хариуцагчийн зүгээс энэ үүргээ хэрэгжүүлээгүй. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт Үнэлгээний хороог Г к ХХК-тай албан ёсны хэлцэл хийгээгүй болно гэж дурдсан.

 Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд бараа ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ гэж байгаа. 40.1-д Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэж заасан.

Хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж байгаа. Зөвлөмжийн 2 дахь хуудсан дээр Г к ХХК нь хамгийн өндөр оноо авсан тул хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дугаар заалтыг захиалагч хамгийн өндөр авсан зөвлөхтэй хэлэлцээр хийнэ гэсний дагуу захиалагч нэгжийг байцуулна хэлэлцээр хийсэн бөгөөд хэлэлцээрээр ямар нэгэн санал байхгүй. Тендерт оролцогчийн саналыг захиалагч зөвшөөрсөн тул гэж байгаа. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлэлцээр байгуулагдсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцэл байгуулагдсан гэж тооцох үндэслэл хангалттай байна. Энэ үндэслэлээр хэлцэл байгуулагдсан.

Тендер нь 11 дүгээр сарын 15-нд дуусах ёстой байсан. 11 дүгээр сарын 29-нд хүсэлт өгсөн. Хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дараа хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлсэн байна.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг байхгүй байсан гэж яриад байгаа. Гэтэл бүгдэд нь гарын үсэг зурсан. Бүх хүмүүс гарын үсэг зураад тамга, тэмдэг дарах нь тендерт оролцсон компанийн үүрэг биш. Тийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” гэж заасан. Хилээр орж гарч болно. 10 дугаар сарын 30-нд хилээр гарсан. Бүх юм нэг өдрийн дотор болсон зүйл биш. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд зарлаад явсан.

Иймд Э-Т ХК нь Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмжид үндэслэн Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Т.Ц, С.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э-Т ХК нь “Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийн тодотгол, шинэчлэн боловсруулах үйлчилгээ үзүүлэх” ЭТТ/201802205 дугаар бүхий тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

Уг тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгуулах тухай хүсэлтийг Э-Т ХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07/2623 дугаар албан бичгээр хандсан боловч Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7539 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг сунгах боломжгүй гэсэн.

Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7539 дүгээр албан бичгийг үндэслэн Э-Т ХК тус тендерт оролцогчдод 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 07/2732 дугаар албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасны дагуу тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлахаар шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн мэдэгдлийг өгсөн.

Өөрөөр хэлбэл Сангийн яам тендерийн хүчинтэй байх хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн тул тендерийн хүчинтэй байх хуулийн хугацаа дуусч тендер шалгаруулалт хүчингүй болсон.

Үнэлгээний хорооны зөвлөмж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэж заасан.

2018 оны 10 дугаар сарын 30 гэж байгаа зөвлөмж нь Үнэлгээний хорооны зөвлөмжийн төсөл байсан. Төсөл тухайн үед бэлтгэгдэж байсан. Эцсийн дүгнэлт нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гарсан зөвлөмж байгаа. Зөвлөмжийг ирсэн өдрөө хүргүүлсэн.

Захиалагч бол энэ хэргийн  хариуцагч биш юм. Энэ хэргийн хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиараа Сангийн яам байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль бол өөрөө тусгай зохицуулалттай, тусгай харилцааг зохицуулж байгаа нийтийн эрх зүйн хэм хэмжээнд харьяалагддаг хууль юм. Нэхэмжлэгч тал дурдсан байгаа. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Э-Т ХК-ийн зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбоотой гомдол нь Сангийн яаманд гэрээ байгуулах буюу уг тендерийг хүчингүйд тооцсонд гомдолтой байгаа тул тендерийг дахин зарлатал түдгэлзүүлж гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яам гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хянаад тухайн тендерт шалгаруулалтыг тухайн хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу тендерийн хүчинтэй хугацааг сунгах боломжгүй болохыг тус яам 617539 дүгээр албан бичгээр захиалагчид хүргүүлсэн. Иймд уг тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлахаар шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж хариу өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасан. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан. Тийм учраас тендер хүчингүй болж байгаа.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Сангийн яаманд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Манайх хариуцагчаар биш Сангийн яам хариуцагчаас оролцох байсан. Ийм учраас Э-Т ХК-д холбогдуулан гаргасан тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг хүлээн аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 07-ны  өдрийн 6/7539 албан бичиг мөн Г к ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгсөн Сангийн яамны 2018 оны 61/7812 тоот албан бичгүүдийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргах эрх нь нээлттэй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ захиалагч хуулиар хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэгч талаас Сангийн яаманд гомдол гаргасан боловч харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэж хариу өгсөн болно. Сангийн яамны хариу бичгийн агуулга хуулийн заалтуудыг гуйвуулан бичсэн байгаа. Сангийн яамнаас Г к ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичгэнд шийдвэрлэсэн асуудалд тодорхой хариу өгсөн. Уг тендерийг хүчингүй болгож дахин зарлахаар шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж байгаа. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр Г к ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г к ХХК-иас Э-Т ХК-д холбогдуулан “Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, тус компанид гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Э-Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/223 дугаар тушаалаар “Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийн тодотгол, шинэчлэн боловсруулах үйлчилгээ үзүүлэх” ЭТТ/201802205 дугаар тендерийг Үнэлгээний хороог байгуулж, тендер шалгаруулалтыг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зарласан боловч Үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хуралдан шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж үзэн тендерийг дахин зарласан байна.

Тус Үнэлгээний хорооны  2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар  тендер шалгаруулалтын дэлгэрэнгүй жагсаалтад 6 компани тендер ирүүлснээс 5 компани нь шаардлага хангасан гэж үзэн Э-Т ХК-иас 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/1805 дугаар албан бичгээр хураангуй жагсаалтанд орсон болохыг, мөн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар 3 компанийн техникийн саналыг дүгнэж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/2276 дугаар албан бичгээр санхүүгийн саналыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад нээх болсныг Г к ХХК-д мэдэгджээ.

Ийнхүү 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр санхүүгийн саналыг нээж,  Г к ХХК-ийг зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр сонгохоор шийдвэрлэж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захиалагчид Г к ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасан.

Гэтэл захиалагч Э-Т ХК нь Г к ХХК-тай хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07/2623 дугаар албан бичгээр Сангийн яаманд “...компанийн бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэж дотоод зохион байгуулалт өөрчлөгдөх явцад уг тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан болно. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлж, тус яамны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/7539 албан бичгээр “...Тухайн үүссэн нөхцөл байдал нь захиалагчаас үл хамаарах шалтгаанд хамаарахгүй байх тул тендерийн хүчинтэй байх хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу сунгах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариу өгсөн байна.

“Э-Т” ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07-2732 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахаар шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч Г к ХХК-д мэдэгджээ.

Нэхэмжлэгч Г к ХХК-иас уг тендерийг дахин зарлахыг түдгэлзүүлж, гомдлын дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 88/18 дүгээр албан бичгээр Сангийн яаманд хүсэлт гаргасан боловч тус яамны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/7812 дугаар албан бичгээр “...Тухайн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа нь захиалагчаас хамаарах шалтгааны улмаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах боломжгүй болохыг тус яамнаас 6-1/7539 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн байна. Иймд уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлахаар шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу өгчээ.

Хариуцагчаас Сангийн яаманд гаргасан хүсэлтдээ тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй шалтгаанаа “...компанийн бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэж дотоод зохион байгуулалтад өөрчлөгдөх явцад уг тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа дууссан...” гэж,  шүүхэд гаргасан тайлбартаа “...Захиалагч 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Австрали болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцож эзгүй байсан...” гэж тайлбарлажээ.

Гэтэл хариуцагчийн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаанд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасанд хамаарахгүй бөгөөд Сангийн яам ч энэ үндэслэлд хамаарахгүй гэсэн хариу өгсөн байдаг.

 Өөрөөр хэлбэл захиалагч дээрх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д ”Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна.”, 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;” үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн Э-Т ХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаарын тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 2.8-д “Гүйцэтгэх захирлын эзгүйд түүний эрх олгосон албан тушаалтан орлоно.” гэж, Э-Т ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан боловч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор батлагдсан худалдан авалт, ханган нийлүүлэлтийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.

           Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд захиалагч Э-Т ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасныг биелүүлээгүй буруутай байна.

Түүнчлэн мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д ”Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана: 30.1.1.шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй; 30.1.2.тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол; 30.1.3.шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн; 30.1.4.энэ хуулийн 30.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон.” гэж заасан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагч мөн зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах;” буюу дахин тендер зарлах зохицуулалттай атал хариуцагч хуульд хамаарахгүй үндэслэлээр дахин тендер зарласан нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэгч Г к ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зөвлөмжид үндэслэн Г к ХХК-д гэрээ байгуулах эрх олгоогүй Э-Т ХК-ийн эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Э-Т ХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс “2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Үнэлгээний хорооны зөвлөмж гарсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримт нь төсөл байсан” гэж тайлбарлаад Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зөвлөмжийг гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлсэн болно. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.4, 36 дугаар зүйлийн 36.16, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г к ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зөвлөмжид үндэслэн Г к ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Э-Т ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Гложекс консантинг ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч Э-Т ХК-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН