Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0089

 

Ц.Жүийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Жүийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Чандмана сумын 12 жилийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар Чандмана сумын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь хэсгийг баримтлан аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд захирамж хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Чандмань сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдтал уг албан тушаалд түр тавигдсан байгаа ба ажил үүргээ гүйцэтгэн явуулж байна. гэжээ.

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Жүийг Говь-Алтай аймгийн Чандмана сумын 12 жилийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн
70.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Жүийн бага цалинтай ажил
эрхэлсэний зөрүүтэй тэнцэх олговороо иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг
нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чандмань сумын Ц.Жүийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна.

Шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий гуравдагч этгээд, гэрчийг оролцуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/63 дугаартай захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжуудыг хүчингүй болгож, Ц.Жүийг тус аймгийн Чандмана сумын 12 жилийн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхдээ Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаар захирамжаараа уг албан тушаалд томилсон боловч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн Ц.Жүийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Боловсрол, соёлын газрын 2015 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 246 дугаар албан бичгээр Ц.Жүийг тус аймгийн Эрдэнэ сумын сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа аймгийн Боловсролын газрын албан бичгийг үндэслэсэн гэсэн боловч дээрх албан бичгийн дагуу Ц.Жүийг сэлгэн ажиллуулсан шийдвэр гаргаагүй, үүнээс гадна нэхэмжлэгчийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр албан тушаалд нь томилж, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлыг хүлээлгэн өгсөн атлаа 3 өдрийн дараа буюу 09 дүгээр сарын 10-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлснийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, ажиллах боломж олгоогүй атлаа үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэх хуулийн зохицуулалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймгийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна.

Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, маргаан бүхий 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаар захирамжийг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон нь зөв болжээ.

Харин нэхэмжлэгчийн албан тушаал буурсны цалингийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тул захиргааны актын улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаантай гэж үзэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-г баримтлан шийдвэрлэлгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Ц.Жүд Чандмана сумын 12 жилийн дунд сургуулийн захирал болон насан туршийн боловсролын багшийн цалин хөлсний зөрүүг олгож, уг шаардлагыг нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамт шийдвэрлэх нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасанд нийцэхээр байна.

Хэрэгт авагдсан цалингийн тооцооны хуудаснаас үзэхэд сарын цалин хөлсний зөрүү нь үндсэн цалин 29850, нэмэгдэл 34904, ур чадвар 191492, зэргийн нэмэлт -60845 төгрөг, тодруулбал 1 сарын цалингийн зөрүү 195401 төгрөг байна. Үүнийг маргаан бүхий захиргааны акт гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2 сар, 17 хоногоор тооцвол 541793 төгрөг болж байна.

 

Гуравдагч этгээд Ж.Буяннэмэх шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд хандан бичгээр ирүүлсэн, түүнчлэн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгэж, нэхэмжлэгч Ц.Жүийг үндэслэлгүйгээр, удаа дараа ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг санаатайгаар зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Жүд цалингийн зөрүү 541793 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР